Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

шүүгдэгч Х.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ш т холбогдох эрүүгийн 2213********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Б дүүрэгт төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х.Ш , РД:ЦЕ******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.Ш  нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, “M” үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт гар утас худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн А.А н лангуунаас “Samsung A03s” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Х.Ш ээс мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Эрүүгийн 2213********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн А.А гаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 38 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хохирогч А.А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08, 11, 14, 16 дахь тал/,

2.3. Шинжээч “А” ХХК-ний үнэлгээний 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0196 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 37-40 дэх тал/,

2.4. Иргэн Х.Ш ээс “Samsung A03s” загварын гар утас хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 61-66 дахь тал/,

2.5. Хураан авсан “Samsung A03s” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67-72 дахь тал/,

2.6. Хохирогч А.А д “Samsung A03s” загварын гар утсыг  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 73 дахь тал/,

2.7. Хохирогч А.А гаас гаргаж өгсөн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

2.8. Яллагдагч Х.Ш ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/ болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Ш ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Х.Ш  нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, “M” үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт гар утас худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн А.А н лангуунаас “Samsung A03s” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт, хэргийн байдал дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн А.А гаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 38 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хохирогч А.А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн орчимд намайг M -ийн 2 давхарт гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулж байх үед үл таних 5 хүн Улаанбаатар хотоос ирсэн байж болзошгүй монгол хүмүүс байсан ба тухайн хүмүүс 2 эмэгтэй, 3 эрэгтэй хүн байсан, надаас селфи хийх гар утас худалдаж авахаар үзэж сонирхож байгаад миний Samsung A03s загварын гар утсыг хулгайлан авч явсан байна.

...Миний хулгайд алдсан гэх Samsung A03s загварын гар утасны Imei код нь Imei1 358452981826234, Imei2 359488421826235 гэх кодтой байсан.

...Миний утас тухайн үед лангууны дээр байсан. Тухайн газарт байсан уг сэжигтэй хүмүүсээс саарал өнгийн хувцастай, махлагдуу 35-45 насны эмэгтэй хүн авсан байж болзошгүй. Тухайн иргэн нь монгол, казах хэлийг хольж яриад байсан.

...Би гар утсаа хүлээж авлаа, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Надад ямар нэгэн хохирол учраагүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08, 11, 14, 16 дахь тал/,

3.1.3. Шинжээч “А” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0196 дугаартай “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Samsung A03s загварын гар утас нь 470.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-40 дэх тал/,

3.1.4. Иргэн Х.Ш ээс “Samsung A03s” загварын гар утас хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 61-66 дахь тал/,

3.1.5. Хураан авсан “Samsung A03s” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 67-72 дахь тал/,

3.1.6. Хохирогч А.А д “Samsung A03s” загварын гар утсыг  хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 73 дахь тал/,

3.1.7. Хохирогч А.А гаас гаргаж өгсөн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 75-77 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Ш ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч Х.Ш  нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг  гаргасан болно.   

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт аливаа этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

6.2. Шүүгдэгч Х.Ш ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан.

6.4. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Х.Ш  нь иргэн А.А н “Samsung A03s” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

6.5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Ш ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Ш ийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.Ш ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А д 470.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Ш  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.А д “Samsung A03s” загварын гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч Х.Ш  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” дүгнэлтийг,

шүүгдэгч Х.Ш ээс “ял хөнгөрүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно. 

2.2. Шүүхээс шүүгдэгч Х.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.3. Шүүгдэгч Х.Ш  нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Ш т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Х.Ш  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5. Шүүгдэгч Х.Ш  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв

2.6. Шүүгдэгч Х.Ш т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Ш ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Ш т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Ш  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2213********** дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Ш т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ