Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д ,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Б.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ж т холбогдох эрүүгийн 2213*********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Ж , 1992 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЖ92072511.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Ж  нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Б ийн “Б” нэртэй дэлгүүрийн барааг зөөх явцад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эсгий гэрийн гадна талын бүрээс 1 ширхэг, айрагны хөхүүр 1 ширхэгийг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эсгий гэрийн гадна талын бүрээс 1 ширхэг, айрагны хөхүүр 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.015.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Б.Ж аас мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

2. Эрүүгийн 2213*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн С.Б ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 00 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, 

2.2. Хохирогч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07, 09, 11 дэх тал/,

2.3. Гэрч С.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

2.4. Гэрч С.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

2.5. Гэрч О.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

2.6. Гэрч Е.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

2.7. Шинжээч “А” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БӨА-22-0199 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

2.8. Яллагдагч Б.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/

2.9. Шүүгдэгч Б.Ж ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ж ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Б.Ж  нь Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр байрлах “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг иргэн С.Б ийн “Б” нэртэй дэлгүүрийн барааг зөөх явцад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эсгий гэрийн гадна талын бүрээс 1 ширхэг, айрагны хөхүүр 1 ширхэгийг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эсгий гэрийн гадна талын бүрээс 1 ширхэг, айрагны хөхүүр 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн С.Б ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 00 минутад гаргасан “...Тирлик зах дотор байрлах “Б” нэртэй дэлгүүрээс туслах ажилтан Б.Ж  нь тус дэлгүүрт байсан эсгий гэрийн хөшгийг бусдад худалдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, 

3.1.2. Хохирогч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...худалдагч Б.Ж  нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3 ширхэг айрагны хөхүүр, гэрийн гадна талын бүрээс 2 ширхэг, дотор талын бүрээс 1 ширхэг зэргийг С т аваачиж зарсан байна. Хэдэн төгрөгт зарсан талаар өөрөөс нь асуухад 400.000 төгрөгт өгсөн гэж хэлсэн.

...эд зүйлсийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний оройн 19-20 цагийн орчимд манай гэрт хүргэж өгсөн. Тэдгээр зүйлс бүгд бүрэн, бүтэн байсан. Авч ирээд өгсөн нь үнэн болно.

...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07, 09, 11 дэх тал/,

3.1.3. Гэрч С.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би С ийн дэлгүүрт очоод түүнтэй уулзаад чи ямар өөдгүй хүн бэ, чам руу манай ажилтан ирээд юм зараад байхад чи яагаад надад хэлдэггүй юм бэ, чамд ямар учиртай бүрээс гэж хэлсэн бэ гэсэн чинь “Ж  манай хадам ээжийн бүрээс” гэж хэлээд зараад явсан шүү дээ гэж хэлэхээр нь “за, за” гэж хэлээд дэлгүүр лүү буцсан.

...Б.Ж т дэлгүүрийн барааг хэн нэгэнд худалдан борлуулах эрх байхгүй. Ерөнхий барааг дэлгүүрээс гаргах, оруулах, хамгаалах үүргийг хүлээдэг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

3.1.4. Гэрч С.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш дэлгүүрийн гадна ажлаа хийгээд зогсож байхад Ж  манай дэлгүүрт ойрхон байдаг С  гэх хүний дэлгүүрийн гадаа бүрээс барьсан С  ахтай уулзаад зогсож байхаар нь би тийшээ яваад очсон юм. Намайг очиход С  ах Ж т хандаж “ямар учиртай гэрийн бүрээс бэ, дараа нь ямар нэгэн асуудал байхгүй биз дээ” гэсэн чинь Ж  “манай хадам ээжийнх юм, ямар нэгэн асуудалгүй” гэж хэлсэн. Тухайн үед 1 ширхэг гэрийн бүрээс, 3 ширхэг айрагны хөхүүрийг өгсөн. Тэгснээ надад хандаж “машинд ахиад 2 ширхэг гэрийн бүрээс байгаа тэрийг өргөлцөөд өгөөч” гэхээр нь тэгье гэж хэлээд цуг очиж машин дотор байсан 1 ширхэг бүрээсийг өргөөд С  ахад авч ирж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

3.1.5. Гэрч О.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний бие дэлгүүрээ ажиллуулаад байж байхад Ж , А  гэх хүний туслах Х ы хамт ирсэн. Тэр хоёроос Ж  надад хандаж “1 ширхэг гэрийн гадна талын бүрээсийг харуулаад үүнийг зарна, та авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би түүнд хандаж “наадах чинь хулгайн юм биш биз, та нар А , Б  нарын дэлгүүрээс хулгайлаад аваад ирсэн юм биш үү” гэсэн чинь “үгүй, надад мөнгөний гараад байна. Энэ бүрээс манай хадам ээжийн хийсэн бүрээс байгаа, янз бүрийн хулгайн зүйл биш ээ” гэж хэлсэн. Мөн тэр хэлэхдээ “энэ гэрийн бүрээснээс гадна надад 2 ширхэг гэрийн бүс, 3 ширхэг айрагны хөхүүр байгаа, та тэрийг бас авчхаач, надад мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за залуучуудаа янз бүрийн хулгайн зүйл биш биз” гэхэд Ж  “үгүй” гэж хариулсан Тэгэхээр нь би 3 ширхэг айрагны хөхүүр, гэрийн дотор талын 1 ширхэг бүрээс, гадна талын 2 ширхэг бүрээс зэргийг нийт 400.000 төгрөгт худалдаж авсан юм. Мөнгийг тухайн үед бэлнээр Ж т өгсөн.

Тэгээд тэр өдрөөс нэг бил үү, хоёр хоногийн дараа байх сайн санахгүй байна, Ж  над руу утсаар залгаад “Танд өгсөн гэрийн бүрээс, айрагны хөхүүр зэрэг нь Б  ахынх байсан юм. Та өөр хүнд зарсан уу танд байгаа юу гэхээр нь надад байгаа гэж хэлсэн. Тэгээд Ж  надад 400.000 төгрөгийг буцаан өгч тэр зүйлсийг авч явсан. С.Б т буцаагаад аваачиж өгнө гэж явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

3.1.6. Гэрч Е.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж  хэллээ манай хадам ээжийн оёсон зүйлс байгаа юм аа, ямар нэгэн хулгайны зүйл биш гэхээр нь 400.000 төгрөгт худалдаад авчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж ийг ажиллуулдаг Б  нь өөрөө ийм зүйлийг худалддаг юм чинь яагаад тийшээ өгөөгүй юм бол тэднийхээс аваад ирсэн байх аа гэж бодоод нөхрөөсөө “чи яг сайн асуусан биз” гэж хэлсэн чинь “сайн асуусан, зөндөө асуулаа ямар нэгэн хулгайны зүйл биш байна” гэж хэллээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

3.1.7. Шинжээч “А” ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БӨА-22-0199 дугаартай “2022 оны 07 дугаар сарын байдлаар хөхүүр 1 ширхэг нь 65.000 төгрөг /3 ширхэг нь 195.000 төгрөг/, эсгий гэрийн дотор талын бүрээс 1 ширхэг нь 180.000 төгрөг, эсгий гэрийн гадна талын бүрээс 1 ширхэг нь 320,000 төгрөг /2 ширхэг нь 640.000 төгрөг/, нийт үнэ нь 1.015.000 төгрөг байх боломжтой” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

3.1.8. Яллагдагч Б.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг зөвшөөрч байна.

... 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр дахин туслах хийхээр С.Б  ахын дор ажилд орсон. Ажиллах хугацаанд энэ яригдаж байгаа асуудал буюу 2022 оны 07 дугаар сарын үед айрагны хөхүүр, монгол эсгий гэрийн гадна болон дотор талын бүрээс зэргийг аваад бусдад худалдан борлуулсан юм.

...Би дээрх эд зүйлсийг дараах байдлаар авсан юм. Үүнд: 1. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр С.Б ийн надад хариуцуулсан байсан бараа материал зөөдөг 49-99 БӨА байх сери дугаарын сайн хэлж мэдэхгүй байна. Тус машинд байсан өөрөөр хэлбэл Б ийн гэрээс ачиж авч ирэн дэлгүүрт зөөж оруулах гэж байсан эд зүйлсээс эсгий гэрийн гадна талын 1 ширхэг бүрээс, 1 ширхэг айрагны хөхүүрийг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1 ширхэг айрагны хөхүүр, гэрийн гадна талын 1 ширхэг бүрээс, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1 ширхэг айрагны хөхүүр, 1 ширхэг гэрийн дотор талын бүрээс зэргийг авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж ийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Ж  “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.   

6. Хууль зүйн дүгнэлт.

6.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт аливаа этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

6.2. Шүүгдэгч Б.Ж ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан.

6.4. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Ж  нь үргэлжилсэн үйлдлээр иргэн С.Б ийн бараа зөөж оруулах явцад хөхүүр 3 ширхэг, эсгий гэрийн дотор талын бүрээс 1 ширхэг, эсгий гэрийн гадна талын бүрээс 2 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

6.5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ж ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Ж ийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ж ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б т 1.015.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хохирогч С.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “эд зүйлсийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний оройн 19-20 цагийн орчимд манай гэрт хүргэж өгсөн. Тэдгээр зүйлс бүгд бүрэн, бүтэн байсан” /хавтаст хэргийн 9 дэх тал/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Ж ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1.Шүүгдэгч Б.Ж т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.Ж , түүний өмгөөлөгч нараас хохирогч С.Б ийн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн саналд яллагдагч Б.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилтийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг яллагдагч Б.Ж  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 105-106 дахь тал/.

2.2. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б.Ж т холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Ж  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Ж т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5. Шүүгдэгч Б.Ж  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

2.6. Шүүгдэгч Б.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ж  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ