Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хажекберийн Талгат |
Хэргийн индекс | 161/2022/0036/Э |
Дугаар | 2022/ШЦТ/142 |
Огноо | 2022-09-26 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Е,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С д холбогдох эрүүгийн 2213*********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.С, 1993 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дүгээр багт оршин суух хаягтай, одоо ам бүл 6, ах бэр эгч, дүү нарын хамт тус аймгийн Ө сумын 0 дүгээр багт түр оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БВ********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч А.С нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 00 дүгээр ангийн урд талын засмал замын дэргэд иргэн Ш.Х гийн гэрийнхэн гаднаас улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч А.С аас мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Эрүүгийн 2213*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Иргэн Ш.Х гаас 2022 оны 07 дугаар сарын 25-ны орой 22 цаг 10 минутын үед Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-09 дэх тал/,
2.3. Өлгий сумын 04 дүгээр багт байрлах “Петровис НИК” ХХК-ийн хяналтын камерын дүрс бичлэгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-18 дахь тал/
2.4. Улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
2.5. Хохирогч Ш.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 41- 42, 45-46 дах тал/,
2.6. Гэрч А.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
2.7. Гэрч С.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
2.8. Гэрч О.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
2.9. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 201 дугаартай “2022 оны 07 дугаар сарын байдлаар “Мустанг-150” загварын Хятад улсад үйлдвэрлэгдсэн, хуучин мотоцикл нь 2.200.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-81 дэх тал/,
2.10. Яллагдагч А.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/ болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.С ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч А.С нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ө сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 00 дүгээр ангийн урд талын засмал замын дэргэд иргэн Ш.Х гийн гэрийнхэн гаднаас улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Ш.Х гаас 2022 оны 07 дугаар сарын 25-ны орой 22 цаг 10 минутын үед Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-09 дэх тал/,
3.1.3. Улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
3.1.4. Хохирогч Ш.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... миний эхнэр болох Р нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр амаржсан бөгөөд эмнэлгээс өчигдөр гарсан. Өнөөдөр орой 21 цагийн орчимд гэрээсээ эм авч ирэх ажлаар өөрийн мотоциклоор явсан. Эм авч ирээд мотоциклээ зам дагуу байрлуулж тавьчхаад гэртээ орсон. Гэртээ орохдоо дахин гарч танил айлынхаа хоолны халуун савыг түр авсан байсан ба хүргэж өгөх байсан тул мотоциклээ хашаандаа оруулахгүйгээр засмал зам дагуу тавиад түлхүүрийг толгойд нь зоолттой үлдээсэн юм. Тэгээд гэртээ ороод 30 орчим минут болоод хүргэж өгөх гэж байсан айлын халуун саваа аваад гараад иртэл миний мотоцикл байхгүй байсан тул ойр орчмын газар, гудамжаар хайсан боловч олдоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан.
...Уг мотоциклийг 2021 оны 06 дугаар сард цоо шинээр нь 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан, улаан өнгийн Мустанг-150 загварын Хятад мотоцикл байсан.
...2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн газраас фейсбүүкт мотоциклийнхээ зургийг тавиад, үзэж харсан хүн байвал холбоо барина уу, шагналтай гэж зар оруул гэхээр нь фейсбүүкт зар оруулсан.
2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд танихгүй дугаараас эмэгтэй хүүхэд залгаж “та мотоциклоо алга болгосон юм уу, таны мотоциклтэй адилхан мотоцикл 4 дүгээр багт байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “очиж үзье чамайг хэн гэдэг бэ” гэхэд “Ахмарал” гэж өөрийгөө танилцуулсан.
...Мотоциклийг үзэхээр гэрт нь очсон, миний мотоцикл мөн байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн хор уршиг учраагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 41- 42, 45-46 дах тал/
3.1.5. Гэрч А.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2022 оны 07 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчимд төрсөн дүү болох С , М нарын хамт гэртээ архи ууж байсан. Тухайн өдөржингөө голын эрэг дагуу архи ууцгаасан юм. Орой 21 цаг өнгөрч байсан байх ууж байсан архи дуусч улмаар архи авах мөнгө хайсан юм. Гэтэл М нь “би Х гэх хүнээс хэдэн төгрөг авъя, би түүний ажлыг хийж өгсөн, надад мөнгө өгөх ёстой” гээд Х рүү залгаж мөнгө асуухад “ажил дээр хүрээд ир” гэхээр нь М мотоциклоо унаад С бид хоёрыг сундлаад гурвуулаа Х ын ажил руу явсан. Х гэх хүний ажил нь Өлгий сумын 4 дүгээр багт “МТ” ХХК-ны шатахуун түгээх станцын зүүн талд үерийн далан хийж байгаа газрын орчимд байдаг бөгөөд тухайн үед бид гурав нийлээн согтуу байсан тул Х ын ажлын газрыг олохгүй байсан. Тухайн үед гурвуулаа Х эд очвол ах дүүгээрээ нийлээд архи ууцгааж байна гээд мөнгө өгөхгүй байх гэж бодоод шинэ захын хажуу талд С ыг буулгаж үлдээгээд Х ын ажил дээр очиж 20.000 төгрөг авсан. Х ээс мөнгө аваад засмал зам руу гараад иртэл С урдаас улаан өнгийн мотоцикл унаад гараад ирсэн. М бид хоёрыг С ыг зогсоож “чи ямар мотоцикл унаад ирэв ээ” гэж асуухад “манай найзын мотоцикл юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
3.1.6. Гэрч С.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шинэ захын хажуу талд С ыг буулгаж үлдээгээд Х ын ажлын газар дээр очиж 20.000 төгрөг авсан. Х ээс мөнгө аваад засмал зам руу гараад иртэл С урдаас улаан өнгийн мотоцикл унаад гараад ирсэн. Б бид хоёр С ыг зогсоож “чи ямар мотоцикл унаад ирэв ээ” гэхэд “миний найзын мотоцикл” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
3.1.7. Гэрч О.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн үед босоод бие засах гээд гартал танихгүй нэг мотоцикл байсан. Тэгэхээр А.С аас “энэ хэний мотоцикл юм бэ” гэж асуухад “манай найзын мотоцикл” гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
3.1.8 Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 201 дугаартай “2022 оны 07 дугаар сарын байдлаар “Мустанг-150” загварын Хятад улсад үйлдвэрлэгдсэн, хуучин мотоцикл нь 2.200.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 78-81 дэх тал/,
3.1.9. Яллагдагч А.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд ахынхаа гэр лүү явах гэж явж байх замдаа нэг газарт улаан өнгийн мотоцикл байсан. Тухайн мотоциклийн кундокторд түлхүүр нь байсан болохоор уг мотоциклийг асааж, унаж аваад ахынхаа гэрийн хажууд очиж амарсан. Тус өдөр миний бие бусдын эзэмшлийн мотоциклийг хулгайлж авч явж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Дараа нь уг мотоциклийг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгч уучлалт гуйсан. Тэр хүн ч гэсэн намайг уучилсан. Би архи ууж явж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж байна. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа учир надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.С ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгч А.С нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт аливаа этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
6.2. Шүүгдэгч А.С ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна.
6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан.
6.4. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч А.С нь иргэн Ш.Х гийн “Мустанг-150” загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.
6.5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.С ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
6.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.С ы согтуурсан байдал, шунахайн сэдэлт, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.С ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Х д 2.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Х -д “Мустанг-150” загварын мотоциклыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул шүүгдэгч А.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” дүгнэлтийг,
шүүгдэгч А.С аас “ял хөнгөрүүлж өгөх” хүсэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн” зэргийг харгалзаж үзэж улсын яллагчийн санал болгож буй 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.2. Шүүхээс шүүгдэгч А.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.3. Шүүгдэгч А.С нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
2.5. Энэ хэрэгт шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хард диск 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нь болох Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөгч ажилтай, цагдаагийн ахмад Д.Г д буцаан олгох нь зүйтэй.
2.6. Шүүгдэгч А.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хард диск 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нь болох Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөгч ажилтай, цагдаагийн ахмад Д.Г д буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Хуанышт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ