Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат

хохирогч Б.Баяржаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням /үнэмлэхний дугаар 0897/

шүүгдэгч О.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан овогт Оюунчимэгийн Галбадрахад холбогдох 201619000651 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, Гантиг-Очир ХХК-д барилгын дотор засалчин ажилтай, ам бүл-5, ээж, эгч, хүргэн ах, нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 28-29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Улаан овогт Оюунчимэгийн Галбадрах, /РД:ПЮ91071616/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Галбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “Бэрхийн зүүн ам” гэх газар хатуу хучилттай асфалтан замд Б.Баяржаргалын эзэмшлийн 75-99 УНП улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7А-д заасан жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган Б.Баяржаргалын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч О.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өглөөний 04 цаг өнгөрч байхад хүргэн ахын хамт Төв аймгийн Заамар сумын овоо тахилгад явсан. Замд явж байхад машины дугуй хагарснаас болж осол гарсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд ослын дараа 14 хоног эмнэлэгт хэвтээд ажилдаа орсон. О.Галбадрах нь миний эмчилгээний зардал болон машины төлбөр зэргийг төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-13 дугаар хуудас/

 

              Гэрч Ж.Цогзолмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр Баяржаргал лам хүн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын сүүлээр эрхээ хасуулсан. 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумын уул тахина гэж явахдаа өөрийнхөө 75-99 УНП улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явахаар болж манай эгчийн хүүхэд хамт амьдардаг жолооны эрхтэй Галбадрахаар машинаа бариулаад явахаар болсон. 2016 оны 08 дугаар сарын 18-ны өглөө үүрээр 04 цаг 40 минутын орчим Галбадрах машин бариад манай нөхөр Баяржаргал урд талын суудал дээр суугаад хөдөө явсан. Би өөрөө гаргаж өгөөд Галбадрахад болгоомжтой удаан яваарай, бүсээ зүүгээрэй, хариуцлагатай яваарай гэж хэлж явуулсан. Тэгтэл 07 цагийн орчим Галбадрах над руу утсаар яриад Төв аймгийн Лүн сум өнгөрч яваад онхолдчихлоо гэж хэлэхээр нь очсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

              Гэрч Ж.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай дүү Цогзолмаа манай нөхөр Баяржаргал Төв аймгийн Заамар сумын уул тахихаар явна 75-29 УНП улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслээ Галбадрахаар бариулаад явуулчихдаг юм уу, гэж хэлж байсан. Тэгтэл 2016 оны 08 дугаар сарын 18-ны өглөөний 07 цагийн орчим Галбадрах над руу утсаар яриад Төв аймгийн Лүн сум өнгөрч яваад онхолдчихлоо гэж хэлэхээр нь очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

              Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11951 дугаартай дүгнэлт: Б.Баяржаргалын биед хүзүүний 7 дугаар нугаламын их биеийн шахагдаж бяцарсан далд хугарал, хүзүүний 6-7 нугаламын урд урт холбоос, жийргэвч мөгөөрсний урагдал, нугас дарагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/

 

              Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1339 дугаартай дүгнэлт: Шүүх эмнэлэгийн үзлэгийн 11951 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Баяржаргалын 6-7 дугаар нугаламын урд урт холбоос ба жийргэвчний урагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35-38 дугаар хуудас/

 

              Техникийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний 00000096 дугаартай дүгнэлт: 1. 75-99 УНП улсын дугаартай Т.Аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан жолооч О.Галбадрах замын хөдөлгөөний заалт зөрчсөн байна. 2. Жолооч О.Галбадрах нь Монгол улсны Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а Жолоочид дор дурьдсан зүйлийн хориглоно. а.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. 75-99 улсын дугаартай Т.Аллион маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 5. Зам тээрийн осол гарах шалтгаан нөхцөл нь 75-99 УНП улсын дугаартай Т.Аллион маркийн тээврийн хэрэглийн жолооч О.Галбадрах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна... гэх дүгнэлт /хх-ийн 41-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Галбадрах нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “Бэрхийн зүүн ам” гэх газар хатуу хучилттай асфалтан замд Б.Баяржаргалын эзэмшлийн 75-99 УНП улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7А-д заасан жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган Б.Баяржаргалын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ж.Цогзолмаагийн.... 2016 оны 08 дугаар сарын 18-ны өглөө үүрээр 04 цаг 40 минутын орчим Галбадрах машин бариад манай нөхөр Баяржаргал урд талын суудал дээр суугаад хөдөө явсан. Би өөрөө гаргаж өгөөд Галбадрахад болгоомжтой удаан яваарай, бүсээ зүүгээрэй, хариуцлагатай яваарай гэж хэлж явуулсан юм. Тэгтэл 07 цагийн орчим Галбадрах над руу утсаар яриад Төв аймгийн Лүн сум өнгөрч яваад онхолдчихлоо гэж хэлэхээр нь очсон гэх мэдүүлэг /хх-ийн 23-26, гэрч Ж.Мөнхбатын... Тэгтэл 2016 оны 08 дугаар сарын 18-ны өглөөний 07 цагийн орчим Галбадрах над руу утсаар яриад Төв аймгийн Лүн сум өнгөрч яваад онхолдчихлоо гэж хэлэхээр нь очсон гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт болон О.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр О.Галбадрахад ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч О.Галбадрахад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч О.Галбадрах нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурьдах зүйтэй байна.

 

             Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох шүүгдэгч О.Галбадрахын 952234 дугаартай В,С ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор Sharp маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, Haier маркийн 42 инчийн зурагт 1 ширхэг зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй байна.  

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Улаан овогт Оюунчимэгийн Галбадрахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Галбадрахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар ялтан О.Галбадрахад оногдуулсан 2 хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Галбадрахад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ялтан О.Галбадрахад хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар ялтан О.Галбадрах нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан О.Галбадрахын тээврийн хэрэгсэл жолоодох 1 жил 6 сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

            8. Ялтан О.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор Sharp маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, Haier маркийн 42 инчийн зурагт 1 ширхэг зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгосугай

            9. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болох О.Галбадрахын 952234  дугаартай В,С ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгасугай

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан О.Галбадрахад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ