Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 966

 

 

 

 

 

2019          09            26                                              2019/ДШМ/966                                  

 

 Д.Б-од холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

            прокурор Н.Түвшинбаяр,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1909014260470 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Д-ийн Б, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уран барималч, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; дүүгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: 000000000/

Д.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-6-60 тоотод оршин суух С.Уын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 46 инчийн “Funai” загварын зурагтыг хулгайлж 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлйин 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-оос 560,000 төгрөг гаргуулж хохирогч С.Уд олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдолдоо: “... Би шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээсэн боловч хохирлоо төлж амжаагүйн улмаас 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Иймд би хохирлоо барагдуулахын тулд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

            Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Б- нь хохирлоо төлөөгүй, түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхээс Д.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-6-60 тоотод оршин суух С.Уын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 46 инчийн “Funai” загварын зурагтыг хулгайлж 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Уын “... Би өдрийн 17 цагийн орчим гэрээ цоожилж гараад найзындаа байж байгаад шөнийн 00 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн цоожны цүүг мушгиад ороод “Funai” загварын 46 инчийн зурагт авчихсан байсан...” гэх /хх 21-22/,

гэрч Г.Хүрэлпүрэвийн “... Доржийн Баярцогт гэсэн хүн манай ломбарданд 43 инчийн “Funai” загварын зурагтыг 7 хоногийн хугацаатай зээлийн барьцаанд тавьсан ...” гэх мэдүүлгүүд /хх 33/,

эд зүйлийн үнэлгээ /хх 34-36/,

“... хэргийн газраас илрүүлсэн 2 ширхэг гарын мөр нь Доржийн Баярцогтын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн ...” гэсэн шинжээчийн 1979 дугаартай дүгнэлт /хх 41/,

барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 96/ зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Д.Б-ын бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхээс Д.Б-од оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 663 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                                        Д.ОЮУНЧУЛУУН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН