Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 124/2024/0041/З |
Дугаар | 221/МА2024/0649 |
Огноо | 2024-10-07 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2024/0649
Ж.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ж.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Б, өмгөөлөгч Д.Д
Хариуцагчийн төлөөлөгч О.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 124/2024/0041/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б-ээс “Давст сумын сонгуулийн хороо Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Аймаг нийслэл, сум, дүүрэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ийн Увс аймгийн Давст сумын сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Ж.Б миний бие 2024 оны орон нутгийн сонгуулийн 3 дугаар тойрогт өрсөлдөхөөр Ардчилсан намаас нэр дэвшиж 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баримт бичгээ бүрдүүлэн өгсөн боловч 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Давст сумын сонгуулийн хорооны 08 дугаар албан бичгээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байгаа шалтгаан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 32.2-д заасан үндэслэл буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт шийтгүүлж байсан гэжээ.
Миний бие 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон торгох ял эдэлсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед үйлчилж байсан хуульд хэрэв авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол сонгуульд оролцож болохгүй гэсэн заалт байгаагүй бөгөөд энэ хязгаарлалт намайг шийтгүүлснээс хойно буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулийн заалт юм.
Сүүлд батлагдсан хуулийн заалт нь миний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй өөрөөр хэлбэл хуулийн энэ заалтыг буцаан хэрэглэхгүй болно. Ийм байхад шүүхээс сүүлд орсон заалт нь танд мөн ижил үйлчилнэ гэж үзэж нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэн нь миний сонгогдох эрхэд халдсан зүйл болсон тул өөрийн нэр дэвшиж сонгуульд өрсөлдөх эрхээ хамгаалах зорилгоор гомдол гаргаж байгаа болно” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч Ж.Б-ээс Увс аймгийн Давст сумын сонгуулийн хороонд холбогдуулан “Давст сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хууль бус болохыг тогтоон, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 18-4-2 дугаар хэсэгт ардчилсан намаас нэр дэвшигч Ж овогтой Б нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
2.2. Нэхэмжлэгч Ж.Б-ийн хувьд Эрүүгийн хуулийн /2015 он/ тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилийн хугацаанд хасуулж, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс “... миний бие 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон торгох ял эдэлсэн нь үнэн. Гэхдээ тухайн үед үйлчилж байсан хуульд хэрэв авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бол сонгуульд оролцож болохгүй гэсэн заалт байгаагүй бөгөөд энэ хязгаарлалт намайг шийтгүүлснээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулийн заалт...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргажээ.
2.3. Гэтэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”, 32.1.2-т “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэж заасан тул нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд буюу 2024 онд сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцож байх тул энэхүү харилцаанд уг хууль үйлчлэх бөгөөд энэ тохиолдолд хууль буцаан хэрэглэх эсэх асуудал яригдахгүй.
Тодруулбал, уг хууль батлагдан гарахаас өмнө авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан боловч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль мөрдөгдөж эхэлсний дараа сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцож буй энэ тохиолдолд дээр дурдсан хязгаарлалт бүхий зохицуулалт үйлчлэхгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
2.4. Иймд нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хандах үедээ нэгэнт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр Аймаг нийслэл, сум, дүүрэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 32 дугаар зүйлийн 32.1.2-т тус тус заасанд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН