Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0424

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар “Т”СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Т” Сууц Өмчлөгчдийн Холбоо

Хаяг: **********************************************                                              

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хаяг: ***********************************************

Гуравдагч этгээд: “Б” ХХК /РД: ***********/

Хаяг: *******************************************

Гуравдагч этгээд: Нийслэлийн Боловсролын газар  /РД: ************/

Хаяг: **************************************************

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 тоот захирамжийг хүчингүй болгуулах, уг захирамжийн дагуу “Б” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон 1515 м.кв газрыг сургууль барих зориулалтаар нийслэлийн Боловсролын газарт олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Т” СӨХ-ны итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Н*******, түүний өмгөөлөгч С.С, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, өмгөөлөгч Б.Б, Ч.Г, гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Баянгол дүүргийн 1-р хороо, “********” хороололд сургууль, цэцэрлэг зураг төслийн дагуу баригдаагүй тус хорооллын 1700 гаруй өрхийн 5000 гаруй иргэд оршин суугчдын эрх ашиг, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон хүүхдүүдийн сурч боловсрох бүрэн эрх олон жил зөрчигдсөөр өнөөдрийг хүрлээ. “Б” ХХК нь “********” хорооллын 2000 оны анхны ерөнхий төлөвлөгөө батлагдсан зураг төслийн дагуу 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаагийн байр, ногоон байгууламж бүрэн тохижилт, нөөц дизель станцтай 21-р зууны шилдэг хорооллыг барьж байгуулна гээд барилгын ажлаа эхлүүлсэн боловч 2000-2008 он хүртэлх хугацаанд ерөнхий төлөвлөгөөний дагуу сургууль, цэцэрлэг, нөөц дизель станц, өрхийн эмнэлгээ бариагүй. 2008 онд 24-р барилга буюу 88 айлын орон сууц барихаар болж мөн өрхийн тоо 2 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор 2000 оны анхны ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан сургууль, цэцэрлэг баригдах 3515 м.кв газарт 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг, сургалтын төв зэрэг цогцолборын зураг төслийг 24-р барилгын зургийн шифр ХАТ 25/08 зураг төслийн хамт тухайн үеийн нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар баталсан.

            2010 онд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчин “Б” ХХК-ийн захирал Х.И*******ын талд ашигтайгаар шийдвэрлэж, сургууль, цэцэрлэгийн цогцолборын зураг төслийг хүчингүй болгон уг газар дээр төлөвлөгөөнд огт тусгагдаагүй 18, 19-р орон сууцны барилгын зураг төслийг хууль бусаар баталсан. 2013 онд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамж гарч сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих газрын захирамжийг хүчингүй болгон оронд нь орон сууцны зориулалтаар газрын захирамжийг өөрчлөн гаргасан. Энэ нь 2010 оны хууль бус барилгын зураг төслийг дэмжин нэмж орон сууц бариулах гэсэн бусармаг үйлдэл байсан.

            Иргэд, оршин суугчдыг үл тоон хууль бус үйлдэл хийж олон мянган хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчсөн гэж үзэн тэдний хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр тэмцсэний үр дүнд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга “ноцтой алдаа гарсан байна” гээд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжаа хүчингүй болгосон бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А/562 дугаар захирамжаар залруулан тухайн газрыг нийтэд нь цэцэрлэгийн зориулалтаар гаргасан байна.

Дараагийн Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/779 дүгээр захирамжаар тус 3515 м.кв газарт хийгдэх ажлын хүрээнд цэцэрлэг, сургууль, нийтийн эзэмшлийн талбайн асуудлыг холбогдох шийдвэрт тусгуулах зэргээр захирамж гарсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/954 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн нэр дээр зөвхөн цэцэрлэгийн зориулалтаар байсан 3515 м.кв газрыг бүхэлд нь сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглуулахаар буюу хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөний дагуу болгож шийдвэрлэсэн.

            Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/591 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийг Нийслэлийн Засаг дарга асан С.А гаргасан. Уг захирамжид Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, “********” хороололд цэцэрлэг, сургуулийн зориулалттай газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай арга  хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Дараа нь Нийслэлийн Засаг дарга асан С.А нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/689 дүгээр захирамжаар орон сууцны хороолол хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршил газрын эрхийг Нийслэлийн Боловсролын газарт бүхэлд нь шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, “********” хорооллын сургууль, цэцэрлэг барих 3515 м.кв газрыг бүхэлд нь зориулалтаар нь ашиглах тухай юм.

            2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/591 дүгээр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, хүүхдийн цэцэрлэг, сургууль барих ёстой байсан 3515 м.кв газрын хоёр хувааж, 2000 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх, үлдсэн 1515 м.кв газрыг “Б” ХХК-д 6 давхар үйлчилгээний барилга буюу зочид буудал барих зориулалтаар шилжүүлэх, Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлсэн 2000 м.кв газрын нөхөх олговор гэж нийслэлийн 2020 оны төсвөөс 264200000 төгрөгийг “Б” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Энэ ажлын хэсгийн хурлын шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга асан С.Аы 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1155, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжууд гарсан.

            ... “********” хорооллын 3515 м.кв газарт сургууль, цэцэрлэгээ бариулах талаар тасралтгүй 10 жил хөөцөлдсөн СӨХ, иргэд оршин суугчдын төлөөллийг ажлын хэсэгт оруулахгүйгээр шийдсэн нь Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, саналыг тусгах, Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн “Олон нийтийн санал авах” заалт, Захиргааны ерөнхий хуулийн 13, 24, 26 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулаагүй нь хууль зөрчиж байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсгийг зөрчин “Б” ХХК-д уг газрыг буцааж ашиглуулах захирамж нь хууль зөрчсөн захирамж юм.

            Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамж буюу захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т зааснаар хүчингүй болгож, дээрх 1515 м.кв газрын нийслэлийн Боловсролын газарт сургууль барих зориулалтаар шилжүүлэх захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/248 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсэд өөрчлөлт оруулан Түргэний амны хязгаарлалтын бүсийг багасгаж, хамгаалалтын бүсийг тэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, ойн сан бүхий газар, усан сан бүхий газартай давхцалтай, дархан цаазат газрын горим дэглэм зөрчигдөж байгаа тул газар ашиглах эрхийг цуцалж, тухай газрыг хамгаалж хамгаалалтын бүс рүү шилжүүлсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу хамгаалалтын бүсэд хуулийн 10 дугаар зүйлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг хориглосон.

Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл болон бусад холбогдох заалтуудыг удирдлага болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний А/11 дүгээр тушаалаар “Д" ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлтэй юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/111 дүгээр тушаал гарахтай холбогдуулж 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Д” ХХК-ийн захирал Ч.А-ын ******** дугаарын утас руу холбогдож мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй бөгөөд тайлбар, саналаа ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Б” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн өөрт холбогдох газар эзэмших эрхийн зориулалтыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчингүй болгуулах, 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг Нийслэлийг Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“Б” ХХК-ийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 671 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/591 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн эзэмшлийн газрын тусгай хэрэгцээнд авах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрээр “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн эзэмшлийн 3515 м.кв газраас 2000 м.кв газрыг нийслэлийн Боловсролын газарт цэцэрлэгийн зориулалтаар олгохыг, 1515 м.кв газрыг тус компанид үйлчилгээний зориулалтаар олгохыг мөн тусгай хэрэгцээнд авсан газрын нөхөн төлбөрийг улсын төсөвт суулгах” зэрэг шийдвэр гарсан байна.

Дээрх хурлын шийдвэрийг үндэслэж маргаан бүхий газарт улсын цэцэрлэг барих зориулалтаар нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1155 дугаар захирамжаар нийслэлийн Боловсролын газарт 2000 м.кв газрыг олгосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1386 дугаар захирамжаар үлдсэн газрыг баталгаажуулсан, нэхэмжлэгчийн дурдаж байгаа хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гарсан хууль ёсны захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар “Б” ХХК-ийн нийт 3515 м.кв газрын зориулалтыг сургууль, цэцэрлэг болгон өөрчилсөн. Ийнхүү газар ашиглах зориулалтыг сургууль, цэцэрлэг болгон өөрчилсөн талаар “Б” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаар шийдвэрээр тухайн А/954 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 671 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Харин тус хэрэг маргаан Улсын Дээд шүүхээр хянагдаж байх явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/1386 дугаар захирамж гарган тус 3515 м.кв газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөн 1515 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар “Б” ХХК-д үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн.

Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж сургууль, цэцэрлэг барих зориулалт болгон өөрчилсөн захирамжийг хүчингүй болгосон боловч тус хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байх явцад ажлын хэсгийн гишүүд болон тухайн үед нэхэмжлэл гаргаад байсан “Б” ХХК-ийн удирдлагууд зөвшилцөлд хүрч, үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга А/1386 дугаар захирамж гаргасан тул талууд эвлэрсэнтэй холбогдуулан уг хэрэг маргаантай холбоотойгоор Улсын Дээд шүүх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 28 дугаар тогтоолоор Хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцсон. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болсон нийт 3515 м.кв газрын тодорхой хэсэг болох 1515 м.кв газрын зориулалтыг сургууль болгон өөрчлөхөөр нэхэмжлэл гаргаж байгаа тус асуудал шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн болох нь дээр дурдсан гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Т”СӨХ нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө дээд шатны байгууллага, дээд шатны байгууллага байхгүй тохиолдолд тухайн акт гаргасан байгууллагад гомдол гаргах учиртай. Гэтэл нэхэмжлэгч дээд шатны байгууллагад, эсвэл тухайн актыг гаргасан байгууллагад өөрт нь гомдол гаргахгүйгээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үүнийгээ урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн байдаг.

... Нэхэмжлэгчид бусдын газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл, гомдол гаргах эрх хуулиар болон дүрмээр олгогдоогүй байна. Нийслэлийн Засаг даргын А/1356 дугаар захирамж “Т”СӨХ-ны эрх ашгийг хэрхэн, яаж зөрчиж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нэхэмжлэл гаргагч “Т”СӨХ-ны ямар эрх, хууль ёсны шиг сонирхол хэрхэн сэргэх талаар дурдаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Анх нэхэмжлэгч “Т”СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/591, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1155 дугаар захирамж,1515 м.кв газрыг үйлчилгээний 6 давхар барилгын зориулалтаар олгосон захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага[1] гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийн дагуу “Б” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон 1515 м.кв газрыг сургууль барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар өөрчлөн тодруулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс “...“Б” ХХК нь “******** “ хорооллын 2000 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу  3515 м.кв газар дээр 930 хүүхдийн сургууль, 930 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барихаар батлагдсан. Гэвч уг газрыг хоёр хуваан 2000 м.кв газарт нь 200 хүүхдийн ортой цэцэрлэг, 1515 м.кв газрыг “Б” ХХК-д үйлчилгээний зориулалтаар үлдээн 6 давхар үйлчилгээний барилга барих зөвшөөрөл өгөхөөр болсон нь шударга ёсонд нийцэхгүй...” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ” ...захирамж нь  “Т”СӨХ-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй. Төрийн захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн газар дээр сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэв.

Харин гуравдагч этгээд “Б” ХХК-аас “...Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Сууц өмчлөгчдийн холбоо” гэдгийг тодорхойлсон бол 5 дугаар зүйлийн 5.1-д холбооны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно гэж заасан тул “Б” ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжаар 3515 м.кв газрыг хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар олгосон. Энэ захирамж хүчинтэй хэвээр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах эсхүл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар “Т”СӨХ-д нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Гуравдагч этгээд Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... зохих байгууллагуудын шийдвэрээр олгогдсон газар дээр төсвийн хөрөнгөөр 200 хүүхдийн цэцэрлэг барилгын ажил хэвийн явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Нэг: Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тухайд;

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх 2013 оноос “Т”СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргад хандан 2008 онд батлагдсан сургууль,цэцэрлэгийн цогцолбортой орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөнд 2012 онд өөрчлөлт оруулан, сургуулийн барилгыг хасч, цэцэрлэгтэй орон сууцны хороолол болгосноос үүдэлтэйгээр маргасан.

Улмаар уг асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба[2], Хот байгуулалт, хөгжлийн газар[3], Нийслэлийн Засаг дарга[4], Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт[5] удаа дараа гаргасныг хүлээн авч хариуг “Т”СӨХ-нд хүргүүлж байжээ.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд “Б” ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны “***********” цогцолбор хорооллын 20, 24 дүгээр байрны дундах байршилд барихаар төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн 3515 м.кв газрын хэмжээг багасгаж, зориулалтыг өөрчилсөн шийдвэрийг эс зөвшөөрч маргасан асуудлаар зөвхөн “Т”СӨХ-той харьцаж байсан.

Хэдийгээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-т Сууц өмчлөгчдийн холбоо нь  хуулийн этгээдийн эрхгүй байх боловч энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6-д Сууц өмчлөгчдийн холбоог төрийн бус байгууллагад хамааруулан хуульчилсан тул дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтны хэн аль нь “Т”СӨХ-г уг маргаанд төлөөлөн оролцох эрхгүй гэх үндэслэлээр татгалзалгүйгээр харилцаж  байсан.

Үүнээс үзвэл энэ тохиолдолд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны “***********” цогцолбор хорооллын 20, 24 дүгээр байрны дундах орчны газрын хэвийн байдлыг хангах, зориулалт, төлөвлөлтийн дагуу оршин суугчдад үйлчлэх объектыг шаардах, оршин суугчдын ая тухтай амьдрах субьектив эрхийг хамгаалах үүднээс  “Т”СӨХ-ны гишүүдийн санал, хүсэлтийг үндэслэн тус Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Н*******г төлөөлүүлэн шүүхэд  нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02-11/2158 дугаар албан бичгээр “Т”СӨХ-ны хариу хүргүүлснээс үзвэл

нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэнд тооцон, “Т”СӨХ-ноос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр татгалзах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан судлан үзэхэд анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 269 дүгээр захирамжаар орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх мастер төлөвлөгөөг үндэслэн орон сууцны 2 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч, энэ төлөвлөгөөний дагуу Б ХХК-д орон сууцны хорооллын цогцолборын зориулалтаар 6.5 га газар олгосон.

Улмаар энэ орон сууцны хорооллын цогцолборын төслийн хүрээнд Б ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжаар 15274 м.кв газрыг орон сууцны хорооллын зориулалтаар эзэмшиж, 2011 оны 10 дугаар сарын 03-нд олгогдсон 0001280 дугаартай газар ашиглах эрхийн нэг гэрчилгээтэй дээрх 15274 м.кв газрыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаартай захирамжаар тухайн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн тусад нь нэгж талбар бүрээр хуваан зориулалтыг зааж, тухайлбал цахилгааны дэд станц барих зориулалтаар 143 м.кв, орон сууц барих зориулалтаар 669 м.кв, 2088 м.кв, 271 м.кв, 576 м.кв, 319 м.кв, 3406 м.кв, 452 м.кв, 3515 м.кв, 646 м.кв, хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар 3188 м.кв газрыг төлөвлөжээ.

Хожим Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжаар хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар олгогдсон 3188 м.кв газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгож, харин орон сууцны зориулалтаар олгогдсон 3515 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалттай [6], 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/954 дүгээр захирамжаар “сургууль, цэцэрлэг”-ийн зориулалттай болгон өөрчилжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-аас дээрх 3515 м.кв газрыг зөвхөн “цэцэрлэг, үйлчилгээний” зориулалтаар болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасныг  хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хүлээн авч 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/591 дүгээр захирамжаар “...*********** хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг чөлөөлөх,...шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг...” бүхий ажлын хэсгийг байгуулсан[7] бөгөөд тус ажлын хэсгээс гуравдагч этгээдийн хүсэлтэд дурдсан асуудлыг хэлэлцэн ” ...Б ХХК-аас 2000 м.кв талбайг Нийслэлийн Боловсролын газарт цэцэрлэгийн зориулалтаар олгох, газрын үлдсэн 1515 м.кв газрыг тус компанийн нэр дээр үйлчилгээний зориулалтаар олгох, уг газар дээр үйлчилгээний зориулалттай 6 давхраас дээш барилгыг Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгөх, чөлөөлсөн газартаа холбогдуулан нөхөн олговор олгох...” дүгнэлт бүхий шийдвэрийг гаргажээ[8].

Улмаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1115 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “***********” цогцолбор хорооллын зүүн талын 2000 м.кв газрын эзэмших эрхийг цэцэрлэг барих зориулалтаар 15 жилийн хугацаатай Нийслэлийн Боловсролын газарт[9], харин 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжаараа 1515 м.кв газрыг “үйлчилгээний” зориулалтаар гуравдагч этгээд “Б” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэжээ[10].

Энэхүү захирамж гаргасантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/954 дүгээр захирамжийг хүчингүй болжээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар тодорхойлон маргасан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжаар  “Б” ХХК-д олгосон 1515 м.кв газрыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...”Б” ХХК-д олгогдсон нийт 15274 м.кв талбайн төлөвлөлтөд цэцэрлэгийн зориулалтаар 3188 м.кв багтсан байсныг ийнхүү 3515 м.кв газартай тухайн байршилд зориулалтыг сольсон, энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй...”, харин  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 671 дүгээр магадлалын үндэслэх хэсэгт “...Хэрвээ 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар болгон өөрчлөх юм бол “шударга ёс”-ны зарчмын үүднээс одоо орон сууцны зориулалттай байгаа 3188 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалттай болгох нь болгох нь зүйд нийцнэ....” гэж дүгнэжээ.

Товчхондоо тухайн орон сууцны хороололд цэцэрлэгийн барилга төлөвлөгдсөн, энэ төлөвлөлтийн дагуу газрыг зориулалтын дагуу эрх бүхий этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасантай нийцүүлэн шийдвэрлэх ёстой болохыг дүгнэжээ.

Гэтэл хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны “***********” цогцолбор хорооллын 20, 24 дүгээр байрны оршин суугчид болон нэхэмжлэгч нарын оролцоог хангуулаагүй.

 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “газар эзэмших, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын 4.1.1”газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар ашиглалтын зориулалт”, 4.1.2 “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд газар ашиглалтын зориулалт тусгагдсан байдал” зэргийг газрын зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргах үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 “газар ...эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 4.1.5 “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах зарчмыг баримтлалгүйгээр шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөж байх тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Гурав: 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжаар олгосон 1515 м.кв газрыг сургууль барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд

Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд буюу тухайн орон сууцны хороололд 160 хүүхдийн суудалтай цэцэрлэг, 930 хүүхдийн суудалтай сургууль барихаар төлөвлөгдсөн ч улсын төсвийн хөрөнгөөр 4 дүгээр хороонд сургууль баригдсантай холбоотой яг одоогоор сургууль барих шаардлагагүй болсон болох нь Нийслэлийн Боловсролын газрын хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатны мэтгэлЦэр тогтоогдсон болно.

Түүнчлэн шүүхээс хариуцагч Нийслэлийн Засаг даргад Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3

б/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах.., г/газар...хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх...,Газрын тухай  хуулийн  20, 21 дүгээр зүйлд заасан нийтлэг болон бүрэн эрхэд нь халдах боломжгүй тул нэхэмжлэгчийн “...1515 м.кв газрыг сургууль барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах...” шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.  

Дөрөв: Бусад

Шүүхийн шийдвэр тогтвортой байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал хүчин зүйл тул дээрх ишлэл авсан анхан болон давж  заалдах шатны шүүхийн шийдвэртэй хууль хэрэглээний буюу шүүхийн шийдвэр нэгдмэл байх зарчмыг баримталсан болно.

Энгийнээр хэлбэл “Б” ХХК-аас маргаан бүхий 3515 м.кв газрын зориулалтыг “цэцэрлэг, орон сууцны болгох “цэцэрлэг, үйлчилгээний /зочид буудал/” болгон  өөрчлөх нь агуулгын хувьд ялгаагүй тул уг газрыг анхны төлөвлөсөн зориулалтын дагуу бүхэлд нь хүүхдийн цэцэрлэг, түүний эрүүл аюулгүй орчныг бий болгоход[11] үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

Иймд нэхэмжлэгч “Т” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1386 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх захирамжаар “Б” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон 1515 м.кв газрыг сургууль барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.БАТБААТАР

 

[1] 1 Хавтас хэргийн 43-45 хуудас

[2] 1 Хавтас хэргийн 35 хуудас

[3] 2 Хавтас хэргийн 23-26, 29 хуудас

[4] 3 Хавтас хэргийн 18, 27-28 хуудас

[5] 4 Хавтас хэргийн 17, 30-32 хуудас       

[6] 128/2019/0095/3 индекстэй хэргийн 1 хавтас 36-44 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 21 хуудас

[8] 1 Хавтас хэргийн 24-26 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 104 хуудас

[10] 1 хавтас хэргийн 102-103 хуудас

[11] ХОТ, ТОСГОНЫ ТӨЛӨВЛӨЛТ БАРИЛГАЖИЛТЫН НОРМ БА ДҮРЭМ БНбД 30.01.03 үзнэ үү.