| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0037/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/143 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Е,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч Ш.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Е д холбогдох эрүүгийн 2213********* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш.Е, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ш.Е нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны орой Баян-Өлгий аймгийн Б сумын 00 дугаар баг нутаг дэвсгэрт тус аймгийн Б сумын Засаг дарга А.Ж ыг “хайрга чулуу ачуулсангүй” хэмээн хэрүүл үүсгэж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Ш.Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
2. Эрүүгийн 2213********* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга ажилтай А.Ж аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 02-07 дахь тал/
2.2. Хохирогч А.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
2.3. Гэрч М.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
2.4. Гэрч М.Е ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
2.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаартай “Иргэн А.Ж ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 17-20 дахь тал/.
2.6. Яллагдагч Ш.Е ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Е ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Ш.Е нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны орой Баян-Өлгий аймгийн Б сумын 05 дугаар баг нутаг дэвсгэрт тус аймгийн Б сумын Засаг дарга А.Ж ыг “хайрга чулуу ачуулсангүй” хэмээн хэрүүл үүсгэж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга ажилтай А.Ж аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 02-07 дахь тал/,
3.1.2. Хохирогч А.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байсан, тухайн өдөр Б сумын 04 дүгээр багийн нутаг болох “Буга” гэх газарт байх айлын хашаа, хороо шатсан гэх дуудлага ирсэн ба тус дуудлагын дагуу Б сумын Тамгын газраас тодорхой албан тушаалтнууд тухайн газарт очоод гал унтраах ажиллагаанд онцгой байдлын газрын алба хаагчдын хамт оролцож, дуусаад орой нь 20 цагийн орчимд Б сум руу буцсан. Сум руу 20 цаг өнгөрч байхад орж ирсэн байх хугацааг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Тэгэхэд Тамгын газрын жолооч М ын хувийн машинтай байгаль хамгаалагч М нарын хамт явж байсан юм. Сум руу дөнгөж орж ирж байсан чинь Б сумын 05 дугаар багийн нутаг “Хогийн толгой” гэх газарт нэлээн хэдэн машин очсон харагдаж байхаар нь зөвшөөрөлгүйгээр шороо ачиж байгаа юм байна гэж бодоод, тэрийг нь таслан зогсоохоор бид хэд яваад очсон юм.
Тухайн үед гадаа гэгээтэй байсан. Тийшээ очиход дандаа манай сумын хүмүүс байсан ба тэдгээрт энэ газраас “шороо авч болохгүй, та хэд буцаж явцгаа” гэсэн чинь зарим хүмүүс ойлгоод яваад өгсөн. Тэнд ганцхан Е ийг авч үлдсэн юм. Учир нь шороо авахаар очсон хүмүүс машины зам гаргасан байсан ба тэрийгээ хаа гэж хэлээд үлдээсэн юм. Тэгээд байж байхад Б сумын төвөөс жижиг тэрэгтэй Е ирсэн. Тэр ирчхээд “бид нар амьдралын эрхийн төлөө ингээд явдаг, та хэд газрыг зөвшөөрөлтэй болгож өгсөнгүй, яагаад ингэж хөөж бариад байгаа юм бэ” гэхээр нь би түүнд хандаж “надад та нарт газар ашиглах эрх олгох ямар нэгэн эрх байхгүй, та нар байгаль дэлхийгээ хайрлаач” гэсэн чинь Е миний цамцны захаас зүүн гараараа заамдаж аваад баруун гараараа 2 удаа миний нүүр болон цээж тус газар цохисон. 2 дахь удаагийн цохилт нь цээж рүү оносон бөгөөд тэгэхэд би хойшоогоо унасан юм.
...Тухайн үед миний биед ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүй тул зүгээр байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Миний биед учирсан гэмтлийг Е үүсгэсэн гэж ойлгож болно. Е ийн зүгээс намайг заамдаж авсан. Харин Е ы хувьд гараараа цохиод, хөлөөрөө өшиглөсөн, Е намайг хэл амаар доромжилсон. Бидний хооронд өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Одоогийн байдлаар 250.000 төгрөгт эмчилгээ хийлгэсэн. Баримт алга байна. Энэ 250.000 төгрөг болохоор эм тариа, эмчилгээ, томографт зарцуулсан төлбөрийн үнэ болно. Тус 250.000 төгрөгийг нэхэмжилж байна.
...Бариачид үзүүлсэн эмчилгээний зардал, бензин, шатахууны зардал болох 275.000 төгрөгийг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
3.1.3. Гэрч М.М гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ш.Е ирснээ дарга А.Ж д хандаад “бид нар амьдралаа яаж залгуулах юм бэ, Тамгын газрынхан гээд хаа очсон газраа хөөх юм аа” гэсэн байдлаар дайраад эхэлсэн. Тэгж байснаа Засаг даргыг цохиж унагаасан уу, түлхэж унагаасан уу би нарийн хараагүй юм, гадаа харанхуй болсон байсан.
...А.Ж ыг Ш.Е л өшиглөсөн, М.Е ийн зүгээс миний харснаар гар, хөлөө огт хүргээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
3.1.4. Гэрч М.Е ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Ж , Е бид хоёрт хандаад “та нар газар ухаад яваад байх юм бол нэг өдөр шороонд дарагдана шүү” гэхээр нь бид хоёр бас урдаас нь “зүгээр байгаарай, хүн болгон л шороогоор явдаг шүү” гэж байхад Е Ж ыг заамдаж аваад нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж авсан. Ж ыг Е аас салгах гээд Ж ын цамцныхан арын зах хэсгээс татсан чинь тэр дээшээ харсан байдалтай хойшоогоо газарт унасан. Тэгэхэд Е Ж ыг хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед гадаа харанхуй болсон болохоор юм болгон нарийн харагдаагүй. Миний зүгээс Ж д гар хүрсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаартай “1. А.Ж ын биед зүүн 11-р хавирганы дээд 3/1-д цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Тухайн үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,
3.1.6. Яллагдагч Ш.Е ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус өдөр нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байсан юм. Намайг гэртээ байж байхад найз Е над руу утсаар залгаад “Баян-Өлгий аймгийн Б сумын “Хогийн цэг” дээр ирж шороо ачих гээд байж байсан чинь сумын Засаг дарга болон хэдэн хүмүүс ирж ачуулахгүй байна” гэхээр нь гэрээсээ ганцаараа өөрийнхөө машинтай гараад тийшээ очсон юм. Намайг тийшээ очиход Б сумын Засаг дарга А.Ж , байгаль хамгаалагч М , жолооч М нар машинаас буусан гадаа зогсож байсан. Е ийн хувьд өөрийнхөө машинтай зогсож байсан.
...Тэгэхэд сумын Засаг дарга Ж ирснээ “та хоёр энэ замыг гаргасан, хуучин ухагдсан бүх газрыг та хоёр ухсан энэ тэр” гээд олон юм яриад байхаар нь би уурлаад “та яг гэх гээд байгаа юм бэ” гээд түүнтэй барилцаж аваад нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиход намайг М барьж аваад салгаад зогсож байхад Ж над руу эргэж дайрах гэхэд Е түүнийг араас нь татсан чинь тэр газарт унасан. Тэгэхээр нь би гүйж очоод Ж ын биед 1 удаа өшиглөсөн чинь М гэх хүн намайг салгаж авсан. М.Е , А.Ж ыг салгах гэж араас нь татсан байх тэрнээс биш түүний биед хүрсэн зүйл огт байхгүй. Тодруулбал А.Ж ыг цохиж, өшиглөөгүй. Би хохирогч А.Ж ын надаас нэхэмжилсэн хохирол 275.000 төгрөгийг төлж өгөх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ш.Е ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ш.Е “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” хэмээн, шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруугийн талаар маргаан байхгүй” хэмээн дүгнэлт гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Ш.Е нь хохирогч А.Ж ын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “зүүн 11-р хавирганы дээд 3/1-д цууралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
6.3. Шүүгдэгч Ш.Е ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.Е ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6.4. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ш.Е ы зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Шүүгдэгч Ш.Е ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ж ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ш.Е аас хохирогч А.Ж д гэмт хэргийн хор уршгийг бүрэн төлж барагдуулсан тул /хавтаст хэргийн 92 дахь тал/ шүүгдэгч Ш.Е ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Шүүхээс шүүгдэгч Ш.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч Ш.Е д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ш.Е нь хохирогч А.Ж тай сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн саналд яллагдагч Ш.Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ш.Е нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 100 дахь тал/.
2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Ш.Е д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.4. Шүүгдэгч Ш.Е нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Ш.Е урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ш.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.6. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Ш.Е д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ