Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 9/2-1 тоотод оршин суух, Солуут овогт Дэмбэрэлийн Болд /РД: ХМ70092973/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Өнөр хотхон, 45 дугаар байрны 95 тоотод оршин суух, Монгол овогт Батмөнхийн Цэцэгмаа /РД: РЗ71071204/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,660,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл, хариуцагч Б.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Болдын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлийн шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Б.Цэцэгмааг болон түүний нөхөр бид нар гэр бүлийн найзууд бөгөөд тэд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр надаас бараа авах мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэж гуйхаар нь би Б.Цэцэгмаагийн эзэмшдэг Голомт банк дахь 1715101353 тоот дансанд 6,660,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Цэцэгмаа нь одоог хүртэл энэ мөнгөө төлөөгүй байгаа тул 6,660,000 төгрөгийг Б.Цэцэгмаагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Цэцэгмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Болдын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Д.Болдтой гэр бүлийн найз биш, 2014-2016 онд манай нөхөр Н.Даваацогт нь Д.Болд болон бусад хүмүүстэй хамт бугын эврийн наймаа хийж байгаа гэж хэлж байсан. Би 2017 онд Д.Болдоос бараа авах мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэж гуйж авч байгаагүй. Миний эзэмшдэг Голомт банкны дансаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мөнгө орж ирснийг би авч ашиглаагүй, манай нөхөр авсан. Голомт банкны 1715101353 тоот данс бол миний эзэмшлийн данс мөн. Би нөхөртэйгээ гэр бүлийн тааламжгүй харилцааны улмаас 2-3 жил тусдаа амьдарч байна. Одоо Н.Даваацогт хаана байгааг мэдэхгүй, гадаад улсад байгаа сурагтай, түүнтэй ямар нэгэн холбоо байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Болд нь хариуцагч Б.Цэцэгмаагаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 6,660,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ... миний дансаар 6,660,000 төгрөг орж ирсэн, би энэ мөнгийг авч ашиглаагүй, манай нөхөр авсан, би нөхрөөсөө салаад 2-3 жил байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Болд нь хариуцагч Б.Цэцэгмаатай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулж, 6,660,000 төгрөгийг тодорхой хугацаагүйгээр, хүүгүйгээр зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг амаар байгуулсан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй ... бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна., 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. гэжээ.

 

Хариуцагч Б.Цэцэгмаа ... Голомт банкны 1715101353 тоот дансыг би эзэмшдэг нь үнэн, гэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр миний энэ дансанд Д.Болдоос орж ирсэн 6,660,000 төгрөг би авч ашиглаагүй, манай нөхөр Н.Даваацогт авсан, би нөхрөөсөө салаад 2-3 жил болж байна гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан боловч түүний энэ тайлбараар болон Голомт банкны 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Мемориалын баримтаар 1715101353 тоот дансыг Батмөнхийн Цэцэгмаа эзэмшдэг, мөн тухайн дансанд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дэмбэрэлийн Болдоос 6,660,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.Болд нь хариуцагчийг үүргээ гүйцэтгэхийг шаардсан байх бөгөөд одоог хүртэл хариуцагч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 6,660,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан ба нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хүү шаардаагүй болно.

 

Иймд хариуцагч Б.Цэцэгмаагаас зээлийн гэрээний үүрэгт 6,660,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Болдод олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэцэгмаагаас 6,660,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Болдод олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 121,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР