| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/04527/и |
| Дугаар | 468 |
| Огноо | 2019-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, аос 56/2 дугаар байрны 8 тоотод оршин суух, Боржигон овогт Алтангэрэлийн Баатар /РД: ЙЮ86031073/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамж, 115 оршин суух, Боржигон овогт Оюунчимэгийн Ариунболд /РД: КА86032575/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргий хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, хариуцагч О.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Баатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэнгийн шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Би 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр О.Ариунболдод 12,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлдүүлсэн. О.Ариунболд нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 17-нд 1,000,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 11,750,000 төгрөг, алданги 5,875,000 төгрөг, нийт 17,620,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч О.Ариунболд нь дээрхээс гадна 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр А.Баатарын Хаан банкинд эзэмшдэг 5027554395 тоот дансанд 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөр, 1,000,000 төгрөг, мөн дансанд 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 750,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 16,250,000 төгрөгийг төлсөн байна гэв.
Хариуцагч О.Ариунболдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Баатар гэх хүнээс 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12,500,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 0.6 хувийн хүүтэй авсан. Нийт 16,500,000 төгрөг болгон төлсөн. Мөн зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу гэрээг 2 удаа 5 сараар сунгаж, үндсэн зээлийг бүрэн төлж барагдуулсан. Алданги гэх 5,875,000 төгрөг нь шуналын сэдэлттэй гэж үзэж байх тул огт төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баатар нь хариуцагч О.Ариунболдод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээл 11,750,000 төгрөг, алданги 5,875,000 төгрөг, нийт 17,625,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ... Нэхэмжлэгчээс 12,500,000 төгрөгийн зээл авсан. Нийт 16,500,000 төгрөгийг төлсөн, алдангийн 5,875,000 төгрөг нь шуналын сэдэлттэй байх тул зөвшөөрөхгүй. Зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Баатар нь хариуцагч О.Ариунболдтой 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 12,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиодолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч А.Баатар нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч О.Ариунболдын 5089030876 тоот дансанд 12,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны хуулгаар тогтоогдсон, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-т 6 хувийн хүүтэй гэжээ. Хариуцагч зээлийн гэрээгээр хүү төлөх үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 3.7 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч А.Баатар гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй.
Хариуцагч О.Ариунболд нь гэрээний үүрэгт 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр А.Баатарын Хаан банкинд эзэмшдэг 5027554395 тоот дансанд 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөр, 1,000,000 төгрөг, мөн дансанд 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 750,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 16,250,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй, мөн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг өдөр хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 12,500,000 төгрөг, хүү /6 хувь/ 750,000 төгрөг төлөх ёстойгоос 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 103 хоногийн алдангийг тооцоход /12,500,000 : 0.5% = 62,500/ 62,500 х 103 = 6,437,500 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч дээрх хугацааны алдангид 5,875,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцэжээ.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, хугацаа хэтрүүлсэн тал дээр маргаагүй ба зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3.7-д зааснаар хариуцагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч үндсэн зээл болон хүү, алдангид 17,625,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 16,250,000 төгрөгийн гүйцэтгэсэн үүргийг хасч, 1,375,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн хариуцагч О.Ариунболд нь ... алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, шуналын сэдэлтэй гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс үндсэн зээлийн 12,500,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, мөн зээлийн гэрээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцсон ба зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.А 1,375,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Баатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,250,000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 246,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ариунболдоос 36,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР