Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж д холбогдох эрүүгийн 2213********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Ж , 1970 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц  суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс Казах, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц  сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЛ*******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч С.Ж  нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц сумын 00 дугаар багийн нутагт дэвсгэрт бусадтай хэрүүл үүсгэсэн гэх шалтгаанаар эмэгтэй дүү нь болох С.Е ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч С.Ж  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2213********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн С.Е ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гаргасан гомдол /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

2.2. Хохирогч С.Е ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 37 дахь тал/,

2.3. Хохирогч С.Е ээс бичсэн гарын баримт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

2.4. Гэрч К.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар тал/,

2.5. Гэрч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

2.6. Гэрч Ж.С ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

2.7. Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

2.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 634 дугаартай “иргэн С.Е ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

2.9. Яллагдагч С.Ж гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,

2.10. Шүүгдэгч С.Ж гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Ж н  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч С.Ж  нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц  сумын 05 дугаар багийн нутагт дэвсгэрт бусадтай хэрүүл үүсгэсэн гэх шалтгаанаар эмэгтэй дүү нь болох С.Е ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн С.Е ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн талаар гаргасан гомдол /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

3.1.2. Хохирогч С.Е ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр малын хашааны хажууд явж байхад С  намайг хэл амаар доромжилсон ба манай хүү болох А  С т очоод чи яагаад миний ээжийг хэл амаар доромжилж байгаа юм бэ гэж хэлэхэд Б , Б ы, С  нар манай хүү А ыг нийлээд зодсон. Тухайн үед би Б ийн нуруу тус газар нь цохиод та нар яагаад манай хүүг зодож байгаа юм бэ гэж салгаж байхад миний толгой руу нэг хүн цохиод авсан ба эргээд харахад миний ах болох Ж  байсан юм. Тухайн үед би газарт унасан.

...Миний бие Ж гээс 600.000 төгрөг нэхэмжилж байна. Ж  намайг зодсоны улмаас аймгийн төвд шүүх эмнэлэгт үзүүлэх, тайлбар мэдүүлэг өгөх зэрэг ажлуудаар явахад нийт 600,000 төгрөгний зардал гарсан.

...Ах Ж  нь надаас уучлалт хүссэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 37 дахь тал/,

3.1.3. Хохирогч С.Е ээс бичсэн “Ах С.Ж гээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх баримт /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

3.1.4. Гэрч К.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед манай ээж болох Е  малын хашаа руу явсан ба би дэнж рүү гараад ажиглахад Б  болон манай ээж ярилцаад суугаад байсан ба манай гэр рүү чиглээд хөдөлж байсан. Би ч тухайн үед тэр хоёрын урдаас нь гараад очсон ба намайг очиход тэр хоёр одоо хэрүүл маргаан, зодоон гаргахаа зогсооё гэж хэлж байсан. Тэгээд Б  өөрийнхөө гэр рүү явсан ба ээж бид хоёр ч гэр рүүгээ явсан.

Тухайн үед С  дэнж рүү гараад манай ээжийг хэл амаар доромжилсон. Тухайн үед би С  рүү дөхөж очоод яагаад манай ээжийг хэл амаар доромжилж байгаа юм бэ гэхэд надтай хэрүүл маргаан гаргаж байгаад Б, С, Б ы нар дахиад намайг нийлээд зодож байхад манай ээж ирээд Б ийн нуруун тус газар цохиод салгаж байсан. Тэгээд нэг мэдэхэд манай ээж толгойгоо бариад газар сууж байсан. Өөрөө хэлэхдээ Ж  ирээд миний толгой руу цохисон гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар тал/,

3.1.5. Гэрч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өглөө 10 цагт бид нар бас малын хашааны хажууд байхад Е  ирээд бид нартай хэрүүл маргаан гаргаж байхад манай аав болох Ж  ирээд уурлаад чи одоо болоогүй юм уу гэж Е ийг 1-2 удаа цохиод авсан. Тухайн үед Е  цагдаад хандана гэж яваад өгсөн ба бид нар ч гэсэн юм бодолгүй яваад өгсөн. Миний бие тухайн үед хадлангийн маргаанаас болж А тай маргалдаж байгаад С , Б ы, А  бид дөрөв зодолдсон. Гэхдээ бид нар сүртэй зодолдсон асуудал болоогүй бие бие 1-2 удаа цохисон асуудал болсон. Би А ын цээж рүү 1 удаа цохиод авсан. Тухайн үед А ын биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Бид дөрөв зодолдож байхад Е ирээд миний нуруу руу гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

3.1.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 634 дугаартай “1. Иргэн С.Е ийн биед тархины доргилттой, зулайн зүүн талд хавдартай, дагзанд хавдартай, баруун даланд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн С.Е ийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Тухайн гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Иргэн С.Е ийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

3.1.7. Яллагдагч С.Ж гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд байсан байх би хонь хариулаад явж байхад миний охин дүү Е  болон миний хүүхдүүд хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаа харагдсан. Тэгээд би хүрч ирээд Е ид хандаад юу болж байгаа юм бэ, чи болоогүй юм уу, дандаа ингэж явдгаа болиорой гэж хэлсэн. Тэгтэл Е  намайг хүндлэхгүй заамдаад барьж аваад хөгшин нохой гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь уурлаад түүний толгой тус газарт нь гараараа нэг удаа цохиод нь түүний хувцаснаас нь барьж байгаад цаашаа түлхээд хөөгөөд явуулсан. Е ийн толгой тус газарт нь нэг удаа цохисон юм. Е  намайг заамдаад барьж авсан байсан, өөр цохиж зодсон зүйл болоогүй. Е  миний төрсөн дүү байгаа. Бид нар малын бэлчээрээс болоод заримдаа хэрэлдэж маргалддаг асуудал гардаг юм. Өөр ямар нэгэн өс хонзон санаад байх зүйл бол байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, дүү Е ээс уучлалт гуйж Е  бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Би Е ид учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж амлалт өгсөн байгаа. Бидний дунд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байгаа. Тиймээс миний хийсэн хэргийг хялбаршуулсан журмаар хурдан хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна өөр хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Ж н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч С.Ж  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч С.Ж  нь хохирогч С.Е ийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “биед тархины доргилттой, зулайн зүүн талд хавдартай, дагзанд хавдартай, баруун даланд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, хаван” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

6.3. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч С.Ж  өөрийнхөө хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохирогч С.Е  зөрчсөн гэж үзсэн тохиолдолд хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан боловч гэм буруугийн санаатай хэлбэрээр эмэгтэй дүү С.Е ийг зодсон нь бүрэн тогтоогдож байна.  

6.4. Шүүгдэгч С.Ж гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Ж г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.4. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Ж н зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч С.Ж н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Е ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.Ж гээс хохирогч С.Е ид гэмт хэргийн хор уршгийг бүрэн төлж барагдуулсан тул /хавтаст хэргийн 111-112 дахь тал/ шүүгдэгч С.Ж г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүхээс шүүгдэгч С.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч С.Ж д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С.Ж  нь хохирогч С.Е тэй сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн саналд яллагдагч С.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С.Ж  нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 127-128 дахь тал/.

2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С.Ж д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч С.Ж  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч С.Ж  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.6. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч С.Ж д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Ж г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ