Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

хохирогч Ж.Н ,

хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т д холбогдох эрүүгийн 2213********** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.Т, 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БА88112812.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ах дам захын хойд талд иргэн Ж.Н ийг “хундаглаж өгсөн архи уусангүй” хэмээн архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч А.Т  мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Шүүхээс шийдвэрлэсэн бодит хохирлыг төлж өгөх болно” гэв.

1.2. Хохирогч Ж.Н  мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Шүүгдэгч А.Т аас нийт 2.579.450 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Үүнд эмчилгээний зардал, эмийн үнэ 79.450 төгрөг, эмнэлэг очсон таксины хөлс 100.000 төгрөг, бариачид төлсөн 70.000 төгрөг /өдөрт нь 10.000 төлж байсан/, мөн эмчилгээний үнэ 130.000 төгрөг, олох байсан орлого 2.200.000 төгрөг /өдөрт нь 100.000 төгрөгийн хамрын тамхи борлуулж байсан, 22 хоногийн олох байсан орлого/ болно” гэв.  

2. Эрүүгийн 2213********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ж.Н ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой 20 цаг 45 минутад гаргасан “...үл таних залуу миний эрх чөлөөнд халдаж зодсон” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хохирогч Ж.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 03, 11, 15 дахь тал/,

2.3. Гэрч Ш.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

2.4. Гэрч С.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

2.5. Гэрч А.Ж гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

2.6. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 713 дугаартай “иргэн Ж.Н ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

2.7. Яллагдагч А.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

2.8. Яллагдагч А.Т ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 62-66, 71-72, 74-84 дэх тал/,

2.9. Хохирогч Ж.Н ээс гаргаж өгсөн гэмт хэргийн хор уршгийн талаар баримтууд /хавтаст хэргийн 88-89 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Т ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ах дам захын хойд талд иргэн Ж.Н ийг “хундаглаж өгсөн архи уусангүй” гэх шалтгаанаар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Ж.Н ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой 20 цаг 45 минутад гаргасан “...үл таних залуу миний эрх чөлөөнд халдаж зодсон” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хохирогч Ж.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед тус сумын 11 дүгээр багт байрлах “Ах дам” захын хойд талд буюу “Портер” загварын тээврийн хэрэгслүүдийн зогсоолын хажууд танил болох М  гэх залуутай хамт бид хоёр тус бүр 2 ширхэг сэнгүүр нэртэй пиво уусан. Ингээд М  явсан ба би ч гэсэн гэрлүүгээ явах гэж байхад үл таних нэг залуу намайг дуудсан. Би уг залуугийн хажууд очиход дэргэд нь зүс таньдаг Ж  гэх залуу байсан ба нөгөө намайг дуудсан залууг огт танихгүй байсан. Намайг дуудсан залуу надад архи хундагалж өгөхөөр нь би “уухгүй” гэж хэлээд эргээд явж байхад нөгөө залуу гарт нь байсан архины шилээр миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгсэн би нүүрээ дараад доошоо харж сууж байхад танил болох А  гэх залуу ирж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

...би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсэж байна. Эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Би хувиараа өдөр тутам хамрын тамхи хийж борлуулдаг байсан юм. Нэг өдөрт 140 ширхэг хамрын тамхи янзалж борлуулдаг байсан ба өдөрт 100.000 төгрөгийн орлого олдог байсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш би ажил хийж чадахгүй байна. Тиймээс 22 хоногийн олох байсан орлого болох 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би толгойны томограф рентген зураг авхуулахад 35.000 төгрөг, эм тариа авахад 44.450 төгрөг зарцуулсан. Энэ эмчилгээний зардал 79.450 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 03, 11, 15 дахь тал/,

3.1.3. Гэрч Ш.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т  нь 1 шил архи гаргаж ирээд Н т хундагалж өгөхөд Н  татгалзах шиг болсон. Тухайн үед би утсаар оролдоод сууж байсан бөгөөд нөгөө шил архи газар унаж хагарсан ба Т, Н  нар нь хоорондоо маргалдаж хэрүүл гаргахаар нь би салгасан. Тухайн үед Т ын баруун талын гарнаас цус гарч байсан. Миний бодлоор уг архины шилээр Н ийг цохисон болов уу гэж харсан.

...Н ийн нүүр хэсгээр бага зэрэг цус болсон харагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

3.1.4. Гэрч С.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тэдний хажууд ойртож очиход Н ийн нүүр хэсгээр цус болсон байдалтай, хажууд нь хагарсан архины шил хэвтэж байсан. Н  нь өөрөө надад хэлэхэд Ж тэй хамт явж байсан энэ залуу миний нүүр хэсгээр архины шилээр нэг удаа цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,

3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х ын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 713 дугаартай “1. Иргэн Ж.Н ийн биед тархины доргилт, духны баруун зулайны талд дээд хэсэгт хавдартай, зүүн чихэнд хавдартай шархтай, цус гарсан, хамрын нуруунд хавдартай шархтай, цус гарсан, хүзүүний зүүн талд шархтай, дээд уруулд хавдартай, баруун талын долоовор хуруунд хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн Ж.Н ийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. Тухайн гэмтлүүд нь 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. 3. Ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Ж.Н ийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

3.1.6. Яллагдагч А.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хэргээ хүлээн зөвшөөрч байна.

... миний санаж байгаагаар 17 цагийн үед эхнэр болох А  ирж намайг дагуулж явсан. Тэгээд би гэртээ очсоны дараа, удаагүй дахиж Ж тэй ярьж хаана явж байгааг нь асуухад Ах дам захын ойролцоо явж байна гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ гараад замдаа 0.33 хэмжээтэй “Цагаан архи” гэсэн бичигтэй архи аваад “Ах дам” захын хажууд байрлах портер загварын тээврийн хэрэгслүүд зогсдог зогсоолын ойролцоо очиход Ж  нь хажуудаа үл таних залуугийн хамт байсан, би халаасанд байсан авсан архиа гаргаж ирээд задлаад гурвуулаа нэг нэг хундага уугаад сууж байхад Ж ийн хажууд байсан залуу над руу хандаж хэл амаар доромжилж, чамайг ална гэж хэлээд миний цээж рүү гараараа түлхэхээр нь би гартаа барьж байсан архины шилээр түүний толгой хэсгээр нь нэг удаа цохиход нөгөө архины шил хагарч газар унаж, доторх архи нь асгарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.Т ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, хохирогчийн болон түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч А.Т  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх тайлбар дүгнэлтийг, шүүгдэгч А.Т  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч А.Т ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

6.3. Шүүгдэгч А.Т  нь хохирогч Ж.Н ийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “тархины доргилт, духны баруун зулайны талд дээд хэсэгт хавдартай, зүүн чихэнд хавдартай шархтай, цус гарсан, хамрын нуруунд хавдартай шархтай, цус гарсан, хүзүүний зүүн талд шархтай, дээд уруулд хавдартай, баруун талын долоовор хуруунд хавдар” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

6.4. Шүүгдэгч А.Т ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч,  шүүгдэгч А.Т ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Т ын архидан согтуурсан байдал, зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч А.Т ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Н ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

7.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

7.4. Хохирогч Ж.Н ээс гэмт хэргийн хор уршигт эмийн үнэ 79.450 төгрөг, эмнэлэгт ирж буцахад төлсөн таксины хөлс 100.000 төгрөг, бариачид төлсөн 70.000 төгрөг, мөн эмчилгээний үнэ 130.000 төгрөг, олох байсан орлого 2.200.000 төгрөг, нийт 2.579.450 төгрөг нэхэмжилсэн байна.

7.5. Хохирогч Ж.Н ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан эмийн үнэ төлсөн тухай е-баримтууд, мөн шүүх хуралдаанд хохирогчоос гаргаж өгсөн 02-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б гийн бичсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ж.Н  нь эмийн төлбөрт 79.450 төгрөг, эмнэлэгт ирж буцахад таксины хөлсөнд 100.000 төгрөг төлсөн нь тус тус тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч А.Т аас гэмт хэргийн хор уршигт 179.450 төгрөг гаргуулан хохирогч Ж.Н т олгохоор  шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

7.6. Харин хохирогч Ж.Н ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн орлогын тэмдэглэлийн дэвтэр, хувь хүн, дэлгүүрийн эздийн бичсэн гэх тодорхойлолтыг тус тус үндэслэн эмчилгээ хийлгэсэн гэх 22 хоногийн хугацаанд 2.200.000 төгрөг олох байсан хэмээн үзэж, шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.

Эдгээр тэмдэглэлийн дэвтэрт бичсэн тооцоог хохирогч Ж.Н  нь өөрөө бичсэн байх ба тодорхойлолтуудыг тал бүрээс харьцуулж үзэхэд хохирогч Ж.Н  нь өдөрт чухам хэдэн төгрөгийн үнэтэй хамрын тамхи худалдан авч, боловсруулан борлуулсан, үүнээс хэдэн төгрөгийн ашиг олсон эсэх нь тодорхой бус нөхцөл байдал тогтоогдож байна.  

Мөн хохирогч Ж.Н ээс бариачид үзүүлсэний хөлс 70.000 төгрөг, эмчилгээний зардалд төлсөн гэх 130.000 төгрөгийн нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй.

7.7. Шүүх тухайн гэмт хэргийн хохирол, хор уршийг тооцохдоо нотлох баримтад үндэслэх бөгөөд хохирогч Ж.Н ийн олох байсан орлого 2.200.000 төгрөг, бариачид үзүүлсний хөлс 70.000 төгрөг, эмчилгээний зардал 130.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийн иргэний нэхэмжлэл нь нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэж шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Т д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал, дүгнэлт байхгүй” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С ээс “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох шийтгэл оногдуулах” дүгнэлтийг гаргасан болно.

2.2. Шүүхээс шүүгдэгч А.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.3. Шүүгдэгч А.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч А.Т урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

2.6. Шүүгдэгч А.Т д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т аас эмийн үнэ 79.450 төгрөг, таксины хөлс 100.000 төгрөг, нийт 179.450 гаргуулан хохирогч Ж.Н т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Н ийн олох байсан орлого 2.200.000 төгрөг, бариачид үзүүлсэний хөлс 70.000 төгрөг, эмчилгээний зардал 130.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ