| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/03916/и |
| Дугаар | 466 |
| Огноо | 2019-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дүгээр баг, 2 дугаар байр, 200 тоотод оршин суух, Боржигон овогт Шижээгийн Энхбат /РД: РМ73092014/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 11 дүгээр байрны 11 тоотод оршин суух, Төв халх овогт Чойжингийн Ганзориг /РД: РЮ65040674/;
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 100б байрны 93 тоотод оршин суух, Боржигин овогт Төмөрбаатарын Батбаатар /РД: СЩ72092413/ нарт холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ч.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, Т.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Энхбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ч.Ганзоригоос алттай чулуу худалдаж авахаар өөрийн Хаан банкны 5046344341 тоот данснаас 9,500,000 төгрөг, 1,000,000 төгрөр, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. Гэтэл одоо болтол алттай чулуугаа өгөөгүй, мөнгийг маань буцааж өгөхгүй байгаа тул хариуцагч Ч.Ганзоригоос 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Ш.Энхбатаас шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хүлээн авсан данс болох Хаан банкны 5077152459 тоот дансны эзэмшигчийн талаарх мэдээллийг Хаан банк, Улсын бүртгэлийн газраас гаргуулж авахад дансны эзэмшигч нь Ч.Ганзориг биш, Т.Батбаатар гэх хүн байх тул 15,000,000 төгрөгийг эдгээр 2 хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.Ганзориг нь Ш.Энхбатаас 15.000.000 төгрөг огт аваагүй гэсэн тайлбараа хэлсэн байдаг. Ш.Энхбат нь Ч.Ганзоригт 15,000,000 төгрөг өгсөн баримт байдаггүй. Харилцан тохиролцов 15,000,000 төгрөг гэсэн бичиг хэрэгт байдаг. Ш.Энхбат нь Ч.Ганзоригт мөнгө өгөх үү, авах юм уу гэдэг нь тодорхойгүй баримт байдаг. Энэ баримт нь Ганзориг, Энхбатаас 15,000,000 төгрөг авсан гэдгийг бүрэн нотлох баримт биш. Иймд Ч.Ганзориг нь Ш.Энхбатаас мөнгө аваагүй тул Ганзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Батбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Ч.Ганзоригоос 15,000,000 төгрөг авсан. Мөнгөө өгч чадахгүй хугацаа алдсан. Мөнгийг өгнө гэсэн бодолтой байгаа. Би алтны уул уурхайн чиглэлээр ажил хийдэг. Хэсэг хугацаанд ажил зогссон байсан учир мөнгийг өгч чадаагүй. Ганзоригоос 15,000,000 төгрөг авсан нь үнэн, Ш.Энхбатаас аваагүй. Хаан банкны 5077152459 тоот данс миний эзэмшдэг данс мөн гэв.
Шүүх зохигчийн хүсэлтийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Энхбат нь хариуцагч Ч.Ганзориг, Т.Батбаатар нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зарим хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэдийгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчийг огт танихгүй, мөнгө аваагүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч хариуцагч Т.Батбаатарын ... би алтны уурхайн чиглэлээр ажил эрхэлдэг, Ч.Ганзоригоос 15,000,000 төгрөг авсан, Хаан банкны 5077152459 тоот данс миний эзэмшдэг данс мөн гэх, нэхэмжлэгчийн ... алттай чулуу худалдаж авахаар өөрийн данснаас Хаан банкны 5077152459 тоот данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбараар нэхэмжлэгч Ш.Энхбат, хариуцагч Т.Батбаатар нар 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр алттай чулуу худалдахаар талууд тохиролцож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ш.Энхбат нь худалдах-худалдан авах гэрээний үнийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 5046344341 тоот өөрийн данснаас Т.Батбаатарын Хаан банкин дахь 5077152459 тоот данс руу 9,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Т.Батбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу алттай чулууг нэхэмжлэгч Ш.Энхбатад хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Энхбат нь хариуцагчаас гэрээний үнийг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Т.Батбаатараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Энхбатад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин хариуцагч Ч.Ганзоригт холбогдох нэхэмжлэлийн шаардлагы хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь нэхэмжлэгч Ш.Энхбат, хариуцагч Ч.Ганзориг нарын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээгээр мөнгө хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.Батбаатараас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Энхбатад олгож, хариуцагч Ч.Ганзоригт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батбаатараас 233,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Энхбатад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР