Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 541

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 50/а дугаар байр, 66 тоот хаягт оршин суух, Хүчит овогт Рэнцэндамбын Дэлгэрмаа /РД: УМ89031880/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 21 дүгээр байр, 29 тоот хаягт оршин суух, Цэнхэр овогт Батмөнхийн Амарсанаа /РД: ЧЕ84112655/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа, хариуцагч Б.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Дэлгэрмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Б.Амарсанаатай 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж, батлуулсан. Бидний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 5-нд охин А.Азжаргал төрсөн. Бидний хамт амьдарч байх хугацаанд сэтгэл санаа, үзэл бодол нийлэхгүй, байнгын хэрүүлтэй байдаг байсан. 2013 оноос нөхөр маань гадуур хоногоор явж, архи ууж гэртээ ирэхээ больсон. Ингээд өөр хүнтэй болсныг нь мэдээд, бид ярилцаад 2014 онд салахаар шийдсэн. 2014 оноос бид тусдаа амьдарч, тус тусын амьдралтай болсон. Тэр үеэс хойш охин А.Азжаргал нь эцэг Б.Амарсанаагийн асрамжинд байгаа. Бид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Амарсанаагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Р.Дэлгэрмаатай 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж, батлуулсан. Бидний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 5-нд охин А.Азжаргал төрсөн. Бидний хамт амьдарч байх хугацаанд сэтгэл санаа, үзэл бодол нийлэхгүй, байнгын хэрүүлтэй байдаг байсан. 2014 онд би өөр хүнтэй танилцаад Р.Дэлгэрмаатай ярилцаад 2014 онд салахаар шийдсэн. 2014 оноос бид тусдаа амьдарч, тус тусын амьдралтай болсон. Тэр үеэс хойш охин А.Азжаргал нь миний асрамжинд байгаа. Бид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа нь хариуцагч Б.Амарсанаад холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа, хариуцагч Б.Амарсанаа нар 2007 онд танилцан, хамтран амьдарч, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, тэдний дундаас 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр охин А.Азжаргал төрсөн, тэдхоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Амарсанаа нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрлэгчид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, эвлэрүүлэн зуучлуулах ажиллагаа явуулахад ажиллагаа амжилтгүй болсон. /2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дугаар/

 

2014 оноос хойш охин А.Азжаргал эцэг Б.Амарсанаагийн асрамжинд байгаа, нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хариуцагч Б.Амарсанаа нь охин А.Азжаргалыг өөрийн асрамжинд үлдээж, эх Р.Дэлгэрмаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Р.Дэлгэрмаа, хариуцагч Б.Амарсанаа нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Хүчит овогт Рэнцэндамбын Дэлгэрмаа /РД: УМ89031880/, Цэнхэр овогт Батмөнхийн Амарсанаа /РД: ЧЕ84112655/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Зохигчид эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР