Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/219

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Ц.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 211 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******т төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, "*******" ХХК-д сэрээт хэрчигчийн оператор ажилтай, ам бүл 5 аав, ээж, 2 дүүгийн хамт *******, тоотод тоотод оршин суух,

 Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/900 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжаар 900 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 cap 3 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

******* овгийн *******ийн ******* /РД:/,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" цахим тоглоомын газраар үйлчлүүлж байсан Ц.*******тай хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж улмаар тухайн тоглоомын газраас гарган нүүрэн тус газарт нь 3 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогч Ц.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд, доод урууланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би найзтайгаа тухайн “pc” тоглоомын газраар байнга үйлчлүүлдэг. Би тэр “pc” тоглоомын газар найзтайгаа орж тоглох гэж байсан боловч дүүрэн байсан тул хүлээх шаардлага үүссэн. Би Гомбо гэх хүнийг мэднэ, нэг “pc” тоглоомын газар тоглодог. Ард нь очиж зогсоод хараад байж байж байтал архи үнэртээд байна гээд байхаар нь юу яриад байгаа юм гээд би уурласан. Бид хоёр хэл амаар бие бие рүүгээ дайрч байгаад би араас нь очоод толгой руу нь нэг удаа алгадсан. Тэгээд ******* уурлаж босож ирээд барилцаж авсан. Бид хоёр бие биеэ харилцах цохилцож аваад харилцан зодолдоод өнгөрсөн. Хэн хэн нь цохисон.” гэв.

Хохирогч Ц.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би банкны хамгаалагч хийдэг тул тухайн өдөр ээлжээс буусан байсан. Харихаасаа өмнө тоглож байгаад явъя гэж бодсон. Миний цамцны ард талд “” гээд компанийн нэр байдаг. Намайг хамгийн мухарт суугаад тоглож байтал танай банкийг чинь дээрэмдэж байна, очиж тэр банкаа шалгаач гэж байсан. Тоглоомоор хүмүүс дандаа тэгж хэлдэг бөгөөд ажлын хувцсаа харьж солихоос залхуу хүрээд би ажлаа хийж байна гэж хэлсэн. Танай банкийг чинь дээрэмдээд байна хөөе гээд согтуу найзтайгаа юм яриад байхаар нь чи ямар лайтай юм бэ, цаашаа байгаач архи үнэртүүлчхээд гэхэд тэгэхээр яадаг юм гээд миний зүүн гар талд тулж ирээд зогсоод байсан. Тэгж байснаа явчих шиг болохоор явсан юм байлгүй гээд байж байтал гэнэт толгой руу ард талаас хоёр цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд чи яаж байна аа гээд заамдаад авсан чинь өөдөөс заамдаж авсан. Тэгээд нэг цохихоор нь би зөрүүлээд зүүн шанаа хавьцаа нь нэг цохих шиг болсон. Хажуу талд байсан хүүхэд миний гарыг бариад бид хоёрыг хойш нь болгож байхад нүүр лүү хэд хэд цохиод, доош тонгойлгож байгаад бас цохисон. Тэгээд салаад явчихаар нь би үргэлжлүүлээд тоглоомоо тоглоод байж байтал дахиж орж ирээд толгой руу цохисон. Чи чинь ямар лайтай юм бэ гэтэл намайг цохиж байсан. Би цохиж амжаагүй. Тэгээд “гараад ир намайг цохидог ямар овоо гар вэ гээд үүд рүү гаргаад би үүдэнд гараад зогсож байтал гэнэдүүлээд нүүр лүү өшиглөсөн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

   Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч Ц.*******ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл /хх-3/, хохирогч Ц.*******ын мэдүүлэг /хх-6-8/, гэрч И.ын мэдүүлэг /хх-11/, шинжээчийн 384 дугаартай дүгнэлт /хх-/, 6678 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-/, яллагдагчаар өгсөн О.*******ы мэдүүлэг /хх-37/,

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хавтаст хэргээс мөрдөгчийн тогтоол, гэрч Б.ын мэдүүлэг /хх-15/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөгүй лавлагаа, өрхийн амьжиргааны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-59-63/, хохирлын 130.000 төгрөгийн баримт, хохирол төлсөн баримт /хх-73/, ажлын газрын тодорхойлолт /хх-27/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Шүүгдэгч О.******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэдэг нь нотлогдон тогтоогдсон байна. Хохирол төлбөрийн хувьд прокурорын хяналтын шатанд хохирогчийн нэхэмжилсэн 130.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин цаашид хагалгаанд орох  шаардлагатай байгаа тул хагалгааны зардлаа төлүүлмээр байна гэдэг. Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирол төлбөрийн хувьд  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй боловч хохирогчийг цаашид гарах хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн гурван төрлийн ялтай байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд гэрч ын мэдүүлэгт нийт хэдэн удаа ямар байдлаар хохирогчийн биед шүүгдэгч О.******* нь хохирол учруулсан бэ гэдэг нь харагддаг. Эхлээд орж ирээд хойноос нь дагз руу нь цохидог, тэгээд босоод ирэхэд ахиж цохидог. Зөрүүлээд цохих гэж оролдоход нь доороос нь дээшээ 2-3 удаа цохидог. Тамхи татаж орж ирээд дахиж цохидог, улмаас чирч гаргаж ирээд дахиж нүүр лүү нь цохиод улмаар өшиглөсөн нөхцөл байдал байдаг. Хэдийгээр өөрөө архи уугаагүй гэж байгаа боловч согтууруулах ундааны зүйл тухайн үед хэрэглэсэн тогтоогддог. Үүнийг өмнөх өдөр нь хэрэглэсэн үү, тухайн өдөр нь хэрэглэсэн үү гэдгийг тогтоох боломжгүй. Гэрч хохирогч согтуу байсан, архи үнэртүүлж байсан гэж ярьдаг. Хувийн байдлын хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байсан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд хохирол төлсөн нөхцөл байдал тогтоогддог. Харин эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол хор уршгийн хувьд хохирлыг төлсөн боловч өнөөдрийн байдлаар хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбогдуулан хор уршиг арилаагүй байгаа. Энэ нөхцөл байдлуудыг улсын яллагчийн зүгээс харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзэж байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь юу вэ гэвэл гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх боловч, нөгөө талаар дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэхэд оршдог. Өмнө нь энэ хүнийг нийгэмшүүлэх гэж оролдсон. Одоо бол энэ хүн өмнөх хийсэн хэрэгтээ гэмшээгүй юм байна, өөрийнхөө үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй юм байна, энэ хүнийг эн удаад цээрлүүлж, дахиж гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Бид шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргах үндсэн эрх бүхий субъектүүдийн төлөөлөл. Хоёрт Үндсэн хуулиар олгогдсон жам ёсны эрхийг хязгаарлах, ажил хөдөлмөр чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлах шийдвэр гаргахдаа бодолтой шийдвэр гаргах ёстой гэж хэлмээр байна. Тухайн хүний хөдөлмөрлөх боломжийг хязгаарласан шийдвэр гаргаж байгаа нь шийтгэл гэж ойлгогдох уу, үгүй юу гэдэг үр дагаварт хүрнэ. Улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялтай холбоотой санал дээр зөрчилдөж байна. Харин гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Угтаа бол хохирогч ч тэр шүүгдэгчтэй зодолдсон үйлдэл тогтоогдож байна. Гэвч хохирогчийг танхайрсан үйлдэлтэй нь холбогдуулж ямар нэгэн  байдлаар арга хэмжээ авсан шийдвэр энэ хэрэгт авагдаагүй. Тэгэхээр энэ хэрэг нь шударга юм уу гэдэг зүйл шууд яригдана. Адилхан зодолдсон үйлдэл байна. Хохирогч хүртэл хэлж байна хэрэв миний өөдөөс хараад цохисон бол би зодолдох байсан гэж байна. Хавтаст хэрэгт бусдын эзэмшил орон байр, нийтийн эдэлбэр талбай дээр зодолдсон үйлдэл дээр нь шийтгэл оногдуулаагүй байж шүүгдэгчид  хатуу шийтгэл оногдуулахаар орж ирж байгаа нь өөрөө зүйд нийцэхгүй. Мөн миний үйлчлүүлэгч ажил хийж байгаа, баримт хэрэгт хавсаргасан байгаа. Хэрэв нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах юм бол тэр ажлаасаа гарч таарна. Давхардуулан нэг эрхийг нь зөрчиж шийдвэр гаргах  гээд байгаа юм уу гэдэг асуудал яригдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа л ял шийтгэл оногдуулна” гэж байгаа. Үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулна гэж байгаа. Тэгэхээр бусад нөхцөл байдал буюу өмнө нь хорих эдэлж байсан байна, хорих ял эдэлж байсан үр дагаврыг арилгаагүй байна гэж ял оногдуулах нь ялжсан улс болно. Эцэст нь хэлэхэд энэ хоёр хүн хоорондоо зодолдсон юм байна, хохирогчийн  ч буруутай үйлдэл байгаа юм байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн буруутай үйлдэл байгаад байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Ийм нөхцөл байдал тогтоогдоод байхад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргаж байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцэж байна. Миний үйлчлүүлэгч буруутай үйлдэл хийсэн нь үнэн, согтууруулах ундааны зүйл өмнө нь хэрэглэчхээд бусдад танхайраад зодож байгаа үйлдэл нь буруу. Гэхдээ энэ үйлдэлд нь тохирсон ял оногдуулна гэсэн болохоос биш, өмнөх үйлдэлтэй нь холбож ял шийтгэл оногдуулна гэсэн ойлголт байхгүй. Улсын яллагчийн зүгээс байнга тайлбарлаж яриад байна. Уучлаарай энэ нь ийм шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй. Шударга шийдвэр гаргая гэж үзэж байвал нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйд нийцнэ гэж тодорхойлж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотоос гарахгүй байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.  Миний үйлчлүүлэгчийн ажлын тодорхойлолт байгаа. Энэ хүний ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангах ёстой. Ял шийтгэлээ эдэлж дуусаад чүү ай гэж ажилд ороод удаагүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон. Магадгүй хохирогчийн дараа нь гарах төлбөртэй холбоотой асуудал яригдана. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү, уг ялыг Улаанбаатар хотоос гарахгүй байдлаар оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Эцэст нь хэлэхэд адилхан зодолдсон хоёр залуугийн хувьд эр хүмүүс шиг бие биеэсээ уучлал гуйгаад энэ хэрэг дээр орж ирж байгаа. Хэрэгт авагдаагүй баримт байгаа. Хохирол төлбөрийн хувьд миний үйлчлүүлэгч хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч ч гэсэн 130.000 төгрөгийг өгчихвөл ямар нэгэн санал гомдол байхгүй гэдгээ илэрхийлсэн. Цаашид гарах хохирлын хувьд зохих ёсны байгууллагад нь эмчилгээ хийлгээд эмчилгээ хийлгэсэн төлбөрөө  миний үйлчлүүлэгчээс нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээж өгсөн нь зүйтэй байх.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" цахим тоглоомын газраар үйлчлүүлж байсан Ц.*******тай хэрүүл маргаан үүсгэн нүүрэнд нь гараараа 3-4 удаа цохиж тоглоомын газраас гарган нүүрэнэнд нь 3 удаа хөлөөрөө өшиглөж хохирогч Ц.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд, доод урууланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.*******ы өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байх ' цахим тоглоомын газарт би өмнөх нь өдөр нь архи уучихаад, шартсан байдалтай орсон юм. Би яг хэдэн цагийн орчимд орсоноо одоо санахгүй байна, ямар ч байсан өдөр орсон. Тэгээд би тоглох гээд компьютер хүлээгээд байж байхдаа Эрдэнэба»т буюу гэж дууддаг залуугийн ард нь зогсоод, тоглож байгаа тоглоомыг нь хараад зогсож байсан. Тэгтэл гэх дууддаг залуу намайг "ямар аймар архи үнэртдэг юм бэ" гээд намайг доромжилсон. Тэгэхээр нь би өөдөөс нь уурлаад, маргалдсан юм. Би тэр өдрөөс хойш нилээн хугацаа өнгөрсөн болохоор юу гэж хэлсэн, юу гэж муудалцсан талаараа одоо санахгүй байна. Тэгтэл буюу ******* уурлаад босоод ирсэн, тэгэхээр нь бид хоёр бие биенээ цамцныхаа энгэрээс барилцаж авсан, тэгтэл миний нүүр лүү, хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би биеэ хамгаалаад зөрүүлээд цохиод, үргэлжлүүлээд бид хоёр цохилцсон. Бид хоёр бие биенээ 4, 5 удаа цохисон байх. Тэр үед цахим тоглоомын газарт байсан хүмүүс салгахаар нь би гараад яваад өгсөн. Би тэр үедээ эмнэлэгт үзүүлээгүй. Миний бие одоо зүгээр болчихсон болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээд байх шаардлага байхгүй. Тухайн үед надад учирсан нэг их сүртэй гэмтэл учраагүй, миний биед учирсан гэмтлүүд нь 3-4 хоноод эдгэрчихсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 37 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******ын өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" нэртэй интернет тоглоомын газарт ороод тоглож байтал 16 цагийн орчимд гаднаас зүс таних ******* гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, архи үнэртүүлчихсэн орж ирээд, намайг тоглоод сууж байх үед ард зогсоод байсан юм. Би хамгаалалтын албаны хувцастай явж байсан юм. Тэгтэл ******* гэх залуу банкийг чинь дээрэмдэж байна энд юугаа хийгээд байгаа юм яваач гээд намайг өдөөд зогсоод байсан. Тэгэхээр нь би эргэж хараад ажлаа хийж байна гэтэл шоолоод инээгээд зогсоод байхаар нь "чи ямар гайтай юм бэ" хүн зүгээр тоглуулаач цаашаагаа зайл гэж хэлэхэд өөдөөс уурлаад миний ардаас зүүн талын шанаа хэсэг гараараа нэг удаа цохихоор нь уур хүрээд бостол намайг дахин заамдаж аваад гараараа толгой хэсэг лүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг цохитол тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад, ******* цаашаа яваад өгөхөөр нь би үргэлжлүүлээд тоглож байтал буцаж ирээд миний толгой хэсэг лүү гараараа цохисон Тэгэхээр нь би дахиад бостол чи намайг цохидог хэн бэ чи гараад ир гээд дайраад байхаар нь чи ямар ядаргаатай юм бэ зүгээр гар гэж хэлэхэд намайг заамдаж байгаад дахин нүүр, толгой хэсэг лүү цохихоор нь бид хоёр зууралдаж байгаад интернет тоглоомын газрын үүдэнд нь гартал намайг гэндүүлээд уруул хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тэгээд би маргааш нь цагдаагийн байгууллага хандсан юм. Би Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж үзүүлж, яаралтай тусламжийн хуудас гэсэн хуудас авсан. Дараа СиТи цэнтэр гэдэг эмнэлэгт толгойн томографийн зураг авахуулсанаас өөрөөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, эм тариа аваагүй. Намайг эмч 7 хоногийн дотор шууд ирсэн бол хагалгаа хийж, миний хамрыг эмчилнэ гэсэн. Хэрэв 7 хоногтоо багтаж амжаагүй бол жилийн дараа хагалгаанд орж хамраа янзлуулаарай гэж эмч хэлсэн. Тэр эмч надад амаараа л хэлсэн болохоос биш хагалгаанд орохтой холбоотой ямар нэгэн онош, тодорхойлолт бичиж өгөөгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 6, 8 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.ын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газарт 16 цагийн орчимд ороод тоглох  гээд байж байтал *******ыг тоглож байтал ******* гээд ах ард нь зогсоод хараад байж байсан юм. Хэсэг байж байснаа гэнэт тэр хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл ******* *******ад “чи яасан гэнээ ахын дүү” гээд толгой руу нь хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгтэл ******* зүүж байсан чихэвчээ тайлаад босох хооронд нь дахиад толгой руу нь цохиод байсан. ******* босоод иртэл ******* ах дахиад толгой руу нь цохиод байсан. ******* босоод иртэл ******* ах дахиад тонгойлгож байгаад нүүр лүү доороос өлгөөд хэд хэдэн удаа цохисон. Тэр үед ******* *******ыг нэг удаа цохих гэж оролдсон, цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгатал ******* гээд ах үзэх үү, чи гараад ир гэтэл ******* би гарахгүй тоглож байна гээд байсан. Тэгтэл ******* гадаа тамхи татчихаад буцаж орж ирээд ******* дээр очоод дахиад толгой руу нь 2-3 удаа цохиод, чи миний өөдөөс гар далайдаг хэн бэ гээд чирээд цахим тоглоомын газрын үүд рүү гаргасан. Чирч үүдэн дээр гарсны дараа ******* гээд ах *******ын нүүр лүү нь хоёр удаа цохиод, тонгойхоор нь нүүр лүү нь 3 удаа өшиглөсөн. Тэгээд зодож байгаад ******* яваад өгсөн. Тэгтэл ******* буцаж орж ирээд цус болсон нүүрээ угаачхаад гараад явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

            4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...Манай хүү О.******* нь уг нь их дөлгөөхөн хүүхэд байгаа юм. Нэг их олон юм яриад байдаггүй, үг дуу цөөтэй, томоотой залуу байдаг. тоотод байх гэртээ аав, ээж, 2 дүүгийнхээ хамт амьдардаг. Манай хүү одоо Налайх дүүрэгт байх гэдэг компанид ажиллаж байгаа, заримдаа ажил дээрээ хонож ажиллаад байдаг. Манай хүү эхнэр хүүхэдгүй, хааяа нэг цахим тоглоомын газарт найзуудтайгаа очиж тоглож байдаг юм. Залуу хүн өмнө нь ялихгүй зүйлээс болж алдаа гаргаж, цагдаа шүүхийн байгууллага дээр асуудалд орж байсан тэрнээс хойш манай хүү их томоотой байгаа. Манай хүү миний мэдэхээр архи дарс уугаад байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

      /хх-ийн 15 дугаар тал/

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.ын өгсөн: “...Тухайн өдөр , цахим тоглоомын газар О.******* гэх залуу Ц.*******тай хоорондоо муудалцаж түүнийг цохиж зодсон асуудал гарсан юм. Тэр хоёр ямар учраас хоорондоо мудалцсан талаар би сайн мэдэхгүй байна, өөр надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед манай цахим тоглоомын газрын хяналтын камерууд утас сүлжээ болон тогны асуудлаас болоод ажиллахгүй байсан юм, үүнийг засуулах гээд нэлээн хэд хоног болсон, яг хэрэг болсон гэх 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай хяналтын камерууд ажиллаагүй тул ямар нэгэн хяналтын камерын бичлэг ерөөсөө байхгүй.” гэх мэдүүлэг,

      /хх-ийн 17 дугаар тал/

6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №384 дугаар: “Ц.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд доод урууланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...  ” гэх дүгнэлт,

/хх-ийн 19-20 дугаар тал/

7. Яаралтай тусламжийн хуудас

/хх-ийн 21-22 дугаар тал/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-ийн 38 дугаар тал/

9. Шүүгдэгч О.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 59-63 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч О.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь хохирогч Ц.*******ын нүүр лүү 3-4 удаа гараараа, 3 удаа хөлөөрөө өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/384 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.******* нь хохирогч Ц.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирол төлбөрт баримтаар 130.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ц.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн нүүр лүү 3-4 удаа цохиж, 3 удаа хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ