Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 967

 

 

 

 

 

 

 

 2019           09           26                                            2019/ДШМ/967     

                    

Т.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Г.Эсэн,

            шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Бэд холбогдох 1910011070472 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн Т-ийн Б, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 2-2 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан /регистрийн дугаар: 000000000/,

 

Т.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн С.Цын 11,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 61-05ДУЭ улсын дугаартай “Hyundai sonata-7” загварын автомашиныг “10,000,000 төгрөгөөр худалдан авна, хотод очоод тал мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан автомашиныг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Бийг бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Бийн зүгээс шүүх хуралдааны шатанд хохирогч С.Цын автомашиныг авч явсан буруугаа хүлээн зөвшөөрч, уг автомашинд 2 ширхэг дугуйг өөрийн мөнгөөр сольсон, тос маслыг солиулсан тухайгаа удаа дараа илэрхийлсэн. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Буянжаргалын мэдүүлгээр Т.Б нь эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, ажил эрхэлж, эхнэр хүүхдээ тэжээдэг, түүний гэр бүлд өөр ажил эрхлэх хүн байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж заасан. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан. Иймд Т.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, түүний гэр бүлийн байдал зэргийг харгалзан үзэж 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхээс Т.Бийг гэм буруугаа ойлгосон, учирсан хохирлыг төлж барагдуулсан үндэслэлээр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, мөн түүний хувийн байдалд тохирсон байх ёстой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч С.Цын 11,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 61-05ДУЭ улсын дугаартай “Hyundai sonata-7” загварын автомашиныг “10,000,000 төгрөгөөр худалдан авна, хотод очоод тал мөнгийг нь өгөөд, үлдсэн мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан автомашиныг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Цын “... Би өөрийн эзэмшлийн 61-05 ДУЭ улсын дугаартай Sonata-7 загварын автомашиныг “... зарна ...” гэж фэйсбүүкт зар байрлуулсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дундговь аймагт, үйлчилгээний төвийн гадаа зогсч байтал нэг залуу “... таны машиныг авъя, сайхан тэрэг байна, шууд 10,000,000 төгрөгт өгчих ... тал мөнгө нь байна, талыг нь би банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад өгнө” гэсэн. Би “аймагт банк бус санхүүгийн байгууллагад тавчих” гэхэд “үгүй, хотод надад таньдаг газар байгаа, тэнд их мөнгө гаргуулж авна” гэсэн юм ... тэгээд 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 45 дугаар байрны гадаа очсон. Эхнэр бид хоёрыг буулгачихаад “манай гэр зурагтад байдаг, өглөө ирээд мөнгийг чинь бүрдүүлж өгөөд автомашинаа авна” гэж хэлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй, алга болсон ...” гэх /хх 11/,  

гэрч Ч.Болормаагийн “... манай нөхөр машинаа зарахаар болоод “одоо хот явья” гэсэн. Автомашиныг Б гэх танихгүй залуу худалдаж авахаар болсон байсан ... бид 3 хот явсан. Бид нөхрийн эгч дүүсийн хүүхдийн гэр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байрны гадна бууж үлдэхэд ... өглөө эрт ирээд мөнгөө өгнө гэж хэлсэн ...” гэх /хх 13/,

яллагдагч Т.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 35-36/,

автомашины үнэлгээ /хх 20-22/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /80-82/, автомашиныг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Б нь бусдын эзэмшлийн автомашиныг “Худалдаж авна” гэж хуурч, хэлэлцэн тохирсон үнийг төлөх хөрөнгө, орлогогүй атлаа автомашины үнийн тодорхой хэсэг нь өөрт байгаа мэтээр хохирогчид итгэл үнэмшил төрүүлж төөрөгдөлд оруулан автомашиныг шилжүүлэн авсан, үүнээс хойш цагдаагийн байгууллагад хохирогч гомдол, мэдээлэл гаргах хүртэл хугацаанд автомашины үнийг төлөх санал, санаачлага гаргахын оронд хохирогчтой холбогдохгүй, зугтаах, автомашинаар такси үйлчилгээ эрхлэн ашиг олж байсан зэрэг хэргийн нөхцөл байдлаас үзэхэд түүнийг үйлдэл хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.

 

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Т.Бийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “... Ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэх...”-ийг хүссэн шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Ц.Энхбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                              Д.ОЮУНЧУЛУУН

                         ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН