Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0090/З |
Дугаар | 128/ШШ2021/0433 |
Огноо | 2021-06-22 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2021/0433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК /РД: ********/
Хаяг: ***********************
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хаяг: ******************************
Гуравдагч этгээд: “Б” ХХК /РД: 2****17/
Хаяг: ******************************
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “Г” ХХК нь тус компанийн гүйцэтгэх захирлын овог нэр өөрчлөгдсөн тул холбогдох баримтыг бүрдүүлэн компанийн гүйцэтгэх захирлаар Ш овогтой Ф гэж байсныг Ф овогтой Ф болгох хүсэлтийг гарган, уг гүйцэтгэх захирлын нэр өөрчлөгдсөн байдлыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, уг өөрчлөлтийг тус компанийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн.
Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 тоот дүгнэлтээр дээр дурдсан өөрчлөлтийг хүчингүй болгосон бөгөөд энэхүү шийдвэрт дараах үндэслэлээр уг захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Уг захиргааны актын 4-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22,1.3-т заасан баримт бичгийн бүрдүүлбэр дутуу байхад бүртгэсэн нь архивын баримтаар тогтоогдож байна” гэж уг актын үндэслэлийг дурдсан.
Уг хуулийн мөн зүйл заалтад “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын I тэмдэглэл” гэсэн заалт байгаа болно. Хуулийн энэ зүйлд “үүсгэн байгуулах баримт бичигт” өөрчлөлт оруулахI асуудлыг дурдсан байгаа бөгөөд тус Компанийн гүйцэтгэх захирлын овог нэр солигдсон, нэр өөрчлөгдсөн асуудал нь компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж буй асуудал биш юм.
Тухайлбал Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “”үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг” хэлнэ гэж зааж өгсөн байна.
Мөн Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн” гэж заагаад, уг зүйлийн 16.2-т Компанийн дүрэмд заавал тусгах зүйлийг зааж өгсөн. Компанийн Гүйцэтгэх захирлын овог нэр өөрчлөгдсөн асуудал нь, уг өөрчлөлтийг бүртгүүлсэн байдал нь өөрөө уг Захиргааны актад заасанчлан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22,1.3-т заасан “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт” оруулж байгаа үйлдэл биш юм. Нэхэмжлэгч “Г” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигчид нь бүгд хуулийн этгээдүүд болно.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн” асуудлыг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэг төрөл гэж зааж өгсөн байгаа бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хуулийн этгээдийн мэдээлэл гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-т заасан болон бусад мэдээллийг” хэлнэ гэсэн байна. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэх /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспортын хуулбар”-ийг Хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдах мэдээллийн нэг төрөл болгож заасан өгсөн.
Энэ зүйлийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын нэрд орсон өөрчлөлтийг тус компани холбогдох баримтыг нь бүрдүүлэн зохих журмын дагуу бүртгүүлсэн. Гэтэл энэ өөрчлөлтийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан нь өөрөө хууль зөрчсөн бөгөөд цаашид тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх цор ганц эрх бүхий этгээд байхгүй болсон мэт ойлголтыг бусдад төрүүлэхээр байдал үүсэж, энэ байдал нь бусад этгээдэд компанийн нэрийг буруугаар ашиглах, компанийн үйл ажиллагаа, удирдах эрхийг шилжүүлэн авсан мэт байдал үүсгэх, улмаар тус компанид илт хохиролтой байдал бий болгох үндсийг тавьж байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 тоот дүгнэлтийг хянаж үзэж хүчингүй болгож өгөөч гэж улсын бүртгэлийн байгууллагад 2 удаа хандсан боловч, уг шийдвэрийг хэвээр үлдээж байна, энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана уу гэсэн хариу авсан болно.
Иймд хууль зөрчиж гарсан захиргааны акт болох дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 тоот дүгнэлтийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 5646 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. “Г” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Ш овогтой Ф гэх хүн байж байгаад ХБНГУ-ын хуулийн дагуу Вон Тухер Ф болж овгоо өөрчилсөн. Энэ өөрчлөлтөө 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, компанийнхаа гэрчилгээнд тэмдэглүүлсэн. Гэтэл улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 тоот дүгнэлтээр уг овог өөрчлөгдсөн тэмдэглэлийг хүчингүй болгосон. Уг дүгнэлт нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримт бичгийн бүрдүүлбэр дутуу байхад бүртгэсэн нь архивын баримтаар тогтоогдож байна гэсэн үндэслэлээр гарсан байсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т зааснаар үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг дурдсан байгаа бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын овог, нэр солигдсон нь үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт биш юм. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.2.1, 16.2.2, 16.2.3, 16.2.4, 16.2.5, 16.2.6, 16.2.7, 16.4-т зааснаар компанийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг болох компанийн дүрэмд тусгах зүйлсийг заасан байдаг. “Г” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэйгээс хоёр нь ХБНГУ-д бүртгэлтэй, нэг нь Монгол улсын хуулийн этгээд болох “Б” ХХК юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.1.10-т зааснаар гүйцэтгэх захирлын овогт өөрчлөлт орсныг баримтаа бүрдүүлээд бүртгүүлснийг хүчингүй болгосон нь уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй болсон мэт ойлголтыг бусдад төрүүлэх, компанийн нэрийг буруугаар ашиглах, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн гэх ойлголтыг бий болгох, хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг алдагдуулах нөхцөл байдлыг үүсгэж байна. Гуравдагч этгээдийн энэ үйлдлийг холбогдох цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2 удаа хандсан. Төгөлдөр, Ганзориг гэх хүмүүсээс захиргааны хэргийн шүүхэд хандана уу гэсэн агуулга бүхий хариуг өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Улсын байцаагч нь 5646 тоот дүгнэлтийг гаргахдаа “Б” ХХК-ийн хүсэлтийг шууд хүлээн аваад “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон бусад хувьцаа эзэмшигчдээс тайлбар авахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Г” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай 3 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд юм. Гэтэл гүйцэтгэх захирлын нэрийг өөрчилсөн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг мэдээллийн санд бүртгэхдээ тухайн компанийн нийт хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хурлын тэмдэглэлгүйгээр бүртгэсэн зөрчил илэрсэн.
Улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...үнэн зөв, бодитой заавал биелүүлэх шинжтэй байх...”, 16 дугаар зүйлийн 16.1.7-д “...улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах...”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “...үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл...”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3.4-д “ ... хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл; ...” заасныг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгосон.
Дээрх зөрчилтэй хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсний дараа нэг хувьцаа эзэмшигч болох “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн УБ-01/20 дугаар албан бичгээр улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан үндэслэл буюу “...нийт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй, гүйцэтгэх удирдлагын асуудлыг хэлэлцээгүй, шийдвэр гаргаагүй байтал гүйцэтгэх захирлаар Герман Улсын иргэн -ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдол гаргасан байдаг.
Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч гээд таслал тавиад эрх бүхий байгууллагын шийдвэр, хурлын тэмдэглэл гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгч нь үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай гэснийг дангаар нь хүлээн авч ойлгоод байна. Гурван хувьцаа эзэмшигчдээс нэг хувьцаа эзэмшигч нь гомдол гаргасны дагуу сонсох ажиллагааг хийхээр “Г” ХХК руу залгахад төлбөр төлөгдөөгүй гээд холбогдож чадаагүй. 2019 онд төлөөлж Энх-Амгалан гэх хүн бүртгүүлсэн байсан тул түүн рүү залгахад ашиглалтад байхгүй гэсэн учир сонсох ажиллагааг хийж чадаагүй. Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт гэсэн үндэслэлээр уг бүртгэлийг хүчингүй болгосон. ...” гэв.
Гуравдагч этгээд “Б” ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...”Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Б нь 2015 онд ХБНГУ-ын хуулийн этгээд болох ХБНГУ-ын хуулийн этгээд В хамтарсан “Г” ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ.
Үйл ажиллагааны хүрээнд “Б” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах газар дээр “Аялал жуулчлал сургалт мэдээллийн төв” барихаар харилцан тохиролцож компанийн дүрэмд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт оруулж, “Б” ХХК нь 49% буюу 127,249,080 төгрөгийн хувьцаа эзэмшиж, ********** нь 51% буюу 132,442,920 төгрөгийн хувьцаа эзэмшихээр болж “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөн.
“Г” ХХК нь төслийн үйл ажиллагааны хүрээнд ЕФИ сангаас төслийн санхүүжилтийг авахаар болсонтой холбоотой өөрсдийн хувьцааг нэмэгдүүлэн Пут-Опиционы нөхцөлтэй 24.96%-ийг санд олгохоор тохиролцож 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг Англи хэл дээр байгуулсан.
Энэ ажлын хүрээнд хувьцаа эзэмших болсон. “Г” ХХК нь хууль ёсны гурван эзэмшигчтэй бөгөөд ямар нэгэн төлөөлөн удирдах зөвлөл байгуулж, албажуулж байгаагүй болно.
Хамтын үйл ажиллагаа 2018 оны 5 сар гэхэд бүрэн зогссон бөгөөд 2019, 2020 онуудад Гүйцэтгэх захирал Ф Ш нь “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулдаггүй, хувьцаа эзэмшигч “Б” ХХК-д “Г” ХХК-ийн үйл ажиллагаа болон холбогдох баримт, материалуудыг танилцуулдаггүй бөгөөд компанийн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулсан, өр төлбөртэй болсон байх нотлох баримтууд илэрч эхэлсэн. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна, заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж зааснаар тухайн үед гүйцэтгэх захирлаар томилогдсон Ф Шийн эрх үүрэг дуусгавар болсон тул “Б” ХХК нь Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ф Ш нь Компанийн тухай хуульд заасан гүйцэтгэх захирлын хүлээсэн үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох болон түүний бүрэн эрх 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй үеэс хойш дуусгавар болсон болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Албан ёсны хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гараагүй байхад баримт бичигт өөрчлөлт оруулан бүртгүүлэх нь хууль бус юм. Компанийн тухай хуульд “Гүйцэтгэх захирал” гэж өөрөө өөрийгөө баталгаажуулдаг хуулийн заалт байхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” 22.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”-д гэж зааснаар бүрдүүлбэр дутуу байхад хууль зөрчин бүртгэсэн байна.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Б” ХХК-ийн захирал Б нь Герман улсын хуулийн этгээдтэй хамтраад 2015 онд “Г” ХХК-ийг үүсгэн байгуулж, “Б” ХХК-ийн газар дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Б” ХХК нь 49 хувийг эзэмшсэн. Үйл ажиллагаагаа явуулахад сангаас санхүүжилт авах гэж байгаа гээд сангаа оруулж ирэн 3 хувьцаа эзэмшигчтэй болсон. Хамтын үйл ажиллагаа 1 жил гаруй үргэлжлээд хөрөнгөгүй болсон тул зогссон. Үүнээс хойш үйл ажиллагаагаа хууран мэхлэх, бусдыг хохироох замаар явуулах болсон. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахгүй бол тус хуулийн 59.5-д заасны дагуу гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болох талаар хэлсэн боловч гүйцэтгэх захирал ирээгүй. Маш олон нэхэмжлэгч нар гарч ирж Монгол улсад байгаа гэдэг утгаараа “Б” ХХК-д бүх хариуцлага үлдсэн. Байнга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдаад болохгүй байсан учир өөр компанитай хамтран ажиллах болсон. Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар асуудлаа шийдээд албан ёсны шийдвэрүүд гарсны дараа улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орох ёстой. Үүнийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу байхад хууль зөрчин улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэж үзэж гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Монгол улсын хуулийн үйлчлэлийг Герман улсын иргэдэд мэдэгдэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-аас Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэг: Маргааны үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн *************** дугаартай, ******** регистртэй, Монгол Улсын “Б” ХХК, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ********** болон мөн улсын “Е” компани зэрэг 3 гишүүнтэй, гадаадын хөрөнгө оруулалттай “Г” ХХК-ийг байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ш овогтой Ф /Ф Ш/ томилогджээ[1].
Хожим тус компанийн гүйцэтгэх захирал ХБНГУ-ын иргэн Ш овогтой Ф /Ф Ш/ нь өөрийн овгийг ХБНГУ-н Мийсбах хотын анхан шатны Гэр бүлийн шүүхийн шийдвэрийг үндэслэн Ф Т Ф З болгож өөрчлөн[2].
Улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Г” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээллээс Ш овогтой Ф /Ф Ш/ хасуулан, /Ф Т Ф З/ нэрийг бүртгүүлэх өргөдлийг, холбогдох баримтыг хамт Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт гаргажээ[3].
Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар дээрх өргөдлийг холбогдох баримтын хамт хүлээн хянан үзээд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар /Ф Ф / нэрийг бүртгэжээ.
Гэтэл уг хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг “Г” ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүн болох “Б” ХХК-ийн захирал С.Бгаас “...тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр гүйцэтгэх удирдлагыг томилж, улсын бүртгэлд Герман улсын иргэн Ф Ф // бүртгэсэн...” гэж бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан[4].
Энэхүү хүсэлтийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Ө.Н хүлээн авч хянаад “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдүүлбэр дутуу байхад бүртгэсэн нь архивын баримтаар тогтоогдож байна...” гэж үзэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасныг баримтлан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд “Г” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны өөрчлөлт /гүйцэтгэх удирдлага/ оруулсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгохоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргажээ.
Энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан өөрчлөлтийг хийгээгүй, зөвхөн тус компанийн гүйцэтгэх захирлын овог солигдсон. Энэ өөрчлөлт нь компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж буй асуудал биш ...” гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл энэхүү маргааны үндсэн шалтгаан нь “Г” ХХК төлөөлөн удирдах зөвлөл байгуулж байгаагүй, компанийн дүрмийн ерөнхий зүйлд заасан “...зан заншил, хэм хэмжээг харгалзан, эрх тэгш харилцан ашигтай байх...” зарчмыг хэрэгжүүлээгүйгээс хувьцаа эзэмшигчдийн дунд үл ойлголцол, таарамжгүй харьцаа бий болсон.
Бодит байдал дээр “Г” ХХК анхнаасаа төлөөлөн удирдах зөвлөл байгуулж байгаагүй, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” хэрэгжүүлэхээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын маргаантай асуудлаар олон улсын арбитрын журмаар маргалдсаар байгаа болно.
Угтаа бол “Г” ХХК-ийн хувь нийлүүлэгч гишүүн болох “Б” ХХК-ийн зүгээс компанийн гүйцэтгэх захирлын овгийн өөрчлөлтийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэсэн эсэхээ илүүтэй Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, хөрөнгө оруулалттай холбоотой маргаантай асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой ажээ.
Хоёр: Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн тухайд:
“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас өөрийн овог солигдсон талаар албан ёсоор мэдэгдэн, улмаар хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн үйлдлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны, 7.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн; төрөл буюу компанийн гүйцэтгэх удирдлагыг томилж, чөлөөлөх асуудалтай адилтган үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар овгоо өөрчилсөн нь өмнөх нэрээр олж авсан эрх, үүргийг өөрчлөхгүй, мөн хуулийн 20.5-д зааснаар нэрээ өөрчилснөө мэдэгдэх үүрэгтэй тул энэ үүргээ биелүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл шаардлагагүй болно.
Учир нь “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын овог солигдсон ч тэрээр өнөөдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирал хэвээр байгаа[5] болох нь хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 04300 дугаар лавлагаа[6], гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Ф фон Түхер гэх хүн манай компанитай гэрээ байгуулсан Ф Ш мөн...” гэх мэдүүлэг болон хэрэгт нотлох баримтаар авагдсан “...гүйцэтгэх захирал Ф Фын бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, “Г” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурал болон 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээр үүссэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШЗ2020/07710 дугаар захирамж зэргээр нотлогдож байна[7].
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн /Ф Ф/-ыг шүүх хуралдаанд онлайнаар оролцуулахад хэргийг оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын хэн аль нь түүнийг “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн болохыг илэрхийлсэн.
Дээрх эрүү, иргэн хэрэг хянан шийдвэрлэх болон арбитрын маргаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн /Ф Ф/ хэргийг оролцогчоор татагдан оролцож байгаа.
Үүнээс үзвэл 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Г” ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээллээс Ш овогтой Ф /Ф Ш/-ыг /Ф Ф/ болгон өөрчлөн бүртгэсэн үйлдлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4 “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” зарчим болон мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
Гурав: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийн тухайд:
Хэрэгт авагдсан гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал С.Бгаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн УБ/20 дугаар “Гомдол гаргах тухай” албан бичигт “...“Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2019 онд хуралдаагүй, гүйцэтгэх удирдлагын асуудлыг хэлэлцээгүй, дээрх асуудлаар шийдвэр гаргаагүй байтал баримт бичиг хуурамчаар бүрдүүлж Герман улсын иргэн Ф Ф /Ф vonTucher/ бүртгүүлсэн...” гэжээ.
Гэтэл нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын боловсруулсан “Өргөдөл хүлээн авах хуудас”, Б-05 маягтад нийцүүлэн тэмдэглэгээг хийж, холбогдох баримтын хавсаргасан өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтаас үзвэл нэхэмжлэгчээс ямарваа нэг хуурамч бичиг, баримт бүрдүүлж, хуулийн этгээдийн бүртгэлийг газрыг төөрөгдүүлсэн зүйл тогтоогдоогүй болно.
Харин хариуцагчаас маргаан бүхий 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар актыг гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг бүртгэсэн цаг мөчөөс хожим бий болсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавиулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 139-4/33019, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-221/34404 дугаартай албан бичгийг үндэслэн.
Улмаар “Г” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд тавьсан хоригийг цуцалсан тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарч, Улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор ирж, хориг цуцлагдсан тохиолдолд энэхүү дүгнэлтэд өөрчлөлт хийх зүйтэй” гэж дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй юм.
Энэ нь хариуцагчийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” үүргээ хэрэгжүүлээгүй гэх хангалттай үндэслэл болно.
Иймд уг акт захиргааны хууль бус бөгөөд түүний улмаас тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойгүй болгосон нөхцөл байдлыг үүсгэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Эцэст нь энэхүү маргаанд “Г” ХХК-ийн хувь эзэмшигч ХБНГУ-ын “Е” компанийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй болохыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дурдсан бөгөөд шүүхээс үүнийг дэмжсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР