| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2023/0783/З |
| Дугаар | 221/МА2024/0700 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2024/0700
М.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н , гуравдагч этгээд “Е” ХХК
Нэхэмжлэгч: М.Н
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “Е” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 499 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/0783/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Н-аас хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 499 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 1 дүгээр зүйлийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгээс М.Н-ын эзэмших эрхтэй нэгж талбарын 1500****** дугаартай 124 м.кв газар дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй 100 м.кв гараашийн барилгын зүүн хананаас 5,3 метр зайд хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх хариуцагчийн хууль зөрчиж газар олгосон захирамжийн талаар шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь:” хэсгийн 3-7 заалтад тодорхой зааж өгсөн боловч бодит байдалд нэр төдий, нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй гуравдагч этгээдийн эрх ашгийг илт хамгаалсан байдлаар хандаж хэтэрхий нэг талыг барьж хуулийг буруу үнэлж тайлбарлан хэрэглэж урьд нь эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг анхан шатны шүүх буруугаар тайлбарлаж хууль зөрчиж байгаа нь цаашид ийм буруу жишиг тогтож болзошгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч, мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргын Газрын тухай хууль тогтоомж хэрхэн зөрчсөн, бусдад давуу байдал олгосон үйлдэлд огт дүгнэлт хийсэнгүй. Маргаан бүхий газарт Нийслэлийн Засаг дарга анх 2005 оны 555 дугаар захирамжаар Монгол Улсын хуулийн этгээд болох “Ж” ХХК-д 660 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон байтал БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай “Е” ХХК хууль зөрчин уг газрыг худалдан авахдаа хуурамч бичиг баримт үйлдэн газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж Нийслэлийн ИТХ-ын 2006 оны 83 тогтоолоор 900 м.кв, 2009 оны 64 дүгээр тогтоолоор мөн 900 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 815 захирамжаар 810 м.кв болгож газрын хэмжээг санаатайгаар дураараа удаа дараа хууль зөрчин өөрчилж нэмэгдүүлж олгосныг Монгол Улсын Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны болон Улсын Дээд шүүхийн удаа дараагийн шийдвэр, магадлал, тогтоолуудад маш тодорхой дүгнэж байдаг.
3.2. Тухайлбал: “Е” ХХК-д хууль бусаар газар олгосон өмнөх шүүхийн шийдвэрүүдийг үл хүндэтгэн газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх дүгнэлтийг маш тодорхой зааж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 494 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2012 оны 54 дүгээр магадлалаар дахин хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байхад шүүхийн дээрх шийдвэрүүдийг үл хүндэтгэж 2023 оны А/707 дугаар захирамжаар мөн л газрын хэмжээг үндэслэлгүйгээр дахин нэмэгдүүлж 809 м.кв болгон олгож шийдвэрлэсэн талаар дүгнэлт гаргаж тайлбар өгөхийг шүүх хурал дээр удаа дараа шаардсан боловч огт дүгнэлт гаргаагүй. Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд хандан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” тухай хүсэлт гаргасныг 3 сарын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэж анхан шатны шүүхийн 10382 дугаартай захирамж гарган түдгэлзүүлж шийдвэрлэсэн байтал хариуцагч болон гуравдагч этгээд дахин хууль зөрчиж шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон гуравдагч этгээдэд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ шинээр бичиж олгосон.
3.3. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 153 дугаар тогтоолоор “Е” ХХК-ийн иргэн М.Н-ын эзэмшил газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхэд саад учруулж буй үйлдлийг тогтоож, гараашийн барилгын зүүн хананаас 5.3 метрийн зайд барилгын үйл ажиллагааг зогсоохыг даалгасан юм. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс дүгнэхэд “Е” ХХК нь барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулснаар иргэн М.Н-ын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахаас гадна өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулах үр дагавартай болохыг дүгнэсэн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг бүрдүүлж байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт энэ тухай тодорхой дүгнэсэн атлаа Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захиргааны актын “Е” ХХК-д холбогдох хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөөс сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлж чадсангүй.
3.4. Учир нь Захиргааны актад анхан шатны шүүхээс маргааны талаар дүгнэлт хийхдээ захиргааны байгууллагаас шинээр гарсан захиргааны акт гэж үзэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн агуулгаас харахад “Е” ХХК-д шинээр газар олгож байгаа бус харин өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 494 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2012 оны 54 дүгээр магадлалаар хүчингүй болгосон 2010 оны 815 дугаар газар эзэмших эрхийг дахин сэргээсэн захирамж байхад шүүхээс шинэ захиргааны акт гэж үзэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болгосон газар эзэмших эрхийг сэргээх тухай хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/707 дугаар захирамжийн 20 дахь хэсгийн заалтаар “Е” XХК-д газар эзэмших эрхийг шинээр олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Энэ тохиолдолд шүүх хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь “Е” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх” хуулийн зохицуулалттай бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх учиртай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар “Е” ХХК нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-д “нээлттэй, ил тод байх;” 2.1.4-д “тэгш, шударга оролцоог хангасан байх” гэж заасны дагуу дуудлага худалдаанд оролцоогүй, дуудлага худалдааны үнэ төлөөгүй, дуудлага худалдаа нь Нийслэл, дүүргийн ИТХ-аар баталсан тухайн жилийн буюу 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь тогтоогдсон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/707 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсэгт заасан Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчим”-тай байхыг мөн хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх энэ тухайд огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон газар эзэмших эрхийг дахин сэргээх боломжгүй талаар мэтгэлцсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Нийслэлийн Засаг дарга нь 2023 оны А/707 дугаар захирамжийг гаргахдаа гуравдагч этгээдээс ирүүлсэн “Е” ХХК-д анх олгосон газар эзэмших эрхийг сэргээж байгаа гэх агуулгаар гаргасан байдаг бөгөөд шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь “Е” ХХК-д газар олгосон 2006 оны Нийслэлийн ИТХ-ын хоёр ч тогтоол болон Нийслэлийн Засаг даргын гаргасан олон захирамжуудыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байх бөгөөд дээрх хүчингүй болсон шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн газрын хувийн хэргээс харахад газар эзэмших эрхийг цуцалсан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай баримт огт байхгүй. Гагцхүү гуравдагч этгээдээс ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн 2023 оны А/707 тоот захирамжийг гаргасан болох нь маш тодорхой харагддаг.
3.6. Дээрх байдлуудаас дүгнэн үзэхэд Нийслэлийн Засаг дарга Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн хэд хэдэн үйлдэл байх бөгөөд шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн ямар ч дүгнэлтийг хийгээгүй, гуравдагч талын эрх, ашгийг хамгаалах байдлаар хандаж байсан гэх дүгнэлтэд хүрч байна.
3.7. “Е” ХХК уг захирамжид хамрагдсан бөгөөд хэрэв Нийслэлийн Засаг дарга “Е” ХХК-д хууль бусаар газрын хэмжээг нэмэгдүүлж олгосон 2023 оны А/707 дугаар захирамжийг гаргахдаа хүчингүй болгосон 2010 оны 815 дугаар захирамж мөн 2021 оны А/295 дугаар захирамжийг хүчингүй болгох байсан талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй баримт бичгийн хувьд шүүхээс гарч буй шийдвэр нь мөн өөрөө биелэгдэх боломжтой байхыг шаарддаг. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдлаас харахад шүүхийн шийдвэр өөрөө биелэгдэх боломжгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0499 тоот шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг хангахгүй байгаа тул дээрх заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Е” ХХК дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...Нэхэмжлэгч М.Н нь “Е” ХХК-ийн эзэмшүүлсэн газрын баруун талд хил залгаа 124 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд тус газар дээрээ 100 м.кв талбай бүхий гарааш барьж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр бодит байдал дээр өөрийн эзэмших эрхтэй газраас урагш нийтийн эзэмшлийн талбайд барилга барьж түүнийгээ ашигладаг болох нь тогтоогдож, энэ талаар шүүх дүгнэлт хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай. Бодит байдал дээр захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй давхцаагүй, орц, гарцыг нь хаасан зүйлгүй буюу газраа зориулалтын дагуу ашиглахад ямар нэг байдлаар саад болсон зүйл байхгүй.
4.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М.Н-ын гараашид гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд шаардлагатай төлбөрт “Е” ХХК-аас 146,062,950 төгрөгийг гаргуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байдаг. Энэхүү төлбөр нь 2017 онд төлөгдсөн байхад өнөөдрийг хүртэл миний үл хөдлөх эд хөрөнгө нурах аюултай нөхцөлд байгаа хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг дарга хил залгаа газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар өөрийнх нь газар эзэмших эрх яг ямар байдлаар зөрчигдөөд байгаа талаар тайлбарладаггүй. Харин ч өөрөө хууль тогтоомж зөрчиж, өөрийн газар эзэмших эрхээ хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан байдаг. Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах үндсэн нөхцөл нь тухайн хүн, хуулийн этгээд нь нэхэмжлэл гаргах эрх бүхий байх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгааг зайлшгүй авч үзэх ёстой. “Е” ХХК-д газар эзэмших эрх олгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх зүйлгүй бөгөөд тэрээр газраа зориулалтын дагуу ашиглах эрх нь нээлттэй байна. Дээрх үйл баримтуудаас харвал нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй юм.
4.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс Газрын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн газар эзэмших эрх олгож байгаа газар нь хуульд заасан шаардлагыг хангаж байна уу гэдгийг шалгах үүрэгтэй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагуудыг хуульчилсан бөгөөд маргаан бүхий актаар олгосон газар эзэмших эрх нь хуулийн дээрх шаардлагуудыг бүрэн хангаж байгаа болно. Энэ тохиолдолд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүхээс газар эзэмших эрх олгосон актын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдөөгүй, харин өмнөх шүүхийн шийдвэрүүдийн дагуу барилга хоорондын зайн төлөвлөлт хангагдаагүй гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Хил залгаа газар дээр байгаа барилга хоорондын зайн асуудал нь Нийслэлийн Засаг даргын Газрын тухай хуулийн дагуу харьяалан шийдвэрлэх асуудал биш бөгөөд энэхүү нөхцөл байдал нь газар эзэмших эрх олгохтой хамааралгүй. Барилга хоорондын зайн төлөвлөлт хангагаагүй, түүнээс болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа бол энэ талаар тусдаа маргаан үүсгэж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
4.4. Эндээс дүгнэвэл шүүхээс газар эзэмших эрх олгосон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй, харин нэхэмжлэгчийн барилгатай холбоотой, хил залгаа газар эзэмшигч нарын барилга хоорондын зайн асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрхийн хүрээг тодорхойлсон байна. Энэ тохиолдолд энэхүү маргаан нь иргэн, хуулийн этгээдийн барилгын зай хэмжээтэй буюу иргэний эрх зүйн хөршийн эрхтэй холбоотой иргэний шүүхээр шийдвэрлэгдэх маргаан юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 128/ШШ2024/0499 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлуудыг дараах үндэслэлээр шийдвэрлэв. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч М.Н аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Е” ХХК-д Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 900 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосныг
- Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 83 дугаар тогтоолоор “Е” ХХК-д 900 м.кв газар ашиглах эрхийг баталгаажуулж Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Газрын тухай хуулийн ...заалтуудыг илтэд зөрчсөний дээр газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь тогтоогдсон” гэх үндэслэлээр уг 83 дугаар тогтоолыг хүчингүй болгосон,
- Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 359 дүгээр захирамжаар “Е” ХХК-ийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, 378 м.кв газарт барилга барих зөвшөөрөл олгож, байршлыг тогтоосныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 233 дугаар шийдвэрээр “...газрын зориулалт өөрчлөх шийдвэр гараагүй, барилга барих зөвшөөрөгдсөн зураг төсөл зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхэлсэн, түүнчлэн зэргэлдээ орших нэхэмжлэгч М.Н-ын үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан” гэх үндэслэлээр тус захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бусд тооцсон,
- Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 329 дүгээр шийдвэрээр “...шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр “Е” ХХК-д дахин 900 м.кв газар ашиглах эрх олгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон,
- Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжийн хавсралтаар “Е” ХХК-д дээрх байршилд үйлчилгээний зориулалтаар 900 м.кв газар ашиглах эрх олгосныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр магадлалаар “...шүүхийн шийдвэрүүдээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг шилжүүлсэн, газар эзэмших эрхийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн, захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн нь иргэн М.Н-ын эрхийг зөрчсөн, хууль бус үйлдэл болох талаар дүгнэсэн байхад Нийслэлийн Засаг дарга өмнөх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үл хүндэтгэн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 815 дугаар захирамжаар БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Е” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 810 м.кв газрыг ашиглуулахаар дахин шийдвэрлэсэн нь хууль бус” гэх үндэслэлээр мөн захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “...М.Н-ын гараашийн барилгын зүүн хананаас 5.3 м зайд барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг “Е” ХХК-д даалгасан,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 520 дугаар шийдвэрээр М.Н-ын гараашид гэм хор учруулахаас өмнөх байдал сэргээхэд шаардлагатай төлбөрт “Е” ХХК-аас 145,000,000 төгрөг гаргуулж М.Н ад олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар “Е” ХХК-аас 146,062,950 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр М.Н-ын дансанд төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
- Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1114 дүгээр тогтоолоор “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1090 тоот шийдвэр болон мөн шүүхийн 2013 оны 520 тоот шийдвэрт хийсэн тайлбарыг барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тусад нь явуулж байгаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгох, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 146,062,950 төгрөг төлөгдсөн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан /хуучин нэрээр/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Е” ХХК-ийн 5039649 тоот улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны 1027 тоот албан бичгээр хийгдсэн ажиллагааг хүчингүй болгож, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг нээхийг Улсын бүртгэл, Оюуны өмчийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2332 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 479 дүгээр магадлалд “Е” ХХК-д холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дугаартай шийдвэр, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 520 дугаартай шийдвэрт үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
2.3. Харин маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн хавсралтын 20 дугаарт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 809 м.кв газрыг “Е” ХХК-д үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
2.4. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс “...Хариуцагч захиргааны байгууллага баригдаж буй барилгын газрын эзэмших эрхийг баталгаажуулах шийдвэр гаргахдаа газар эзэмшүүлсэн өмнөх 2010 оны 815 дугаар захирамжийг нь шүүх хүчингүй болгосон шалтгаан үндэслэлийг харгалзаагүй, хөрш зэргэлдээ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, газар эзэмшигчийн эрх зөрчигдсөн хэмээн маргаж буй нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчжээ” гэж дүгнэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгээс М.Н-ын эзэмших эрхтэй нэгж талбарын 1500****** дугаартай 12 м.кв газар дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй 100 м.кв гараашийн барилгын зүүн хананаас 5,3 метр зайд хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан.
2.6. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр Монгол Улсын иргэн Т.Б нь Бүгд найрамдах Солонгос Улсын “ЭИ” ХК-аас “Е” ХХК-ийн гаргасан хувьцааны 100 хувьтай тэнцэх нийт 62,804.1 ширхэг энгийн хувьцааг 1,500,000,000.00 (Нэг тэрбум таван зуун сая) төгрөгөөр худалдан авч, мөн өдрийн Эрх шилжүүлэх гэрээгээр “Е” ХХК-ийн 100 хувийн хувьцаанд хамаарах үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг шилжүүлэн авч, улмаар тус компанийн “Хэлбэр”-ийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувьцаа эзэмшигч, удирдах албан тушаалтнаар Монгол Улсын иргэн Т.Б болгон өөрчлөлт оруулсан байх тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 494 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр магадлалд дүгнэсэн “...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг шилжүүлсэн” гэх зөрчил,
Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01-10/5015 дугаартай “...Е ХХК нь иргэн М.Н-ын эзэмшлийн газар руу орсон тагтны хэсгээ чөлөөлж газрын зөрчлөө арилгасан байна, Барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой ажил нь тус албаны чиг үүрэгт хамааралгүй...” гэх агуулгатай албан бичиг, түүнд хавсаргасан фото зургууд болон “Е” ХХК-ийн барилгын баруун талын консолийг нэхэмжлэгч М.Н-ын эзэмшил газартай хиллэсэн хэсгээр буулгасан болохыг шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар бэхжүүлсэн зэргээс Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1090 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153 дугаар тогтоолд дүгнэсэн “...М.Н-ын гараашийн барилгын зүүн хананаас 5.3 метр зайд барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг “Е” ХХК-д даалгасан” зөрчил арилсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байхыг шаарддаг, ...Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжуудыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байхад шүүх дээрх нөхцөл байдалд хууль зүйн ямар ч дүгнэлт хийгээгүй” талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.7. Тухайн тохиолдолд “Е” ХХК-аас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн талаар дурдаж, тухайн 900 м.кв газрыг эзэмшүүлэх хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий газарт баригдсан тус компанийн өмчлөлийн 6 давхар төмөр бетон каркасын доорх газрыг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэнд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
2.8. Тодруулбал, нэгэнт “Е” ХХК-д газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг тухай бүр шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон төдийгүй уг шийдвэрүүдэд дүгнэсэн зөрчлүүд дээрх байдлаар арилсан тул захиргааны байгууллагаас маргаан бүхий газрын эзэмших эрхийг гуравдагч этгээдэд олгосон байх бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “...газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, ...бусдад давуу байдал олгосон” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.
2.9. Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжаар “Е” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо Нийслэлийн Засаг даргын хүчингүй болсон 2010 оны 815 дугаар захирамжийг үндэслэсэн нь буруу боловч энэ нь нөгөө талаас уг газрыг бусад этгээдэд аливаа байдлаар олгоогүй болохыг илэрхийлж байх төдийгүй дангаараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохооргүй байна.
2.10. Учир нь гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй болон тухайн газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай, хөрш залгаа этгээдийн орц, гарцыг хаасан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд “...Хил залгаа газар дээр байгаа барилга хоорондын зайн асуудал нь Нийслэлийн Засаг даргын Газрын тухай хуулийн дагуу харьяалан шийдвэрлэх асуудал биш бөгөөд энэхүү нөхцөл байдал нь газар эзэмших эрх олгохтой хамааралгүй” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй тул хариуцагч захиргааны байгууллагаас ийнхүү маргаан бүхий захирамжаар “Е” ХХК-д газар эзэмших эрх олгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалгах гомдолд дурдсан “...Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.11. Түүнчлэн захиргааны байгууллага захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох талаар хуульчилсан бөгөөд маргаан бүхий захирамжаар “Е” ХХК-д 809 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсний улмаас бусад этгээдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол аливаа байдлаар хөндөгдөөгүй байгаа энэ тохиолдолд “...Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/707 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчимтай байхыг, мөн хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх энэ тухайд огт дүгнэлт хийгээгүй” талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
2.12. Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгээс М.Н-ын эзэмших эрхтэй 124 м.кв газар дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй 100 м.кв гараашийн барилгын зүүн хананаас 5,3 метр зайд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “...М.Н-ын гараашийн барилгын зүүн хананаас 5.3 метр зайд барилгын үйл ажиллагааг зогсоож, хэвийн байдалд оруулахыг “Е” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр”-ийг үндэслэсэн байх хэдий ч шүүхийн энэхүү шийдвэр нь гуравдагч этгээдэд дахин олгосон газрын хэмжээнээс 5.3 метр газрыг хасах хууль зүйн үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар дээр баригдсан барилгын барилга хоорондын зай хэмжээ холбогдох стандарт, шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр тухайн барилгын доор байрлах газрын хэмжээг багасгах учиргүй.
2.13. Өөрөөр хэлбэл, барилга хоорондын зай алдагдсан эсэх нь архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга барих зөвшөөрлийн дагуу баригдсан эсэх, тухайн барилга барих үйл явц алдагдсан эсэх зэргээр барилгын ажлын зөвшөөрөл, барилга хоорондын зай хангагдаагүйтэй холбоотой маргаан болохоос бус бусдын эзэмшил, өмчлөлийн болон нийтийн эзэмшил газартай давхацсан зүйл байхгүй байхад энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн газрын хэмжээг багасгах боломжгүй юм. Тухайн тохиолдолд барилга хоорондын зай 5.3 метр байх шаардлагатай байхад тус газар дээр байрлах “Е” ХХК-ийн өмчлөлийн бетонон карказ уг шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын хэмжээг багасгах эсхүл хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2.14. Энэ талаар анхан шатны шүүх “...“Е” ХХК-ийн баригдаж буй барилгын чанартай холбоотой маргаан байхгүйгээс гадна эзэмшил газрын маргаанд хамаарахаас бусдаар байршил, хэмжээ энэ маргаанд хамаарахгүй болно, ...нэхэмжлэгч М.Н-ын эзэмшлийн газраас урагш илүү гарган нийтийн эзэмшлийн талбайд баригдсан гараашийн барилгын зэргэлдээ хэсэгт “Е” ХХК-ийн барилгын консол хэсгийг буулгаагүй ч энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж зөв дүгнэсэн атлаа хавтаст хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Е” ХХК-д эзэмшүүлсэн газраас 5,3 метр зайд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Н-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/707 дугаар захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Е” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА