Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/1399/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1472 |
Огноо | 2022-11-30 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Ж.Судванчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Ж.Сувданчимэг,
шүүгдэгч: Б.Н, түүний өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.Н-т холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б-ийн Н /РД:00000000
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр ******** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд *боловсролтой, мэргэжилгүй, Б худалдааны төвд ачигч ажилтай, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Одонтын 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Одонтын 00 -00тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.С-ыг “4-5 хоног гэртээ хонохгүй, хаагуур юу хийж яваад байдаг юм” гэж хардаж уурласны улмаас П.С-ын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохих, түүнийг газарт унасан байх үед дээрээс нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт, баруун зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт... гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Одонтын 00 -00тоот гэртээ хамтран амьдрагч П.С-той согтууруулах ундааны зүйл хэрэглэн, “4-5 хоног гэртээ хонохгүй, хаагуур юу хийж яваад байдаг юм” гэж хардаж уурласны улмаас П.С-ын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, түүнийг газарт унасан байх үед дээрээс нь хөлөөрөө 3-4 удаа өшиглөх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт, баруун зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч П.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед найзындаа байж байтал манай хамтран амьдрагч Н над руу залгаад хаана байгаа юм бэ гээд байхаар нь би найзындаа байна гэсэн чинь Н намайг найзынхаас ирж аваад бид хоёр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Одонтын 00 -00тоотод очсон. Бид хоёр гэртээ орох замдаа дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг авч яваад гэртээ хамтран амьдрагч Н бид хоёр хувааж уугаад байж байтал.. Н намайг хардаад чи гэртээ 4-5 хонохгүй хаагуур хэнтэйгээ явж байгаад ирж байгаа юм бэ гээд байхаар нь би тухайн үед хоол хийх гэж байсан тул өөрөө хоолоо хий гээд уурлаад гэрээс гараад явах гэж байсан чинь манай хамтран амьдрагч Н миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиход нь би газар унасан ба миний дээрээс 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үедээ цагдаа дуудаагүй. Маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр таньдаг ахындаа байж байтал манай охин Н намайг харчихаад таныг хэн зодсон юм бэ гэхээр нь би Н намайг өчигдөр зодсон гэсэн чинь манай охин Н цагдаа дуудсан. Тэр үед миний нүүр хавдаж хөхөрсөн бас миний хамаг бие хөндүүрлэсэн, цээж болон хавирга хэсэгт хөндүүрлээд өвчтэй байгаа. Би... Н ийн биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй... Намайг өмнө нь Н цохиж зодож байгаагүй. Би 2-3 жилийн өмнө юман дээрээс ойчоод зүүн талаараа газар унаад хавиргаа гэмтээж байсан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би Н тэй маргалдахаас өмнө миний биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй... Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... шинжээчийн 0000 дугаартай дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... тус хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 131-132-р хуудас/,
-Гэрч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед намайг ажил дээр байж байтал манай ээж С над руу залгаад нэг айлд буюу Зүүнсалаанд /хаягийг нь мэдэхгүй/ хүрээд ир, айлд байна гэхээр нь би ажилтай байна, амжихгүй гэсэн чинь манай ээж... Н т зодуулчихсан бие өвдөөд байна гэхээр нь би... яваад очиход ээж С-гын нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан ба тэр үед ээж надад миний цээж хавирга хэсгээр өвдөөд байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн... гуя нь бас хөхөрсөн байсан... хамт амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй байна, надад манай ээж С Н т цохиж зодуулсан гэж хэлж байгаагүй... ээж 2-3 жилийн өмнө юман дээрээс унаад хавиргаа гэмтээсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“...1 .П.С-гын биед зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт, баруун зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт, зүүн талын 2, 3, 4, 6, 7- р хавирганы бороолж буй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. 3үүн 6, 7-р хувирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт баруун зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Зүүн талын 2, 3, 4, 6, 7-р хавирганы хугарал гэмтлүүд нь 14 хоногоос дээш хугацааны өмнө үүсэх боломжтой хуучин гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,
-Шинжээч эмч Г.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П.С-гын биед үүссэн зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт, баруун зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл уг гэмтлүүд нь хамтдаа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн талын 2, 3, 4, 6, 7-р хавирганы хугарал гэмтлүүд нь 14 хоногоос дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтлүүд нь тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г, Б.Д, Б.С нарын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“... 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгиин шинжилгээний 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. П.С-гын биед зүүн 6,7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт, сээрний Тh4 нугалмын арын сэртэн, бүсэлхийн L2 нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт, зүүн талын 2, 3, 4, 6, 7-р хавирганы бороолж буй хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн.
3 .П.С-ын биед учирсан зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт, сээрний Тh4 нугалмын арын сэртэн, бүсэлхийн L2 нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал баруун зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. П.С-ын биед учирсан зүүн 6, 7-р хавирганы далд зөрүүтэй хугарал, зүүн талын 2, 3, 4, 6, 7-р хавирганы бороолж буй хугарал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсээгүй байна.
5. П.С-ын биед учирсан зүүн талын 2, 3, 4, 6, 7-р хавирганы бороолж буй хугарал гэмтэл нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үүсээгүй 1-2 сарын өмнө үүссэн гэмтэл байна.
6. П.С-ын биед учирсан зүүн талын 2, 3, 4, 6, 7-р хавирганы бороолж буй хугарал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
7. П.С-ын биед учирсан гэмтлүүдээс зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай шинж байдлаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн дүгнэлтэд тусгагдсан “цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт” нь П.С-ын биед учирсан зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарлаас үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 113-117-р хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч П.С нь 2022 оны 07 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,720,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Н ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
-Шүүгдэгч Б.Н яллагдагчаар өгсөн: “...Уг зүйл ангитай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй, би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Одонтын 00 -00тоотод очиход манай хамтран амьдрагч С нь гэртээ байхгүй байсан ба манай хамтран амьдрагч С нь гэртээ хоноогүй 4-5 хоног болж байгаа юм. Тэгээд би хамтран амьдрагч С о руу залгаад хаана байгаа юм бэ гэсэн чинь С найз О-ийнд байна, хүрч ирээд авчих гэхээр нь би Оюунаагийн гэрт буюу Зүүнсалааны шинэ эцэс дээр /хаягийг нь мэдэхгүй очиж аваад гэртээ орох замдаа дэлгүүрээс идэж уух юм авахдаа 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад гэртээ очоод С бид хоёр тэр архиа хувааж ууж байхдаа би хамтран амьдрагч С ог хардаад чи гэртээ 5 хоног ирсэнгүй, хаагуур юу хийгээд байдаг юм бэ гэсэн чинь манай хамтран амьдрагч С о над руу уурлаад чамд ямар хамаатай юм. Тэгвэл чи өөрөө хоолоо хий гээд гэрээс гараад явахаар нь би уурлаад араас нь гарч очоод С огийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон чинь С о газар унаад өгөхөөр нь би дээрээс нь цээж болон хавирга орчим руу нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн... Тэр үед би С ог хардаад бид хоёр хоорондоо маргалдсан... С огийн нүүр нь хавдаж хөхөрсөн бас биеийнх нь зарим хэсэг хөхөрсөн, цээж нь хөндүүрлээд байна гэж хэлсэн. Солонгын биед учирсан гэмтлийг би цохиж зодож учруулсан. Би өмнө нь хамтран амьдрагч Солонгыг огт цохиж зодож байгаагүй. Би С той 2021 оны 08 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байна. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй... Би Б дээр ачигч хийдэг, сард 600,000 төгрөгийн орлоготой... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Гомдол санал байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэж /хх-ийн 55-56-р хуудас/ мэдүүлж байсан.
Өмгөөлөгчөөс хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/, иргэний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийнх 29-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 30-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 33-34-р хуудас/, хохирогч П.С-ын мэдүүлэг /хх-ийн 8-9, 131-132-р хуудас/, гэрч А.-ийн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/0 зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Б.С бид хоёр хамт амьдардаггүй, хааяа л манайд ирдэг. Би 6,7 дугаар хавиргыг нь хугалахаар тийм аймаар цохиогүй гэж бодож байна гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Х-гийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч П.С-ын эрүүл мэндэд “зүүн 6, 7-р хавирганы зөрүүтэй далд хугарал, цээжний гялтангийн хий, шингэн хуралдалт, баруун зовхи, хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч П.С-ын эрүүл мэндэд халдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих, цээж рүү нь өшиглөх зэргээр зодсон нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүгдэгч Б.Н ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч П.С-ын биед хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэсэн.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Н ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч П.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 7 дугаар сард хохирогч П.С-д Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний 1,720,000 төгрөгийн зардал гарсан тул шүүгдэгч Б.Н ээс гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Н ийг гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй.
Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1.”Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж заасан.
Иймд хохирогч П.С-ын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний авсаны зардал болох 1,720,000 төгрөгийг шүүгдэгч Б.Н ээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний 1,720,000 төгрөгийн төлбөр барагдуулсан тул шүүгдэгч Б.Н ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Одонтын 00 -00 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.С-ыг ...4-5 хоног гэртээ хонохгүй, хаагуур, юу хийж яваад байдаг юм бэ... гэж хардаж уурласны улмаас П.С-ыг нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, газарт унасан байхад нь 3-4 удаа хөлөөрөө өшиглөх байдлаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 36 сарын хугацаа буюу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 1.720.000 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдааныг завсарлуулж, завсарлага авч төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хохирогч П.С-ын зүгээс баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй. Иргэний бичиг баримтыг шүүхэд хүргүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгч: Торгуулийн ял оногдуулна гэж байгааг зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн арван нэгдүгээрт бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгийн торгох санал гаргаж байна. Дээрх торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан байна. Шүүгдэгчийн зүгээс өөрөө зөвшөөрч байгаа тул өмгөөлөгч улсын яллагчийн саналтай санал нэг байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Н ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд хохирогч П.С , шүүгдэгч Б.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан нь хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх бөгөөд хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй байгаа болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Н ийг нийгмээс тусгаарлан хорих ял шийтгэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Н ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА