Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1471 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: П.Эрдэнэбат,

өсвөр насны шүүгдэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Х, тэдний өмгөөлөгч О.Бнарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, өсвөр насны шүүгдэгч Б.Ц-нд холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ийн Ц /РД:000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ***дугаар сарын **-ний өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн 0а ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо Сонсголонгийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000000 дугаартай шийтгэх тогтоолоор 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, ялыг эдэлж дууссан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц  нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цаг 14 минутанд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага нарангийн 45-13 тоотод оршин суух хохирогч Д.Н-д 1,800,000 төгрөгөөр PUBG MOBILЕ тоглоомын аккаунт худалдана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц  нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цаг 14 минутанд цахим хэрэгсэл болох фэйсбүүк чатаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага нарангийн 45-13 тоотод оршин суух хохирогч Д.Н-тай холбогдож PUBG MOBILЕ тоглоомын аккаунт худалдана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1,800,000 төгрөгийг ээжийнхээ дансаар шилжүүлэн авч, залилсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

   -гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

  -дансны гүйлгээ /хх-ийн 8-р хуудас/,

-Хохирогч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цаг 14 минутанд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо бага нарангийн 0-0 тоотод байхдаа 1,800,000 төгрөг 0000 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд сүүлд нь уг залуугийн аав Б 000000 дугаартай утсаар холбогдоод 800,000 төгрөгөө 2022 оны 02 дугаар сарын 28-нд буцааж авсан. Үлдсэн 1,000,000 төгрөгөө авч чадаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-өсвөр насны шүүгдэгч Б.Ц-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тус өдөр гэртээ утсаар оролдоод байж байтал Д.Н гэсэн фейсбүүк хаягтай хүн надруу 1,800,000 мянган төгрөгт pubg mobile тоглоомын аккаунт авьяа гэсэн утгатай чат бичихээр нь би надад байхгүй аккаунтыг олж өгч болно гээд хайж үзэж байгаад үнэ болон зураг мэдээлэлтэй нь чатаар хохирогч руу явуулсан. Тэгээд орой 22 цагийн үед байх гэж санаж байна аккаунт зарна гээд ээж Хишгээгийн 000000 тоот дансаар 1,800,000 төгрөгийг Д.Н гэх хүний дансаар шилжүүлж авсан. Тэгээд Д.Н гэх хүний pubg mobile тоглоомын аккаунтыг өгөөгүй, мөнгийг нь өрөндөө өгөөд зарцуулчихсан юм...” гэж /хх-ийн 58-59-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц  нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон буюу “pubg mobile тоглоомын аккаунт худалдана” гэж 1,800,000 төгрөгийг Д.Н-иас залилан авч, өөртөө ашигласан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц-гийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу мөнгийг нь өөртөө шилжүүлэн авах зорилгоор, зохиомол байдал болох pubg mobile тоглоомын аккаунт худалдана гэж итгэл төрүүлсэн аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл өсвөр насны шүүгдэгч Б.Ц  нь хууль зүйн хувьд шууд санаатайгаар дээрх арга үйлдлийн шинжээр хохирогчид 1,800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, өсвөр насны шүүгдэгч Б.Ц-нг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Н нь 1,800,000 төгрөгийн хохиролоо бүрэн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Ц-нг  бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Э тус шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Хэргийн үйл баримтын хувьд өсвөр насны шүүгдэгч Б-ийн Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45-13 тоотод оршин суух хохирогч н.Н-д 1.800.000 төгрөгөөр ...паб-жи мобайл тоглоомын аккаунт худалдаж авч өгнө... гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.  Өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, дансны гүйлгээ зэрэг нотлох баримтууд авагдсан. Мөн өөрийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Өсвөр насны шүүгдэгч Б.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн байдал, өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын санал гаргаж байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны шинэчилсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, энэ хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдад аюул учруулах эрсдэлтэй байх тул интернэт орчинд орох, паб-жи тоглоом тоглохыг хориглох арга хэмжээ авах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ байдаг. Энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох буюу дээрх хэлсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг давхар авч өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бий. Энэ үндэслэлд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх ёстой, хэрвээ зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх бол 2 дахин багасгах эрх нь шүүхэд нээлттэй байгаа...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч: Ямар ч байсан өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Их гэмшиж байна, дахин ийм хэрэгт орооцолдож, ингэж явахыг хүсэхгүй байна. Хичээлдээ анхаараад 12 дугаар ангиа сайн төгсөж, их сургуульд орно гэсэн хүсэлтэй байгаа. Өглөө эрт давтлагандаа яваад, тоглоом тоглох, утас оролдох завгүй байгаа гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.Ц  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгч ирсэн. Хэрэгт цугларсан баримтуудыг үзэхэд хохирогч н.Н-иас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.800.000 төгрөгийг аваад сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аав нь холбогдоод 800.000 төгрөгийг өгсөн байдаг. Энэ бол богино хугацааны асуудал болсон. Гэсэн хэдий ч үүнээс өмнө гэрийнхээ хүмүүст хэлээд аккаунтыг нь авч чадахгүй боллоо гэдгээ хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тусгаж өгсөн. Ялын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, урьдчилсан сэргийлэх, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг санал болгож, үүнийгээ 1 дахин багасгая гэж байгаа боловч өсвөр насны шүүгдэгч Б.Ц ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч. Тэгэхээр хүүхдүүдийн дунд электрон цагийг зүүгээд явах нь хүүхдэд зохимжгүй, бусдад доромжлогдох, гадуурхагдах нөхцөл байдал үүсэх учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү. Өмнө нийтэд тустай ажлаа хийж гүйцэтгэсэн. Одоо ч гэсэн гэрийнхээ хойно байдаг хороонд нийтэд тустай ажил хийх боломжтой. Өсвөр насны шүүгдэгчийг хөдөлмөрлүүлж, хөдөлмөрийн үр шим ямар байдгийг ойлгуулж, буруу зүйл хийвэл хариуцлага ямар байдгийг өөрт нь биеийн хөдөлмөрөөр нь ойлгуулах нь зүйтэй. Зорчих эрх хязгаарлах ял авсан тохиолдолд төхөөрөмжийн үнийг хувааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлдөг. Тэгэхээр Б.Ц  бол сурагч, дахин ээж, ааваасаа энэ төхөөрөмжийн мөнгийг авах, сар бүр хуваан төлөх асуудал яригдана. Магадгүй тэрийгээ төлөхгүй тохиолдолд ял солигдох гэдэг зүйл яригдах учраас өсвөр насны шүүгдэгчид оногдуулж байгаа ялыг өөрчилж 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Өсвөр насны шүүгдэгч Б.Ц-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Харин гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуульд сурдаг, 16 настай зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж өгнө үү гэсэн санал гаргасан хэдий ч шүүгдэгч Б.Ц-гийн хувьд урьд нь үргэлжилсэн үйлдэлтэй залилах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлж дууссан бөгөөд түүний энэхүү үйлдлийн шинж насанд хүрээгүй хүүхдийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох зорилгодоо автаж, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж буй аргадаа мэргэшсэн /ээжийнхээ дансыг байнга ашиглаж/ шинжтэй байгаа зэрэг үйлдлийн шинжийг нь харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх зорилгын хүрээнд зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь тохиромжтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ц-нд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасган, 3 сарын хугацаагаар “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж” шийтгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Б-ийн Ц-нг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ц-нд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ц-нд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.УРАНГУА