| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/03276/И |
| Дугаар | 184/ШШ2019/00561 |
| Огноо | 2019-02-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2019/00561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.О-д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Миний бие хариуцагчтай 2008 онд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхдаа танилцаж, 2009 он хүртэл хамт амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү О.Х төрсөн. Хүүг ой гаруйтай байхад ээж Р.О-тэй Монгол Улсад буцсан. Би БНСУ-д үлдэн үргэлжлүүлэн ажил хийж байгаад 2011 оны 7 дугаар сард Монгол Улсад ирсэн. Р.О-тэй 2012 он хүртэл хамтран амьдарч байгаад зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдрахаар болсон. Хүүгээс тусдаа амьдарснаас хойш 2018 оны 01 дүгээр сард хүүг Р.О харж чадахгүй байна гээд надад авчирч өгсөн. Хүүтэйгээ 2018 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Хүү маань Р.О-тэй хамт амьдарч байх хугацаанд 6 сургууль дамжин суралцсан байх бөгөөд сурлага болон хүмүүжлийн хувьд ихээхэн доголдолтой болсон байна. Энэ талаар 60 дугаар сургуулийн анги удирдсан багш нь тодорхойлолт гаргаж өгсөн. Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь дүгнэлтээ гаргахдаа 1 удаа гэрт, 1 удаа ажил дээр ирсэн. Хэдийгээр хүү маань надаар овоглуулаагүй ч эх Р.О энэ талаар маргаагүй. Иймд хүү О.Х-ийн ирээдүйн хүмүүжил, боловсролыг харгалзан миний асрамжид үлдээн өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь дээд боловсролтой, дунд сургуульд дуу хөгжмийн багш хийдэг. Хүү сурлага, хүмүүжлийн хувьд доголдсон зүйлгүй. Эхлээд 15 дугаар сургуульд сурч байсан. Хариуцагч Р.О-гийн амьдарч байсан байр газарт орж, шинэ байр баригдах гэж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүрэгт нийтийн байранд амьдрах болсон тул 71 дүгээр сургуульд сурах болсон. Дараа нь хариуцагч БНСУ-д 3 сарын хугацаагаар ажил хийхээр явахдаа хүүгээ эцэг дээр нь үлдээж 60 дугаар сургуульд сурсан. Үүний дараа хариуцагч 67 дугаар сургуульд багшлах болсон тул энэ сургуульд оруулсан. 67 дугаар сургууль нь 2 хуваагдсан тул 124 дүгээр сургуульд орсон. Хүү төрсөн цагаасаа эцэг дээрээ байсан 6 сарын хугацааг эс тооцвол эхтэйгээ хамт амьдарч байсан. Мөн төрсөн эгч, түүний 2 хүүтэй ээнэгшин дассан. Нэхэмжлэгчийн хэлж байгаа 60 дугаар сургуулийн багш тодорхойлолтыг Э.Т-ийн хүсэлтээр гаргасан гэдгээ хэлсэн ба баримтыг гаргаж өгсөн. Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн гаргасан шинжээчийн дүгнэлт хүүг эх Р.О-д үлдээх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дүгнэлтэд одоо амьдарч байгаа газраа ээнэгшин дассан, ямар нэгэн хүчирхийлэл дарамт огт ажиглагдаагүй гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Р.О-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2007 оноос хамтын амьдралтай байж, тэдний дундаас 2008 оны 11 дүгээр сарын 13-нд хүү О.Х төрсөн болох талаар талууд маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан тул нэхэмжлэгч Э.Т хүүг өөрийн асрамжид авах шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д заасны дагуу хүүхдийг хэний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзах зүйтэй гэж үзсэн.
Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар тус Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтэд Хариуцагч Р.О нь хүү О.Х-ийг эсэн мэнд, аюулгүй өсгөн бойжуулж, сэтгэл зүйн хэвийн орчин нөхцөлд хүмүүжүүлэн төлөвшүүлэх боломжтой байгаа тул түүний асрамжид үлдээх саналыг гаргаж байна гэсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2018/14303 дугаар захирамжаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтэд Хариуцагч Р.О нь эдийн засгийн хувь болон байр орон сууц, эрхэлж буй ажил төрлийн хувьд нэхэмжлэгчээс давуу боловч хүүхдийг өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх хангалттай цаг зав байхгүй. Мөн өөрийн эрх ашгийг эхэнд тавьдаг, бусдын нөхцөл байдалд анхаардаггүй, хэт хувиа хичээсэн хандлага илэрхийлдаг, хүүхдийг хэт өмчирхөх сонирхол давамгай харуулж байсан зэргийг дүгнэж үзээд шинжээчийн багийн гишүүд Р.О-г О.Х-ийн хууль ёсны асран хамгаалагчаар томилох боломжгүй гэж үзэж байна. Иймээс Э.Т-г хүү О.Х-ийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоовол хүүхдийн эрх зөрчигдөхгүй байж, сэтгэл санааны хувьд тайван амгалан, сурч боловсрох, өсч хөгжих бололцоогор хангаж, орон байр, хувцас санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй эрүүл өв тэгш өсгөн хүмүүжүүлж чадах. . . гэжээ.
Хэдийгээр дахин шинжилгээний баг хүүхдийг эцгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан хэдий ч хүү 10 нас 3 сартай бөгөөд төрсөн цагаас хойш дийлэнх хугацаанд хариуцагч Р.О-гийн асрамжид өсч торниж байгаа, хүү О.Х эхтэйгээ хамт байх санал гаргасан, бага насны хүүхдийн амьдрах орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэх нөхцөл байдлыг харгалзан хүү О.Х-ийг эцэг Э.Т-ийн асрамжид шилжүүлэх үндэслэлгүй байна.
Хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид буй нь эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байгаа хэрэг ба харин эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах үүргийг хуваарилж байгаа явдал биш болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэг эцэг, эх тусдаа амьдарч байгаа хэдий хэн алинд хэвээр хадгалагдана. Нөгөө талаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаа байх эрхтэй бөгөөд эцэг, эхийн хэн ч хүүхдийн энэхүү эрхийг хязгаарлах аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Т-өөс хариуцагч Р.О-д холбогдуулан гаргасан хүү О.Х-ийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН