Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1489

 

 

 

 

 

 

 

       

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ж.Сувданчимэг,   

шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Б.Э /ӨЭҮД-0000/ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, А.Б-д холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А-ийн Б /РД:000000000/,

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Д аймгийн А суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурчин хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Малчин 0-0 тоотод оршин суух, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Д-ийн эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” караокед танил С.Д-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар түүний эзэмшлийн Самсунг А-32 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 650,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс /300,000 төгрөгөөс/ дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн үед ажлаа тараад харьж явтал Баянхошууны тойрог дээр манай хөрш Б надтай таараад юу байна хөгшөөн гэхээр нь би харих гэж байна гэсэн чинь Б ганц юм ууя гээд байхаар нь Б бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба Б архиндаа согтчихоод миний гар утсыг харчихаад ямар гоё гар утастай болчихсон юм, гар утсаа өгч бай гээд байхаар нь өгөхгүй гэсэн... ...Би тухайн үед Б-тэй хамт сууж байгаад унтчихсан хойгуур Б миний гар утсыг хулгайлаад авчихсан байна... гар утасныхаа хохирлыг Б-гээс гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 26-р хуудас/,

-Гэрч Ж.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажил дээрээ буюу Б караокед ажиллаж байсан... 17 цагийн үед намайг ажил дээрээ байхад согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд манайхаар үйлчлүүлсэн ба үйлчлүүлж байхдаа тэр хоёр ширээн дээр унтаад л байсан. Гэхдээ эмэгтэй нь илүү унтаад байсан ба тэр эмэгтэй нь гар утсаа алдчихлаа гээд яваад байсан... 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хяналтын камер байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-17-р хуудас/,

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/015 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг фирмийн А-32 маркийн гар утсыг 650,000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч А.Б-н яллагдагчаар өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед Баянхошууны тойрог дээр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж байтал манай хажуу айлын хөрш Д надтай тухайн үед таараад Д намайг караоке орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэе гэхээр нь Д бид 2 Баянхошууны тойргийн ойролцоо байдаг Б караоке руу орж Д бид 2 архи согтууруулах зүйл хэрэглэж байгаад гараад явсан. Тийм л зүйл болсон...” гэж /хх-ийн 69-70-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/,  депозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54-56-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-46-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч А.Б-н үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу Самсунг А-32 маркийн гар утсыг нь хариу төлбөргүйгээр, нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд хохирогчийн гар утас 650,000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзнэ.

Дээрх үйлдэл болон хохирлын хэмжээ нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Д нь Самсунг А-21S маркийн гар утсаар орлуулан авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч А.Б-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэм буруу дээр маргахгүй байгаа. Самсунг А-21S маркийн гар утсаар орлуулан өгч хохирол барагдуулсан, хохирогчийн зүгээс ямар нэг гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа. Хувийн байдлын хувьд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь хувиараа зам цэвэрлэдэг, өөрөө гагнуур хийж амьдарлаа залгуулдаг. Цаашид эрх зүйн үр дагавар ямар байдаг гэдгийг өөрөө ойлгосон байх гэж найдаж байна. Улсын яллагчийн зүгээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Дээрх хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Гагнуур хийдэг ажилтай учир цахим гав сүлжээгүй болох магадлалтай учир сөргөөр нөлөөлөх болохуйц байна гэв.

 

Шүүгдэгч: Хэлэх зүйл байхгүй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Б-д гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.   

          Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

          Учир нь шүүгдэгч А.Б өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэдий ч зан үйлээ засч хүмүүжээгүй байх төдийгүй тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан /мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдлээ санахгүй талаар мэдүүлж байсан/ зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын үүднээс түүнийг зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна.

          Харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг нь харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч А.Б-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт А-ийн Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА