| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/04073/И |
| Дугаар | 184/ШШ2019/00584 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2019/00584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,293,338 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ө.Б нь М ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 11000002771 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээл авсан боловч зээлийн гэрээний 2.7, 3.3-д заасан үүргээ биелүүлээгүй болно. Хариуцагч Ө.Б-гээс үндсэн төлбөрт 4,744,343 төгрөг, хүүд 1,492,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 56.411,37 төгрөг, нийт 6,293,338 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Ө.Б нь зээл авснаа хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч өөрийн эрүүл мэндийн шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийн дагуу төлж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Иймд зээлийн гэрээний дагуу хүлээх үүргээ гүйцэтгээгүйн үнэн гэв.
Хэргийн оролцогчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ө.Б-ээс үндсэн төлбөрт 4,744,343 төгрөг, хүүд 1,492,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 56.411,37 төгрөг, нийт 6,293,338 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ө.Б нэхэмжлэлийг гардан авч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч хариу тайлбарыг бичгээр гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон, мөн шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч Ө.Б нар нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1100002771 тоот Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-10-12/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн дүн, буцаан төлсөн дүн, үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, журмын талаар талууд маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй нөхцөлд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх маргааныг шийдвэрлэх, улмаар хэрэгт авагдсан баримтыг няцааж чадаагүй гэж үзэхэд хүрдэг.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч өвчин туссан учир гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргахаар заасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн байр суурь гэж үзэх боломжгүй.
Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Ө.Б-ээс зээлийн үндсэн төлбөрт 4,744,434 төгрөг, хүү 1,492,492 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 56,411 төгрөг, нийт 6,293,338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан заасныг баримтлан Ө.Б-ээс 6,293,338 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115,644 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН