| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/1460/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1488 |
| Огноо | 2022-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч: П.Эрдэнэбат,
шүүгдэгч Л.У /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.У д холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Л-ын У /РД:00000000/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0дугаар хороо, Мандал-Овоогийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.У нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Авто сургуулийн урд талын автобусны буудлын орчим иргэн Д.Э-ыг зодож “баруун хацар шанаа, зүүн хацарт зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Л.У нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Авто сургуулийн урд талын автобусны буудлын орчим найз Д.Э-тай замаар гүйлээ гэж хэллээ гэх шалтгааны умаас маргалдаж, улмаар үсдэж цохих зэргээр “баруун хацар шанаа, зүүн хацарт зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед намайг У, Г нарын хамт Сонгинохайрхан дүүргийн буудлын ойролцоо бааранд бүжиглэж, архи, пиво ууж байгаад шөнийн 02 цагийн үед би гараад түрүүлээд авто сургуулийн урд талын автобусны буудлаас такси барих гээд зогсож байтал ардаас У ирээд машины замаар гүйж хүнд гай болох гэж байгаа юм гэж хэлээд миний зүүн гарлуу цохиж, үснээс зулгааж, миний нүүрийг маажаад намайг зодож цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
-Гэрч А.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай найз Л.У агийн төрсөн өдөр болсон юм. Тэр үед би Натул нэртэй хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан ба 19 цагийн үед У а надруу залгаад би найзуудтайгаа төрсөн өдрөө 21 дүгээр хороололд тэмдэглэх гэж байна чи ирнэ биздээ гэхээр нь би эмнэлэгт хэвтэж байна, уулзахаараа хэлээрэй эмнэлгээсээ гараад очьё гэж хэлсэн юм. Тэгээд 20 цагийн үед У , Э нарын хамт уулзаад Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороололд байрлах Sity нэртэй бааранд орж архи, пиво ууж бүжиглэж байгаад миний тарианы цаг болчихоор нь би баарнаас гараад эмнэлэгрүүгээ явсан. Харин бааранд У , Э нар үлдсэн юм. Тэгээд би эмнэлэгт дээрээ байж байтал у надруу залгаад ирж байна уу Э бид хоёр баарнаас гараад явж байна гэж хэлэхээр нь би наанаа байж бай би одоо эмнэлгээсээ гараад очлоо гэж хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих эмнэлгээсээ гараад баарны үүдэнд очтол тэр хоёр байхгүй болохоор нь У аруу залгатал авто сургуулийн автобусны буудлын урд талд байна гэхээр нь би яваад очтол буудал дээр Э , У нар нь хоорондоо маргалдсан байдалтай бие биенийхээ толгойноос нь үсдчихсэн байдалтай байхаар нь очиж салгаад яагаад хоорондоо маргалдаад байгаа юм бэ гэж асуутал У а намайг гичий янханаар минь дуудаад байхаар нь хоорондоо маргалдсан гэж хэлсэн юм. Тэгээд би У аг аваад таксинд суулгаад бид хоёр буудалд хоносон ба Э гэх эмэгтэй буудал дээрээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-гийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“...1. Д.Э ын биед баруун хацар шанаа, зүүн хацарт зулгаралт зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Л.У-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний төрсөн болсон бөгөөд найз Э надруу залгаад "Хаана байгаа юм бэ" гэхээр цамба дээр кино үзээд байж байна гэхэд Э найз нь ээжийндээ юмаа угааж байна, орой уулзах уу төрсөн өдрийг чинь тэмдэглэе гэхээр нь би за тэгье гэж хэлсэн юм. Тэгээд 19 цагийн үед намайг гэртээ байхад Э гэрийн гадаа машинтайгаа ирээд бид хоёр Сонгинохайрхан дүүрэг авто сургуулийн буудлын замын урд талд машинаа байрлуулчихаад бааранд орох гээд байж байтал манай найз Г ирээд бид гурав 20 цагийн үед Sity нэртэй бааранд орж архи, пиво ууж бүжиглэж байх үед би тариагаа хийлгэнэ гэж хэлээд баарнаас гараад явсан харин Э бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 22-наас 23-ныг шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед баарнаас гараад үүдэнд зарж байсан шорлогноос идчихээд бид хоёр Э ын машинлуу авто сургуулийн автобусны буудлын замын хойд талаар нь алхаад байж байтал Э уусан архиндаа согтчихоод 2-3 удаа замруу гүйж ороод байхаар нь би Э ыг боль гэж хэлээд татаж авсан. Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 0дүгээр хороо авто сургуулийн автобусны буудлын замьн урд талд ирэхэд Э намайг чи надад долигноод байна гэхээр нь би яах гэж чамд долигнохов дээ гэхэд Э чи зайл гичий минь гэж хэлээд намайг мангасдаад унагаачихсан юм. Тэгээд би босож ирээд цээж рүү нь түлхсэн чинь миний үснээс Э зулгаагаад байхаар нь би зөрүүлээд Э тай зодолдох болсон. Бид хоёрыг зодолдож байхад найз Г ирээд бид хоёрыг салгахаар нь би буудал руу такси барих санаатай зогсож байтал Э дахин над дээр ирээд дахин бид хоёр хоорондоо зодолдох болсон юм. Тэгээд Г бид хоёр такси бариад явчихсан юм. Харин Э ганцаараа үлдсэн юм...” гэж /хх-ийн 53-54-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 19-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийнн 20-р хуудас/, 2007.01.29-ний өдөр төрсөн хүү У.Занабазарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 21-р хуудас/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 22-р хуудас/, депозит дансны хуулга /хх-ийн 23-35-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.У нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-гийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Э ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Л.У нь хохирогч Д.Э ын эрүүл мэндэд халдаж зүүн гарлуу нь цохиж, үснээс зулгааж, нүүрийг нь маажиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.У-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Э нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /300,000 төгрөг шилжүүлсэн/ байх тул шүүгдэгч Л.У-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Л.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Л.У нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.У-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Л.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл / эх хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.У д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Л.У д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА