| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2018/04228/И |
| Дугаар | 184/ШШ2019/00585 |
| Огноо | 2019-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2019/00585
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Т нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 58,440,998.52 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Б.Т, түүний өмгөөлөгч бөгөөд хариуцагч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Т, Ч.С нар 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 11002625 дугаартай зээлийн гэрээг 18 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээгээр 47,000,000 төгрөгийг сарын 3.9 хувь, жилийн 46.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 3-1 тоотод байрлах, 506 м.кв газар, орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн автомашин, тоног төхөөрөмж буюу хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281, 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан учраас зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Зээлийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн. Зээлдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлээд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүү 13,969,000 төгрөг төлсөн. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд төлбөр төлөхөө больсон. Үндсэн зээлийн 46,771,939 төгрөг, хүү 11,156,619 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 512,439 төгрөг, нийт 58,440,998 төгрөгийг хариуцагч Б.Т, Ч.С нараас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүүг багасгавал төлөх боломжтой гэв. Хариуцагч Ч.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Т-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Т нь нарийн боовны үйл ажиллагааг 10 гаруй жил тасралтгүй явуулсан. Миний үйлчлүүлэгч өмнө нь шүүх цагдаагаар явж байгаагүй. Үйл ажиллагаа тогтвортой явуулах үүднээс зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн хүүг зээлдэгчийн хууль ёсны эрх ашигт илт хохиролтой тогтоосон гэж үзэж байна. Иймд зээлдэгчийн хүн ёсны байдалд болон хүүг хохиролтой тогтоосныг харгалзан хүүг бууруулж өгнө үү гэв. Зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Т . Ч.С нараас зээлийн үндсэн төлбөрт 46,771,939.90 төгрөг, зээлийн хүүд 11,156,619.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 512,439.19 төгрөг, нийт 58,440,998 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боловч зээлийн хүүг зээлдэгч нарын эрх ашигт хохиролтой тогтоогдсон гэх үндэслэлээр бууруулах хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Т, Ч.С нартай 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1100002625 тоот Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч 47,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,9%-ийн хүүтэйгээр зээлдүүлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-7-9/ Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн дүн, буцаан төлсөн дүн, үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, журмын талаар талууд маргаагүй ба харин зээлийн хүү нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой тогтоогдсон эсэх нь маргааны зүйл болжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй нөхцөлд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх маргааныг шийдвэрлэх, улмаар хэрэгт авагдсан баримтыг няцааж чадаагүй гэж үзэхэд хүрдэг. Хариуцагч тал зээлийн хүүг зээлдэгчид илт хохиролтой тогтоогдсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй буюу гэрээний талуудын тэгш эрхийн байдал илтэд алдагдаж, шударга ёсны зарчимд нийцээгүй, зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн хүүгийн талаар санал гаргах, тохиролцох эрхийг ямар нэгэн байдлаар илтэд хязгаарлах замаар өндөр хүүгээр гэрээг байгуулсан гэх нөхцөл хэрэгт авагдаагүй тул шүүх талуудын тохирсон гэрээний нөхцөлийг өөрчилж, хүүг багасгах боломжгүй юм. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч хэн алинаас шаардсан нь хуульд нийцнэ. Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Т, Ч.С нараас зээлийн үндсэн төлбөрт 46,771,939.90 төгрөг, хүүд 11,156,619.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 512,439.19 төгрөг, нийт 58,440,998.52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Т, Ч.С нараас 58,440,998.52 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 450,155 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
| ||
| |