Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 05 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1492

 

 

 

                        

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Б.Ундрах,   

шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С.Б-нд холбогдох эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт С-гийн Б /РД:000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр С аймгийн Е суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 0-р хороо Нүхтийн 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн 2002 оны 01 сарын 11-ний өдрийн 0 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2002 оны 06 сарын 17-ны өдрийн 0 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127-р зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2000 оны 07 сарын 07-ны өдрийн Монгол улсын Өршөөлийн хуулийн 2-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газраас Ц.Г-гийн эзэмшлийн “Redmi 9А” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газраас Ц.Г-гийн эзэмшлийн “Redmi 9А” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Ц.Г-ээс цагдаагийн байгууллагад гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо Хархорин захын хойд талд “Наадмын  хуушуур” цайны газарт гар утас хулгайлсан хүн ороод ирлээ...” гэх гэмт хэргийн талаарх гомдолд, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,

-Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны автобусны буудал дээр байрлах “Наадмын хуушуур” гэх нэртэй цайны газарт...байж байхад 09 цаг 30 минутаас 10 цаг 00 минутын орчимд үл таних кепкэн малгайтай 45-50 насны, эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд тухайн хүн хуушуур өгөөч, би өлсөж үхлээ, бас цай байвал өгөөч гээд гуйгаад байсан, тэгээд тогооч эгч бид 2 за за яах вэ ганц удаадаа үнэгүй хуушуур, цай өгчихье гэж бодоод тухайн хүнд 2 ширхэг хуушуур, 1 аяга цай өгсөн...тэр үед би ард талынхаа өрөөнд ороод салатаа хийж байсан, манай тогооч Оюунтуяа эгч тухайн үл таних хүний өөдөөс хараад хуушуураа хайраад байж байсан. Тухайн үед О эгч тонгойгоод юм аваад буцаад өндийх хооронд тухайн үл таних хүн гараад явсан байсан. Тэгээд би текний хажууд цэнэглэж байсан утсаа хартал миний “Redmi 9А” маркийн гар утас алга болсон байсан...Тэгээд өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байтал...гар утсыг хулгайлаад авч гарсан гэх хүн автобусны буудал дээр зогсож байсан. Тэгээд...би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би тухайн хүний царай болон ярьж байгаа ярианы өнгө мөн явахдаа баруун хөлөө чирч явдаг, мөн тухайн өдөр миний гар утсыг авч явахдаа одоо өмссөн байгаа малгайгаа өмсөж явж байсан...бас гутал өмд нь яг адилхан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

-Гэрч Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г арын өрөөнд ороод салатаа хийж байсан, тэр үед би...хуушуураа хайраад...хуушууртаа тос нэмэх гээд доошоо тонгойгоод тосоо аваад дээшээ босоход тухайн хүн гараад явсан байсан. Тэгээд би Г-т нөгөө хүн чинь гараад явчихлаа гэж хэлэхэд Г текний хажууд цэнэглэж байсан гар утас байхгүй болсон байна гэж хэлсэн...Би тухайн хүнийг хамар, алхаж байгаагаар нь баруун хөл нь доголон, мөн малгайгаар нь, мөн цариа, зүсээр нь таньж байна...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 30 минутаас 10 цаг 00 минутын орчимд манай цайны газарт өөр хүн байгаагүй манай цайны газар дөнгөж онгойгоод байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 726 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Redmi 9А маркийн гар утсыг 360,000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 34-35-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч С.Б-ы яллагдагчаар өгсөн: “...гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. Би тухайн үед буюу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гадуур явж байгаад Баянгол дүүргийн 0 дугаар хороо Хархорин зах орчим зүс таних хүмүүстэй архи ууж байгаад хойшоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадмын хуушуур” гэх газар луу орж хоёр ширхэг хуушуур, нэг аяга цай уугаад гарахдаа хуушуурын газар байсан нэг гар утсыг нууцаар аваад гарсан. Би автобусанд сууж явж байгаад тэр гар утсыг яасан талаар мэдэхгүй байна. Би тэр үед нэг мэдсэн чинь баруун салааны автобусанд сэрсэн...” гэж /хх-ийн 57-58-р хуудас/ мэдүүлж  байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-73-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн /хх-ийн 92-р хуудас/ төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч С.Б-ы үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу Самсунг Redmi 9А маркийн гар утсыг нь хариу төлбөргүйгээр, нууц аргаар, шунахайн сэдэлтээр буюу өөртөө ашиг хонжоо хайх зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд хохирогчийн Redmi 9А маркийн гар утас 360,000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

Иймд хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.Г нь хохирол бүрэн барагдуулсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч С.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэв.

 

Шүүгдэгч: Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б-нд гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.     

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Шүүгдэгч С.Б-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч шүүгдэгч С.Б-нд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг өмнө ял шийтгэгдэж байсан ч өөртөө дүгнэлт хийхгүй дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар үйлдсэн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын үүднээс 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Т С-ийн Б-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-нд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-нд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          6.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА