Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 00014

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийнхуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан баг 2-80 айлын орон сууцны 09 тоотод оршин суух, , Бургууд овогт Жгийн М-жийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, , Р овогтой Эт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 оны 06 сарын 11-ний өдөр Ж.М  , Р.Э нарын хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 3-12 жилийн дунд сургуулийн урд Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрыг 8000000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж төлбөрийг 2009 оны 06 сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулжээ. Дээрх 2500 мкв газрын өмчлөгч нь Б.Б******* байсан боловч 2008 оны 06 сарын 28-ны өдөр нас барж, нас барагч Б.Б*******ийн эхнэр Ж.М  ийн нэрээр 2009 оны 06 сарын 08-ны өдөр өв залгамжлалын эрхийн гэрчилгээ Ш.******* нь хуурамчаар авч улмаар үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаар шүүхийн шийдвэрээр өв залгамжлалын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон бөгөөд Ж.М  ийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж өв залгамжлалын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь шинжээчийн дүгнэлт болон Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.******* нь Б.Б*******ийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-12 жилийн дунд сургуулийн урд,хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500мкв талбай бүхий Г-******* дугаартай газрын гэрчилгээг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилаж хохирогч Ж.М*******ид 13756000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруутайд тооцогдож Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 05 дугаар сард улсын бүртгэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түдгэлзүүлсэн байдаг. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн , хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2009 онд Ховд аймгийн Есүс Христийн сүмд үйлчлэгчийн ажил хийж байхад сүм газар авах шаардлага гарсан. Сүмийн газрыг Солонгос хүний нэр дээр авч болохгүй тул миний гарын үсгээр авсан болно. Тун удалгүй энэ газар орчуулагчийн нэр дээр шилжсэн. Худалдах худалдан авах гэрээг Ховд аймгийн газрын албатай хийгээд хууль дүрмийн дагуу тухайн үеийн эрх бүхий нотариатчин баталгаажуулж, улсын бүртгэлийн газрын эрх бүхий ажилтнаас гэрчилгээгээ аваад бичиг баримт бүх зүйл хуулийн дагуу үйлдэгдсэн учир нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Энэ газар авахад хийсэн бүх гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.М   шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай нөхөр Б*******ийн нэр дээр байсан Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 3-11 жилийн дунд сургуулийн урд Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрыг тухайн үед газрын албаны байцаагч байсан Ш.******* гэрчилгээ солих шалгалт ирсэн нэрийдлээр авч яваад өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Нөхөр маань 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нас барсан ба түүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Өвлөх эрхийн гэрчилгээ хуурамчаар авч худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солонгос иргэний нэрийн өмнөөс П.******* нотариатаар баталгаажуулаад Ш.Түвшинбаяр бусдын нэрийн өмнөөс худалдах худалдан авах гэрээ байгуулж гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байгаа. Гэрээг Ж.М  ийн нэр дээр шилжих эрх нь нээгдээгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон, худалдах худалдан авах гэрээг хууль бусаар хийгдсэн болох нь бүрэн дүүрэн нотлогдож байгаа. Гэрээ хууль бус гэдэг нь нотлогдож Ш.*******ын хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэлцэлийн хувьд 2 шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь нотлогдсон. Өвлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах гэхээр маргаантай байгаа асуудлаар нотариат хийхгүй гэсэн. Захиргааны хэргийн шүүхээр явахаар хууль бус гэрээг үндэслэж бүртгэсэн байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа. Ийм учраас нотариатын үйлдэл хууль бус, эрүүгийн хэрэг үйлдэгдсэн байна гэдгийг эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа учраас хууль бус хэлцэлд тооцож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М   нь хариуцагч Р.Э т холбогдуулан 2009 оны 06 сарын 11-ний өдрийнүл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ховд аймгийн прокурорын газраас яллагдагч Ш.*******ыг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр Хөрс шатахуун түгээх станцын зүүн хойт талд байрлах хохирогч Ж.М  ийн нөхөр /талийгаач/ Д.Б*******ийн өмчлөлийн 2500 м/кв талбай бүхий Г-******* дугаартай газрын гэрчилгээг 2009 оны 04 дүгээр сараас 2009 оны 05 дугаар сарын хооронд газрын гэрчилгээг шалгах шаардлагатай байна хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан Ж.М  ид 13.756.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар Ш.*******ыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ш.*******ад холбогдох эрүүгийн 201521000324 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч П.*******ын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон, Ж.М  , Р.Э нарын хооронд байгуулагдсан 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 2-ын 1, 2-ын 9 дэх хэсэгт зааснаар хүчингүйд тооцсон байна. Дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

Н.М , Р.Э нарын хооронд 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр худалдагч тал Н.М оос худалдан авагч Р.Э ын өмчлөлд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 11 жилийн дунд сургуулийн урд Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 1200 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газрыг шилжүүлэх, худалдагч тал худалдан авагч талд 8000000 төгрөгийг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлж дуусгах Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулжээ.

Дээрх 2500 метр квадрат газрын өмчлөгч Б.Б******* нь 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж зааснаар Б.Б*******ийн хууль ёсны өвлөгч Ж.М  ид 2009 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 11 жилийн дунд сургуулийн урд Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 1200 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газрын өвлөх эрхийн гэрчилгээ олгогдох байжээ.

Гэтэл тухайн үед Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.******* нь нэхэмжлэгч Ж.М  ийн нөхөр /талийгаач/ Д.Б*******ийн өмчлөлийн 2500 м/кв талбай бүхий Г-******* дугаартай газрын гэрчилгээг шалгах шаардлагатай байна хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан авч Ж.М  ийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж Өв залгамжлах эрхийн гэрчилгээ гаргуулж улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч П.******* 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 08 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо Ж.М  ийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэлгүй олгосон, 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ж.М  , Р.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг батлахдаа худалдагч тал болох Ж.М  ийн хүсэл зоригийг нягтлахгүйгээр эзгүйд нь хууль зөрчиж баталсан болох нь тогтоогдож Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаартай шийдвэрээр нотариатын үйлдлүүдийг хүчингүйд тооцсон байх тул талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдлийг хэлэх бөгөөд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор хуульчилжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн..., 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу Н.М , Р.Э нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

Хариуцагч Р.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт болох шүүх хуралдааны товыг хүлээн авлаа. Энэ нь надад ямарч хамааралгүй байгаа тул би шүүх хуралд оролцохгүй, намайг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх ба нэхэмжлэгчээс хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад нотлох баримтанд үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Н.М , Р.Э нарын хооронд 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр худалдагч тал Н.М оос худалдан авагч Р.Э ын өмчлөлд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3 дугаар 11 жилийн дунд сургуулийн урд Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 1200 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газрыг шилжүүлэх, худалдагч тал худалдан авагч талд 8000000 төгрөгийг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлж дуусгах Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Э аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.М ид олгосугай.

               3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.