Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бгийн Цд холбогдох эрүүгийн 2238000000587 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Оын ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.500.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2238000000587 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоосон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.О эзэмшлийн 200 мотортой “Мустанг-5” загварын ягаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Оын өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн Бөгсийн голд гэртээ байж байтал манай аав ******* нь дүү *******ийн хамт миний эзэмшлийн ягаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг унаад 11 цагт яваад өгсөн юм. Маргааш өглөө нь ээж Өлзийсайхан нь утсаар над руу залгаад мотоцикль алга болсон гэхээр нь сумын төв явж ороод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Ээжээс сонсоход бор дээлтэй хүн миний мотоциклийг унаж аавыг гэрт хүргэж өгсөн байсан. Мөн саарал дээлтэй баг зүүсэн залуу хамт явж байсан...Миний алдсан мотоцикль нь 2021 онд үйлдвэрлэгдсэн ягаан өнгийн 200 мотортой Мустанг-5 маркийн мотоцикль байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сард Төмөрбулагийн иргэн Ганболдоос 3.000.000 төгрөгөөр авч байсан. Одоо 2.500.000 төгрөгөөр үнэлнэ...Аавыг хүргэж өгсөн бор дээлтэй хүнийг болон хамт явсан саарал дээлтэй баг өмссөн байсан залууг сэжиглэж байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан мотоциклио эргүүлж авсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23 тал/,

Гэрч Ж.*******гийн өгсөн: “...Өглөөний 8 цагийн орчимд манай хүргэн ах ******* нь над руу утсаар яриад “ах нь урд шөнө Шинэ-Идэр сумын төвд байрлах хашаанаасаа өөрийн эзэмшлийн мотоциклио хулгайд алдчихлаа гээд сураг тавьсан чинь Шивэртийн даваа руу Мөрөн сумын чиглэлд явж байгаа юм шиг байна чи өөдөөс нь тосоод оч” гэхээр нь би гэрээсээ гараад Хилэнтийн гүүр рүү очтол хоёр мотоцикль ирж байхаар нь дөхөөд хартал манай хүргэн ах *******ын мотоцикль мөн байсан. Тэгээд би тэр хүмүүсийг араас нь хөөгөөд Мөрөн сумын 13 дугаар баг руу ороод гүйцэж чадаагүй алдчихсан юм... Манай хүргэн ахын мотоциклийг унаж явсан хүн нь жижгэвтэр биетэй, бор царайтай, бор саарал өнгийн дээлтэй /мөр хэсэгтээ гандаж хуучирсан/, хөх өнгийн бүстэй, нүүрээ хаасан хар өнгийн баг өмссөн эрэгтэй хүн байсан. Харин хамт явсан хүн нь хүрэн өнгийн мотоцикльтой, саарал өнгийн дээлтэй, хар өнгийн саравчин малгайтай хүн байсан... Энэ хоёр хүнийг манай хүргэн ах ******* нь өчигдөр өдөр гэртээ оруулж хоол унд идүүлээд гаргасан гэж надад хэлсэн. Тэгээд тэр хүмүүс манай ахад хэлэхдээ “Завхан аймаг руу самарт явж байгаад буцаад Мөрөн рүү явж байна” гэж хэлсэн гэсэн. Манай хүргэн ах бол тэр хүмүүсийг огт танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-922/4605 дугаартай: “...Мотоциклийн нийт бодит үнэ цэнийг 2.500.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 тал/,

Шүүгдэгч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө Мөрөн сумын 5 дугаар багт байрлах зах дээр очоод 1.000 төгрөгийн мотоцикль зогсдог газраас нэг залууг хөлсөлж аваад Хөвсгөл аймгийн Галт сум орохоор ярьж тохирч явсан. Шинэ-Идэр сумын наад талд явж байхад зам дээр хоёр согтуу хүн унасан хэвтэж байхаар нь би тэр хүний ягаавтар хөх өнгөтэй мотоциклийг нь барьж сундалдаж гэрт нь хүргэж өгсөн. Шинэ-Идэр сум ороод тэндээ нөгөө хөлсөлж явсан мотоциклийн жолоочтойгоо хоолонд орсон чинь хоёр хоёр пиво уугаад, дахиж нэмж архи авч уугаад цаашаа Галт сум руу явсан. Би замдаа согтоод юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг сэрэхэд ганцаараа Шинэ-Идэр сумын цаад талын хамар дээр хэвтэж байсан. Нөгөө хөлсөлж явсан мотоцикльтой залуу байхгүй байсан. Тэгэхэд орой нэлээн харанхуй болсон байсан. Би буцаж алхаад нөгөө өдөр хүргэж өгсөн ахынд яваад очиход мотоцикль нь яг миний өдөр хүргэж өгөхдөө гэрийнх нь гадаа тавьсан чигээрээ байхаар нь унаж яваад Мөрөн сум руу орж ирээд 1 дүгээр багт байх хашаандаа аваачсан. Тэгээд хэд хоногийн дараа Шинэ-Идэр сумын хэсгийн төлөөлөгч Баасанцэрэн гэдэг хүн надтай уулзаад мотоциклийн талаар асуухаар нь болсон учир байдлаа хэлээд мотоциклийг нь буцааж өгч, тэр хүмүүсээс уучлалт гуйсан. Би тэр хөлсөлж явсан хүндээ анхандаа зардлаа тохироод мөнгө төгрөгийг нь өгчихсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Оын мэдүүлэг, гэрч Ж.*******гийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-922/4605 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мөрдөн шалган ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.О эзэмшлийн 200 мотортой “Мустанг-5” загварын ягаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Цийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Б.Цийн үйлдэл идэвхтэй, мотоциклийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.О эзэмшлийн 200 мотортой “Мустанг-5” загварын ягаан өнгийн мотоциклийг хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.От 2.500.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-922/4605 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мустанг-5 загварын мотоциклийг биет байдлаар хүлээн авсан, хохирогч Т.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 23 тал/ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Цийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ц нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Цийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Цийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 49-57 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 43-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Цийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-д ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-д эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Бгийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн Цийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-д эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН