Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0612

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0612

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Т

Хариуцагч: ШӨХТГ

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа, нэхэмжлэгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Ц.Ө, гэрч Ц.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ц.Т миний бие Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар "Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар"-т анх байгуулагдсан 2005 оноос бүхий л нэгжид мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, нэгжийн даргын үүрэг гүйцэтгэгч, нэгжийн даргаас эхлэн Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар шатлан дэвших зарчмаар тогтвортойгоор нийт 15 жил, төрд нийтдээ 19 дэх жилдээ ажиллаж байсан болно. Гэвч тус агентлагийн дарга солигдож, шинээр томилогдсон Б.Б******* нь миний биеийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, орон тооны зөвлөх гэсэн албан тушаал шинээр бий болгон томилсон ч 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ****дугаартай тушаал гарган мөн зөвлөхийн ажлаас ч чөлөөлсөн шийдвэрийг гаргасан болно.

Төрийн албаны зөвлөлд урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар сэргээн шалгуулахаар хандахад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ****дугаартай албан бичгээр хууль бус чөлөөлөлт, томилгоог өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Шүүхийн байгууллагад хандах эрхтэй болохыг Танд зөвлөе гэхчлэн хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн атал тодорхой бус байдлаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хянан шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг Шударга шүүх Танаа гаргаж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон Б.Б******* нь томилогдож ирээд ердөө 3 хоногийн дараа "өөрийн тань эрхэлж байгаа Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд томилогдох хүнийг яаралтай томилох шаардлагатай байна. Иймд орон тооны зөвлөхөөр ажилла гэсэн зүйлийг анх ярихад нь "ажлаа өгмөөргүй байна, зөвлөхийн ажлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн.

Гэсэн ч тухайн дарга томилогдон ирснээс 7 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тус шийдвэрийг хүсэл зоригийг минь үл харгалзан гаргаж, ШӨХТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүрэгт ажлаас Төрийн албаны тухай хууль, журмыг зөрчиж чөлөөлсөн болно.

Тухайн үед орон нутгийн сонгуулиар Нийслэлийн дүүргийн тойргийн хорооны гишүүнээр томилогдон ажиллаж байсан ба хэсэг хугацааны дараа дуудан "хуулийн төсөл боловсруулахад санхүүжилт олж ир, улсын ахлах байцаагч нь хэвээр байгаа юм чинь шалгалтаар яв, зөвлөхийн ажлыг хийхгүй бол хариуцлага тооцно, эсвэл зөвлөхийн ажлыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гарч болно гэхчлэн ажлын байрны тодорхойлолтгүй, тодорхой бус хуульд нийцээгүй ажил үүрэг хэрэгжүүлэхийг шаардах зэргээр шахалт дарамт учруулж, маргасаар байх явцад улмаар 2020 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн ****дугаартай тушаал гарган зөвлөхийн ажлаас ч чөлөөлсөн нь анхнаасаа төлөвлөсөн, хууран мэхэлсэн, гомдол нэхэмжлэл гаргах хугацааг алдуулах гэсэн, төөрөгдүүлсэн харилцан холбоотой зориудын үйлдлүүд байсан гэж үзэж байна.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаал нь дараахь хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно." гэж, 49 дүгээр зүйлийн 49.2- д Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт "Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн,

Мөн үед Нийслэлийн сонгуулийн хорооны Чингэлтэй дүүргийн тойргийн хорооны гишүүнээр ажиллаж байсан ба Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 19.17-д "Сонгуулийн хорооны ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно. гэж заасныг зөрчсөн,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ****дугаартай тушаалуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан", 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасныг зөрчсөн,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаалд миний биеийг тус агентлагийн Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлөх талаар Төрийн албаны тухай хуулийн холбогдох ямар нэгэн хууль зүйн үндэслэл дурдаагүй, ямар шалтгаанаар чөлөөлж байгаа нь тодорхойгүй байдлаар буюу Төрийн албаны тухай хуульд заасан журмыг илт зөрчсөн хууль бус акт гаргасан болно.

Өнөөдрийг хүртэл аль ч тохиолдолд ажил хүлээлцүүлэх ажиллагаа хийгдээгүй, яагаад тухайн шийдвэрүүдийг гаргах болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байх зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байна

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 103 дугаартай тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүтцийг баталсан тус бүтцэд болон мөн агентлагийн даргын 2019 оны А/45 дугаартай тушаалаар баталсан албан тушаалын жагсаалт, Төрийн албаны зөвлөлөөс хянан баталгаажуулсан албан тушаалын тодорхойлолтоор орон тооны зөвлөх гэсэн бүтэц, орон тоо байхгүй байхад хууль зөрчин чөлөөлж, томилсон байдаг. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаал нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн тухайд:

Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдэж, шинэ Засгийн газар байгуулагдсан хугацаанд Засгийн газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлыг эрчимжүүлэх, сайжруулах зорилгоор 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 66 дугаар тогтоолоор одоогийн агентлагийн дарга Б.Бат-Эрдэнийг шинээр томилон ажиллуулж байна.

Агентлагийн шинэ удирдлага томилогдон ирэхэд тухайн үед Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ц.Т нь өөр албан тушаалд дэвшин ажиллах саналтай байгаа тухай агентлагийн даргад танилцуулж, тэр ажилдаа томилогдох хүртэл зөвлөхөөр ажиллаж байх санал, хүсэлтийг агентлагийн даргад танилцуулсан байдаг. Иймээс саналыг хүлээн авч орон тооны гишүүнээр томилогдон ирэх хүртэл хугацаанд бэлэн байдлын онцгой нөхцөлд ажиллаж байгаа цаг үед Ц.Т-ийн тус агентлагт олон жил ажилласан, дадлага туршлагатай байдлыг харгалзан, өөрийнх нь саналыг үндэслэн агентлагийн удирдлагыг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах орон тооны зөвлөхөөр томилсон. Ингэж томилохдоо Ц.Т-ийн  эрх зүйн байдал, цалин хөлсийг дордуулахгүй, өмнөх албан тушаалын цалин хөлсийг хэвээр олгосон.

Энэ хугацаанд Ц.Т-д орон тооны зөвлөхөөр томилогдсон хугацаанд албан тушаалын 3.250.491 /гурван сая хоёр зуун тавин мянга дөрвөн зуун ерэн нэгэн/ төгрөгийн үндсэн цалин хөлс нэмэгдэл цалинг тооцон олгосон байна. Агентлагийн удирдлагын зүгээс Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан эрхлэх асуудлын хүрээнд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх хэсэгт заасны дагуу агентлагийн орон тоо, цалингийн дээд хязгаарыг хэтрүүлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжид нийцүүлэн энэхүү томилгоог хийсэн болно.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх тухайд агентлагийн удирдлагын зүгээс Ц.Т-д ямар нэгэн баталгаа, хуурамч тодорхойлолт гаргаж өгөөгүй болно. Харин Ц.Т өөрөө агентлагийн удирдлагад өрсөлдөөний хуулийн 17.2-т заасныг үндэслэн Засгийн газрын тогтоолоор тус агентлагийн орон тооны гишүүнийг томилдог. Одоо ажиллаж буй орон тооны гишүүдийн хугацаа дуусгавар болоход би орон тооны гишүүнээр томилогдон ирэх юм. Иймд Засгийн газраас гарах тогтоол шийдвэр албажин иртэл намайг тус газрын орон тооны зөвлөхөөр томилж өгнө үү гэдэг саналыг тавьсан. Энэхүү хүсэлтээ бичгээр үйлдэж агентлагийн даргад танилцуулсан боловч агентлагийн хүний нөөцийн мэргэжилтэнд өгөлгүй хууран мэхэлж өнөөдрийн энэ байдалд хүрээд байна. Энэ нь Ц.Т-ийг тухайн үед ажил, албан тушаалаа ашиглан ажлын байрны дарамт үзүүлж байсан гэж үзэхээр байна.

Ц.Т-д 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 21- ний өдрийг хүртэл ажлын 15 хоног 2020 оны ээлжийн амралтын биеэр эдлэх дутуу хоногийг гүйцээж амрах болон нийслэлийн Чингэлтэй дүүргийн сонгуулийн тойргийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дугаартай албан бичгийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Чингэлтэй дүүргийн тойргийн хорооны гишүүнээр ажиллах нөхцөлийг тус тус бүрдүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлд дурдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17 дахь заалтыг зөрчсөн гэх гомдол нь үндэслэлгүй болно.

Агентлагийн удирдлагын зүгээс Ц.Т-ийн гаргасан саналыг хүлээн аваад гаргаж буй шийдвэрийг Ц.Т-д тухай бүр биечлэн танилцуулж, харилцан ярилцаж, зөвшилцөж байсан.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасан биечлэн уулзаж аливаа шийдвэр, нөхцөл байдлыг танилцуулж байсан бөгөөд анх өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу харилцан ярилцаж албан тушаалыг өөрчлөх шийдвэр гаргасан. Харин Ц.Т-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйлдэл гаргаагүй болно.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар тушаалын дагуу Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах-ыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон.

Энэхүү үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нийт албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнчээр, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй, үнийн хөөрөгдөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхээр уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн бөгөөд бэлэн байдлын зэрэглэлийг бууруулсан өнөөдрийн нөхцөлд ч гэсэн дээрх цагийн хуваариар шуурхай ажлын хэсэг ажиллаж байна. Гэтэл Ц.Т нь Сувилахуй өрхийн эмнэлгийн магадалгааг зураг хэлбэрээр хүний нөөцийн мэргэжилтэнд хувийн цахим хаягаар явуулж, агентлагийн даргын баталсан хуваарийн дагуу хяналт шалгалтын ажилд гараагүй бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй тухай хүсэлтийг агентлагийн даргад гаргасан юм. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****дугаар тушаалаар Ц.Т-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн нэг сарын цалин /гарт олгосон нь 1.015.353 төгрөг/-тай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож үүрэгт ажлаас нь түр чөлөөлөх шийдвэрийг гаргасан болно.

Тухайн үед Ц.Т зөвлөхөөр ажиллах хүсэлт бичиж агентлагийн даргад танилцуулсан боловч хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өгөөгүй мөн Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаа ашиглан тушаал гарсан өдөр өөрийн хувийн хэрэг, холбогдох бусад материалыг хүний нөөцийн мэргэжилтнээс тодорхойгүй шалтгаанаар авсан байдаг. Мөн агентлагийн даргын 2020 оны Б/87 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, хүний нөөцийн мэргэжилтний тусгасан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтуудыг тушаалын төслөөс санаатайгаар хасуулан, төслийг хянаж батлуулсан байдаг. Ц.Т  нь тухайн үед Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ санаатайгаар биелүүлээгүй, албан тушаалаа ашиглан өөрт ашигтай байдлыг бий болгосон гэж үзэж байна. Энэ асуудлаар агентлагийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Хүний эрхийн Үндэсний Комисст хүсэлт гаргасан байгаа.

Ц.Т нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр орон тооны зөвлөхөөр томилуулах хүсэлт гаргаж, шийдвэрлүүлснээс хойш агентлагийн үйл ажиллагаа, хяналт шалгалт бусад арга хэмжээнд ямарваа хэлбэрээр оролцоогүй байдаг. Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1272 дугаар албан бичгийн дагуу байгууллагын нууцын ажилтны холбогдох баримт бичиг, тэмдэг зэргийг хүлээлцсэн. Мөн Ц.Т нь ажлаас чөлөөлөгдөөгүй, өөрийн хүсэлтээр орон тооны зөвлөхийн ажилд томилогдсон тул Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалыг гүйцэтгэж байх хугацаанд ашиглаж байсан эд хогшил, компьютер, тоног төхөөрөмжийг үргэлжлүүлэн ашиглаж байсан болно.

Ц.Т-ийн хувьд олон жил төрийн албанд ажиллаж байсан тэр тусмаа удирдах албан тушаал хашиж байсан хариуцлагатай албан тушаалтны хувьд төрийн албаны захирах, захирагдах ёсыг баримтлах зарчим, төрийн албан хаагчийн үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина гэсэн ёс зүйн хэм хэмжээг мөрдөөгүй гэж үзэж байна.

Хэрвээ Ц.Т 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа бол тухайн үедээ гомдол гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Ц.Т нь уг албан тушаалд харилцан тохиролцож ажилласан болох нь тухайн үедээ гомдол гаргаагүй, мөн ажлаа хийж, цалингаа авч байсан үйлдлээр нотлогдож байна. Түүнчлэн Захиргааны Ерөнхий хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэж байна.

Иймд Ц.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ц.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж эцсийн байдлаар, албан ёсоор тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Т-ийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/87 дугаар тушаалын 1 дэх заалтаар тус газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, улсын ахлах байцаагч Ц.Т-ийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг тушаалын 2 дахь заалтаар Ц.Т-ийг тус газрын Орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагчийн албан тушаалд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчих, ... хориглоно., 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно., 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно., 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:, 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх; гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд төрийн албанаас халах, чөлөөлөхөөр зохицуулсан бөгөөд бусад тохиолдолд халах, чөлөөлөхийг хориглосон, төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй баталгаагаар хангагдсан, төрийн албан хаагчийг томилох асуудлаар хууль тогтоомж зөрчихийг хориглосон байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж, өөр албан тушаалд томилох хуульд заасан үндэслэл үүсээгүй болох нь тогтоогдож байх ба Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаал нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно... гэж заасан ба энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ц.Т-ийг сэлгэн ажиллуулах үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална. 23.4-д Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудад үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Aлбан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам -ыг баталсан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Шадар сайдын 2016 оны 103 дугаартай тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бүтцийг баталсан тус бүтцэд болон мөн агентлагийн даргын 2019 оны А/45 дугаартай тушаалаар баталсан албан тушаалын жагсаалт, Төрийн албаны зөвлөлөөс хянан баталгаажуулсан албан тушаалын тодорхойлолтоор орон тооны зөвлөх гэсэн бүтэц, орон тоо байхгүй байхад хууль зөрчин чөлөөлж, томилсон байдаг гэж нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч нь дээрх Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтууд болон Aлбан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын дагуу тус газрын Орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан, уг албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авч, баталгаажуулсны дараа орон тооны зөвлөх, улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох нь хуульд нийцнэ.

Мөн маргаан бүхий захиргааны акт болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны Б/87 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:, 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;, 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасантай нийцээгүй байна.

Учир нь маргаан бүхий Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалд нэхэмжлэгчийг яагаад, ямар бодит нөхцөл, шалтгаанаар Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд томилох болсон үндэслэлийг заагаагүй, мөн ямар хууль зүйн үндэслэлээр тус албан тушаалаас чөлөөлөх болсныг заагаагүй буюу тус асуудалд хамаарах холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул энэхүү Б/87 дугаар тушаал нь хуульд нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан ба нэхэмжлэгч нь тус үндэслэлээр маргаан бүхий 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлдээ тайлбарласан байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг зөвхөн хуульд заасан үндэслэл үүссэн нөхцөлд л төрийн албанаас халах, чөлөөлөхөөр хуульд заасан, бусад тохиолдолд халах, чөлөөлөхийг хуулиар хориглосон талаар дээр тайлбарласан ба нэхэмжлэгчийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, өөр албан тушаалд томилох буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, үүсээгүй байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 -д заасан үндэслэл бий болсон байна гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд ...Ц.Т нь өөрөө орон тооны зөвлөхөөр томилогдон ажиллах хүсэлт гаргасан, энэхүү хүсэлтээ бичгээр үйлдэж агентлагийн даргад танилцуулсан боловч агентлагийн хүний нөөцийн мэргэжилтэнд өгөлгүй хууран мэхэлж өнөөдрийн энэ байдалд хүрээд байна гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч Ц.Т  нь өөрөө хүсэлт гаргасан нөхцөл байдал шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ... ... Мөн агентлагийн даргын 2020 оны Б/87 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж, хүний нөөцийн мэргэжилтний тусгасан Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалтуудыг тушаалын төслөөс санаатайгаар хасуулан, төслийг хянаж батлуулсан байдаг. Ц.Т нь тухайн үед Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ санаатайгаар биелүүлээгүй, албан тушаалаа ашиглан өөрт ашигтай байдлыг бий болгосон гэж үзэж байна. ... гэж тайлбарласан байх боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/87 дугаар тушаалд тус газрын даргын гарын үсэг зурагдаж, тус газрын тамга дарагдсан, захиргааны акт гаргах эрх хэмжээ олгогдсон албан тушаалтан уг актаа хянан, баталгаажуулж, уг актаас үүсэх үр дагаврыг хариуцах үүрэгтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Энд тэмдэглэхэд, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалын нэр шинэ бүтцээр Тамгын газрын дарга болж өөрчлөгдсөн болох нь Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/106 дугаар тушаалаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тус газрын Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Т-ийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/87 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны Б/87 дугаар тушаал гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцож 17,227,272.25 /арван долоон сая, хоёр зуун хорин долоон мянга, хоёр зуун далан хоёр/- төгрөгийг олгож, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Жич: 2020 оны цалингийн картаас үзэхэд 2020 оны 08 дугаар сарын цалин хөлс бүрэн бичигдсэн байх тул 2020 оны 08 дугаар сарын сүүлийн 2 ажлын өдрийн цалинг шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй ба 2020 оны 9, 10, 11 дүгээр сард авсан цалин хөлсийг хасаж тооцож, 2020 оны 12 дугаар сараас эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаагаар цалин хөлсийг тооцсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Т-ийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/87 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Ц.Т-ийг  урьд эрхэлж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,227,272.25 /арван долоон сая, хоёр зуун хорин долоон мянга, хоёр зуун далан хоёр/-төгрөгийг Ц.Т-д  олгож, түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ