Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2024/0650

 

Б.М-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 11/А0270182 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 618 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М, өмгөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0427/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М-аас Нийслэл дэх Төрийн аудитын газар, тус аудитын газрын Санхүү-Нийцлийн хэлтсийн дарга, аудитын менежер З.М, С.Г, аудитор Э.У нарт холбогдуулан “Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 11/А0270182 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 618 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-ны “Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 11/А0270182 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...хариуцагч нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 11/А0270182 тоот актыг гаргасан байна” гэжээ.

а/ Төрийн Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ”, 2 дахь хэсэгт “Шалгагдагч этгээд аудитын тайлангийн төсөлд өгөх саналаа 10 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар гомдол гаргах боломжийг олгоно” гэж тус тус хуульчилсан байна.

б/ Энэхүү хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/106 дугаар тушаалаар “Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журам”-ыг хавсралтаар баталсан.

Тус тушаалын хавсралтын 4 дүгээр зүйлд “Аудиторын эрх, үүрэг”-ийг зохицуулсан бөгөөд 4.1-д “Аудитын баг нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 4.2-т аудит хийх аудиторын үүргийг нарийвчлан зохицуулсан ба 4.2.1-д “үйл ажиллагаандаа хууль тогтоомж, албан хаагчийн ёс зүйн дүрэм аудитын ажиллагаандаа горим, стандартыг мөрдөх, 4.2.8-д Аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулах, илэрсэн асуудлын бүртгэлийг шалгагдагч байгууллагад танилцуулан, тайлбар тодруулга авах зөвлөмж өгөх”, 5 дугаар зүйлд “Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан ба 5.4-д “Шалгагдагч этгээд нь Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төсөлтэй танилцах санал өгөх эрхтэй” гэж заасан тул үүрэг болгосон зохицуулалтыг заавал биелүүлэх шинжтэй ба эрх олгосон зохицуулалтын дагуу хууль ёсны эрхийг нь олгож, зөрчихгүй байхыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах ёстой.

Мөн журмын 8 дугаар зүйлд Нотлох зүйлийг цуглуулах, үнэлэх, 9 дүгээр  зүйлд “Аман нотлох зүйл-ийн талаар зохицуулсан байхад эдгээр зүйлд заасны дагуу аудит хийгээгүй юм.

17 дугаар зүйлд Аудитыг гүйцэтгэх” талаар тусгасан бөгөөд 17.1-д “Аудитыг гүйцэтгэж эхлэхийн өмнө шалгагдагч этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулан аудитын нээлтийн хурал хийж, аудитын төлөвлөгөөг танилцуулна”, 17.5-д Аудитын гүйцэтгэлийн үе шатны төгсгөлд аудитын баг  аудитын урьдчилсан дүнг бодитой эсэхийг бататгах зорилгоор энэ талаар шалгагдагч этгээдэд мэдэгдэж уулзалт, хэлэлцүүлэг хийнэ, 18 дугаар зүйлд “Аудитыг тайлагнах” талаар зохицуулсан ба 18.7-д “Аудитын баг гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд танилцуулахаас гадна өөрт хамаарал бүхий хэсэгтэй танилцах боломжийг аудитад хамрагдагч этгээдэд олгож, нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ.

в/. Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2-т “...шийдлийг аудитын алдаа, зөрчлийн нэгтгэлээр шалгагдагч  этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулна”, 5.1-д Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж баталгаажуулна, 5.3-д Энэ журмын 4.2-т заасан шийдлийг тухайн аудитын тайланг баталгаажуулахаас өмнө эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан.

г/. Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Аудитын баг эсхүл аудитор гүйцэтгэсэн ажлын баримтад тэмдэглэл хөтөлж дүгнэлтээ баримтжуулна” гэж тус тус аудит хийхэд баримтлах үйл ажиллагааны журмын хуульд нийцүүлэн мөрдлөг болгосон байх тул эдгээрийг дагаж мөрдөөгүй тохиолдол бүр нь хууль, эрх зүйн акт зөрчсөнд тооцогдох байтал шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

3.2. Мөн шүүхийн шийдвэрт “...сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэл нь захиргааны актыг илт хууль бус захиргааны актад тооцох хэмжээний үндэслэл болохгүй... гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд Оролцогчийг сонсох талаар хуульчилсан ба 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох  ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлд “Сонсох ажиллагааг явуулах” талаар заасан ба 27.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль  ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хэрхэн хүргүүлэх, 27.3 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд тусгах мэдээллийг, 27.4 дэх хэсэгт “Сонсох  ажиллагааг явуулах арга хэлбэр” зэргийг дэлгэрэнгүй хуульчилсан байна.

Гэтэл хуулиар тусгайлан зохицуулж, түүнд нийцүүлэн гаргасан үйл ажиллагаандаа баримтлан ажиллах журмыг Нийслэл дэх төрийн аудитын газар тус тус зөрчиж аудит хийсэн байхад шүүх “...илт хууль бус захиргааны актад тооцох хэмжээний үндэслэл болохгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх зарчим, хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 11/A0270182 дугаар актад илт хууль бус захиргааны актын шинжүүд тогтоогдохгүй байна” гэжээ.

a/. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай Нийслэл дэх Төрийн аудитын газрын 11/А0270182 дугаартай Төлбөр барагдуулах тухай актад холбогдох албан тушаалтнаар нь төлүүлж гэснийг хариу тайлбартаа “...шалгагдагч байгууллагад зөрчлийг хариуцуулж...” гэж янз янзаар тайлбарлаж байгууллага болон тодорхой албан тушаалтанд чиглэсэн эсэх нь тодорхой бус байдлыг бий болгоод буй юм.

Мөн Нийслэл дэх Төрийн аудитын газар хариу тайлбартаа “...Б.М нь тус төлбөрийн актыг төлөх нь тодорхойгүй байсан тул сонсох ажиллагаа явуулаагүй болно” гэсэн нь боловч тухайн акт нэхэмжлэгчид үр дагавар үүсгээгүй гэх боловч М.Н, Б.М нар төлнө гэж утга агуулгын илэрхий алдаа үүсгэж байна.

Тодруулбал маргаан бүхий акт нь хэнд ч ойлгомжтой салаа утгагүй байх атал хариуцагч тал хэн төлөх нь тодорхой бус байснаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх дүгнэлтдээ хэн хариуцах, хэрхэн биелүүлэхийг тодорхой заасан гэж өөр өөрөөр ойлгож байгаа нь тус хуулийг зөрчсөн болохыг харуулж байна.

б/. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус тухайд: Тухайн актыг хэн гүйцэтгэх талаар тодорхой тусгаагүй нь хариуцагч байгууллагын зүгээс Б.М төлнө, М.Н, Б.М нарт хамааралтай, байгууллагад нь хамааралтай, төрийг хохиролгүй болгосон гэж өөр өөрөөр тайлбарлах нөхцөл байдлыг үүсгэж байгаагаар харагдаж байна.

в/. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тухайд:

Хариуцагчийн үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.1-д “Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө” гэж заасан ба Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-д улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох, 51.2-т “...51.1.4-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална гэсний дагуу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын 218 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх” журмыг баталж төрийн албан хаагчид улирлаар бус хагас, бүтэн жилээр мөнгөн урамшуулал олгоход баримталдаг журам юм.

Энэхүү журмыг хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд Нийслэлийн Байгаль орчны газар болон бусад хагас бүтэн жилийн ажлын үр дүнгээр дүгнэдэг бүх байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог байсан ба Төрийн аудитын газар төлбөр барагдуулах талаар тэдэнд акт тавьсан тохиолдог байхгүй нь улирлаар олгох журам баримтлан хагас, бүтэн жилээр ажлын үр дүнгээ дүгнэдэг байгууллагад аудит хийсэн нь эрх зүйн үндэслэл байгаагүйг нотолж байна.

г/. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тухайд:

Нийслэл дэх Төрийн аудитын газар нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх хэсгийг зөрчиж захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус байдлаас шалтгаалан хариуцагч тал хариу тайлбартаа тус  актыг байгууллагад холбогдуулан гаргасан, байгууллага нь яаж барагдуулах нь  нээлттэй, шалгагдагч байгууллагад зөрчлийг хариуцуулсан, Б.М төлөх нь тодорхойгүй байсан гэж бодит байдалд биелүүлэх боломжгүй акт гаргасан нь нотлогддог бөгөөд шүүхийн дүгнэлт ч бас ойлгомжгүй байдал үүсгэсэн юм.

3.4. Шүүx шийдвэртээ “...хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд илүү олгосон урамшууллыг Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчдын цалингаас буцаан суутгаж авсан байх тул улсыг хохироосон зүйл байхгүй улсыг хохиролгүй болгосон гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”. Гэтэл шүүх нотлох баримтгүйгээр хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийсэн төдийгүй шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн тайлбар гэж зохигчдыг буруу тодорхойлсон нь үндэслэлгүй /хариуцагчийн тайлбар шүүх хуралдааны тэмдэглэл 6.13.15 дахь талд бий/ төр хохиролгүй болсон, нэхэмжлэгчид хамааралгүй юм бол Нийслэлийн Байгаль орчны газар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.М-д холбогдуулан тус актаар тогтоосон төлбөрийг нэхэмжлэхгүй юм.

3.5. Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлахдаа “нэхэмжлэгчид үр дагавар үүсээгүй” байна /хариуцагчийн тайлбараа буцаагаад суутгасан, төсвийн тодотгол хийгээд суутгах боломжтой байна/ гэж танилцуулсан боловч гардуулсан шийдвэртээ дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг заасан Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана”, 108.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болно.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй, итгэмжлэл олгох эрх бүхий этгээд биш байсан тул хариуцагч тал ...итгэмжлэлээ шаардлага хангаснаар одоо гаргаж өгнө...” гэж тайлбарласан боловч шүүх хуралдааны явцад итгэмжлэлээ гаргаж өгөөгүй, төлөөлөх эрхгүйгээр шүүх хуралдаанд оролцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө” гэж заасныг зөрчсөн юм.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4,121.3.2, 121.3.5 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө уу” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүү-Нийцлийн хэлтсийн дарга, аудитын менежер З.М, С.Г, аудитор Э.У нарын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11/А0270182 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар “Газрын даргын 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн 5 818 299.00 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.4.1, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох” журмын 2.2-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэн Нийслэлийн Байгаль орчны газрын зөрүүтэй олгосон урамшуулал 5 818 229.00 төгрөгийг холбогдох албан тушаалтнаар төлүүлэн Нийслэлийн Төрийн сангийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, актын биелэлтийг Нийслэлийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Э, нягтлан бодогч Х.Б нарт хариуцуулжээ.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч “... актад газрын даргын 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн 5 818 229 төгрөгийг олгосон гэж үзсэн. Нийслэлийн Байгаль орчны гарын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “2022 оны эхний хагас жилийн ажил дүгнэж, урамшуулал олгох тухай” А/101 дүгээр тушаал батлагдан гарахад миний бие тухайн байгууллагад ажилд ороогүй байсан. Харин 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “2022 оны жилийн эцсийн ажил дүгнэж, уг урамшуулал олгох тухай” А/154 дүгээр тушаал батлагдан гарахад миний бие Нийслэлийн Байгаль орчны газрын даргыг томилогдох хүртэлх хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ... Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитын баг аудитын алдаа, зөрчлийг үнэлж төлбөрийн акт тогтоохдоо ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа надтай уулзалт, ярилцлага хийж тэмдэглэл хөтлөөгүй, захиргааны акт гарахын өмнө сонсох ажиллагаа болон тайлбар санал гаргах боломжийг нэг ч удаа хангаагүй, мөн төлбөрийг барагдуулах этгээдийг тод тодорхойлоогүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт болсон” гэж тайлбарлан “Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 11/А0270182 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2.3. Анхан шатны шүүх “... хариуцагч нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий “Төлбөр барагдуулах тухай” 11/А0270182 тоот актыг гаргасан, ... маргаан бүхий захиргааны актаас үзэхэд, утга найруулгын илэрхий алдаатай үндэслэл тогтоогдсонгүй, ... мөн маргаан бүхий ... актад ... төгрөгийг холбогдох албан тушаалтнаар төлүүлж, актын биелэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт ирүүлэхийг Байгаль орчны газрын дарга болон нягтлан бодогч нарт хариуцуулав гэж хэн хариуцах, хэрхэн биелүүлэхийг тодорхой заасан...” талаар үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.4. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.М нь Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг зөрчиж, хэтрүүлэн мөнгөн урамшуулал олгосон болох нь нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд зөрүүтэй олгосон урамшууллыг ийнхүү төлүүлэхээр акт тогтоосон нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасантай нийцжээ.

2.5. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн “Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 11/А0270182 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч Нийслэл дэх Төрийн аудитын газар, тус газрын Санхүү-Нийцлийн хэлтсийн дарга, аудитын менежер З.М, С.Г, аудитор Э.У нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байгаа энэ тохиолдолд Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын хэлтсийн даргаас аудитын менежер С.Г, аудитор Э.У, хуульч шинжээч А.Б нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсныг итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж шууд буруутгах буюу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хариуцагч Э.У-ийн хувьд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд гадаад улсад албан томилолтоор ажиллах болсон нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримтуудаар тогтоогдож байх боловч бусад хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хурал хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 618 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 6.3.3 гэсний дараа 21 дүгээр зүйлийн 21.2” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН