Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 233

 

 

Д.О, О.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02942 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О, О.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-д холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.О, О.С нараас 25 911 822 төгрөг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч М.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр О.С, Д.О нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Москва хороолол 14070 москвагийн гудамжны 143 байр 81 тоот Ү-2201024457 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх гэж ирэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу Д.О, О.С нарын өмчлөлийн орон байрт нэвтрэхдээ гэрч оролцуулаагүй. Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд О.С болон Д.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн оршин байх хаяг нь биш байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэттэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх тогтоол хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна. Энэ нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрт тусгаагүй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр Д.О, О.С нараас 26 199 331 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.О, О.С нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 143 дугаар байрны 81 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024457 дугаарт бүртгэлтэй 34.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Д.О-ийг байлцуулан 136/06 тоот тогтоолоор битүүмжилсэн. Иймд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хууль зөрчөөгүй явагдсан байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороог 2011 онос Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо болгон нэршлийг өөрчилсөн нь нотлох баримтаар тогтоогдоод байна. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Д.О, Д.С нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/03 дугаартай "Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол"-ыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч НШГА-аас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...НШГА-ы 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг мөн шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа хийснийг тогтоох байсан. Гэвч шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажилллагааг тогтоосонгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.О, О.С нар хариуцагч НШГА-д холбогдуулан НШГА-ны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1569 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/01321 дүгээр тогтоолоор Д.О, О.С нараас 25 911 822 төгрөгийг гаргуулан Ариг банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                                   /хх-23-28 дугаар тал/

 

Уг шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 184/ГХ2017/00233 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/ Москвагийн гудамжны 143-р байрны 81 тоот 34,2 м.кв талбайтай 1 өрөө, Ү-2201024457 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулжээ.

           /хх-35-36 дугаар тал/

 

Дээрх ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Д.О байлцаж эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолд гарын үсэг зурсан тул хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжилсэн 136/06 тоот тогтоолын дагуу төлбөр төлөгч Д.О, О.С нарын эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас эд хөрөнгийг борлуулах зорилгоор дээрх ажиллагааг явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон тул шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоох байсан гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолын дугаарыг “136/03” гэж буруу бичснийг зөвтгөж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт “шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан ба шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “захирамжлах нь” гэж буруу бичснийг “тогтоох нь” гэж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02942 дугаар шийдвэрийн “136/03” гэснийг “136/06” гэж, “ЗАХИРАМЖЛАХ нь” гэснийг “ТОГТООХ нь” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ