Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/329

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Ц.Х,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эын Гт холбогдох эрүүгийн 2238000000655 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж Ц.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар байшингийн вакум цонхыг хагалж, хөшиг тогтоогчийг салгаж, хөшгийг урьж 858.000 төгрөгийн хохирол учруулж, эд зүйлийг нь устгаж гэмтээсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000655 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж Ц.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар байшингийн вакум цонхыг хагалж, хөшиг тогтоогчийг салгаж, хөшгийг урьж эд зүйлийг устгаж гэмтээн 858.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гын өгсөн: “..Би ээжтэйгээ энэ зунаас маргаж эхэлсэн. Манай хүү Б нь оюуны чадамжаа 60 хувь алдсан хүүхэд байгаа юм. Тэр хүүхдийг маань манай ээж мал маллуулахаар аваад явсан. Би тэр хүүгээ мал маллуулахгүй гэж маргалдсан. Одоо ээжээсээ уучлалт гуйж байна. Хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Хгийн өгсөн: “...Би гомдолтой байна. Би эцгээс нь 3 настай байхад нь салсан. Ганц биеэрээ хүүгээ  өсгөсөн. Бага наснаасаа намайг хайрлаж байгаагүй. Би энэ хүүдээ үнэхээр их гомдож байна. Би гомдсон гомдлоо тайлахгүй явсаар өдий хүрлээ... Миний хүү 25 нас хүрээд гэр бүл болоод тусдаа гарч байсан. Энэ хүн надад нэг удаа ч тус болж байгаагүй. Бага байхдаа “манайх шиг муухай айл байхгүй” гэдэг байсан. “Чи намайг муу муухай авч явж байна” гээд залуудаа ирж агсам согтуу тавьдаг байсан.  Би хүүхдүүддээ муу авч явж байна даа гэж боддог байсан. Амьдралын эрхээр ойлгох байх гэж би бодож байсан. Би өдөр шөнөгүй хатгамал хатгаж, нэг дэрний уутыг 25.000 төгрөгөөр зарж мөнгөө хурааж байгаад 6х8 харьцаатай байшин бариад тэр байшиндаа амьдарч байтал энэ хүн 25 нас хүрээд эхнэр авсан. Энэ хүнийг тусдаа гарахад нь байшингаа өгөөд 3 дугаар ангийн хүүхдээ сургуулиас нь гаргаад айлын хашаанд гэр барьж амьдарч байсан. Тэр үед нэгдлээс 6 хонь өгсөн. Би тэр хонио маллаад айлын хашаанд амьдарч байсан. Би энэ хүнийг сайн сайхан амьдруулахын тулд айлын тугалын пүнзэнд 2 жил амьдарч байсан. Гэтэл “ээж минь та ийм тугалын пүнзэнд амьдарч байгаа юм уу” гэж нэг удаа ч хэлж байгаагүй. Би айл болоод тусдаа гарахад нь хүүдээ “миний хүү надад 25 жил амьдрахдаа нэг удаа ч цай чанах түлээ хагалж өгсөнгүй дээ” гэж хэлээд гаргаж байсан. Энэ хүү маань надад яаж амьдрахаа харуулна гэж хэлж байсан. Би ширээ сандлаас бусад тавилгаа үлдээгээд байшингаасаа гараад явж байсан. Анхных нь хань  зуурдаар нас бараад 1 нас 4 сартай хүү нь үлдсэн. Би тэр хүүг 5 нас хүртэл нь хоосон хөхөө хөхүүлж өсгөсөн. Эрүүл саруул бие хаа сайтай сайхан хүү байсан. Хөгжмийн дуу сонсоод дагаж хөдөлдөг, миний хүү хэл муутай л болохоос зүгээр хүү байсан. Тэгээд 5 настай хүүгээ надаас авсан. Хүүгээ аваад айл болж гэрлэсэн байсан. Надад янз бүрийн юм сонсогддог л байсан. Эхнэртэйгээ орж ирээд манай гэрт суудаг ч үгүй. Манай гэрт орж ирээд 5 минут ч суудаггүй байсан. Эхнэрээ дагуулаад ороод ирэхээр нь цай аягалж өгөх гэхээр “би цай уухгүй, хурдан явъя” гээд эхнэрээ дагуулаад гардаг. Би ээж аавтайгаа хэсэг ч гэсэн байхыг боддог байсан. Энэ хүн надтай байх дургүй байдаг. ..“Чи тэгдэг, танайхан муу хүмүүс” гэдэг. Тэгэхээр нь “чи надаас гарсан юм чинь танай хамаатан шүү дээ” гэж хэлдэг. Би ээжтэйгээ нэг сайн яриач надад чамтай ярих яриа байна” гэж хэлдэг. Энэ зун тэр хүүгээ зодоод явуулчихсан байсан. Би тэр хүүг нь очиж аваагүй. Өнгөрсөн жил бас зодоод явуулсан байсан. Миний өсгөсөн хүүг минь надаас салгаж авахад надад сайхан байгаагүй. Хүү минь аав зодсон гэж хэлээд уйлаад ирсэн. Би ахад нь хэлсэн. Хүүгээ зодоод байх юм гэж хэлсэн. Ах нь би ярьж үзье гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр гэртээ байж байтал машинтайгаа давхиж ирээд “хүүг минь барлаг болгох гээд байгаа юм уу” гэж хэлсэн. Би 6 малаас 1000 малтай болтлоо мал малласан хүн байгаа юм. Тэгж мал маллаж байхдаа би хүнээр барлаг хийж үзээгүй. Би малаа 3 хуваагаад 3 хүүхдээ өгсөн. Надад тэтгэврээс өөр зүйл байхгүй. Би та нарыг малтай хөрөнгөтэй болголоо гэж хэлж байсан. Би энэ хүнд 400 гаруй ямаа 10 гаруй үхэр тасалж өгсөн. Би ээжийнхээ нэр дээр 22 малыг маллаж байгаарай гэж хэлээд өгсөн. Тэгэхэд “за” гэж хэлсэн. Сая агсам тавихдаа хүүг минь барлагаа хийх нь үү гэж хэлсэн. Надад барлаг хийж хүнээр мал маллуулахаар мал байхгүй шүү дээ. Миний бага хүү мал маллах асар их туршлагатай. Надтай хамт мал маллаж ах эгчдээ мал тасалж өгч байсан. Ээжтэйгээ хамт мал маллаж байсан хүү байгаа юм. Мал маллахдаа хүн гуйх шаардлага байхгүй. Сая сүүлд ирэхдээ нэг их согтуу ирээгүй. Тэгэхээр нь би “ээж нь чамтай ярих юм байна, хэлэх ч юм байна. Ээжтэйгээ ярь л даа миний хүү” гэхэд  “эхнэрийг минь дагавар охинтой нь муулах юм бол май шүү” гэж хэлээд надтай яриагүй. Энэ хүн надад агсам тавих шаардлагагүй. 22 настай хүүгээ зодоод явуулсан. Тэр үед гэрт нь хүн байсан. Би гэрээс нь чирч авч ирээгүй. 3 настай хүүхэд байсан бол яахав гэсэн, 22 настай хүүхэд шүү дээ. Хүүгээ өөрөө зодож явуулаад ааваасаа уучлал гуйх ёстой байхад над дээр барлагаа хийх гэж байна гээд уйлаад хүрээд ирсэн. 22 настай хүүхэд өөрөө өөрийгөө мэдэж байгаа шүү дээ. Эхнэр хүүхдийг минь дарамтлаад гээд байдаг юм. Би гайхаад байдаг юм. Өдөр болгон надтай утсаар яриад шөнийн 22 цаг 30 минут надтай утсаар яриад “хүүхдийг минь дарамталж байна уу, ганц охины дарамтлаад хөөгөөд явуулсан. Намайг гичий, жингэр, эхийн сүүний үнэр чамаас үнэртэхгүй байна гэж хэлдэг. Өглөө 7 цагт дөнгөж сэрээд байж байтал “чи юу гэж намайг муулж байна. Эхнэрийг минь юу гэж муулж байна” гэж хэлдэг. Би энэ хүний эхнэрийнх нь талаар нэг удаа ч ярьж байгаагүй. Энэ хүний утсаар ярьсан яриаг би баримт болгож хурааж авсан. Хэдэн өдөр намайг дарамталж байгаад нэг өдөр “муу гичий минь наанаа байж байгаарай би олон хүний дунд зогсож байгаарай түмэн дунд нүүрийг чинь улайлгана” гэж хэлдэг байсан. Би хүмүүст манай хүү тэгж хэлээд байх гэж хэлэхэд “таныг айлгаж байхгүй юу гэж ээжийгээ зодохов дээ” гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь нээрээ ч 50 гарсан хүн яавал гэж дээ, би ч 70 гарчихлаа ийм хоёр хүн яавал гэж бодоод айлаар явж байгаад тэр өдөр гэртээ харьж хоносон. Би 4 настай, 10 настай 2 ачтайгаа хамт амьдардаг. Тэгээд шөнө унтаж байтал мотоцикльтой хаазалж ирээд бөөн дуу чимээ болсон тэгэхээр нь би айсандаа хаалгаа цоожилсон. Тэгээд хаалгыг минь татаж чангаагаад балбаад дийлсэнгүй. Ямар ч бөх хаалга юм. Тэгсэн чинь цонх хагалаад ороод ирсэн. Тэгэхээр нь би ач хүүг минь зодчих юм болов уу зодвол намайг зодог гэж бодоод хүүхдээ хаяад гараад гүйчихсэн. Гэтэл намайг чирч гаргаад унагасан. Энэ хүний хуруу нь хүрэх төдийд би газарт унаад байсан. .. Тэгж байхдаа би “миний хүү ээжийгээ битгий зодоорой, ээж нь дахиж тэгэхгүй ээ” гэж хэлээд нэг ухаан ороход гуйж байсан. Би яагаад ч тэгэхгүй гэж хэлээд дутагдлаа хүлээсэн юм бүү мэд. Намайг газарт унагаачхаад босоод ирэхээр гараараа авч шидэж унагаачхаад л өөрөө газар хэвтээд байсан. Яг муур шиг босоод ирэхээр цохиж унагачхаад байсан. Тэгээд байж байтал нэг хүн ирээд намайг салгаж аваад явсан. Тийм л асуудал болсон. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Хгийн өгсөн: “...Манай хүү Э.Г нь насанд хүрсэн цагаасаа л архи уудаг, надад агсам согтуу тавьдаг, зан харилцааны доголдолтой байсаар өдий хүрч байна. Архи уусан үедээ надад гар хүрдэг байсан гэхдээ учиргүй цус нөжтэй минь хутгаж, гар хөлийг минь хуга цохиж байгаагүй. Би энэ хүнийг цагдаад өгч ямар нэгэн хариуцлага тооцуулж байгаагүй. Энэ жил наадмын дараанаас манайд удаа дараа ирж агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж дарамталж байгаа. Мөн утсаар залгаж намайг дарамталдаг. Надад үнэхээр хэцүү дарамттай, сэтгэл санаа байнгын түгшүүртэй байна. Өчигдөр 20 цагийн үед манайд ирээд намайг “ална” гэж орилж хашхиран гэрийн хаалга нүдэхээр нь үүдээ нээгээгүй байж байтал урд талын маань цонхыг хага цохихоор нь би хаалга тайлсан. Тэгтэл гэрт орж ирээд намайг чирээд гарсан. Гадаа гараад түлхэж унагаасан. Босоод ирэхээр гараа надад тулгаж цохиж унагаасан. Мөн газар унасан байхад минь намайг хөл, гараас минь газраар чирсэн. Тэр үед нь би ухаан балартсан газар хэвтэж байтал “үх, би чамайг үхвэл их баярлана” гэх зэргээр уурлаж байсан. Тухайн үедээ намайг элдэв муухайгаар хэлсэн зарим хэлж байсан үгийг нь санахгүй байна. Хэлэхгүй муугаар л хэлсэн. Намайг газар хэвтээд амьсгал цухалдаж байхад “чи баашилж байна” гэж байсан. Би аргаа бараад “би үхлээ, би чамаас айж байна, одоо битгий ингээч” гэж зөндөө гуйсан. Би энэ байдлаар удсан бол үхэж ч мэдэхээр байсан. Тэгтэл манай төрсөн дүү Огийн хүргэн М ирж Гыг аваад явсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Дараа эмнэлэг орж үзүүлсэн. Миний даралт ихэдсэн байсан. Би аргаа бараад цагдаад хандаж байна. Би энэ хүний хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо тайван амьдрах нөхцөлгүй болоод байна... Надад нэмж ярих зүйл байна. Би гурван хүүхэдтэй хүн юм. Г манай том хүү, дунд охин Э.У, бага хүү Эрдэнэбат нар юм. Манай охин У одоо Улаан-Уул сумын төвд ажиллаж амьдардаг юм. У надтай холбоо бариагүй 7 жил болж байгаа, яагаад надтай холбоо барьдаггүй гэдгийг би мэдэхгүй. Надад хийсэн гэм байх биш, тэгтэл надтай огт ярихгүй байгааг гайхаад байгаа юм. Тэгтэл Г надад агсам тавихдаа “чи миний дүүг Ханх суманд хөлөө тавих газаргүй болгож доромжилсон, тиймээс дүү маань ирдэггүй юм" гэж ярьсан. Би яагаад хүүхдүүддээ ад болоод байгааг ойлгохгүй байна. Мөн Г өөрийн төрсөн хүү болох Бийг шоодоод байдаг юм шиг санагдсан, Б нь Гын өмнөх эхнэрийн хүүхэд юм. Гын өмнө эхнэр золгүй байдлаар нас барчихсан юм. Мөн би яагаад миний хүүхдүүд намайг ад үзээд байдгийг мэдмээр байна гэсэн хүсэлтэй байна...Цуг байгаа 2 хүүхэд болон би байнгын айдас түгшүүр төрөх болсон. Би Гт бүхэл амьдралаа зориулсан. Үнэхээр гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22, 25, 29 тал/,  

Гэрч Ц.Огийн өгсөн: “...Өчигдөр орой буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цагийн үед манай эгч Х манай руу утсаар залгаад “манай хүү Г ирж агсам тавина, гэр орныг чинь сүйтгэнэ” гээд байна гэхээр нь манай нөхөр Э “гайгүй байлгүй дээ, та тайван бай, ээжийгээ арай тэгэхгүй байлгүй” гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгтэл цагийн дараа 20 цаг өнгөрч байхад Х эгч манайд хоёр ачаа дагуулсаар ирсэн. Манайд ирэхдээ уйлсан, чичирсэн сандарсан байдалтай орж ирсэн. Тэгээд Гг ирж агсам тавиад цонхыг нь хагалж өөрийг нь гэрээс нь чирч гарган түлхэж унагааж газраар чирч, өнхрүүлсэн талаар хэлсэн. Өндийхөөр нь түлхэж унагаагаад хэл амаар хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн талаар ярьсаар орж ирсэн. Харин манай хүргэн М ирж Гг авч явсан талаар хэлсэн. Тэгээд цагдаа ирэхээр нь гэрт ирэхэд цонхыг нь хагалсан байдалтай байсан. Ггийн мотоцикл гэрийнх нь гадаа унасан байдалтай хэвтэж байсан. Энэ хүн байнга л ийм асуудал үүсгэдэг юм. Энэ жил наадмаас хойш ийм асуудал үүсгээд байгаа. Ээж нь айсан түгшсэн байдалтай байдаг. Аргаа бараад манайд болон манай дүү Лхамхүүгийнд очиж хонодог байсан...Г өөрөө Б гээд нэг дагавар хүүхэдтэй. Тэр хүүхэд нь гэртээ дарамттай байдаг. Үүнээс болоод эмээгийндээ гүйгээд ирдэг юм. Үүнээс болж хэрүүл маргаан үүсээд байдаг юм. Эхийгээ ингэж дарамталж байгаад гайхаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

Гэрч Б.Мын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-нд орой 20 цаг өнгөрч байх үед үхэртээ явж ирээд Урд хяраар Х эгчийн хажуугаар явж байтал хүмүүс хашхирах чимээ гарахаар нь хашаа руу нь яваад очтол Г ахыг аваад хөдөө гэрт нь өөрийнхөө машинаар хүргэж өгсөн. Намайг очиход байшингийнх нь урд цонх хагарсан байсан. Г ах халамцуу байсан. Хишигээ эгч ёолоод, зүрх зүрх гээд хэвтэж байсан. Г ахын мотоцикль гэрийнх нь үүдэнд хэвтэж байсан...Намайг очиход байшингийн урд талын цонх хагарсан байсан. Г ахын мотицикль гэрийнх нь үүдэнд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Гэрч Г.Бийн өгсөн: “...Түвшин ээж намайг ялгаж харьцаж байгаагүй. Би эмээ, Эрдэнэбат ах хоёрт туслах гээд л очдог юм. Аав, ээж хоёр хөөж байгаагүй...Би энэ талаар мэдэхгүй, аав эмээгийн цонхыг хагалсан гэсэн. Гэхдээ юунаас болж цонх хагалсан гэдгийг мэдэхгүй байна... ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Гэрч Э.Уийн өгсөн: “...Х гэдэг хүн манай ээж юм. Би бага байхаасаа өвөө эмээ  дээрээ өссөн болохоор одоо тусдаа байдаг...Би ээж Хтай багаасаа хамт амьдраагүй болохоор холбоогүй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Гэрч Д.Ргийн өгсөн: “...Миний гэр бүлийн хүн байгаа юм. Бид хоёр гэр бүл болоод  14 болж байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Бид хоёр гэр болохдоо нэг нэг хүүхэдтэй хамтран амьдарсан. Манай хүүхэд Б.С нь 10 настай охинтойгоо нийлсэн. Харин Э.Г хүү нь Г.Б 7 настай байхад албан ёсоор гэр бүл болсон...Бид хоёр гэр бүл болоод 14 жил болохдоо хэрүүл маргаан үүсгэж, ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Элдэв муухай ааш араншин байхгүй. Архи дарс бол ер нь уухгүй, баяр ёслолоор найз нөхдийн хүрээнд уудаг юм... Огт тийм зүйл байхгүй. Хайр халамжаар дутаасан удаа ганц ч байхгүй. 14 жил цуг амьдрахдаа хүү Г.Б, охин Б.Сг гадуурхаж, хатуу үг огт хэлж байгаагүй. Эцэг эхийн хайр халамжаар дутаагаагүй өсгөсөн юм... Гомдол санал цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэрч Х.Цы өгсөн: “...Үг дуу цөөнтэй, сурлагын хоцрогдолтой, бичиг үсэг мэдэхгүй хүүхэд байсан. Бие даах чадвар сул хүүхэд байсан. Хүний халамжинд байх шаардлагатай. Эгч болох С нь дотуур байранд хамт амьдарч асарч байдаг байсан...Гэрт нь удаа дараа очиж байсан. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай Г.Бид анхаарал халамж сайтай байдаг байсан. Хойд ээж нь төрөн эх шиг нь хандаж хайр халамжаар дутаалгүй өгсөн. Ээж болох Р нь надтай холбогдож Г.Бийг утсаар ярьж хичээл номын талаар, байгаа байдлын талаар ярьж асуудаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 509 дугаартай: “Ц.Хгийн биед баруун өвдгөнд зулгаралт, баруун гуя, баруун шуу, баруун бугалга, зүүн шуу, нуруу, зүүн эрхий хуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь 2022 оны 09 дүгээр сарын 27-нд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Хгийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 58 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаартай: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 509 дугаартай дүгнэлтэд залруулах зүйл байхгүй. Ц.Хгийн биед нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй. Өмнө гарсан №509 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2245617200410 дугаартай: “...Ц.Хгийн вакум цонх болон цонхны хөшиг, хөшиг тогтоогчийн үнэлгээг 858.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн тайлан /хх-ийн 75-76 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12 тал/,

Бичмэл нотлох баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Гын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би эрх үүргээ болон ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаараа ойлгосон...Учир нь манай ээж Ц.Х нь миний том хүү болох Бийг 2022 оны 6 дугаар сарын дунд үеэс эхэлж өөрийн болон бага хүүгээ танайд зарц хийлгэхгүй гэж хэлж ярилцах зорилгоор гэрт нь очсон, тэгсэн чинь ээж гэрийнхээ хаалгыг дотор талаас нь цоожлоод намайг гэртээ оруулахгүй байхаар нь би цонхыг нь хагалсан, би тухайн үед бага зэрэг архи уучихсан, зориг ороод ээжтэйгээ ярилцъя гэж бодсон боловч ээж намайг гэртээ оруулаагүй учраас би цонхыг нь хагалсан, тэрнээс биш би анхнаасаа ээжийн цонхыг хагалъя, хэрүүл маргаан хийе гэж бодоогүй. Харин би ээжийн цонхыг хагалахад ээж үүдээ онгойлгоод байшингаасаа гараад гүйхээр нь би айл руу явуулахгүй гээд дараад авсан, тэрнээс биш цохиж зодсон зүйл байхгүй. Мөн миний ээжийн цонхыг хагалж агсам тавьсан шалтгаан бол манай эхнэр Рэгзидмааг манай хүү Бийг шоодож, гадуурхдаг гэж хүмүүс яриад яваад байсан учраас би ээждээ дургүй хүрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар  нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Хгийн мэдүүлэг, гэрч Ц.О, Б.М, Г.Б, Э.У, Д.Р, Х.Ц нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаартай дүгнэлт, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №2245617200410 дугаартай хөрөнгийн тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж Ц.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар байшингийн вакум цонхыг хагалж, хөшиг тогтоогчийг салгаж, хөшгийг урьж эд зүйлийг устгаж гэмтээн 858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Хгийн эд хөрөнгийг устгасан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Гын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Гын үйлдэл идэвхтэй, хохирогч Ц.Хгийн эд хөрөнгийг хууль бусаар устгасан энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдэж бусдын бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийг зориуд хийсэн санаатай үйлдэл хийсэн, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Гын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ц.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх бөгөөд шүүгдэгч Э.Г нь хохирогч Ц.Хд нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 858.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 117/-ааар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Х нь эм, эмчилгээтэй холбогдуулан гарсан зардал 327.000 төгрөг, таксины зардал болон Хатгал сумаас Мөрөн суманд ирсэн зардал 158.000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн баримт гаргаж өгч, нотлох баримтгүй вакум цонх хийлгэсэн хөлс, нийт 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Э.Г нь Ц.Хгийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Э.Гаас 1.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Хд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Гыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 91-96 талд авагдсан Хөвсгөл аймгийн Ханх сумын Баясгалант багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Г нь ам бүл 5, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 178 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Эын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Эын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Гаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Хд олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН