Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 163/2022/0256/Э |
Дугаар | 2022/ШЦТ/265 |
Огноо | 2022-12-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч Б.******* /онлайнаар/,
шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2215000000242 дугаартай, 163/2022/0256/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, Булган аймгийн ** суманд 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймаг, ** сумын ** дугаар багийн ** тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, “***” хязгаарлагдмал хувьцаат компанид уулын мастер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Стид майнинг” хязгаарлагдмал хувьцаат компанийн талбайд Б.*******тэй маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дээд хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000242 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 07 цагийн орчимд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг үйл ажиллагаа явуулдаг “**” компаний ажлын талбайд Б.******* нь “ээлж солилцох үед орхиод явлаа” гэх шалтгаанаар Д.*******тай маргалдаж түүнийг боож унагаах үед Ч.******* нь тэднийг салгах зорилгоор очсон боловч Б.*******тэй маргаан үүсгэн ноцолдох үедээ түүний нүүрэн тус газарт нь цохиж баруун нүдний ухархайн дээд хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн өгсөн: Тухайн үед огт танихгүй хүн над руу уурлаж, өөрийнхөө ээлж биш гэж хэлээд байхад уурлаж намайг түрүүлж цохиж намайг мөн ийм үйлдэл хийхэд хүргэсэн анхны эх үүсвэрийг хохирогч өөрөө эхэлсэн гэдгийг хэлмээр байна. Тухайн үед би ажлаа хүлээлцэх гэж байсан, надад ээлжийг буулгаж авчрах үүрэг байгаагүй. Хоёр хоногийн дараа эмийн санд ажилладаг гэх эгч нь над руу залгаад загнаж, ар талтай гэх мэт намайг хэл амаар доромжилж байсан. Мөрдөн байцаагч нар хэрэг шалгаж байхдаа харилцан зодоон гэж байсан. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирч гэмтлийн зэрэг тогтоогдсон. Одоо болтол хохирогчтой нэг ч уулзаагүй явж байна. Миний буруутай үйлдэл учраас тухайн хүний одоо баримтаар гарсан байгаа 245.000 төгрөгийг төлнө, одоо шилжүүлэхэд бэлэн байна. Хамрын мэс засалд ороход шаардлагатай гэх 3,200,000 төгрөгийг хохирогчийн хагалгаанд орсон тухай баримтыг үндэслэж хохирогчийн төлбөрийг төлж барагдуулна. Миний буруутай үйлдэл учраас хохирлыг барагдуулахад бэлэн байна гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн: Тухайн өдөр би өөрийн ээлжийг солих гээд хүлээж байсан. Шинэ хүн ирсэн, тухайн хүнийг ирж ээлж солихыг хүлээж байсан. Тэгээд намайг орхичихсон байсан учир хоолны газар ирээд шүүгдэгч бид хоёр маргасан. Энхээ гэдэг хүнтэй би маргалдаагүй, тэр хүнийг огт мэдэхгүй. Би ээлжээ яагаад солихгүй байгаа юм гээд гал тогооны үүдэнд алхаад очиход уулын мастер зогсож байхаар нь “хүнээ солиод аваад явахгүй, хүн орхиод явчих юм” гээд жаахан уурлахад “би ээлж солиогүй” гэхээр нь “чи солих ёстой хүн нь юм байгаа биздээ” гээд маргалдаад хэрүүл хийж барьцалдаж авсан. Намайг 3-4 удаа цохисон. Шинэ хүнээ дээрэлхэж дарамталдаг гэж бодож байна. Бүгд нийлээд над руу дайраад байсан. Тухайн өдөр би шууд Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэгт үзүүлж шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргуулсан. Манай эгчтэй утсаар ярьж хоорондоо маргалдсан байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хамрын хагалгаанд заавал ор гэж хэлсэн. Миний хувьд маш гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******гийн өгсөн: …Би хамрын хагалгаанд орох заалттай байгаа бөгөөд хагалгааны мөнгөн дүн 3.219.000 төгрөг, эм тариа шинжилгээнд зориулсан 244.575 төгрөг, нийт 3.463.575 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11 дэх тал/,
4. Гэрч Д.*******ын өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр операторуудаа ажлаас нь буулгаж явсан ба ******* гэх хүн ажлын байран дээрээ харагдахгүй байхаар нь бусад ажилчдаа аваад хоолны зааланд ирээд хоолоо идэх гээд байж байтал ******* гэх залуу “чи намайг хаяад явсан” гээд намайг боогоод унагаасан. Тэгэхэд манай уулын мастер ******* ирээд салгасан чинь ******* гэх залуу эргэж хараад гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд ******* зөрүүлээд ноцолдоод байсан. Би уначихсан байсан учраас тодорхой харж чадаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
5. Гэрч Х.*******ийн өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өглөө 06 цаг 40 минутад ажилдаа гараад түлшээ машинууддаа түгээчихээд 07 цаг өнгөрөөд буцаад ажлын байран дээрээ ирсэн. Тэгээд гал тогоо руу ороод өглөөний цайндаа ороод хоол идээд сууж байтал гадаа хүмүүс шуугиад байхаар нь харахад үл таних залуу ******* гэх манай ажлын, манай ээлжний уулын мастер залуутай хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би салгах гэтэл үл таних залуу *******ийн нүүр хэсэгт нь гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. ...Намайг гарч ирэхээс өмнө зодоон болсон юм байна лээ, би хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12384 дугаартай: Б.*******гийн биед баруун нүдний ухархайн дээд хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би өөрийн ажил болох Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг **** хязгаарлагдмал хувьцаат компанийн хашаан дотор ээлжийн ажлаа хүлээж авах гээд машиндаа сууж байтал гал тогооны урд талд байсан үл таних залуу над руу уурлаад дайраад байсан. Тухайн үед би “чи яагаад уурлаад байгаа юм бэ?” гэхэд “ээлж буухад намайг орхиод явчих юмаа” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би ээлжнээс буусан хүмүүсийг зөөдөг нь би биш, ******* гэх залуу зөөсөн гэж хэлэхэд гал тогооны өрөөнөөс ******* гэх залуу гараад ирсэн. Тэгтэл тэр танихгүй залуу шууд ******* руу гүйж очоод цохиод, боож унгасан. Тухайн үед би салгах гэж очтол үл таних залуу эргэж хараад намайг цохиж, заамдаж авсан. Тэгэхээр нь би хариу үйлдэл болгож хоёроос гурван удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Тэгтэл гал тогоонд байсан ажилчид бид нарыг салгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, гэрч Д.*******, Х.******* нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг *******хязгаарлагдмал хувьцаат компаний талбайд Б.*******гийн зүй бус үйлдлийг зогсоох явцдаа Б.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12384 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Б.*******гийн нүүрэн тус газартаа цохиулсаны улмаас биед баруун нүдний ухархайн дээд хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* нь гэрч Д.*******, Х.******* нарыг худал мэдүүлэг өгсөн, над руу бүгдээрээ дайраад байсан гэж мэдүүлж байгаа боловч түүнээс тодруулах байдлаар асуусан асуултад хохирогч Б.******* нь “тухайн үед шүүгдэгчтэй маргаж харилцан барьцалдаж авсан, миний биед шүүгдэгч Ч.*******ээс өөр хүн халдаагүй” гэж хариулж байгаагаас гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч нарт эрх үүргийг тайлбарлан хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргуулсны дараа мэдүүлгийг авсан байх тул шүүх гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч.*******ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд хамрын хагалгаанд орох заалтаар хагалгааны зардалд 3,219,000 төгрөг, эм тариа шинжилгээний зардалд 244,575 төгрөг, нийт 3,463,575 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг ирүүлсэн нь хэргийн 55-57 дугаар талд авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.******* нь бодитоор гарсан эмчилгээний зардалд 245,000 төгрөгийг түүний эзэмшлийн ХААН банкны 5025231218 дугаартай дансанд шилжүүлж, хамрын ясны хагалгааны зардал 3,219,000 төгрөгийг хохирогчийн хагалгаанд орсон тухай баримтыг үндэслэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12384 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.*******гийн биед баруун нүдний ухархайн дээд хана, хамар ясны далд хугарал гэмтэл тогтоогдсон боловч түүний иргэний нэхэмжлэлийн баримтад хамрын ясны хагалгааны талаарх баримт болон зардлын урьдчилан төлөвлөсөн тооцоо болоод хагалгаанд гарсан зардлын талаарх баримт байхгүй байх бөгөөд хэргийн 55 дугаар талд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалтыг хавсарган ирүүлсэн нь иргэний нэхэмжлэлийн хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хамрын ясны хагалгаа, эмчилгээтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ч.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 39-53 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь 32 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймаг, Булган сумын 6 дугаар багийн 8-856 тоотод оршин суудаг, “Гурван баян транс” хязгаарлагдмал хувьцаат компанид уулын мастер ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бодит хохирлыг төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан оногдуулах ял шийтгэл нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* хохирогчид эмчилгээний зардлын 245,000 /хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийг төлсөн болохыг, хохирогч Б.******* нь хамрын ясны хагалгаа, эмчилгээтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД