Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 163/2022/0261/Э |
Дугаар | 2022/ШЦТ/269 |
Огноо | 2022-12-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Л.Галсандорж нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2215000000294 дугаартай, 163/2022/0261/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Лхагвасүрэнгийн Галсандорж, Завхан аймгийн Баянхайрхан суманд 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын ** дүгээр багийн *** гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 24 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ИВ98070117.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Галсандорж нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг Дунд эвэртэй гэх газарт Н.Шаравсамбуутай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа толгойн тус газарт нь өвс хадах зориулалт бүхий сэрээгээр цохиж түүний биед зүүн духны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000294 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Галсандорж нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал сумын *** дүгээр багийн нутаг ** гэх газарт Н.Шаравсамбуутай “өвөлжөөний мод авч явсан” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа Э.Шаравсамбуугийн толгойн тус газарт нь өвс хадах зориулалт бүхий сэрээгээр цохиж, биед нь зүүн духны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Галсандоржийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй, хохиролд 843,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Шаравсамбуугийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр малаа услаад явж байхад миний төрсөн эгч Буянхишиг над дээр ирээд “чи яагаад манай хүү Галсандоржийн өвөлжөөний модыг авч байгаа юм” гэж хэлэхээр нь би хадлангийн талбайдаа өвс ачиж байсан манай хүргэн Лхагвасүрэн, түүний гурван хүү Бавуудорж, Галсандорж, Нямдорж нар дээр очоод Галсандоржид хандаж “чи юу яриад байгаа” юм гэж хэлэхэд Галсандорж “чамаас өөр хэн авдаг юм” гэж хэлээд над руу өвс ачдаг сэрээ далайж байсныг санаж байна. Миний толгойны зүүн тал руу сэрээгээр цохиод би ухаан алдаж газар унасан. Тэгээд миний толгойноос цус гарсан байсан. Мөн намайг ухаан алдаад унасны дараа миний нуруу руу мөн сэрээгээр цохисон байсан. Галсандоржийг аав, ах нар нь надаас салгасан байх би санахгүй байгаа. Миний толгойны цусыг Буянхишиг цэвэрлэж боож өгөөд Бавуудорж намайг гэрт хүргэж өгсөн. Би Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод бүрэн ухаан орсон. Тэрнээс өмнө ухаан орж, гараад манараад байсан. ...Галсандорж нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Төрөл садангийн холбоотой хүмүүс учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суумааргүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 16 дахь тал/,
3. Гэрч Д.Лхагвасүрэнгийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд хадлангийн талбай дээр өөрийн гурван хүү болох Нямдорж, Бавуудорж, Галсандорж нарын хамт өвс ачиж байхад манай эхнэр Буянхишиг бид нар дээр ирээд хүү Галсандоржид хандаж “чи яагаад хүний худгийн насос авсан юм, манай дүү Шаравсамбуу чамайг насос хулгайлсан гэж байна” гэж хэлээд зогсож байхад Шаравсамбуу мотоциклтой ирээд манай хүү Галсандоржийг “ямар овоо банди вэ?” гэж хэлээд өвс ачиж байсан машины цаагуур ороход нь би машины урдуур тойроод очиход манай хүү Галсандорж газар унасан байдалтай Шаравсамбуу хоёр хөлийг нь тэвэрсэн, Шаравсамбууг манай хүү Бавуудорж татаад салгаж байсан. ...Би хүүдээ өвөлжөө авч өгч тусад нь гаргасан юм. Тэр өвөлжөө нь Шаравсамбуугийн өвөлжөөний ойролцоо юм. Түүнээс болж Галсандорж, Шаравсамбуу хоёр муудалцсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
4. Гэрч Л.Бавуудоржийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аав, ах, дүү нарын хадлангийн талбайд өвсөө ачаад байж байтал манай нагац ах Шаравсамбуу мотоциклтой ирээд манай дүү Галсандоржийг нэг өшиглөхөд Галсандорж өвс ачиж байсан сэрээний ишээр толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл Шаравсамбуугийн толгойноос нь цус гарсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад байхаар нь Шаравсамбуу ахыг гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаартай: Н.Шаравсамбуугийн биед духны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Галсандоржийн гэм буруугаа хүлээж өгсөн: Тухайн өдөр аав, ээж, ах нарын хамтаар өвч ачаад байж байхад манай ээж надад хэлэхдээ “Шаравсамбуу чамайг худгийн насос авсан гэж хэлж байна” гэхээр нь би “худлаа ярьж байна” гэж хэлсэн. Тэгээд өвс ачаад байж байхад Шаравсамбуу нь өөрөө хүрээд ирсэн ба “чи муу бацаан” гээд миний хөл рүү өшиглөхөөр нь би өвс ачиж байсан өвсний сэрээнийхээ иш буюу мод хэсгээр нь толгойруу нь цохиход толгойноос нь цус гарсан. Тэгээд тэнд байсан аав, ах нар намайг барьж авсан. Харин Шаравсамбуу ах миний хөлнөөс тэвэрчихээд тавихгүй байсан. Шаравсамбуу ах намайг худгийн насос авсан гэж худлаа хэлсэн. Мөн бид нар дээр ирээд учир зүггүй шууд намайг өшиглөсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.6 метр урттай, модон иштэй, дөрвөн салаа бүхий үзүүртэй өвсний сэрээ зэрэг биет нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Шаравсамбуу, гэрч Д.Лхагвасүрэн, Л.Бавуудорж нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Галсандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Н.Шаравсамбуугийн толгойн тус газартаа өвс хадах зориулалт бүхий сэрээгээр цохиулж, биедээ духны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл авсан үйл баримт нь шүүгдэгч Л.Галсандоржийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг Дунд эвэртэй гэх газарт Н.Шаравсамбуугийн бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Л.Галсандорж гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Шаравсамбуугийн биед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн духны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Галсандоржийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд ах дүүсийн хоорондох ахуйн шинжтэй маргааны явцад үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Л.Галсандоржийн хохирогч Н.Шаравсамуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Галсандоржийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Галсандоржийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Н.Шаравсамбуу мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Галсандорж нь хохиролд 843,000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх нотлох баримт ирүүлээгүйг дурдаж, шүүгдэгч Л.Галсандоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Галсандоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Галсандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 40-42 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласнаар шүүгдэгч Л.Галсандорж нь 24 настай, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Дунд эвэртэй гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Галсандорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 12 дугаар сарын 05-ныы өдрийн 4/143 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Л.Галсандоржийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Галсандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Галсандоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Галсандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.6 метр урттай, модон иштэй, дөрвөн салаа бүхий үзүүртэй өвсний сэрээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн 2215000000294 дугаартай хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол мэдээлийг хүлээн авах, гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол, Н.Шаравсамбууг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг танилцуулж мэдүүлэг авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас бусад нотлох баримтуудад хохирогч Н.Шаравсамбуугийн нэрийг Н.Шаравнямбуу гэж зөрүүтэй бичиж алдаа гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Лхагвасүрэнгийн Галсандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Галсандоржийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Галсандоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Л.Галсандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.6 метр урттай, модон иштэй, дөрвөн салаа бүхий үзүүртэй өвсний сэрээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД