Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 32

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 3/9-д байрлах Жимобайл ХХК РД/5035873/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар РД/9055185/-т холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 199.800 төгрөг, алданги 99.000 төгрөг нийт 299.700/хоёр зуун ерэн есөн мянга долоон зуун төгрөг/ гаргуулах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумынЗасаг даргын Тамгын газрын Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жимобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жимобайл ХХК нь Сэлэнгэ аймгийн сайхан сумын Засаг даргын тамгын газартай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЖМ17/479 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 3.465.000 төгрөгийн 5 ширхэг Самсунг маркийн гар утсыг 6 сарын хугацаатай зээлээр худалдан авсан. Гэрээг тус сумын Засаг дарга Б.Мөнхцэцэг, нягтлан Г.Ариунаа нар байгуулж гарын үсэг зурж тамга дарсан байдаг. Дээрх гэрээний дагуу хариуцагч байгууллага 3.265.200 төгрөгийг төлж, үлдэх 199.800 төгрөгийг төлөөгүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газраас ЖМ17/479 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх 199.800 төгрөг,гэрээний 3.3-т заасны дагуу төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3% тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу 99.900 төгрөг нийт 299.700 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс иргэн Хонгорзултай гэрээ хийгээгүй. Анхнаасаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газар баталсны үндсэн дээр энэхүү гэрээг хийсэн байгаа. Тиймээс үлдэгдэл мөнгө 199.800 төгрөг болон алдангийн мөнгө 50 хувьдаа хүрсэн учир ерөнхийдөө алдангийг зогсоосон байгаа. Манай байгууллагын зүгээс гэрээг хийхдээ Байгууллага хариуцлага хүлээнэ гэж хийдэг байгаа... ...Манай байгууллагын зүгээс байгууллагатай гэрээ хийдэг. Гэрээндээ хавсралт хийж өгдөг. Энэ хавсралтыг бүх байгууллага дээр хийдэг. Зөвхөн танай байгууллагын хувьд хийгээгүй... ...Манай байгууллагын зүгээс хувь хүнтэй гэрээ хийдэггүй. Одоо нийт 299.700 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагын нэр бүхий 5-н /тав/ албан хаагч Жимобайл ХХК-тай 5-н /тав/ гар утсыг худалдаж авсан байдаг. Үүнээс 3-н /гурав/ албан хаагч нь манай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газраас томилогдож ажилладаг. Цалин мөнгөө авч ажилладаг байгаа. Үлдсэн 2 /хоёр/ албан хаагч нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс томилогдож ажилладаг. Үүний нэг албан хаагч нь Хонгорзул юм. Эдгээр албан хаагч нь манай байгууллагаас томилогдож ажилладаггүй. Жимобайл ХХК нь манай байгууллага дээр ирж утас худалдан борлуулсан. Тухайн үед манай байгууллагаас Засаг даргын тамгын газраас томилогдож ажилладаггүй, цалин мөнгө авдаггүй албан хаагч нарыг урьдчилан хэлсэн байгаа. Мөн эдгээр албан хаагч болох Баярцогт, Хонгорзул нарыг манай байгууллагын зүгээс хяналт тавих боломжгүй. Бид нарын зүгээс хариуцах боломжгүй гэдгийг урьдчилан сануулж хэлж байсан. Тухайн үед би болон манай байгууллагын нягтлан, санхүүгийн албаны дарга хамт байсан. Хонгорзул, Жимобайл ХХК хоорондоо Хугацаандаа утасныхаа мөнгийг төлнө гэсэн итгэлцэл байгуулсны үндсэн дээр, миний зүгээс гэрээн дээр гарын үсэг зурсан байгаа. Гэхдээ зээлээр худалдах-худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурсан байгаа. Мөнгөний төлөлтийн баталгаанд дээр гарын үсэг зураагүй. Энэ хүмүүс өөрсдөө гарын үсгээ зурсан байгаа. Миний зүгээс шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээж авсан өдрөөс хойш Хонгорзултай утсаар холбогдсон байгаа. Төлбөрөө барагдуулах талаар хэлсэн. Хонгорзул өөрөө Жимобайл ХХК-тай эргэж холбогдоод утасныхаа мөнгөн дээр хугацаа авч төлнө гэсэн тайлбарыг надад хэлсэн. Мөн Хонгорзулыг ажлаас албан ёсоор чөлөөлөгдөх гэж байгаа талаар би болон манай байгууллагын нягтлан бид хоёрын зүгээс Жимобайл ХХК болон Скайтел ХХК-д албан ёсоор хэлж байсан. Жимобайл ХХК-нд утсаар мэдэгдэж байсан. Одоо утасны дугаарыг нь санахгүй байна. Энэ гэрээ нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдаж байсан. Гэрээний хугацаа, гэрээ байгуулсан өдрөөс хойш 6 сарын дараа дуусгавар болох байсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 03 дугаар сарын үед дуусгавар болсон байгаа. Хонгорзул нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байхад Гэрээний 4.2 дугаар зүйлийн 1-т зааснаар худалдан авагч нь зээлийн эргэн төлөлтийг бүрэн болон хэсэгчлэн төлөлгүй 2 сар ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол худалдагч талын санаачилгаар гэрээг шууд цуцална гэж заасан байхад яагаад манай байгууллагад энэ талаар мэдэгдэж болоогүй юм бэ. Энэ талаар албан ёсоор мэдэгдсэн бол манай байгууллагын зүгээс тухайн удирдлага болох Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү мэдэгдэх боломжтой байсан. Хонгорзулыг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлаас нь чөлөөлсөн байгаа. Манай байгууллагын зүгээс энэ хүнд хяналт тавих ямар ч боломж байхгүй гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргыг тамгын газарт холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 199.800 төгрөг, алданги 99.000 төгрөг нийт 299.700/хоёр зуун ерэн есөн мянга долоон зуун төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газартай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЖМ17/479 тоот Зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулж 3.465.000 төгрөгийн 5 ширхэг Самсунг маркийн гар утсыг 6 сарын хугацаагаар худалдсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрээ /хх-9, 10/, гэрээний хавсралт /хх-11/, зээлээр авсан утаснуудыг эргэн төлөх хуваар /хх-12/, зээлээр олгосон утаснуудыг хүлээлгэн өгсөн акт /хх-13/, зээл төлөх баталгаа /хх-14/ зэргээр тогтоогдож байна.

Дээрх гэрээг байгуулахад Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхцэцэг, нягтлан бодогч Г.Ариунаа нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Энэ гэрээний үүргээс Ц.Хонгорзулын авсан утасны төлбөр 199.800 төгрөг төлөгдөөгүй, гэрээний 3.3-т зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3-тай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заасны дагуу алданги 99.900 төгрөг нийт 299.700 төгрөгийг нэхэмжилжээ.

Жимобайл ХХК болон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар хоёрын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр бэлэн мөнгө төлөх хэлбэрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ болон үнэ тодорхойлох журмыг гэрээний талууд тохиролцдог. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөл зохих хүүгийн талаар тохиролцоогүй ч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдаж, гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож гар утаснуудыг хариуцагч талд шилжүүлсэн байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Жимобайл ХХК-ний нэхэмжилж байгаа Самсунг маркийн 5 ширхэг гар утасны 2 ширхэгийг нь манай байгууллагаас цалин авдаггүй, мөн томилогдоогүй босоо удирдлагатай Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн хэлтэст шууд харъяалагддаг улсын бүртгэлийн архивч Ц.Хонгорзул, иргэний улсын бүртгэгч Б.Баярцогт нарын төлбөрийг манайх хариуцахгүй, цалин мөнгө нь тус ЗДТГ-аас олгодоггүй гэдгийг хэлж байсан. Гэтэл энэ хоёр хүн утасны төлбөрийг өөрсдөө хариуцан дансаар тухай бүр шилжүүлнэ гэж Жимобайл ХХК-тай тохиролцсон учир миний бие гэрээ байгуулсан. гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Нэхэмжлэгч талын гар утас зээлээр худалдах санал, гэрээний нөхцлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч талын тайлбарлаж байгаа Ц.Хонгорзулыг утасны төлбөр үлдсэн байгаа. Энэ хүн тус тамгын газраас томилогдоогүй, цалин хөлсөө манай байгууллагаас авдагүй учир манай байгууллага 299.800 төгрөгийн үлдэгдлийг төлөхгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Сайхан сумын Засаг даргын Тамгын газар анх гэрээ байгуулахдаа Ц.Хонгорзул нь Засаг даргын тамгын газрын ажилтан биш, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ерөнхий газарт харъяалагдан ажилладаг архивын гэрээт ажилтан С.Хишигбаярыг жирэмсний амралтаа авсан хугацаанд түр ажилд орж ажиллаж /Ц.Хонгорзулыг ажилд томилсон тухай тушаал /хх-ийн 33/, С.Хишигбаярт жирэмсний амралт олгох тухай тушаал /хх-ийн 34/ байсан байна. Тухайн тамгын газарт огт хамааралгүй хүн гэдгийг мэдсээр байж гэрээг байгуулсан учир гэрээний 5.1-д талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл болно гэж заасны дагуу 299.800 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Гэрээний 5.3-т заасан байгалийн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд үүргээ бүрэн болон хэсэгчлэн гүйцэтгэх боломжгүй болсон бол талууд хариуцлага хүлээхгүй гэж заасан тохиолдолд л хариуцагч Сайхан сумын Засаг даргын тамгын газар гэрээний үүргээс чөлөөлөгдөхөөр байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагч ...нэхэмжлэгч тал гэрээний 4.2-т заасан худалдан авагч нь зээлийн эргэн төлөлтийг бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй хоёр буюу түүнээс дээш сар өнгөрсөн бол гэрээг цуцална гэж заасан байхад гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан байна. Хариуцагчийн зүгээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар хийгээгүй болно.

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын тамгын газраас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 199.800 төгрөг, алданги 99.800 төгрөг бүгд 299.700 төгрөг гаргуулан Жимобайл ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.641 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас 9.641 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туххай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 199.800 төгрөг, алданги 99.800 төгрөг бүгд 299.700 төгрөг гаргуулан Жимобайл ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.641 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газраас 9.641 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА