Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/330

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Н.Энхтулга,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгчдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Нгийн Ст холбогдох эрүүгийн 2238002930583  дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн Бор бургасын даваа гэх газарт ***** улсын дугаартай Hyunda mighty маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт буюу тэвшин дээр тээвэрлэж явсан зорчигч П.Цг унагаж амь насыг нь хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002930583 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч  Н.С нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн Бор бургасын даваа гэх газарт ***** улсын дугаартай Hyunda mighty маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно", мөн зүйлийн 23.9 дэх хэсгийн а-д заасан “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно”, мөн  хэсгийн б-д заасан “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт (энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд) зорчигч тээвэрлэхийг хориглоно”, мөн хэсгийн г-д заасан “ачааны болон аяллын чиргүүлд зорчигч тээвэрлэхийг хориглоно”, мөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй тэвшин дээр зорчигч П.Цг тээвэрлэж,  улмаар уг автомашины баруун талын аравч мултарсаны улмаас П.Ц машинаас унаж, баруун ацтебулын арын ирмэг, урд ирмэг, сүүжний тогооны хэсгээр олон тооны бяцарсан хугарал, зүүн суудал ясны доод салаа умдаг яс ацтесбулын урд ирмэг рүү үргэжилсэн хугарал бүхий гэмтэл авч тархины зөөлөн хальсны идээт үрэвслийн улмаас амь нас нь хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сын өгсөн:2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр намайг Мөрөнгөөс гарах гэж байхад намайг гуйсаар байгаад явсан. Хоёр давааны тэнд 470 маркийн автомашинд ороод суучихаач гэж хэлэхэд суугаагүй. Машины аравч уначихсан байхад надад хэлээгүй цаашаа наашаа бол гэж хэрэлдэж яваад унасан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чийн өгсөн: “...Би Улаанбаатар хотод ээжийгээ эмнэлэгт харж байхад Н.Сын эхнэр нь утсаар ярьж маш их дарамталсан. Тэгээд маргааш нь над руу 200.000 төгрөг хийсэн. Ээж маань өөрөө зээл авчихсан. Монос ХХК-д ээж маань өр тавьчихсан. Бодит хохирлыг төлчихөөсэй гэж хүсэж байна. Гуйж суусан нь бид нарын буруу ч гэлээ яагаад машиныхаа аравчийг яагаад уячихаагүй юм бэ. Би ээжийгээ Улаанбаатар хотоос шарилыг нь авч ирэх зэргээр маш их зардал гарсан гэв.  ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн:  “...Хэрэг учрал гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ёлгос 2 дугаар багийн Бор бургас гэх газар байх ба ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэсэн, бага зэргийн өгсүүр, шороон зам байлаа. Хэргийн газарт албаны тээврийн хэрэгслээр хүрэлцэн ирлээ. Амь хохирогч П.Цгийн тээврийн хэрэгслээс унаад хэвтэж байсан гэх газрыг Н.С гараараа зааж, үүнийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/,

***** улсын дугаартай Hyunda mighty маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл нь ***** улсын дугаартай, цагаан өнгийн Hyunda mighty маркийн ердийн тэвштэй автомашин байлаа. Тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойд зүгт харж зогссон байх ба үзлэгийн цагийн зүүний дагуу явуулахаар тогтов. Уг тээврийн хэрэгслийн өнгө үзэмж будаг нэлэнхүйдээ халцарсан, ерөнхий байдлаар нь 4 талаас нь гэрэл зургаар дарж бэхжүүлэв. Тэвшин дээрх байдал болон аравчны дөрвөн булангийн гогцоо түгжээг гэрэл зургаар бэхжүүлэв. Машин доторх байдлыг үзэхэд хэвийн, суудлын тоо 3 ширхэг байна. Үзлэгийн явцад 10 кадр гэрэл зураг бэхжүүлэв...” гэх тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-54 тал/, 

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 15 тал/,

Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чийн өгсөн: “...Талийгаач ээж маань, аав *****ын хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын наадамд гуанз ажиллуулахаар Н.Сын машины тэвшин дээр ачаагаа ачиж өөрсдөө дээр нь суугаад 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой Мөрөн сумаас гарцгаасан юм. Тэгээд тухайн шөнө 03 цагийн үед Н.С над руу гар утсаар залгаад “машины аравч задраад ээжийг чинь унагаачихлаа, одоо яах вэ” гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт пургон машинаараа явж очиход “ээж маань хэл нь ээдрээд маш муу яриад машины кабин дотор хэвтэж байсан”, бид нар өргөөд манай машин луу оруулж, гэр лүүгээ авч харьсан. Тухайн шөнө би ээжид “та машин дотор нь чихээд суучихгүй яасан юм бэ” гэж хэлэхэд ээж надад “бөөлждөг болохоор тэвшин дээр нь суучихсан юм аа, аймар ширүүн яваад байсан” гэж хэлсэн. Би ээжээс “та тэвшнийх нь хаана нь сууж явсан юм бэ” гэж асуухад “машины баруун талын хажуу аравчтай ойрхон хэвтээд унтах маягтай явж байсан” гэж хэлсэн. Тэгээд бид нар маргааш өглөө нь яаралтай аймгийн төвд ирж, эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд аарцаг нь хугарсан, түнх мултарсан, аймагт хагалгаа хийхгүй, хүнд хагалгаа болох тул Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтай яв гэж хэлсэн. Бид нар 07 дугаар сарын 11-ний өглөө Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Талийгаач ээж маань гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нийт 5 удаа дунд чөмөг, түнх, аарцагны хагалгаанд орсон боловч, 5 дахь удаагийн хагалгаагаа даалгүй, 08 дугаар сарын 12-ны өдөр нас барсан...Бид нар цагдаад мэдэгдэх ёстой гэж бодоогүй, дээрээс нь ээж маань тийм хэцүү байдалтай болчихсон байсан. Бид нар шокийн байдалтай байнгын ээжийгээ сахиж байсан болохоор, дээрээс нь нэг нутгийн, саахалт айлын хүмүүс, гэнэтийн зүйл болсон болохоор хэл ам хийгээд явахыг хүсээгүй. ..Тухайн үед аймгийн төвөөс манай хөдөө гэр рүү ирэх унаа байхгүй, зам шавар ус ихтэй болохоор машинууд дандаа хойд замаараа явдаг. Мөн Н.Сынх манайхтай саахалт айл учир Мөрөн сумаас ирэх гэж байгааг нь мэдээд аав, ээж хоёрыг аваад ирээч гэж захиж хэлсэн нь үнэн....Машины аравчаа бэхэлсэн байсан бол ээж маань унахгүй байсан гэж бодож байна. Би ч гэсэн тухайн шөнө Н.Ст хандаж “машины аравчныхаа дундуур нь бэхэлгээ хийчихгүй яасан юм бэ” гэж хэлэхэд “харин тийм ээ, балай юм боллоо” гэж хэлж байсан... Би гомдолтой л байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23 тал/,

Гэрч Г.*****гийн өгсөн: “...*****, Н.С, *****, *****, талийгаач П.Ц бид нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Н.Сын эзэмшлийн цагаан өнгийн маяти маркийн тээврийн хэрэгслээр Чандмань-Өндөр сумын 2 дугаар багт байх хөдөө гэр рүүгээ явсан юм. Н.С жолоогоо бариад, хажууд нь охин ***** нь, эхнэр ***** нь мөн би суугаад явж байсан. Харин машины хойд тэвшин дээр ***** гуай, талийгаач хоёр суугаад явж байсан. Тэгээд “Бор бургасын даваа” даваад шулуун шороон зам дээр явж байсан, би хэсэг зүүрмэглээд суугаад явж байтал хүн хашгирах чимээ сонсогдохоор нь юу болчихов яачив гээд байж байтал Н.С машинаас буусан. Би араас нь буугаад харахад талийгаач машинаас унасан байдалтай замын хажууд уйлаад, хашгираад, ёо ёо гээд хэвтэж байсан. Тэгээд бид нар талийгаачийг өргөөд машины кабин руу оруулаад, ***** бид хоёр машины хойд тэвшин дээр гарч суугаад цааш яваад Н.Сын гэрт очсон...Зам тээврийн осол болох үед Н.С тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан...Н.С жолоочийн суудал дээр, хажууд нь Н.Сын охин *****, эхнэр *****, би суугаад явж байсан. Харин машины хойд тэвшин дээр талийгаач П.Ц, нөхөр *****ын хамт суугаад явж байсан.. Аажуухан явж байсан, бартаатай замд юу гэж хурдтай давхихав дээ...Тухайн үед бид нарыг машинаас буугаад харахад машины баруун талын аравч задраад талийгаач унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Гэрч Б.*****гийн өгсөн: “...Би нөхөр Н.С, охин *****, эгч ***** нарын хамт 07 дугаар сарын 09-ний өдөр Мөрөн сумын төвөөс хөдөө гэр лүүгээ гарах гэж байтал Ч хөдөө гэрээсээ манай нөхөр лүү залгаад “та нар ирэхдээ аав, ээж хоёрыг аваад ирээч, суманд гуанз ажиллуулах гэж байгаа юм, ачаа ихтэй байгаа болохоор жижиг машинууд авахгүй байна” гэхээр нь бид нар нэг нутгийн саахалт айлын хүмүүс тул үгүй гэж хэлж чадахгүйгээр зөвшөөрсөн юм. Тэгээд бид нар захаар юм цуглуулаад машин дээрээ ирэхэд ***** гуай ирээд ачаагаа тавиад машины хойд тэвшин дээр суучихсан байж байсан. Тэгээд бид нар шууд гарахаар хөдөлж замаараа талийгаачийг гэрээс нь аваад талийгаач болон ***** гуай хойд тэвшин дээр суусан, манай машин маяти учир урд дөрвүүлээ суусан учир багтах боломжгүй гэж хэлэхэд Ч охин нь тэвшин дээр зүгээр, зүгээр хамтдаа хүрээд ирнэ биз гэж хэлсэн. Тэгээд замд явж байхад харанхуй болсон. Бид нар “Бор бургасын даваа” даваад уруудаад бартаатай шулуун зам дээр явж байтал хүн хашхирах чимээ сонсогдсон. Бид нар хамтдаа буугаад харахад машины баруун талын хажуу аравч задраад талийгаач машинаас унасан байдалтай замын хажууд ёолоод хэвтэж байсан. Тэгээд бид нар талийгаачийг машин дотор руу өргөж оруулаад, аяархан явсаар байгаад гэртээ очиж, Ч рүү залгаж хэлсэн, нөхрийнхөө хамт манайд ирээд талийгаачийг аваад гэр лүүгээ явсан...Зам тээврийн осол болох үед Н.С өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан...Н.С жолоочийн суудал дээр, хажууд нь охин, би, ***** эгч суугаад явж байсан. Харин машины хойд тэвшин дээр талийгаач П.Ц, нөхөр *****ын хамт суугаад явж байсан...Хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй, ямар ч л байсан зөөлхөн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

Гэрч П.*****гийн өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Чандмань-Өндөр сумынхаа төвд гэртээ байж байтал талийгаач эгч маань 2-3 удаа залгаад “Эгч нь баяраар Чандмань-Өндөр суманд очиж гуанз хийх гэсэн юм, майхан сав зуух ачаад явна, танай баз Н.С орж ирсэн байна, намайг Н.Ст хэлж өгөөч, би нутаг орж гуанз хийх гэсэн юм аа” гэж ярьсан. Би тэр үед нь Н.С луу залгахад охин нь утсыг нь авахаар нь “аавдаа над руу залга” гэж хэлээрэй гэсэн. Тэгээд удалгүй Н.С над руу залгасан. Би Н.Ст хандаж “манай эгч П.Цг заавал аваад ирээрэй, машин дотор суухаар бөөлжөөд байдаг юм” гэхэд “машин дотор багтахгүй ш дээ” гэж хэлсэн, тэгэхээр нь би “заавал авчраарай, угаасаа ачаа ихтэй яваа тэвшин дээрээ ч хамаагүй суулгаад аваад ирэхгүй юу даа” гэж гуйсан. Н.С маань ч гэсэн зөвшөөрч, тэд нар тухайн орой аймгийн төвөөс Чандмань-Өндөр сумын Ёлгос баг руу явж байх замд машины аравч задраад талийгаач эгч маань унаж гэмтсэн байсан. Бид нар эгчийгээ яаралтайгаар аймгийн төв рүү болон Улаанбаатар хот руу авч явж, олон удаагийн хагалгаанд орсон боловч бие нь дийлэлгүй 08 дугаар сарын 12-ны өдөр нас барсан. Бүдүүн чөмөг, сүүж, аарцагны яс нь гэмтсэн байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч С.*****гийн өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Мөрөн суманд ирсэн юм. Намайг аймгийн төвд ирэхэд манай аав, ээж, ***** эгч гурав хөдөөнөөс ороод ирсэн байсан. Манай аав өөрийнхөө ***** улсын дугаартай маяти маркийн автомашинаа унаад орж ирсэн байсан. Тэгээд бид нар маргааш нь буюу 07 дугаар сарын 09-ний өдөр хөдөө гэр лүүгээ буцах гэж байтал Ч эгч манай аав руу залгаад “аав, ээжийг аваад хамтдаа хүрээд ирээч” гэж хэлэхээр нь хариуд нь манай аав “багтахгүй ш дээ” гэж хэлэхэд Ч эгч “ачаа ихтэй байгаа юм аа, хойд тэвшин дээрээ ч хамаагүй суулгаад аваад ирээч” гэж гуйгаад байхаар нь манай аав зөвшөөрөөд барагцаагаар 18 цагийн үед аав машинаа жолоодоод хажууд нь ээж *****, эгч ***** бид гурав суугаад хойд тэвшин дээр талийгаач П.Ц, ***** гуай нар суугаад Чандмань-Өндөр сумын 2 дугаар багт байх хөдөө гэр лүүгээ хөдөлцгөөсөн юм. Замдаа ямар ч саатахгүй явж байгаад “хоёр даваан дээр манай машин шаварт суусан юм”. Тэгэхээр нь манай аав замд явж байсан лексус-470 машиныг гуйж татуулах гэж байх үедээ хойд тэвшин дээр сууж яваа ***** гуай болон талийгаач Ц нарыг буугаарай гэж хэлэхэд ***** гуай буусан, харин талийгаач Ц эгч буухгүй суугаад байсан. Бас бид нарыг татаж өгсөн лексус-470 машин дотор хүн цөөхөн явж байсан тул талийгаач Ц эгчийг урд машин руу ороод суучих гэхэд юм дуугарахгүй байгаад байсан. Тэгээд бид нар цаад даваа руу уруудаад явж байх үед зогсоорой гээд дуудахаар нь зогстол талийгаач Ц эгчийн сууж явсан талын аравч задраад талийгаач Ц эгч тэвшин дээрээс унасан байдалтай газарт ёолоод хэвтэж байсан. Аав, ээж хоёр өргөөд машин дотор руу оруулж, яаралтай цааш хөдлөөд гэртээ очоод Ч эгчийг дуудаад Ч эгч нөхөртэйгөө ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Гэрч С.*****ын өгсөн: “...Амь хохирогч П.Ц бид хоёр 2022 оны 07 дугаар сарын 09-ний орой Н.Сыг машинтайгаа Мөрөн сумаас хөдөө тийшээ гарах гэж байна гэхээр нь явж очоод суусан юм. Н.Сын машин дотор багтах зай байхгүй, кабин дотор нь жолоочтойгоо нийлээд 4 хүн байсан тул талийгаач бид хоёр хойд тэвшин дээр нь суучихсан юм. Бид хоёр Н.Саас гуйсаар байгаад л хойд тэвшин дээр нь суусан юм, угаасаа тухайн үед хөдөө гэр лүү явах унаа тэрэг олдохгүй байсан юм. Тэгээд замд шөнийн 01 цагийн үед явж байтал талийгаачийн хэвтэж явсан талын аравч задраад талийгаач машины тэвшин дээрээс газар руу уначихсан юм. Маш хурдан санамсаргүй болсон үйл явдал. Тэгээд би орилоод машиныг зогсоосон, бид нар бууж очоод харахад талийгаач газарт ёолоод хэвтэж байсан, ухаантай байсан. Бид нар өргөөд машин луу хийгээд цааш яваад Н.Сын гэрт очиж, хүргэн охин хоёрыг дуудсан. Чийн гэрт очиж хоноод өглөө нь аймгийн төвд орж ирээд цааш шууд хот орсон. Хотод хагалгаанд орж, хэсэг хугацаанд эмчлэгдэж байгаад 08 дугаар сарын 12-ны өдөр бурхан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Гэрч Б.*****гийн өгсөн: “...амь хохирогч Ц нь 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Бор бургас гэх газар автомашины чиргүүл дээрээс унаж баруун хөлийн түнхний үер дайруулан мэдрэлийн судасны багцыг тайрч баруун гуяны булчингийн хальс тэжээл алдагдаж үхэжсэн байсныг тайралт хийж авсан гэж өвчний түүхэнд дурджээ. Дээрх гэмтлийн улмаас цусаар идээ тархаж тархины зөөлөн хальс идээлж үрэвслийг бий болгосноор 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нас барсан гэх тэмдэглэгджээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн: “...Жолооч Н.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Н.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.9-д заасан дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно:

а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч;

б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт (энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд);

г/ ачааны болон аяллын чиргүүлд;

ж/ жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр гэсэн заалтыг зөрчсөн байна.

Жолооч Н.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогчид мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. ...” гэх магадлагаа /хх-ийн 46-47 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2140 дугаартай:  “Талийгаачийн П.Цгийн цогцост баруун ацтебулын арын ирмэг, урд ирмэг, сүүжний тогооны хэсгээр олон тооны бяцарсан хугаралтай. Зүүн суудал ясны доод салаа умдаг яс ацтебулын урд ирмэг рүү үргэлжилсэн хугарал, баруун хөлийг түнхний үеэр авах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т болон 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаачийн цус нь 0/1/ бүлгийн цустай байна. Талийгаач нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 02 минутанд нас барсан гэж тэмдэглэжээ. Талийгаач нь тархины зөөлөн хальсны идээт үрэвслийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 56-60 тал /,

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Сын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...Тухайн үед надаас талийгаач Цгийн ар гэрийнхэн “талийгаачийг Мөрөн сумаас хамт аваад хүрээд ирээч ээ” гээд гуйгаад байсан болохоор л би аргагүй эрхэнд зөвшөөрч, талийгаач Цг машиныхаа тэвшин дээр суулгаад Мөрөн сумаас Чандмань-Өндөр сумын Ёлгос 2-р баг руу явсан, явж байх замд тэвшний аравч задраад Ц машины тэвшин дээрээс унасан юм. Маш харамсалтай хэрэг болсон. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ***** улсын дугаартай Hyunda mighty маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл, эд зүйл /эд мөрийн баримт-ыг хураан авсан тэмдэглэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чийн мэдүүлэг, гэрч Г.*****, Б.*****, П.*****, С.Цээнэ, С.*****, Б.*****, мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2140 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Н.С нь 2022 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багийн Бор бургасын даваа гэх газарт ***** улсын дугаартай Hyunda mighty маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй тэвшин дээр тээвэрлэж явсан зорчигч П.Ц унаж баруун ацтебулын арын ирмэг, урд ирмэг, сүүжний тогооны хэсгээр олон тооны бяцарсан хугарал, зүүн суудал ясны доод салаа умдаг яс ацтесбулын урд ирмэг рүү үргэжилсэн хугарал бүхий гэмтэл авч тархины зөөлөн хальсны идээт үрэвслийн улмаас амь нас нь хохирсон гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч П.Ц нь авто ослын улмаас баруун ацтебулын арын ирмэг, урд ирмэг, сүүжний тогооны хэсгээр олон тооны бяцарсан хугарал, зүүн суудал ясны доод салаа умдаг яс ацтесбулын урд ирмэг рүү үргэлжилсэн хугарал бүхий гэмтэл авч тархины зөөлөн хальсны идээт үрэвслийн улмаас нас барсан өөрөөр хэлбэл амь хохирогч машинаас унах үедээ гэмтэл авч, уг гэмтлийн улмаас тархины зөөлөн хальсны идээт үрэвсэл болж нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Н.Сын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.С жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Н.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Сыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлын талаарх баримт ирүүлээгүй  байх боловч шүүгдэгч Н.С нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чт 2.000.000 төгрөгийг төлсөн болох нь тэтгэврийн зээл төлсөн тухай гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 82 тал/, эмчилгээний зардалд 700.000 төгрөгийг өгсөн болох нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ч нь 22.115.338 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд оршуулгатай холбогдуулан баримтаар 765.643 төгрөг, оршуулгатай холбогдуулан зардал дансаар төгрөг 16.285.445, баримтгүй 5.100.000 төгрөг нийт 22.151.088 төгрөг байна.

Үүнээс нотлох баримтаар тогтоогдсон оршуулгатай холбогдуулан гарсан зардал дансаар /эм 11.000, гипс 250.000, bituminous 70.000, тариа 9.000 төгрөг, памперс 15.000, такси 5.000, такси 5.000 төгрөг, тариа 1.120.000 төгрөг, Буяны ажил 710.000 төгрөг, зардал 800.000 төгрөг, буяны 76.000 төгрөг, буяны 100.000 төгрөг, буяны 317.500 төгрөг, Ундрага дэлгүүр 1.100.000 төгрөг, Гандан 130.000 төгрөг, шинжилгээ 25.000 төгрөг нийт 4.743.500 төгрөг, баримтаар /1.850, 54.500, 47.800, 26.700, 78.800, 10.750, 124.900, 130.643, 4.150, 8.900, 2.400, 45.000, 15.900, 39.500/ 591.793, тэтгэвэрийн зээл 1.656.345, зарлагын баримт 2.797.500, 2.540.000/ нийт 12.329.138 төгрөгөөс шүүгдэгч Н.Сын төлсөн 2.700.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 9.629.138 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чт олгох нь зүйтэй байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чийн нэхэмжлэлээс тэтгэврийн зээл 350.000 төгрөг, баримтаар ирүүлсэн 163.100 төгрөг, нийт 513.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чийн нотлох баримтын шаардлага хангахгүй /Адьяагаас зээлсэн 3.000.000 төгрөг, коктейл 58.000 төгрөг Идэр-Ундраа 83.000 төгрөг/ 4.173.100 төгрөгийн хохирол, нотлох баримтгүй бензиний зардал 800.000 төгрөг, оршуулгын чулууны зардал 1.000.000 төгрөг, ламд өгсөн хөлс 1.500.000 төгрөг, бусад зардал 1.800.000 төгрөг, нийт 9.273.100 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Сыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Сын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 74-76 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.С нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 2 дугаар багт оршин суудаг, мал маллаж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч Н.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 167 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Сын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосноор шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.Сын 842449 дугаартай В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгаж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Нгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Ст сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Н.Ст 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар шүүгдэгч Н.Саас 9.629.138 /есөн сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун гучин найм/ төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чт олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Чийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй 4.173.100 /дөрвөн сая нэг зуун далан гурван мянга нэг зуу/ төгрөгийн хохирол, нотлох баримтгүй 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг, нийт 9.273.100 /есөн сая хоёр зуун далан гурван мянга нэг зуу/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Сын 842449 дугаартай В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН