Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: К ХХК -ийн нэхэмжлэлтэй,

/              /

 

Хариуцагч: М.Т-д холбогдох,

/                      /

 

Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 18.109.745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагч М.Т, түүний өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг, нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс “*******“ ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжинд баригдах 99 айлын орон сууцанд банкны ажиллагсдад 1 м.кв талбайн үнийг 1.800.000 төгрөгөөр тохирч, орон сууц захиалсан. Уг гэрээний дагуу орон сууц хүссэн, орон сууцны зээл авах эрх нь бүрдсэн ажилтнуудтай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Орон сууцны санхүүжилтын гэрээг Захиалагч буюу ажилтан, гүйцэтгэгч буюу барилгын компани, санхүүжүүлэгч буюу банк гэсэн 3 этгээдийн хооронд гурвалсан гэрээ байгуулсан. Тус банкны мэдээлэл технологийн газрын салбар хариуцсан инженер М.Тнь дээрх 99 айлын сууцнаас 37.25 м.кв талбай бүхий 75 тоот орон сууцыг худалдаж авахаар хүсэлт гаргасан бөгөөд орон сууцны үнэ 67.050.000 төгрөгөөс банк 16.762.500 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг ажилтны нэрийн өмнөөс барилгын компанид төлж, үлдэх 50.287.500 төгрөгийг 15 жилийн хугацаатай, сарын 1 хувь буюу жилийн 12 хувийн хүүтэй зээл олгосон. Ипотекийн зээлийн гэрээний хүү 8 хувь болсонтой холбогдуулан 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хүүг сарын 0.67 хувь, жилийн 8 хувь болгон 200 тоот зээлийн гэрээг байгуулсан. Орон сууцны урьдчилгаа төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг гүйцэтгэх захирал бие даан шийдвэрлэх эрхгүй тул банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн 15 тоот тогтоолоор ажиллагсдын орон сууцны ипотекийн урьдчилгаанд зориулан 1.217.739.000 төгрөг шилжүүлэх зөвшөөрлийг гүйцэтгэх захиралд олгож, ажиллагсадтай тогтвортой ажиллах гэрээ байгуулахыг даалгасан. Энэхүү даалгаврын дагуу ажилтан М.Т байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 1.2 дахь хэсэгт “Банк ажилтанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 75 тоотод байрлах 37.25 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахад зориулан нийт үнийн дүн 67.050.000 төгрөгөөс 16.762.500 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ“ гэж заасан. Гэрээний 5.2 дахь хэсэгт “Ажилтан өөрийн хүсэлтээр эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд банкнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 7 хоногийн дотор ажилласан жилээс хамаарч тодорхой хувиар багасган төлж барагдуулна“ гэж талууд тохиролцсон. М.Тнь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 тоот тушаалаар захиргаа хүний нөөцийн хэлтсийн инженерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Иймд М.Т хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 5.2-т заасны дагуу санхүүгийн дэмжлэг олгосон 16.762.500 төгрөгөөс хөнгөлөлтийг хасаж, 13.410.000 төгрөг ногдох хүүгийн төлбөрт 4.699.745 төгрөг, нийт 18.109.745 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн гудамжинд баригдах 99 айлын орон сууцны 75 тоот 37.25 м.кв талбайтай байрыг 50.287.500 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр авахаар 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “*******“ ХХК-тай харилцан тохиролцож, “Захиалгаар орон сууц бариулах гэрээ“-г байгуулсан. 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Капитал банк“ ХХК-тай байгуулсан “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ“-ний 3.1-д орон сууцны м.кв дээрх үнийн дүнгээр буюу 1.350.000 төгрөгөөр тооцож, нийт 50.287.500 төгрөг зээлсэн болно. Засгийн газраас 8 хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн ажиллагсдын орон сууцны зээлийг уг зээлд хамруулахын тулд орон сууцны зээлийн гэрээнд 1 м.кв-ын үнэ 1.350.000 төгрөг байсныг 1.800.000 төгрөг болгон зөрүүг банкны эх үүсвэрээс шийдвэрлэсэн болгож урьд гаргасан гэрээ хэлцэл, шийдвэрийг хүчингүй болгох аргаар 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлийн шаардлага болох урьдчилгаа 30 хувийг төлсөн болохыг харуулахын тулд дээрх гэрээг байгуулсан. Бодит байдалд байрны үнэ өөрчлөгдөөгүй, банк М.Т-ийн өмнөөс байрны урьдчилгаанд 16.762.500 төгрөг төлөөгүй, энэ талаарх нотлох баримт, гэрээ, данс байхгүй учир нэхэмжлэгчид ямар нэгэн мөнгө төлөх үндэслэлгүй гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Т-д холбогдох, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 18.109.745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Капитал банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар “...Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн инженер М.Тнь Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсний дагуу ажил олгогч К ХХК , ажилтан М.Т нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 027 дугаар Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 5.2-т “...ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 7 хоногийн дотор банкнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн банкинд ажилласан жилээс хамааран төлж барагдуулна” гэж заасны дагуу санхүүгийн дэмжлэгт олгосон 16.762.500 төгрөгөөс хөнгөлөлтийг хасаж 13.410.000 төгрөг, түүнд ногдох хүүгийн төлбөр 4.699.745 төгрөг, нийт 18.109.745 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хариуцагч М.Тнь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байрны 76 тоот, 37.25 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр тооцон, нийт 50.287.500 төгрөгөөр захиалан бариулахаар ажил гүйцэтгэгч “*******” ХХК-тай тохиролцож, ажил олгогч К ХХК -иас 50.287.500 төгрөгийн орон сууцны хөнгөлттэй зээл авч, орон сууцны төлбөрийг төлсөн болох нь 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар “Захиалгаар орон сууц бариулах гэрээ”-д “...захиалагч М.Тнь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байрны 76 тоот, 37.25 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр тооцож, нийт 50.287.500 төгрөгийн орон сууцыг Капитал банкны зээлээр ажил гүйцэтгэгч ******* ХХК-иар гүйцэтгүүлэх...” гэж заасан, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-д “...зээлдүүлэгч Капиталбанк ХХК нь байгууллагын үндсэн ажилтнаар ажиллаж буй ажиллагсад тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, орон сууц худалдан авахад зориулан хөнгөлттэй зээл олгох үүднээс зээлдэгч М.Т50.287.500 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2037 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар олгох...” гэж зааснаар нотлогджээ.

 

Харин нэхэмжлэгчийн “...М.Т******* ХХК-иас худалдан авсан  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байрны 76 тоот, 37.25 м.кв талбайтай орон сууцны үнэ нь 67.050.000 төгрөг буюу 1 м.кв талбайн үнэ 1.800.000 төгрөг, үүнээс Капиталбанк ХХК нь тухайн үед ажиллаж байсан М.Тсанхүүгийн дэмжлэг үзүүлэн 16.762.500 төгрөгийн урьдчилгааг ******* ХХК-д төлсөн” гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан “*******” ХХК, К ХХК -ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” болон түүний хавсралтад “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжинд баригдаж буй 99 айлын орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1.800.000 төгрөг, 10 давхарын 75 тоот, 37.25 м.кв 1 өрөө орон сууцны үнэ 67.050.000 төгрөг...” гэсэн, “*******” ХХК, К ХХК -ийн хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Тооцоо нийлсэн актад “...Капитал банк нь 406.870.000 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнд М.Т75 тоот, 37.25 м.кв талбайтай орон сууцны 16.762.500 төгрөг...” гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй нотолсон гэж үзэхгүй бөгөөд мөн Капитал банкны депозит дансны хуулгаар “...М.Т санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэх 16.762.500 төгрөгийг Капиталбанк ХХК-иас ******* ХХК-д шилжүүлсэн” нь нотлогдохгүй байна.

 

Мөн зохигчид “...М.Туг зээлийг ипотекийн жилийн 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэхээр талууд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан, ажиллагсдыг тогтовортой ажиллуулах үүднээс хөдөлмөрийн гэрээнд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан” талаар маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн “...М.ТХан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дүгээр байрны 76 тоот, 37.25 м.кв талбайтай орон сууцыг 67.050.000 төгрөгөөр худалдан авахад К ХХК-иас санхүүгийн дэмжлэг үзүүлэн 16.762.500 төгрөгийн урьдчилгааг ******* ХХК-д төлсөн” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар нь нотлогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 027 дугаар Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 5.2-т зааснаар К ХХК  нь “санхүүгийн дэмжлэгт олгосон 16.762.500 төгрөгөөс хөнгөлөлтийг хасаж, 13.410.000 төгрөг, ногдох хүүгийн төлбөр 4.699.745 төгрөг, нийт 18.109.745 төгрөгийг хариуцагч М.Тгаргуулах”-аар шаардах эрхгүй юм.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч М.Тнь бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар К ХХК -ийн нэхэмжлэлтэй, М.Тхолбогдох, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 18.109.745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т заасныг баримтлан К ХХК -ийн нэхэмжлэлтэй, М.Т холбогдох, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 18.109.745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 248.498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.СЭМЖИД