Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/333

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашзэвэгийн Жд холбогдох эрүүгийн 2138002570247 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овогт Дийн Ж, 1975 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЗ75051013 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Дулаанхаан уулын Дунд овоо гэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд мод бэлтгэж экологи эдийн засагт 1.486.930 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138002570247 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Ж нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн Дулаанхаан уулын Дунд овоо гэх газраас 4.898 куб метр хэрэглээний хуурай шинэс модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, экологи эдийн засагт 1.486.930 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жы өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл 1 дүгээр багийн нутаг Дулаан хаан Уулын дунд овоо гэдэг нэртэй газар ойгоос зохих зөвшөөрөлгүй хэрэглээний мод бэлтгэсэн гэх гомдол мэдээллийн дагуу Рашаант сумын төвөөс баруун хойд зүгт 53 км яваад тухайн мод бэлтгэсэн газар очиход тухайн газар нь Дулаанхаан уулын зүүн тал руу уруудаж байрласан шинэс модоор бүрхэгдсэн жижиг уул байв. Тухайн уулын хойноос харсан энгэр газар байх уулын модны зах руу ороход мод бэлтгэсэн газар байв. Үзлэгийг эхлэн унасан модны хожуулыг тоолж үзэхэд нийт 7 ширхэг босоо мод унагаасан байсныг нийт 7 хожуулд хэмжилт хийж гэрэл зургаар бэхжүүлэв. Цааш үзлэгийг хийхэд унагаасан 7 ширхэг босоо модыг 7 см хэмжээтэй тайрахад 1 босоо модноос 2 ширхэг 7 см хэмжээтэй мод гарсан байв. Нийт 7 ширхэг босоо модноос 14 ширхэг 7 см хэмжээтэй мод, 1 ширхэг нь 6.5 см хэмжээтэй мод гарч нийт тайрсан мод нь 15 ширхэг мод байсныг тэмдэглэлд тусгаж гэрэл зургаар бэхжүүлэв. Унагасан бэлтгэсэн модны дундаж голч нь 37.4 см хэмжээтэй моднууд байх бөгөөд тухайн мод нь шинэс нэртэй хуурай мод байв. Тухайн мод бэлтгэсэн газар нь хуурай, нойтон холилдон ургасан шинэс төрлийн модтой уулын ар өвөр газар байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-29 тал/,

Модон үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл 1 дүгээр багт Д.Ж нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дулаанхаан уулын Дунд овоо гэдэг газраас ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх хэрэгт бэлтгэсэн модонд үзлэх хийх зорилгоор Рашаант сумын 4 дүгээр багт байх Засаг даргын тамгын газрын хашаанд байх модонд үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр голоор нь хуваасан 12 ширхэг 5.6-6 метрийн урттай хэрэглээний хуурай мод байв. Мод нь шинэс төрлийн хуурай мод байв. Голоор нь хуваагүй 9 ширхэг 5.44-6.5 метрийн урттэй хэрэглээний хуурай шинэс мод байв. Нийт бэлтгэсэн мод нь 4.8 метр куб хэмжээтэй мод байв. Нийт 7 ширхэг босоо мод унагаасан 15 ширхэг 5.4-6 метрийн хэмжээтэй бэлтгэсэн мод байсныг үзлэг хийж тэмдэглэл хөтлөв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-30 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 31 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 32-33 тал/,

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 35 тал/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 36 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Л.Бын өгсөн: ”... 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцсан Тээл багт модны шалгалт хийж яваад Дулаанхаан уулын Дунд овоо гэдэг газар модон дотор цахилгаан хөрөө дуугараад байхаар нь явж очсон чинь тус багийн иргэн Д.Ж нь ганцаараа босоо мод хөрөөдөж унагаан, хувааж байсантай таараад та ямар зориулалтаар мод унагааж бэлтгэж байна вэ? Мод бэлтгэх эрхийн бичиг авсан уу? Манай сумын хэрэглээний модны лиминт дууссан байгаа, эрхийн бичиг бичихгүй байгаа гэсэн чинь Ж гуай 2020 онд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан тухайн ондоо модоо авч чадаагүй гэсэн. Тэгэхээр нь би уг эрхийн бичиг нь тухайн ондоо дууссан болохоор тухайн эрхийн бичгээр мод бэлтгэж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би мод хөрөөдөж байсан цахилгаан хөрөөг нь түр хурааж аваад, та ингэж мод бэлтгэж болохгүй, таны бэлтгэсэн модон дээр шалгалтын ажиллагаа явуулна гэж хэлээд явсан...Тухайн үед Ж гуай ганцаараа мод бэлтгэж байсан...Тухайн мод бэлтгэж байсан газар нь Рашаант сумын 1 дүгээр баг Дулаанхаан уулын Дунд овоо гэдэг нэртэй газар байсан...Ж гэдэг хүний бэлтгэж байсан мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн, шинэс нэртэй мод байсан...Тухайн Дунд овоо гэдэг газар ямар ч нөхөрлөл талбай тусгаарлалт хийлгээгүй...Ж гэдэг хүн эрхийн бичиггүй байсан. Манай сумын хэрэглээний модны лиминт дууссан...Миний хариуцдаг багийн ойн сангаас хэрэглээний босоо мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн болохоор байгаль орчинд хохирол учирсан...Эрхийн бичиггүй унагаасан модны экологи, эдийн засгийн үнэлгээг төлүүлмээр байна...Хэрэглээний зориулалтаар л мод бэлтгэх эрхийн бичиг авсан. 4 метр/куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан шиг санагдаж байна. Тэр авсан мод бэлтгэх эрхийн бичгээрээ модоо бэлтгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 190 тал/,

Гэрч Б.Бгийн өгсөн: “...Манайх байшин барьж байгаа юм. Тэгээд барьж байшинд мод дутах болоод Рашаант сумын 1 дүгээр багаас 7 босоо мод унагааж бэлтгэсэн. Тухайн модыг байрнаас хөдөлгөж амжаагүй байхад байгаль хамгаалагчид баригдах болсон...Ж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Шууд ойгоос нь бэлтгэх болсон...Тухайн ууланд байгаа модыг Ж ганцаараа бэлтгэсэн... Рашаант сумын 1 дүгээр баг Дулаан хааны Дунд овоо гэх газар бэлтгэсэн...Би Жы унагаасан модыг очиж харсан. 7 босоо мод унагааж 7 метрийн урттай 14 ширхэг мод, 6.5 метрийн урттай 1 ширхэг мод нийт 15 ширхэг мод бэлтгэсэн байсан... Манай нөхөр 5x6 метрийн хэмжээтэй торх барьж байсан юм. Тэр торхоо дуусгаад торхоо зарж банкныхаа мөнгийг л хийхээр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 180 тал/,

Гэрч Д.Бийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртэй байхад манай гэрт Ж ирээд мод ачих гэсэн машин олдохгүй байна чи Рашаант сумын төв рүү ачаад оруулаад өгөөч гэж гуйсан юм. 48-58 ХӨВ улсын дугаартай Портер маркийн машинаараа модыг нь ачиж өгөх гээд Ж ах бид 2 Дулаанхаан уулын Дунд овоо гэдэг нэртэй газар очсон. Тухайн газар бөөгнүүлж тайрч бэлтгэж орхисон 4 ширхэг 6 метр гаран хэмжээтэй мод байсан юм. Тэгээд би машин дээрээ байсан 6 метр гаран урттай модыг хөрөөгөөр тайраад, мөн тэр хавиар байсан богино хэмжээтэй моднуудыг түүгээд 17 ширхэг мод ачаад Рашаант сумын төв рүү оруулж ирээд захиргааны хашаан дотор буулгаж орхисон...Ж ах бид 2 мод ачихад хажууд хамт Ж ахын эхнэр байсан өөр хүн байгаагүй...Би Ж ахыг хэдэн ширхэг мод бэлтгэсэн талаар мэдээгүй...Ж ах бид 2 мод ачихад байсан. Өөр бэлтгэсэн мод үлдээгүй...Ж ах мод бэлтгэсэн газраасаа өмнө нь мод ачсан талаар юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

Гэрч Т.Бийн өгсөн: “...2021 оны 08 дугаар сард шиг л санагдаж байна. Нутгийн иргэн Г гэдэг хүнээс Бонго Жи маркийн улсын дугааргүй бүртгэлээс хасуулчихсан машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ж манайд ирээд мод ачаад өгөөч гэж гуйхаар нь модыг нь ачихаар Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Дулаан хаан уулын Дунд овоо гэх газраас мод ачихаар модонд очоод гурван мод ачиж байхад байгаль орчны хүмүүс шалгалтаар ирээд машинд ачсан модыг буулгуулсан...Ойр зуур, нүүдэл хийхээр л авсан...Модоо унагаагаад л тавьчихсан байсан. Босоо 7 ширхэг мод огтолсон байсан. 5-6 метр орчим урттай л моднууд байсан...Сая Гтэй утсаар холбогдож асуухад 16-97 ХӨВ улсын дугаартай гэж хэлсэн...Миний машин 3,500,000 мянган төгрөгөөр л үнэлэх байх... гэх мэдүүлэг /хх-ийн 139 тал/,

Гэрч Ц.Бийн өгсөн: “...Рашаант сумын Тээл 1 дүгээр багийн иргэн хууль бусаар мод бэлтгэсэн гэдгээр шалгаж байсан...Хэргийн газрын үзлэг хийхдээ сантиметр заасан метр ашиглаагүй, тэд метр орчим гэсэн байдлаар үзлэгийн тэмдэглэлд бичиж, дараа нь ой ангийн инженерээр хэмжүүлж экологи эдийн засгийн үнэлгээг тогтоолгох гэж байсан. Харин см, м гэдэг болохоор сантиметр, метрийн хэмжээг зааж бичээд тэд орчмын урттай гэж бичихгүй бичигдлийн алдаатай бичсэн байна... Хэргийн газрын үзлэг хийхдээ хэмжээ заасан метр ашиглаагүй. Тэд орчим метрийн урттай гэж бичих гэж байгаад бичиглэлийн алдаа гаргаж см, м гэсэн тэмдэглэлээр тэмдэглэсэн байна. Сүүлд модонд үзлэг хийсэн тэмдэглэлээр бол сантиметр хэмжээ заасан метр ашиглаж хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 185 тал/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай: “...Иргэн Д.Жы модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4.898 м3 хэрэглээний хуурай шинэс мод байв. Д.Ж нь мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй тул тухайн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ тооцов. Экологи эдийн засгийн үнэлгээ 1486930 төгрөг байв. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. Уг мод нь хэрэглээний хуурай мод байна. ДЖы бэлтгэсэн Дулаанхаан уулын дунд овоо гэх газар нь хамгаалалтын бүсийн /1 дүгээр муж/ ойд хамаарч байна. Рашаант сумын 1 дүгээр багийн Дулаанхаан уулын дунд овоо гэх газар нь тусгай хамгаалалтгай газарт хамаарахгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 85-86 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-622/3706 дугаартай: “Шинэс төрлийн хэрэглээний 4.898 м3 хуурай модны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 5 дугаар сарын байдлаар 244.900 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 91-93 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-622/3705 дугаартай: “Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 5 дугаар сарын байдлаар 180.000 төгрөгийн үнэлгээтэй байхыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 98-100 тал/,

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаартай: “...Яллагдагч Д.Жы ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход: Экологи-эдийн засгийн үнэлгээ 1.486.930 төгрөгийн хуурай шинэс, Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 4.460.930 төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.4.1 дахь заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт /хх-ийн 106-107 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ХӨА: 1001096 дугаартай: “С.Гийн эзэмшлийн 16-97 ХӨВ улсын дугаартай 1996 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн Воngо 3 соасh маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх автомашин, техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 141 тал/,

Шүүгдэгч Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өөртөө торх барьчихсан байж байгаад тэр торхоо дуусгахаар хэдэн модонд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мод хийхээр ганцаараа Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Дулаан хаан Дунд овоо гэх газар луу модонд явсан. Модонд очоод босоо хуурай 7 ширхэг мод огтолж унагаагаад 5-6 метрийн орчим урттай тайраад бэлтгэж дуусаад байж байхад сум дундын ой ангийн хүмүүс шалгахаар нь жижигхэн байшин барьсан юм, тэрийгээ дуусгахаар мод унагаасан юм гэхэд та ингэж мод унагааж болохгүй гээд хөрөөг хурааж авсан. Би модоо манай найз Батсайхан /Улаанаас гэж дууддаг/ хүний портер машинаар модоо ачихаар 4-5 ширхэг мод ачиж байхад ой ангийн хүмүүс ирж шалгаад модыг буулгуулсан. Модоо ачаад бол хөдлөөгүй юм. Тэр хүмүүс модоо битгий ачаарай, эндээ байлгаж байгаарай гэж хэлчхээд явсан...Тэрнээс хойш 5-6 хоногийн дараа экологийн цагдаа ирж шалгаад одоо энэ модыг хөдөлгөж болохгүй, эндээ байлгаж байгаарай гэж хэлсэн. Рашаант сум руу орж мэдүүлэг өгсөн...Унаа олдохгүй тухайн үед нь бол сумын төв рүү оруулж чадаагүй. Хүн гуйж байгаад л бол дараа нь оруулсан. Модоо сумын төв рүү оруулахаас өмнө л модонд нь гол хуваачихсан юм...Хөрөө сумын байгаль хамгаалагчид байгаа. Хөрөөгөө 150,000 мянган төгрөгөөр үнэлнэ... Модоо бэлтгэсэн өдрөө модоо ачихаар Бийг машинаараа ачиж өгөөч гэж гуйсан. Тэгээд түлшний мөнгө 20.000 төгрөг л өгсөн байх. Машинаар нь модоо ачихаар модонд очоод гурван мод аччихсан байхад байгаль орчны шалгалтын хүмүүс модыг буулгуулсан...Бонго маркийн хөх өнгийн машин байсан. Улсын дугаарыг нь бол мэддэггүй. Сая л Бөөс асуухад бүртгэлээс хасуулчихсан машин гэдгийг мэдлээ... 5х6 метрийн хэмжээтэй байшингийн мод бэлтгэхээр л модонд явсан юм. Модоо хэмжиж тайрахдаа нарийхан модон дээр гараараа төөлж хэмжээ хийж нэг метр орчим урттай гэж үзээд л 6 удаа тайрах модон дээрээ тавьж үзээд л 6 метр, 5 метрээр тайрсан. Тэрнээс яг нарийн метрээр бол хэмжээ тавиагүй. Ойн ангийн шинжээч хэмжилт хийхэд нь бол зарим нь 5 метр гаруй, зарим нь “6 метр хүрэхгүй зарим нэг нь 6 метр гаруй моднууд хэмжигдэж байсан. Уг нь 11 ширхэг модыг нь сумын төв рүү зөөн оруулахаар машин дээр ачаад явсан боловч машин эвдрээд Хүүш гэх нэртэй газарт буулгаад үлдээчихсэн юм. Тэгээд сүүлд нь цагдаа модоо оруулж ир гэхээр нь маяти машинаар ачиж сумын төв рүү оруулсан. Харин модонд үлдээсэн 4 ширхэг модыг портер машинаар ачихаар очиход уртдаад байхаар нь богино болгож тайраад машиндаа ачиж сумын Засаг даргын тамгын газрын хашаанд бүх модыг оруулсан...Үзлэг хийсэн Б байцаагч л 7 метр, 6,5 метртэй моднууд байсан гэж хэлэхээр нь тийм урттай мод бэлтгэсэн гээд хэлчихсэн. Би өөрөө сайн метрлэж үзээгүй байсан болохоор тэгээд л хэлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122, 135-136, 183 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Модон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Л.Бын мэдүүлэг, гэрч Б.Б, Д.Б, Т, Ц.Б нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-622/3706 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ-622/3705 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ХӨА: 1001096 дугаартай автомашин, техникийн үнэлгээний тайлан зэрэг нь шүүгдэгч Д.Жы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ж нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэн тээвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Жы эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Жы гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 1.486.930 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 85-86 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 4.460.930 төгрөгийн /хх-ийн 106 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна. Дээрх хохирол төлбөрөөс 2.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 2.460.930 төгрөгийг шүүгдэгч Д.Ж нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.Жаас 2.460.930 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.   

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Жыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Жы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн дугаар 123, 125-126, 147талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж нь ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багт оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүх  хурадаанд гаргасан эрүүгийн хариуцлагийн дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгуулах, уг торгуулийн ялыг түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Д.Жы үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 4.898 куб метр хэмжээтэй модыг хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд хэсгээрээ цагаан, хоёр хажуу тал нь улбар шар өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Дийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Дийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 75.000 /далан тав/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сарын хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Д.Жд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.Жы байгаль экологит учруулсан хохирол 4.460.930 /дөрвөн сая дөрвөн зуун жаран мянга есөн зуун гуч/ төгрөгөөс Д.Жы төлсөн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хасч үлдэх 2.460.930 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга есөн зуун гуч/  төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 4.898 куб метр хэмжээтэй модыг хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эрүүгийн 2138002570247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий дунд хэсгээрээ цагаан, хоёр хажуу тал нь улбар шар өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН