Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/335

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Хохирогч Д.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жийн Бд холбогдох эрүүгийн 2238000000579 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогт Жийн Б, 1972 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, группт, ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 4-10 тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймгийн шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймгийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар таслах шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар 10 сар хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил 2 сар 25 хоног хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РЭ72122116 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ж.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 3-01 тоот байрлах хохирогч Д.Сн гэрээс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Samsung S6 загварын гар утас болон 43 инчийн Rotenzo загварын зурагтыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000579 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

            Шүүгдэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 3-01 тоот байрлах хохирогч Д.Сн гэрээс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Samsung S6 загварын гар утас болон 43 инчийн Rotenzo загварын зурагтыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бы өгсөн: ... 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би айлд ороод найзтайгаа архи уусан. Тэндээс гарч яваад цоожтой байсан айлын гэрийн хаалгыг онгойлгож ороод зурагт утас авсан. Мөнхнасан гэдэг хүнд зурагтыг 70.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сгийн өгсөн: “...Одоо гомдол санал байхгүй...Би 130.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 31-01 тоотод байрлах ертөнцийн зүгээр урд талдаа хөх өнгийн төмөр хаалгатай хашаа байна. Хашаанд ороход дунд хэсэгт монгол гэр байна. Хашааны үүд хэсэг гэрийн гадна хэсгээр ул мөр хайхад шороон хөрс дагтаршсан байх бөгөөд хөрсөн дээр ач холбогдолтой ул мөргүй байна. Гэрт орж доторх байр байдлыг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Гэрийн доторх тавилга эд зүйлс дээрээс ул мөр хайхад хойморт байх цагаан өнгийн тавилга дээр зүүн хэсэгт байсан хар өнгийн зурагтны төхөөрөмж дээрээс гарын мөрийг нунтаг бодисоор багсдан 4 ширхэг гарын мөр илрүүлэв. Цагаан өнгийн тавилга дээр тоос тогтсон байдлыг ашиглахад зурагт байсан гэж үзэх үндэслэлтэй ул мөр үүссэн байна. Хэргийн үзлэгийн явцад нийт 5 кадр гэрэл зураг бэхжүүлэн авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 тал/,

Хохирогч Д.Сн өгсөн:  “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө гэрээсээ 09 цаг 30 минутын орчим гараад айлд очиж тариагаа хийлгэсэн. Тэгээд орой гэртээ ирэхэд манай хаалга онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол хойморт байсан 43 инчийн өнгөт зурагт байхгүй, цэнэглээд тавьсан байсан Samsung S6 загварын гар утас зэрэг байхгүй болсон байсан. Тэгээд би гэрийнхээ эд зүйлд хүрэлгүйгээр унтаад өнөөдөр цагдаагийн байгууллагад хандах болсон...Хар өнгөтэй том зурагт байгаа. Samsung S6 загварын гар утас нь хуучин хэрэглэж байсан гар утас байгаа... Би гар утсыг 3 жилийн өмнө АНУ худалдааны төвөөс 220.000 төгрөгөөр авч байсан. Өнгөт зурагтыг PС молл цахилгаан барааны дэлгүүрээс 2020 оны 01 дүгээр сард 1.800.000 төгрөгөөр авч байсан. Гар утсаа 80.000 төгрөгөөр үнэлнэ. Өнгөт зурагтаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...Надад нэхэмжлэх зүйл байна. Би өөрийн зурагтаа буцаагаад явсан. Харин гэрт байсан 80.000 төгрөгийн утсыг буцааж өгөөгүй байгаа. Мөн би үнэлгээ хийлгэх зардал болох 50.000 төгрөг, нийт 130.000 төгрөгийг Ж.Б гэх хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 17 тал/,

Гэрч Н.********гийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Б гэдэг хүн манайд ирээд зурагт авах гэсэн би юун зурагт вэ гэсэн чинь манай дүүгийн зурагт байгаа юм, ээжид авч өгсөн юм гэж хэлсэн. Б 150.000 төгрөгөөр авчих гэсэн. Тухайн үед надад 70.000 төгрөг байсан. Тэрийгээ өгч явуулсан Б нь маргааш ирж буцааж авна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийи 20-21 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 3 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд МN004610002768 дугаараар бүртгэгдсэн Жийн Бы гарын дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт битүү хээ зэрэг хувийн болон ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. Харин гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-922/4562 дугаартай: “...гар утас болон өнгөт зурагтын нийт зах зээлийн үнэ цэнийг одоогийн байдлаар 630.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 34-37 тал/,

Гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 тал/,

Эд зүйл /баримт, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бы яллагдагчаар өгсөн: “.... Би айлаас авсан зурагтаа буцаагаад өгчихсөн одоо хохирол байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.С, гэрч Н.********* нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ-922/4562 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн  талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /баримт, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 3-01 тоот байрлах хохирогч Д.Сн гэрээс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Samsung S6 загварын гар утас болон 43 инчийн Rotenzo загварын зурагтыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Бы үйлдэл нь шунахайн сэдэлттэй, эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх төдийгүй хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Ж.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 3-01 тоот байрлах хохирогч Д.Сн гэрээс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Samsung S6 загварын гар утас болон 43 инчийн Rotenzo загварын зурагтыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.  

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Шүүгдэгч Ж.Бы гэм буруутай үйлдлийн улмаас Д.Сд 630.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Б, хохирогч Д.С нар нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж ирүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Ж.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгээс шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хорих ялаас доогуур хэмжээгээр буюу 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж энэ хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлж өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэх ял оногдуулах тайлбарыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ж.Бы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 53-55 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 04-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тул 01 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Жийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Быг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  энэ  өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН