Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/856

      2022        06          07                                      2022/ШЦТ/856

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Э.Чингис, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч П.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02644 0043 дугаартай  хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь ....  нутаг дэвсгэрт байрлах “.... ” ...... тоотод2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5 настай өөрийн төрсөн хүү буюу бага насны хохирогч Б.С ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан, 

Уг үйлдэлийг үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн 5 настай хүү Б.С ийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “миний хүү биш гэж хэл, аавдаа хайртай юу? битгий уйлаад бай, чамайг балкон дээрээс шидчихнэ шүү” гэх зэргээр, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ээж И.С т “энэ миний хүүхэд биш гэнэ, миний аав чи биш” гэж хэлж байна. Миний аавыг Баярбат гэдэг гэж байна “энэ зулбасгаа ирж авахгүй бол би аллаа” гэж авирлан бага насны хохирогч Б.С ийн амыг нь дарах, хоолойг нь боох, цохих, орон сууцны байрны 3 дугаар давхарын цонхоор бүтэн биеэр нь гаргаж хөл гараас нь барин алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Бага насны хохирогч Б.С ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би эмээгийндээ Эрдэнэт хотод амьдардаг. Ээж Хөвсгөл аймагт ажилладаг. Эмээ 2021 оны 08 сард хувийн ажлаар Дорнод аймаг явсан. Тэгээд би эмээтэйгээ, ах, эгчийн хамт Улаанбаатар хотод очсон. Миний төрсөн аав Б  нь Улаанбаатар хотод амьдардаг. Намайг харах хүн байхгүй гээд аав дээр үлдээхээр болж бид 2 уулзсан. Би аавын гэрийн хаягийг мэдэхгүй байна. Тэгээд гэрт нь хамт хоёулахнаа байсан. Аав гэртээ ганцаараа архи уучихсан байсан. Аав намайг “миний аав биш” гэж хэл гэсэн. Тэгээд би “та миний аав биш” гэж хэлсэн. Тэгсэн миний хоолойг боосон. Хүзүү рүү гараараа цохьсон. Тэгээд гэрийнхээ болконыхоо цонхыг онгойлгоод намайг болконы гадна гаргаад миний хөлнөөс бариад байсан. Тэгсэн миний өмсөж байсан хар саравчтай малгай маань газар уначихсан. Тэгээд бас миний мөр рүү гараараа цохиод байсан. Бас миний амыг дараад байхаар нь би уйлсан. Ээж Б  аавын утас руу залгахад нь би утсыг нь аваад “намайг болкон дээрээс унагаах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд намайг болкон дээрээс унагаах гэж байхад Б   ах хаалга тогшоод ирж намайг аваад гэр лүү нь цуг явсан. Намайг аав Б  зодохдоо “Чамайг болкон дээрээс шидчихнэ шүү” гээд байсан. Тэрнээс хойш би аавтайгаа уулзаагүй. Миний ам, хүзүү, мөр өвдөөд байсан гэх мэдүүлэг /хх-н 17/,

Хамгийн сүүлд аавтайгаа байхад аав бид 2 дэлгүүрээс чихэр, банана, зайрмаг хиам бас аав ногоон шилтэй /тэрийг уугаад согтсон/ архи аваад гэртээ ороод байж байгаад аав миний хүү аавдаа хайртай юу гээд асуугаад байсан. Би хайртай гэсэн чинь аав дахиад аавдаа хайртай юу гээд намайг унтуулахгүй байсан. Миний нойр хүрээд унтах гэсэн унтуулахгүй намайг татаж байгаад аавдаа хайртай юу гээд байхаар нь би унтмаар байна гээд уйлсан чинь аав битгий уйлаад бай гээд уурлаад миний амыг гараараа дараад, боож алах гээд хүзүүнээс бариад, намайг болкон дээр гаргаж байгаад цонхоор гаргаад хөлнөөс барьсан. Тэгээд би дээшээ харах гэсэн чинь миний дуртай малгай газар унасан. Дуртай малгай маань бүр байхгүй болчихсон. Ээждээ хэлнэ гээд уйлсан чинь ээждээ хэлээд яадаг юм. Ээж чинь чамайг тоохгүй ажлаа хийдэг биз дээ гэсэн.

Аав миний нэг хөлнөөс нэг гараараа, нөгөө гараараа миний гарнаас барьж байгаад жижиг цонхоор гаргасан. Би дээшээ харах гээд чадахгүй малгай уначихсан. Намайг уйлсан чинь гэрийн хаалга хүн цохиод тэгээд аав чимээгүй байгаарай. Хэн хаалга цохиод байна гээд хутга барьсан. Гэхдээ хутгаар намайг айлгаагүй. Хүн ирж байна уйлж болохгүй шүү гэсэн. Хаалга тогшоод аав намайг цонхны гаднаас оруулаад буйдан дээр суулгаад чимээгүй байгаарай уйлж болохгүй шүү гэж хэлээд хаалга онгойлгоод Б   агаа орж ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 145/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.С ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Намайг И.С  гэдэг. Би Д.Б тай 2014 оноос 2017 он хүртэл хамтран амьдарсан бөгөөд бид 2 дундаасаа Б.С  гэх хүүхэдтэй юм. Бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй. 2016 оны 11 дүгээр сард Д.Б  гадуур архи ууж ирээд агсан тавиад байсан бөгөөд уг үйлдэл нь удаа дараа давтагдсан болохоор салсан юм. Д.Б  нь аядуу зөөлөн үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй бөгөөд их бага хэмжээний орлого олсон үедээ хүүхэддээ хүртээдэг байсан бөгөөд бид 2 салсан ч гэсэн хүүхэддээ чадлаараа туслаж дэмждэг. Хамт амьдарч байхад болох болохгүй асуудал гардаггүй байсан бөгөөд сүүлдээ архи ууж эхлээд агсан тавиад байхаар нь салсан юм.

2021 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт ууланд ажилаа хийж байх үед миний салсан нөхөр Б  надруу залгаад энэ зулбасагаа ирж аваа, авахгүй бол би боож ална шүү, миний хүү биш гэж байна гэж байсан бөгөөд цаана нь С   орилоод ээжээ битгий утсаа салгаарай намайг унагах гээд байна гэж орилоод байсан. Тэгээд би 102, 108 дугаарлуу холбогдож нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн юм. Тэгээд би хүү Б   руу залгаж дүүгээ Б ынхаас яаралтай очиж аваарай гэж хэлсэн.

Б.С ийн хүзүүний урд хэсэгт маш том улаан толбо үүссэн, зүүн хацар дээр 4 хурууны мөр, баруун хацар дээр 1 эрхий хурууны мөр байх ба уг мөр нь амыг нь дарж базсан гэмээр харагдаж байсан.

Б.С  нь сэтгэл санаагаар маш их унасан, гутранга үзэлтэй болчихсон бөгөөд зураг их зурдаг юм. Одоо зурагыг нь ажиглаад байхад тамын эвэртэй зураг зурж мөн өгөгдөлтэй будаг зурагны нүдийг нь дардаг, сохолдог болчихсон байсан. Тухайн өдрөөс хойш С  ийн зүүн хамарнаас нь цус 2-3 дараалж гарсан. Д.Б д хэн нэгэн нь чиний хүүхэд мөн юм уу биш юм уу гэж хэлсэн байх тэрийг бодож явсаар тухайн өдөр уураа гаргах болсон байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-н 20/,

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б тай 2-3 удаа утсаар ярьсан. Энэ үед бид 2 хоорондоо маргалдаагүй, найзындаа тавилга угсарч байна гээд ярьсан. Тэгээд 23:30 цагийн орчимд залгахад Б  бид дэлгүүрээр ороод банана, ундаа авлаа гээд одоо гэртээ харилаа гэж ярихаар нь гэртээ харьж байгаа юм байна гэж бодоод унтаж байтал 40-50 минутын дараа дуу хоолой нь өөрчлөгдсөн согтуурсан байдалтай Б  над руу залгаад “энэ миний хүүхэд биш гэнэ, миний аав чи биш” гэж хэлж байна миний аавыг Баярбат гэдэг гэж байна “энэ зулбасгаа ирж авахгүй бол би аллаа” гэж хэлчихээд утсаа салгачихаар нь би айж, сандраад 102, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, 5 хороо хариуцсан цагдаагийн утас руу, мөн 108 руу залгаж дуудлага өгсөн. Энэ хооронд Б  надруу залгасаар л байсан. Би тайвшруулж сатааруулахын тулд дээрх тусламж авах дугаар руу залгах завсраар Б ын дуудлагыг авч байсан. Б тай ярьсан дараагийн ярианд “чи намайг болон миний ээж, эгч нарыг хуурч байсан, энэ хүүхэд миний хүүхэд биш юм байна гэж хэлчихээд утсаа тасалчихсан. Ер нь бол өөрийнхөө хэлэх үгийг хэлчихээд утсаа тасалчихаад байсан. Энэ хүүхдийг чинь ална, яаж алуулмаар байна. Боож ална, би чанаж иднэ гэх мэтчилэн үг хэлчихээд утсаа салгачихаад байсан. Би энэ хооронд дүү О , Э  нар руу залгахад утас нь холбогдохгүй байхаар хүү Б  ы .....  дугаар луу залгаад дүүг чинь Ж  ална гээд байна. Дүүгээ очоод аваадах гэсэн. Тэгээд Б  ыг юу ч гэсэн гараад такси бариад тарвилан хийд чиглээд явж бай би Б аас хаягыг нь тодорхой аваад эргээд залгая гэж хэлчихээд Б  руу утасдаад би хүн явуулая чи хаягаа хэлээдэх гэтэл надад сэнгүр горхины хажууд ....  хотхон Б блок 29 тоот гэж хэлчихээд бушуу ирж энэ хүүхдээ авахгүй бол хүүхдийг чинь дүүжилж ална шүү гэж хэлэхээр нь утсаа салгаад хүү Б   руу залгаад хаягыг нь тодорхой хэлж өгсөн. Намайг ярихад Б   таксинд суучихсан явж байна гэж яриад утсаа салгатал Б  дахиад залгаад утсаа автал цаана нь С   “ээжээ битгий утсаа салгаарай, намайг унагаах гээд байна яа яа” гээд орилж байгаа нь сонсогдоод Б  утсаа салгачихаар нь би хүү Б   руу залгаад очиж байна уу гэсэн байрны дугаар нь мэдэгдэхгүй байна гэж хэлэхээр нь ямар нэгэн аргаар хурдан олж ороод дүүгээ аваадхаач, 29 тоот шүү хурдлаарай гэж хэлээд утсаа салгаад удаагүй байтал Б   надруу залгаад дүүгээ авчихлаа гээд ярихаар нь би ч тайвшраад хүү С  ээ ямар байдалтай байгааг асуугаагүй. Шууд Б ын утасны дугаарыг блок хийчихсэн. Би Б аас хаягыг нь авчихаад Б  д өгчихөөд цагдаагийн алба хаагч руу бас хаягыг хэлж өгсөн байсан. Тэгээд 01:30 цагийн үед цагдаагийн алба хаагч над руу залгаад ....  б блок 29 тоот хаалгаа тайлахгүй байна, та хүүхдээ авсан уу гэж ярихаар нь би манай хүүхэд очоод авчихсан, дуудлага буцаая гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн үед хүү С  ийг авахаар Төв аймгаас шууд Б  ы гэрт ирэхэд С  ийн төвөнх нь улайчихсан, нүүрний зүүн талын шанаанд гарын хурууны ор гарсан улайтал базсан байдалтай байхаар нь хүүхдээ хувцаслаад, цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 147-148/,

Гэрч И.Б  ы мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн орой 23-00 цагийн хооронд байх санахгүй байна. Манай ээж С  надруу залгаад дүүгээ Б ын гэрээс очоод аваадах, Б  дүүг чинь уйлуулаад байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад ганцаараа Б ын гэр болох ....  хотхоны байранд Б ын гэрт очиход Б  согтуурсан байдалтай, манай дүү уйлчихсан байдалтай байхаар нь шууд аваад гэрлүүгээ очсон юм. Б  өөрөө бие муутай болохоор ямар нэг зөрчил үүсгэлгүй шууд л гэрээс нь гарсан. Тэгээд гэртээ очоод дүүгээ унтуулах гэхэд хүзүү хэсэг нь боймилсоноос үүссэн байдалтай улаан хүрэн өнгийн толбо үүссэн байдалтай байхаар нь дүүгээс яагаад хүзүү чинь ийм болчихсон юм бэ гэж асуухад аав миний хоолойг боогоод цонхоор гаргаж шидэх гэж байсан гэсэн тайлбар хэлсэн. Ингээд би дүүгээ унтуулаад, маргааш өглөө нь ээж манайд ирээд дүүгийн хүзүүний улайлтыг харахад нь би дүүгээс сонссон зүйлээ ээжид хэлсэн гэх мэдүүлэг /хх-н 34/,

Намайг очиход хүүхэд уйлж байгаа чимээ сонсдоогүй. Тэгээд хаалгыг нь тогшиход эхлээд С   хэн бэ гэсэн. Агаа нь байна хаалга тайлаарай гэж хэлэхэд 3-4 минутын дараа С   хаалга тайлсан. Ороход нэг өрөө байр байсан ба би ороод үүдэнд зогсоход С   үүдний хажууд нилээн уйлсан байдалтай нүүр нь халтайчихсан, саарал өнгийн подволк, шорттой зосгож байсан. Б  гэрийнхээ зүүн хэсэгт гал тогооны орчмын доголтой хэсэгт зогсоож байсан. Гартаа юм барьсан байсан үгүйг нь анзаараагүй. Тэгээд би шууд явъя агаан дүү гэхэд Б  ууттай чипс, чихэр, ундаа өгөөд араас "аавдаа хайртай юу, миний хүүхэд мөн л юм бол” гэж хэлээд гэртээ үлдсэн. Манай гэрийнхэн Б  бие муутай шүү битгий гар хүрээрэй гэдэг болохоор би Б тай харилцаа үүсгээгүй. Шууд л дүүгээ аваад явсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 152/,

Гэрч Л.Э ын мөрдөн байцаалтад өгсөн:

....  тоот гэртээ байхад 2021 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 00:30-00:40 цагийн үеэс эхлээд доод айлд эрэгтэй хүн хүүхдээ чи миний хүүхэд биш гэж загнаж уйлуулаад, ээжийн талаар юм хэлээд уурлаад байсан. Ээжийнх нь талаар яаг юу хэлж байсныг нь санахгүй байна. Тэгээд хүүхэд нь уйлахаа болиод хэсэг чимээгүй болохоор дахиад л хүүхдээ чи миний хүүхэд биш гэж уйлуулаад, зодоод байх шиг байсан. Хүүхэд нь ааваа болиочээ гэхээр чи миний хүүхэд биш гээд уйлуулаад байсан юм. Энэ үйл явдал 40-50 минутын орчим үргэлжилсэн. Манай байр хана тааз, нимгэн болохоор надад маш сайн сонсогдож байсан. Би зүгээр гайгүй болчих юм болов уу гээд нилээн сонсож байгаад дуудлага өгсөн. Би дуудлага өгөхдөө өөрийнхөө дугаараас “согтуу хүн хүүхдээ болконы цонхоор доошоо унагаах гээд байна” гэж дуудлага өгсөнөө сайн санаж байна. Яагаад гэвэл гадаа хүүхэд уйлах шиг болохоор нь би өөрөө өрөөний болконы цонхоор шагайгаад хартал хүүхдээ бүтэн биеэр нь гаргаад барьчихсан тэр хүний гар, толгой хэсэг нь гарчихсан байсан. Хүүхдийн яаг хаанаас нь барьсан байсныг санахгүй байна харчихаад сандраад шууд 102 залгаад дуудлага өгсөн.

Тэр үйл явдал 40-50 минут үргэлжилсэн. Хүүхэд уйлж байгаад гэнэт дуугүй болчихдог хүүхдийг аргадаж байгаа юмуу гэхээр юу ч сонсогдохгүй чимээгүй болчихдог. Тэгээд ойролцоогоор 10 минут орчим чимээгүй болчихоод дахиад уйлуулаад байсан. Хүүхэд ааваа гээд уйлахаар чи миний хүүхэд биш гээд хэсэг чимээгүй болж байгаад дахиж уйлуулаад байсан. Тэгж байснаа сүүлдээ хүүхэд чи миний аав биш гэж хэлэхэд тэр хүн дахиж тэгж хэлвэл ална шүү гэж хэлээд удаагүй байтал хүүхдийн уйлах дуу тод сонсогдохоор нь би болконы цонхоороо доош хартал яаг манай доод айлын болконы цонхоор эрэгтэй хүн хүүхдээ бүтэн биеэр нь гаргачихсан байсан.  Тэр хүний гар, толгой хэсэг нь надад харагдсан.

Манайх тэр айлын дээд давхарт нь байдаг. Тэр хүний хүүхдээ болконы цонхоор унагаах гэж байгаа үйлдлийг би өөрийнхөө гэрийн болконы цонхоор толгойгоо гаргаад харсан. Эрэгтэй хүн хүүхдээ болконы цонхоор бүтэн биеэр нь гаргачихсан, хүүхэд ааваа битгий л дээ гэж хэлээд уйлж байсан. Миний санаж байгаагаар тэр хүн хүүхдийн нэг хөлнөөс барьсан байх шиг байсан. Хүүхдийг доошоо унжуулсан байдалтай нүүр царай нь харагдахгүй байсан. Тэгээд би шууд эргэж хараад утсаа аваад цагдаа дуудаж байгааг сонсчих вий гэж бодоод болконоосоо холдоод 102 руу залгасан. Дуудлага өгчихөөд сэмээрхэн очоод хартал хүүхдээ оруулчихсан байсан. Тэгээд хүүхдээ яасан бол гэж бодоод чимээ чанганаж байтал тэр айлын, хаалга дугарах шиг болсон. Удаагүй гадаа хүүхэд бархирах шиг болохоор юу ч гэсэн хүүхдийг ээж нь ирээд авч дээ гэж бодсон. Хүүхдийг уйлуулж байхдаа ээжтэй нь утсаар яриад байсан. Гэхдээ юу яриад байгааг нь сонсоогүй. Цагдаа нар намайг дуудлага өгсөнөөс хойш 6-7 минут болсон байхаа ирээд яг аль айл вэ гээд асуусан. Би манай доод айл гээд хэлсэн. Хаалгаа онгойлгохгүй байна гэж хэлээд надаас мэдүүлэг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 150/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7578 дугаартай:

...Хэсэг газрын үзлэг: Духны баруун дунд хэсэгт 0,3x0,1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Духны зүүн дээд хэсэгт 0,4x0,1см, 0,2x0,1см хөх ягаан өнгийн цус хуралттай, 0,2x0,1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн хөмсөгний гадна доод хэсэгт 1,4х0,1см 0,7x0,1см, зүүн шанаанд 0,5х0,2см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн хацарт хөндлөн байрлалтай 1,5х0,4см, 2x0,4см, 4x0,5см, баруун хацарт 1x0,2см хөх ягаан өнгийн цус хуралттай. Эрүүний доод хэсэгт хөндлөн байрлалтай 2,5х0,2см, хүзүүний урд доод хсэгт хөндлөн байрлалтай 5x0,8см хөх ягаан өнгийн цус хуралттай. Цээжний баруун дээд хэсэгт 0,2х0,1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Баруун бугалганы дотор дунд хэсэгт 2x0,2см, зүүн бугалганы дотор дээд хэсэгт 0,2x0,1см хөх ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ДҮГНЭЛТ: Б.С ийн биед духанд зулгаралт, цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн хацар, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 814 дугаартай 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй:

Д.Б  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Б  нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдан жолоодох чадвартай байна. Д.Б  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Б  нь хэрэг хариуцах чадвартай байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 44-45/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 385 дугаартай 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй:

Б.С  нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй байна. Б.С  нь өөрийнхөө насны түвшинд тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна. Б.С  одоогоор хэргийн улмаас шалтгаалан үүссэн гэх сэтгэцийн өвчин эмгэггүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 162-163/,

Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Энхцэцэг би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 99919219 дугаарын утаснаас “Согтуу хүн бага насны хүүхдээ уйлуулаад байна” гэх Зөрчлийн 9020 дугаартай гомдол мэдээлэлтэй танилцхад холбогдогч Даш овогтой Б  /РД:СЮ78030212/ нь өөрийн хүү Батжргал овогтой С  ийг өөрийн төрсөн хүү мөн эсэхэд эргэлзэж хүүхдээр үнэнийг нь хэлүүлнэ гэж айлган сүрдүүлж улмаар ......  цонхоор шиднэ гэж айлгасан гэж мэдүүлсэн байх тул Б.С т Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжээч томилож, хүүхдийн биед ил харагдах гэмтэл шарх сорив байгаа эсэхэд үзлэг хийхэд зүүн хацарт гурван хурууны ором орж хөхөрсөн, баруун хацарт нэг хурууны ором орж хөхөрсөн, хоолой хэсэгт улайсан байсныг тэмдэглэл болгон бичив” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 14/,

-хэргийн газарт үзлэг хийсэн “хэрэг үйлдэгдсэн гэх газар нь ......  гэсэн бичигтэй, бор шаргал өнгийн 16 давхар орон сууц байна. Хэрэг болсон гэх байр нь 3 давхарт байх бөгөөд бор өнгийн төмөр хаалга дээр 29 гэсэн тоо байв. ... болконоос дотогш онгойх 88см*46см харьцаатай  1 салхивч байв” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 138-143/,  

-БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7/,

-бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 8-9/,

-бага насны хохирогч Б.С ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 12/,

-бага насны хохирогчийн насыг тоолсон “Б.С  /УГ16221512/ нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 5 нас 6 сар 2 хоногтой байсан” гэх тэмдэглэл /хх-н 13/,

Шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн хэрэг гардаг өдөр хүүтэйгээ хамт дэлгүүр ороод хүүгийнхээ дуртай иддэг зүйлсийг аваад, 2,5 литртэй пиво авч уусан. Хүү бид 2 цонхны дэргэд гудас дэвсээд унтах гээд зурагтаар кино үзэж байтал 23:00 цагийн үед ......  дугаараас салсан эхнэр С  залгаад та 2 юу хийж байна гэхээр нь пиво ууснаа мэдэгдэхгүй гэж хичээгээд ярьтал чи хүүхдийн хажууд архи уусан байна. Хүүхдийн хажууд архи уулаа, чи муу архичин гэх мэтээр хэлээд С   чиний хүүхэд биш Баяр хэн билээ тэр хүний хүүхэд гэж хэлсэн. Тэгтэл хүү маань миний нүдрүү харж байгаад та миний аав биш, ээж битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би сэтгэл санаа цочирдоод хүүгээ өргөөд болконы босго давтал алдах гээд байхаар нь энгэрээс лавшруулаад, гуяны доогуур гараа оруулж байгаад бариад болконы цонхоор толгой хэсгийг нь гаргаад чи миний хүү мөн үү биш үү гэтэл ааваа та миний аав мөн гэсэн. Тэгээд буцаагаад оруулсан. Миний амь амьдрал гэж бодож байсан хүү маань та миний аав биш гэж хэлэхээр нь 5 настай хүүхдийнхээ хэлсэн үгийг сонсоод шоконд ороод хүүхдээ айлгая, үнэнийг нь хэлүүлье гэж бодоод ийм үйлдэл гаргачихсан. Би хүүхэддээ маш их хайртай, хэзээч алах хүн биш. Би чиний аав чинь мөн биздээ, яагаад чи намайг миний аав биш гэж байгаа юм бэ гэтэл ээж битгий хэлээрэй гэсэн. Та миний аав биш гэж хэлсэн. Би хүүхдээ айлгах гээд, миний хүү мөн үү биш үү гэдгийг асуух гээд л болкон дээр гаргасан. Энэ үйлдэл 4-5 секунд үргэлжилсэн. Би хүүгээ өрөөндөө оруулаад аргадаад тайвшруулаад хувцасыг нь өмсгөөд бусад хувцас, чихэр боовын бэлдээд тавьчихсан байхад Б   дүүгээ ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-н 169-170/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргээс: Д.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа /хх-ийн 49-67/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт болон Баянзүрх дүүргийн НДХ-ийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хх-ийн 192-193/ зэрэг хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчжээ:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Д.Б  нь хохирогч гэр бүлийн харилцаатай хүн болох 5 настай хүү Б.С ийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “миний хүү биш гэж хэл, аавдаа хайртай юу? битгий уйлаад бай, чамайг балкон дээрээс шидчихнэ шүү” гэх зэргээр, мөн бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ээж И.С т “энэ миний хүүхэд биш гэнэ, миний аав чи биш” гэж хэлж байна. Миний аавыг Баярбат гэдэг гэж байна “энэ зулбасгаа ирж авахгүй бол би аллаа” гэж хэлж ярин Б.С ийн амыг нь дарах, хоолойг нь боох, цохих, орон сууцны байрны 3 дугаар давхарын цонхоор бүтэн биеэр нь гаргаж хөл, гараас нь барьж алахыг завдсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгчийг уг үйлдэлийг хийснээр хүрч болох үр дүн, гарах эрсдэлийг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг “хүнийг алсан бол” гэж, 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг хуульчилсан байх бөгөөд 2.7 “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх шинжийг нарийвчлан тодорхой хуульчилсан байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед бага насны хохирогч Б.С  нь 5 нас 6 сар 2 хоногтой байсан нь төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд эрх зүйн хэм хэмжээ болон ёс суртахууны хэм хэмжээний хувьд ч, шинжлэх ухааны хувьд ч 5 настай хүүхдийг бага насны хүүхэд гэж ойлгодог.

Бага насны хүүхэд нь насанд хүрсэн гэмт этгээдийн үйлдэлийн эсрэг бие махбодийн хувьд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чаддаггүй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд дутмаг сул байдаг. Энэ байдлыг нь гэмт этгээд мэдсээр байж насанд хүрээгүй хохирогчийн эсрэг гэмт үйлдэл хийх нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангадаг болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

 “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд шүүгдэгч Д.Б  нь өөрийн төрсөн хүүгийн бие махбодид халдсан үйлдэлийг олгоно.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэр бүлийн гишүүн, 21 дүгээр зүйлд эцэг, эх, хүүхдийн эрх, үүргийн талаар, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Бага насны хохирогчийг алах гэсэн шүүгдэгчийн гэмт санаа, зорилго нь бага насны хохирогч Б.С ийн “Аав намайг “миний аав биш” гэж хэл гэсэн. Тэгээд би “та миний аав биш” гэж хэлсэн. Тэгсэн миний хоолойг боосон. Хүзүү рүү гараараа цохьсон. Тэгээд гэрийнхээ болконыхоо цонхыг онгойлгоод намайг болконы гадна гаргаад миний хөлнөөс бариад байсан. Тэгсэн миний өмсөж байсан хар саравчтай малгай маань газар уначихсан. Тэгээд бас миний мөр рүү гараараа цохиод байсан. Бас миний амыг дараад байхаар нь би уйлсан. Ээж Б  аавын утас руу залгахад нь би утсыг нь аваад “намайг болкон дээрээс унагаах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд намайг болкон дээрээс унагаах гэж байхад Б   ах хаалга тогшоод ирж намайг аваад гэр лүү нь цуг явсан. Намайг аав Б  зодохдоо “Чамайг болкон дээрээс шидчихнэ шүү” гээд байсан. ... Аав миний нэг хөлнөөс нэг гараараа, нөгөө гараараа миний гарнаас барьж байгаад жижиг цонхоор гаргасан. Би дээшээ харах гээд чадахгүй малгай уначихсан. Намайг уйлсан чинь гэрийн хаалга хүн цохиод тэгээд аав чимээгүй байгаарай. Хэн хаалга цохиод байна гээд хутга барьсан. Гэхдээ хутгаар намайг айлгаагүй. Хүн ирж байна уйлж болохгүй шүү гэсэн. Хаалга тогшоод аав намайг цонхны гаднаас оруулаад буйдан дээр суулгаад чимээгүй байгаарай уйлж болохгүй шүү гэж хэлээд хаалга онгойлгоод Б   агаа орж ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг,

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.С ийн “...энэ зулбасагаа ирж аваа, авахгүй бол би боож ална шүү, миний хүү биш гэж байна гэж байсан бөгөөд цаана нь С   орилоод ээжээ битгий утсаа салгаарай намайг унагах гээд байна гэж орилоод байсан” гэх мэдүүлэг,

 гэрч Л.Э ын “доод айлд эрэгтэй хүн хүүхдээ чи миний хүүхэд биш гэж загнаж уйлуулаад, ээжийн талаар юм хэлээд уурлаад байсан. Тэгээд хүүхэд нь уйлахаа болиод хэсэг чимээгүй болохоор дахиад л хүүхдээ чи миний хүүхэд биш гэж уйлуулаад, зодоод байх шиг байсан. Хүүхэд нь ааваа болиочээ гэхээр чи миний хүүхэд биш гээд уйлуулаад байсан юм. Энэ үйл явдал 40-50 минутын орчим үргэлжилсэн. Тэгж байснаа сүүлдээ хүүхэд чи миний аав биш гэж хэлэхэд тэр хүн дахиж тэгж хэлвэл ална шүү гэж хэлээд удаагүй байтал хүүхдийн уйлах дуу тод сонсогдохоор нь би болконы цонхоороо доош хартал яаг манай доод айлын болконы цонхоор эрэгтэй хүн хүүхдээ бүтэн биеэр нь гаргачихсан байсан. Тэр хүний гар, толгой хэсэг нь надад харагдсан. Хүүхэд ааваа битгий л дээ гэж хэлээд уйлж байсан. Миний санаж байгаагаар тэр хүн хүүхдийн нэг хөлнөөс барьсан байх шиг байсан. Хүүхдийг доошоо унжуулсан байдалтай нүүр царай нь харагдахгүй байсан. Тэгээд би шууд эргэж хараад утсаа аваад цагдаа дуудаж байгааг сонсчих вий гэж бодоод болконоосоо холдоод 102 руу залгасан. Дуудлага өгчихөөд сэмээрхэн очоод хартал хүүхдээ оруулчихсан байсан. Тэгээд хүүхдээ яасан бол гэж бодоод чимээ чанганаж байтал тэр айлын, хаалга дугарах шиг болсон. Удаагүй гадаа хүүхэд бархирах шиг болохоор юу ч гэсэн хүүхдийг ээж нь ирээд авч дээ гэж бодсон.” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилжээ.

 Завдалтын шинж нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаарддаг. Тухайлбал шүүгдэгчийг үйлдэл хийж байхад хөндлөнгөөс хэн нэгэн гуравдагч этгээд таслан зогсоох, эсвэл хохирогч зугтах, байгалийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлээс гэмт үйлдэл тасалдах зэрэг гэмт үйлдэл хийгчийн хүсэл зориг өөрөөс нь шалтгаалахгүй тасалдсан байхыг завдалт гэдэг.

Бага насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээс хэргийн бодит байдлыг тодорхой дүгнэх боломжтой бөгөөд шүүгдэгч Д.Б ын бага насны хохирогч Б.С ийг 3 давхарын балконы гадна гаргаад барьсан байсан үйлдлийг гэрч И.Б   гэрийн хаалгыг цохисноор уг үйлдэл таслан зогсоогдсон нь хуулийн дээрх ойлголтод хамаарна гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хохирогч Б.С ийг миний хүүхэд биш гэж хэлсэн, ирж авахгүй бол аллаа шүү, чамайг балконоос шиднэ шүү гээд орон сууцны байрны 3 дугаар давхарын балконы цонхоор гаргаж барьсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан үйлдэл нь бага насны хохирогч Б.С ийг 3 давхарын балконы цонхоор гадгаш гаргаж барьсан үйлдлийг хийж байхад нь гэрийн гаднах хаалгыг гэрч И.Б   тогшиж, хүн ирснийг мэдэгдсэн учир таслан зогсоогдож шүүгдэгч Д.Б ын гэмт санаа төгсөөгүй байгаа нь бага насны хохирогчийн “... Хаалга тогшоод аав намайг цонхны гаднаас оруулаад буйдан дээр суулгаад чимээгүй байгаарай, уйлж болохгүй шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр нотологдсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан гэж үзэх үндэслэл, гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар дүгнэхэд бага насны хохирогч нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан, тухайн үйл явдалд дүгнэлт хийх, бага насны хохирогчийн байгаа байдалыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

Бага насны хохирогчийн биед гэмтэл учирсан болох нь хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б  нь үйлдсэн болох нь дээрх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангажээ.

Харин Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б ыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ....  нутаг дэвсгэрт байрлах “.... ” ...... тоотод5 настай өөрийн төрсөн хүү буюу бага насны хохирогч Б.С ийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдсан үйлдэлийг үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж бие даасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн хамгийн хүнд гэмт хэрэг нь “Хүнийг алах” гэмт хэрэг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдлийн улмаас хүний амь насыг нь хохироосноор төгсдөг бөгөөд тухайн хүнийг алах санаа, зорилгоо хэрэгжүүлэх явцдаа амь хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан эсэх нь тухайн хэргийн зүйлчлэлд хамаарахгүй, хүнийг алах гэмт хэргийн шинждээ багтах ба бие даасан гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд шүүгдэгч Д.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт болгож хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Д.Б ыг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан байна. Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдэлийг буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.С  нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болохоо мэдэгдсэн байна. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтыг гаргаж өгөн хавтаст хэрэгт бэхжүүлээгүй байх учир шүүгдэгч Д.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчид тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Б ын үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу бага насны хохирогчид учирсан хохирлын гэм хор арилаагүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний талаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгигйн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт Д.Б ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

 Завдалтын хувьд хууль зүйн талаас маргах зүйлгүй. Гэрч  нарын мэдүүлгүүдийг дүгнэхэд Д.Б  нь өөрийн үйлдлийг төгсгөх боломжтойг ойлгож байсан ч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан байна. Тухайн агшинд шүүгдэгчийн үйлдлийг хөндлөнгөөс хэн нэгэн зогсоогоогүй учир Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар төгсөөгүй завдалт байна. Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр шийдэх боломжтой байна гэх хүсэлт гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь бусдын үйлдлийн улмаас таслан зогсоогдсон тухай бага насны хохирогчийн “...Хаалга тогшоод аав намайг цонхны гаднаас оруулаад буйдан дээр суулгаад чимээгүй байгаарай уйлж болохгүй шүү гэж хэлээд хаалга онгойлгоод Б   агаа орж ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Э ын “... Дуудлага өгчихөөд сэмээрхэн очоод хартал хүүхдээ оруулчихсан байсан. Тэгээд хүүхдээ яасан бол гэж бодоод чимээ чаганаж байтал тэр айлын, хаалга дугарах шиг болсон. Удаагүй гадаа хүүхэд бархирах шиг болохоор юу ч гэсэн хүүхдийг ээж нь ирээд авч дээ гэж бодсон” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            Улсын яллагч шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах учир 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт нийцэхгүй байх ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирохгүйгээр шудрага ёсны зарчмыг алдагдуулхаар байна.

Шүүгдэгч Д.Б  нь хэргийн учир 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 95 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Б ыг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан гэмт хэрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Б ыг шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ын цагдан хоригдсон 95 /ерин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 07ы өдрөөс эхлэн тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ

                                        ШҮҮГЧИД                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                            Э.ЧИНГИС