| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03797/И |
| Дугаар | 498 |
| Огноо | 2019-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: Д.Б-д холбогдох,
/ /
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.000.000 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батжаргал, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн танил Д.Б хүсэлтийн дагуу түүнд 56.000.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд зээлийг хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Мөн Д.Б нь зээлийн барьцаанд эрхийн ... дугаар бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороололд байрлах ... тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Д.Б нь авсан зээлээ бүрэн гүйцэт төлж чадахгүй байсан тул түүний хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунгасан. Иймд Д.Б-с Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 46.000.000 төгрөг, 2017 оны 6, 7 дугаар сарын зээлийн хүү 4.140.000 төгрөг, алданги 18.860.000 төгрөг, нийт 69.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
С.Б нэхэмжлэлтэй, Д.Б холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.000.000 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
С.Б , Д.Б нар 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч С.Бнь 56.000.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдэгч Д.Б зээлдүүлэхээр тохиролцож, талууд гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан болох нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Сунгалтын гэрээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.
Дээрх гэрээний дагуу зээлдэгч Д.Б нь зээлийн үлдэгдэл 46.000.000 төгрөг, 2017 оны 6, 7 дугаар сарын зээлийн хүүд 4.140.000 төгрөгийг зээлдүүлэгч С.Бтөлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлийн үлдэгдэлд 46.000.000 төгрөг, 2017 оны 6, 7 дугаар сарын зээлийн хүүд 4.140.000 төгрөг, гэрээний 3-т зааснаар 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 18.860.000 төгрөг, нийт 69.000.000 төгрөгийг хариуцагч Д.Болортуяагаас гаргуулан нэхэмжлэгч С.Б-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Мөн талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Барьцааны гэрээ”-ээр Д.Б нь уг зээлийн барьцаанд П.Ц, С.Д, Д.Б, Д.Ж, Д.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо ...тоот орон сууцыг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлийн дагуу С.Б-д барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иймд хариуцагч Д.Б нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйлээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.
Шүүхээс хариуцагч Д.Б нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тэрээр нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Байгалмаа нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох П.Ц, С.Д, Д.Б, Д.Ж, Д.Б нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 37 дугаар байр, 9 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Булсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 502.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 573.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД