Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

 

 

      

 2022        11             11                                       2022/ШЦТ/337

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                   

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч З.Бат-Амгалан,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

              Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Ад холбогдох эрүүгийн 2138000000272 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г овогт Бийн А, 1998 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 13 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, урьд нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хууийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн РЙ98041112 дугаартай.

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Б.А нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Нийг үл ялиг зүйлээр шалтаглан түүний нүүр болон хөл рүү өшиглөж зодсоны улмаас зүүн шилбэ, тахилзуур ясанд хугарал, доод уруулд язралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 223800000272 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Б.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Нтэй үл ялиг зүйлээр шалтаглан түүний нүүр болон хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ, тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Нийн өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багт байрлах ногооны хашааны хажуу талд сууж байсан. Тэгтэл нэг мотоцикльтой хүүхэд ирсэн. Тэр хүүхдийг өмнө зүс харж байсан боловч танихгүй хүүхэд байсан. Тэр хүүхэд ********* гээд надтай хамт байсан дүүтэй маргалдаад байх шиг байхаар нь би очоод тэр бандийг алгадчихсан юм. Тэгтэл ********* ахаа бид хоёр тоглож байсан юм гэхээр нь би за уучлаарай би буруу ойлгосон байна гэж хэлээд тэр бандитай гар барьсан. Тэр банди шууд мотоциклио асаагаад явсан. Тэгэхдээ ардуураа нэг жижиг хүүхэд суулгасан явж байсан. Би босоод шээчихээд тамхи татаад нөгөө хэдийнхээ хажууд очоод зүүн хөлөө жийгээд баруун хөлөө нугалаад сууж байтал мотоцикль миний хажууд ирээд зогссон. Тэгэхэд хөл өвдөөд янгинасан. Тэр мотоцикльтой ирсэн *********г гэдэг надад алгадуулаад явсан банди байсан. Араар нь бас нэг жижиг банди сууж ирсэн. Тэр нь бууж ирээд аль нь юм гэхэд *********г энэ гэж заасан. Тэгсэн чинь нөгөө банди чинь бууж ирээд миний нүүр рүү өшиглөөд унагаасан. Тэгсэн чинь араас нэг нь ирээд чи наашаа босоод ир гээд татсан. Тэр нь ямар хүн байсныг мэдэхгүй байна. Би хойноос татахаар нь босох гэхэд хөл өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Би миний хөл болохоо байчихлаа гэж хэлсэн чинь намайг татаж байсан хүн тавьсан. Би царайг нь хараагүй. Тэгээд би эргээд харахад баахан, ойролцоогоор 10 гаруй залуучууд бужигналдаж байсан... Би хөл болохоо байчихлаа гээд орилсон чинь *********, ********* хоёр ирээд намайг машинд суулгаад ********* надтай хамт эмнэлэг явсан. Тэд нар тэндээ үлдсэн...Бид нар зургуулаа байсан. *********, *********, *********, ********* /*********/, ********* бид нар байсан. Тэд нар хэдүүлээ ирсэн мэдэхгүй байна...********* бид хоёр л 2-3 том пиво хувааж ууссан. Бусад нь эрүүл байсан. Архи дарс уугаагүй...Бид нар тэр залуучуудтай зодолдоогүй. Би бол хүнтэй зодолдоогүй. Би *********гийг мотоцикльтой ирэхэд сууж байсан. Зүүн хөлөө жийгээд баруун хөлөө нугалаад тохойгоороо газар тулаад тамхи татаад байж байсан. Тэгээд шууд тэр *********гийн араар сууж явсан залуу намайг өшиглөж унагаасан. Би хөл өвдөөд босож чадахгүй байсан. Мотоцикльтой ирж зогсохдоо миний хөлийг дайраад гарчих шиг болсон. Яг миний урдуур мотоцикль гарч өнгөрөөд зогсоход л хөл янгинаад явчихсан. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт 5-6 хоног хэвтэн эмчлүүлсэн... Би яг эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг зарцуулсан. Мөн 3 сар ажил хийхгүй байсан. Найз охин Уянжаргалаар энэ хугацаанд асруулсан. Би эмчилгээний 1.300.000 төгрөг дээр ажилгүй байсан 3 сарын хугацааны алдагдал ашиг 4500.000 төгрөг нэмж нэхэмжилнэ. Нийт хохирол 5.800.000 төгрөг тооцож байгаа...Би хувиараа ногоо зардаг, Мөрөн суманд дотроо ачаа ачдаг ажил хийдэг. Уг ажлыг хувиараа хийгээд сардаа дунджаар 1.500.000 төгрөгийн ашигтай ажилладаг. Хувиараа ажил хийдэг болохоор надад цалин мөнгө авсан, татвар төлсөн баримт материал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 30,  тал/,

              Гэрч Д.*********гийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар хорооллын урд тал руу гарч найз *********, *********, *********, *********, ********* нартай юм ярьж суусан. Би тал дээр очоод бол архи дарс уугаагүй, манай найзууд 1-2 том пиво хувааж уусан. Бид нар тэнд юм яриад сууж байтал нэг мотоцикль 2 суудлын автомашинтай нөхдүүд хүрч ирээд мотоциклийн араар сууж явсан жижгэвтэр биетэй, бордуу царайтай, бараан өнгийн хувцастай залуу бууж ирээд ********* ахыг шууд очоод цохиж зодсон. Тэгээд бид нар салгах гээд босоход машинаас хэдэн залуучууд /тоог нь нарийн мэдэхгүй байна/ бууж ирээд бид нартай барилцаж аваад тэнд бужигнасан юм болсон. Би бол ********* ахыг нөгөө жижиг залуугаас салгах гэж оролдож байсан. Тэгээд эргээд харахад ********* нэг залуутай зодолдож байхаар нь очоод салгах гээд *********г холдуулаад эргээд харахад ********* зодолдоогүй зогсож байсан. Тэгээд би *********той хамт ********* ах дээр очиход хөл хугарчихлаа гээд ганцаараа орилоод хэвтэж байсан. Хөлийг нь яг хэн цохиж өшиглөсөн гэдгийг би хараагүй. Тэгээд үзэхэд хөл нь санжигнасан байсан. Тэгэхээр нь эргээд харахад ********* нөгөө залуучуудтай хэрэлдэж байхаар нь ********* дээр очоод *********г дуудаж ********* ах дээр очоод ********* бид гурав ********* ахыг машинд нь суулгаад би эмнэлэг рүү аваад явсан... ********* ахыг тэр залуугаас өөр залуучууд зодож цохьсоныг мэдэхгүй байна. Би тэнд бусдыгаа салгах гээд намайг барьж авсан залуучуудаас салах гээд бужигнаж байхдаа хальт хальт харсан...Зүгээр сууж байтал ирээд л шууд ********* ахыг өшиглөж унагаагаад зодсон. ********* ах тэр залууг таньдаг байсан үгүйг мэдэхгүй. Би ********* ********* ********* гуравыг л өмнө таньдаг байсан. ********* ********* нартай өчигдөр өнөөдөр хоёр л танилцсан...*********гийн араар сууж явсан жижиг залуу аль нь юм гэж асуугаад *********г тэр гэсэн чинь мотоциклиос буугаад ********* руу гүйсэн. Араас нь *********г буугаад ирэхээр нь ойлгомжтой зодох гэж байна гэж бодоод би шууд очиж *********гийг тэвэрч аваад тойруулаад холдуулсан. *********г жаахан уурласан байдалтай байхаар нь би тайршруулсан. Би *********гийг барьж аваад дагуулж аваад эргээд харахад сууж байсан залуучууд босоод ирчихсэн, бас нэг машинтай залуучууд ирчихсэн бужигнаж байсан. Тэр жижиг биетэй залуу Нийг яаж цохиж зодсонг нарийн тодорхой хараагүй. Ямар ч байсан мотоциклиос буугаад ********* руу гүйсэн. Би зөрөөд *********г руу алхаж очсон. *********г бид нарыг хагас тойрог хэлбэртэй сууж байхад ногооны хашааны талаас ирээд зүүн талд зогссон. Мотоцикльтой *********г ирэх үед Н бид нартай хамт зэрэгцээд тойрог хэлбэрт ороод сууж байсан... энд очсоноос хойш бол Н босож бие засаж явж байсан. Гэхдээ мотоцикль ирээд зогсох үед бол тойрог хэлбэрт ороод ********* ********* хоёрын голд сууж байсан. Тэрийг би эрүүл байсан болохоор санаж байна...Би *********гийн зүүн гар талд хагас тойрог хэлбэрийн хамгийн захад сууж байгаад яг мотоцикль ирэх үед бол босоод хөлөө хагас нугалаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 53 тал/,

              Гэрч М.*********ын өгсөн: “...Бид нар тэндээс гараад ********* ахын хашааны цаад тал дээр очиж пиво ууцгаасан. ********* ах бид хоёр нэг пиво л хувааж уусан, бусад нь пиво энэ тэр уугаагүй ********* ахын машиныг бариад явж байсан. Бид нар тэнд очоод тойроод юм яриад сууцгааж байсан. Мотоцикльтой хүн явж байна гээд манай найзуудын нэг нь хэлж байсан. Би аан гээд л сууж байтал гэнэт хойноос гар орж ирээд намайг цохиод унагаасан. Тэгээд намайг гурав дөрвөн залуучууд нийлээд зодсон. Би тэр залуучуудыг би ямар хүмүүс байсныг сайн харж чадаагүй мэдэхгүй байна. Биеэ хамгаалаад гараараа толгойгоо дараад хэвтсэн. Тэгээд арай гайгүй болохоор нь босоод ирэхэд намайг зодож цохиж байсан залуучуудын нэг нь 13 дүгээр хороонд байдаг сунадаг ********* гэж дууддаг залуу байсан. Тэгээд нэг цагаан хар өнгийн эрээн хувцастай намхан бор хар залуу над руу заагаад наадхаа зод гэхэд “дахиад хэн нэгэн намайг унагаагаад дээрээс цохиж өшиглөсөн. Тэгээд л тэд нар яваад өгсөн... Би өөрөө тухайн үед пиво уугаад халамцуу байсан болохоор орчныг сайн мэдрэхгүй байсан. Хүмүүс бужигнаад намайг унагаагаад цохиж өшиглөөд байсан...Би бол тэдгээр залуучуудыг цохиж зодох завдал гараагүй. Өөрөө л зодуулсан. Хүн цохиж зодож чадаагүй. Би өөр бусад нь хэнтэй яаж зодолдож байгааг анзаарч хараагүй. Ямар ч байсан ********* ах газарт үхлээ хөл хугарчихлаа гээд хэвтэж байгаа харагдсан. ********* ахын ойр тойронд хүн харагдаагүй. ********* ахыг хэн зодсонг би бас хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

              Гэрч О.*********ын өгсөн: “...Тэгээд бид нар юм яриад сууцгааж байтал хойд талын замаар мотоцикль дээр гурвуулаа сундалдсан залуучууд явж байгаа харагдсан. Би өнгөрөөд явах юм байх гэж бодоод байж байтал тэр мотоцикльтой залуучууд ирсэн. Тэд нарын хамгийн араар сууж явсан нэг жижиг залуу нь бууж ирээд аль нь юм гэж асуусан. Тэгэхэд тэр урд талд нь мотоцикль барьж ирсэн залуу нь тэр дунд сууж байгаа жижиг залуу нь гээд *********г заасан. Тэгтэл тэр жижиг залуу алхаж ирээд миний хажууд сууж байсан *********г шууд мөр рүү нь өшиглөөд унагаасан. Тэгэхээр нь би босоод ирсэн чинь тэр жижиг биетэй, хар цагаан оруулгатай эрээн судалтай цамцтай залуу тойроод зугтаад гүйсэн. Би чи яаж байгаа юм гээд тэр залуугийн араас явж байхад намайг тойроод зугтаж байсан. Тэгээд буцаад эргээд харахад саарал өнгийн порестер маркийн автомашинтай баахан залуучууд ирсэн байсан. Тэдгээр залуучууд машинаасаа бууж ирээд нэг нь намайг татаад хойш нь гаргасан. Эргээд харахад манай найз Н сууж байсан газраа хэвтэж байсан бөгөөд хөл, хөл гээд орилоод байсан. Хажууд нь нэлээн хэдэн залуу тойроод зогсож байсан. Тэгтэл Нийг ********* гэдэг залуу аваад эмнэлэг явсан. Бид хэд тэнд үлдсэн. Тэгтэл тэдгээр залуучуудын хоёр мотоцикльтой ирсэн залуучууд нь зугтаад явсан. Порестор машинтай залуучууд нь үлдсэн байсан. Бид тэр залуучуудтай та нар манай найзын хөлийг хугалчихлаа гээд маргаан хийхэд нэг их юм ярихгүй яваад өгсөн. Тэр машины дугаарыг нь анзаарч харж цээжлээгүй. Мотоциклийн нэг нь хүрэн өнгийн мустанг-5 нэг нь цагаан өнгийн мотоцикль байсан. Эхлээд хүрэн өнгөтэй мотоцикль ирсэн. Тэгээд л хойноос нь тэр залуучууд ирсэн байсан. Тэнд бараг 20 гаран залуучууд явцгааж байсан. Бужигнаад л байсан...Над руу бүр дөхөөгүй. Би хүнтэй зодолдоогүй. Яахав намайг нэг залуу хойш нь татаад гаргахаар нь би бариад авсан чинь ********* ирээд бид хоёрыг салгасан...Би нэг их сайн бас анзаарч хараагүй тэдгээр залуучууд бууж ирээд тэрүүгээр холхиод бужигнаад байсан. *********, ********* хоёртой зодолдсон байж магадгүй. Би яг анзаарч хараагүй...Би эхний бууж ирсэн залуучууд л зодсон байх гэж бодож байна. Яг хараагүй. Хөл, хөл гээд орилоод хэвтэж байсан. Тойроод залуучууд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

              Гэрч М.*********ын өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар 27-ны орой гэгээтэй байхад цагийг нь сайн мэдэхгүй байна. Мөрөн сумын 13 дугаар хорооллын урд талд *********, *********, *********, ********* нарын хамт гарч сууцгаасан. Эд нар пиво уусан байх, би ч гэртээ харьчихаад ирье гээд яваад буцаж ирэхэд ********* ах ********* хоёр пиво уугаад нэлээн халчихсан сууцгааж байсан. Бид нар тойроод юм яриад сууцгааж байтал мотоцикль дээр гурвалж сундалсан гурван залуу ирсэн. Тэр гурван залуугийн хамгийн ард талд сууж байсан залуу нь бууж ирээд ********* ахыг сууж байхад нь өшиглөөд унагаасан. Тэгэхээр нь эргээд харахад сундаг ********* гэдэг залуу миний хажууд сууж байсан ********* бид хоёрыг алгадсан. Тэгээд эргээд харахад хойд талд 2 машин ирчихсэн байсан. Тэр машинаас 20 орчим залуучууд бууж ирсэн байгаа харагдсан. Мотоцикльтой ирсэн хүмүүс нь буцаад явчихсан. Тэр залуучууд ч гэсэн тэгээд явцгаасан. Би ********* ахыг *********тай ********* нартай хамт машинд нь суулгаж өгөөд ********* ********* ахыг аваад эмнэлэг явсан. Тэр зодоон бараг нэг их удаагүй. ********* ахыг 1 минутын дотор л зодчихоод буцаад явцгаасан. Би ********* ахыг яг хэн яаж зодоод хөлийг нь хугалсанг хараагүй. Тэр бужигнаан дунд л болсон байсан...Сундаг ********* гэдэг залууг би хороондоо өмнө таарч байсан. Тэр л намайг нэг алгадсан. Өөр хүн цохиж зодоогүй. Би хүн цохиж зодоогүй...********* ахыг л зодоод хөлийг нь хугалсан байсан. ********* бид хоёрыг ********* нэг нэг алгадсан. Бусдыг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

              Гэрч Д.*********гийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багт дүү Нтэй хамт явсан залуучуудтай тааралдаад манай дүү хаагуур байна гэхэд эмнэлэг явсан. Хөлөө хуга цохиулчихлаа гэж хэлсэн. Би ямар хүмүүс байсан талаар хамт явсан залуучуудаас нь асуухад хоёр машин хоёр мотоцикльтой залуучууд ирээд явсан зодчихоод явсан гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг ороход хүлээн авахын орон дээр хэвтэж байсан бөгөөд хөл нь хугарсан гэж байсан...Гаднаас хүн оруулахгүй байгаа. Өөрөө надад хальт мотоциклиор дайрсан уу эсвэл дэвсчих шиг болсон гэж хэлсэн...Хөл нь хөндлөн хугарсан байна гэсэн. Эмч хадахгүй бол болохгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

              Гэрч Б.*********ийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багт манай найз ********* хүрээд ир гэхээр нь уулзахаар очиход Түвшинөө ********* хоёр танихгүй 3-4 залуутай урд тал дээр сууцгааж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. ********* Түвшинөө гээд зүс таних хоёр залуу бол эрүүл байсан. ********* жаахан уучихсан байсан. Би дүү *********гийн хамт мотоцикльтой очсон. ********* бид хоёр уулзаад зогсож байтал нэг бордуу залуу босож ирээд намайг “чи цэрэгт явсан, барилддаг гэл үү” гээд шууд зүүн хацар руу гараа атгаж байгаад цохиод авсан. Тэгснээ надтай хамт явсан дүү *********д хандаж нүүрэн дээр чинь тамхины цог унтраана шүү гэж хэлж байсан. Тэгэхээр нь би явлаа гээд шууд явсан. Тэгээд тэндээс нэг их холдоогүй 13 дугаар хорооны гудамжны үзүүрт очоод найз ********* рүү андаа намайг *********тэй цуг явсан залуучууд цохьчихлоо, ********* ахыг аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд зогсож байтал ********* ах /А/ явж байгаад таарсан. ********* ах юу байна гэхээр нь би “дүүг нь хэдэн банди цохьчихлоо” гэсэн чинь тэгвэл очих уу гэхээр нь би мотоциклийнхоо араар суулгасан. Тэгээд байж байтал ********* суудлын автомашинтай ирсэн. Дотор нь таньдгаас ямар ч байсан сунадаг Улаан гэдэг ах байсан. Би *********д ногооны хашааны тэнд шүү гэж хэлчихээд түрүүлээд явсан. Тэгээд очиход тэд нар тойроод сууцгааж байсан. Би мотоциклио ертөнцийн зүгээр хойд талд нь аваачиж зогсоогооход ********* ах аль нь юм гэж асуухаар нь тэр гээд намайг цохьсон бор залууг заасан. Тэр залуу сууж байсан. ********* ах мотоциклиос бууж явж очоод тэр залууг өшиглөсөн. Яг тэгэхэд араас ********* ********* ах эд нар ирээд машинаас буугаад бужигнасан юм болсон. Тэнд бараг 10 гаран залуучууд болчихсон. Би тэр залууг очиж цохих гээд явж байтал ********* гэдэг залуу намайг барьж аваад ахын дүү яах юм гэж хэлсэн. Тэр залууг яг хэнтэй зодолдсоныг би мэдэхгүй байна. Би очих гээд явж байтал ********* намайг барьж авчихаад тавихгүй байсан. Би бол тэр залууг цохиж зодоогүй. Хэн тэр залууг цохиж зодолдсон гэдгийг ч мэдэхгүй байна. Тэнд таньдгаас *********, ********* ах, ********* ах гурав байсан. Машинд сүүлд ямар нөхдүүд ирсэн гэдгийг мэдэхгүй. Дараа нь асуухад ********* надад 13 дугаар хорооны шийдэн дээр тоглож байсан хүүхдүүдийг хамаад ирсэн гэж хэлж байсан. Хэн хэн ирснийг бол би мэдэхгүй байна. Бид нар бол хоёр гурван машинтай очоогүй. Би түрүүлээд ********* ах ********* хоёртой очсон. Тэгээд ********* ахыг буухтай зэрэгцээд араас ********* тэд нар машинтай ирсэн. Тэгээд машинаас бууж ирээд бужигнаан болсон. Бид нар миний унаж явсан нэг мотоцикль, нэг машинтай л очсон. Тэр машин нь такси байсан юм шиг байна лээ. Яг хэний ямар машинтай явсанг ********* мэдэж байгаа. Би мотоцикль руугаа алхаад явж байхад ёоо хөл хугарчихлаа гээд нөгөө бор залуу орилж байсан. Би мотоциклио унаад, ********* ********* ах хоёрыг сундалдаад явчихсан. ********* ********* ах тэд нар араас хөдлөөд явсан байхаа. Би ********* ахыг гэрийнх нь үзүүрт буулгачихаад явсан. ********* ах архи дарс уугаагүй л байсан...Би тэр залууг зүгээр байж байгаад цохиулсандаа уур хүрээд зодчихмоор санагдаад очсон юм. Гэхдээ би тэр залууг бол зодож цохиогүй. Намайг ********* барьж болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

              Гэрч Т.*********гийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар багт байрлах гэртээ байж байтал манай найз ********* над руу залгаад “найз нь энд зодуулчихлаа хүрээд ирээ” гээд 13 дугаар хороонд байгаа газраа хэлсэн. Би тэгэхээр нь би ********* найзтайгаа яриад гэрт нь очсон. Намайг очиход *********ийнд ********* ах байсан. Тэгээд ********* гэрээсээ машинаа аваад бид гурав ********* ахын найз охинтой дөрвүүлээ явсан. Тэндээс яваад хаана байна гээд *********тэй утсаар ярихад Жанст дэлгүүр дээр байна, *********наа ахтай таараад байж байна гэхээр нь очиж уулзсан. Тэгэхэд *********, *********наа ахтай байсан бөгөөд ********* гээд морь унадаг дүү нь цаанаас алхаад ирж байгаа харагдсан. Жанст дэлгүүр дээр манай найзууд болох *********, ********* хоёр байхаар нь “Арвин дэлгүүрийнхэн дээр очьё, суу” гээд суулгаад аваад явсан. Би хаана байгааг нь асуухад энд талд байгаа гэхээр нь очьё гээд шууд дагаад явсан. ********* *********наа ах хоёр мотоцикль дээрээ сундаллаад явсан бөгөөд замаараа *********г суулгаад явсан. Бид дөрөв машинаар араас нь явж очсон. ********* 13 дугаар хорооны ногооны хашааны тэнд очиход тал дээр хоёр портер машин байсан бөгөөд хажуухан талд нь ********* ах, *********, *********, *********, *********, ********* зургуулаа тойрог хэлбэртэй зэрэгцээд сууцгааж байсан. ********* /*********г/ *********наа ах хоёр түрүүлж очоод *********г *********г гараараа зааж байгаа харагдсан, гэхдээ хэлж байгаа үг сонсогдохгүй байсан. *********наа ах шууд очоод *********г мөрний хавьцаа нь нэг удаа жийгээд унаж байхад нь гараараа нэг цохиж байгаа харагдсан. Тэгээд тэд нар нь ч босоод ирсэн. Бид нар ч гэсэн машинаас буугаад гүйгээд очсон. Тэгсэн чинь ********* нь *********гийг билүү *********наа ахыг аль нэгийг нь л лав ардаас нь толгой хэсэг цохиж байгаа харагдсан. Тэгсэн чинь *********наа ах тэр *********тэй нь барилцаж аваад ********* нь унаж байгаа харагдсан. ********* ах очоод бүгдийг нь нэг нэг удаа алгадсан. Тэгж байсан чинь цаана ********* хөл хугарчихлаа гээд орилоод унасан. Тэр бужигнаан болж байхад ********* *********гийг барьчихсан байсан. ********* тавьсан чинь ********* бариад авсан. Тэгээд *********г явж очоод *********д “чи хэрээ мэдэж томор за юу” гэж хэлчихээд мотоциклио унаад ********* ахыг араараа суулгаад явсан. ********* бид нартай машин дотор явсан. Тэгээд *********г *********наа ахыг буулгачихаад *********г аваад гэрлүүгээ явсан. ********* ах, ********* бид нар цаашаа явж гэртээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

              Насанд хүрээгүй гэрч М.*********ийн өгсөн: “...Н /*********/ ахыг *********наа ах очиж эхэлж өшиглөөд нэгээс хоёр удаа цохисон. Тэгж байхад нь *********наа ахыг нэг нь цохисон. Тэгээд *********наа ах *********тэй барилцаж авсан байсан. ********* бол надад ер нь босож явж харагдаагүй. ********* /*********г/ *********тай зодолдох гээд байсан боловч *********гийг буунгуут нь ********* ах бариад авчихсан байсан. Тэгээд тавингуут нь ********* *********гийг дахиад бариад авсан. Тэгж байтал л ********* орилоод хөл хугарчихлаа гэж байсан. Тэнд бид нар очоод хальт бууцгаагаад 1 минут гаран л болсон. Тэгж нэг их зодолдохоор зүйл болоогүй. Би тэнд хүн амьтантай зодолдоогүй зүгээр байж л байсан. 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байж байтал манай найз ********* манайд ирээд “манай *********г гэдэг найз зодуулчихлаа гэнээ, очьё” гэхээр нь би өөрийнхөө машинаар ********* ах, *********, ********* эгч бид дөрөв явсан. Тэгээд Жанст дэлгүүр дээр очиход ********* ********* гээд манай хорооны хоёр банди байж байхаар нь зодоон болох гэж байна гэж хэлээд машиндаа суулгаад авч явсан. Жанст дэлгүүр дээр *********г /*********/-тай тааралдаад юу болсон талаар нь асуухад *********г “*********тэй уулзаж байсан чинь танихгүй нөхөр намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд хаана байгаан гэж асуугаад бид нар *********гийг дагаж явсан. *********г *********наа гээд манай хорооны нэг залуутай мотоцикльтой явж байсан. Тэнд очоод *********наа түрүүлж буугаад тэд нарыг алгадсан. Араас нь ********* ах бууж очоод тэнд байсан банди нарыг бүгдийг нь алгадсан. Тэгээд бид нар явцгаасан...********* манай найз байгаа юм. Н гэдэг залууг танихгүй...Би хүнтэй зодолдоогүй. Тэнд очиход байсан намхан бор залуу хөл хугарчихлаа гээд орилоод байсан...********* *********наа хоёр л тэнд байсан залуучуудыг алгадаад яваад байсан. Надтай явсан бусад нь бол зодолдоогүй. Хараад зогсож байсан. Тэр хөл нь хугарсан гээд орилоод байсан залуу хэнтэй зодолдсонг би мэдэхгүй байна. Хүнтэй зодолдож босож наагуур цаагуур явж байгаа харагдаагүй. Тэр хоёр бүгдийг нь алгадаад явах гэж байтал хөл хугарчихлаа гээд орилоод байсан... Тэнд байсан залуучууд бид нартай зодолдоогүй. Тэнд очиход 5-6 залуу байсан. Таньдгаас ********* ********* гэдэг хоёр залуу байсан...********* тэнд бид нартай очоод бол зодолдоогүй. ********* гэдэг залуу *********гийг бариад авчихсан хориод байгаа харагдаж байсан. Тэд нарыг тойроод сууж байхад тойрог руу нь очоод зогссон. ********* мотоциклиороо тэр залууг дайрсан асуудал болоогүй байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

              Гэрч П.*********гийн өгсөн: “...Би Д.Нийг танихгүй. Б.Аг танина...Би тухайн өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байсан. Тухайн өдөр хурдан морь хамт унадаг байсан *********г гэж дууддаг дүүг маань 13 дугаар багийн талд дээр хэдэн залуучууд дуудаад зодсон байсан. *********г над руу утсаар залгаад “ахаа хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд мотоцикль унаж над дээр ирж уулзсан. Тэгэхэд “тэнд тал дээр 2 машинтай ах нар архи уугаад сууж байна, дуудахаар нь очсон чинь зодчихлоо" гэж хэлсэн. Тэгээд тэнд нэг юмаа хаясан гэж байсан. Тэрийгээ очиж авья гэж хэлсэн. Тэгээд найз охин *********, *********ын дүү нартай хамт явж байсан болохоор тэд нартай хамт машинаар очсон. *********г өөрөө мотоциюпьтой явсан болохоор бид нарыг дагуулаад явсан. Ногооны хашааны хойд задгай тал дээр очиход хэдэн хүмүүс тойроод суучихсан архи ууж байсан. *********г намайг очихоос өмнө түрүүлээд очсон. *********гийн араар *********наа /А/ суучихсан явж байсан. *********наа *********г хоёр очоод мотоциклиосоо бууж байгаа харагдсан, тэнд байсан залуучууд босож ирж байсан. Би *********наа *********г хоёр буугаад ямар үйлдэл хийснийг харж амжаагүй. Учир нь тэр хоёрыг буух үед миний сууж явсан машин тойроод зогсож байсан юм. Би машинаас буухад бүгдээрээ босож ирээд зогсоцгоочихсон, *********гтай маргалдаж байсан. Тэнд хөл хугарсан гээд байгаа банди сууж байсан, босож ирээгүй. Тэр банди намайг машинаас буугаад тэд нар дээр очиход яаая гээд орилж байсан. Намайг машинаас буугаад тэд нар руу алхаж байхад тэнд байсан нэг танихгүй банди *********гийг цохиод авахаар нь очоод алгадсан. Тэгээд тэнд байсан залуучууд бүгдээрээ дор дороо амандаа юм ярьцгаагаад маргаан үүсгэх гээд байхаар нь би бүгдийг нь тойрч нэг нэг алгадаад дуугүй болгосон. Би тэнд ёолоод сууж байсан банди руу бол очоод мөрөн дээрээс нь босооч хөөе гэж хэлээд татсан чинь босож чадахгүй байгаа бололтой байсан. Тэгэхээр нь тэнд нь орхисон. Тэнд ********* гээд манай хорооны залуу байсан. Би тэр залуутай юм яриад тэнд надтай хамт очсон хүүхдүүд буцаад явцгаасан. *********г мотоциклио асаагаад явсан...********* бид хоёр тэндээс юм яриад зайгаа аваад алхаж явсан. Тэгтэл араас нэг нь орилоод хөл нь хугарсан гэж байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь ********* буцаад тэд нар дээрээ очихоор явсан. Тэд нар бол харж байхад тэндээс машиндаа суугаад нөгөө хөл нь хугарсан гээд байгаа залуугаа аваад явцгааж байсан...Тэр залуугийн хөл нь яагаад хугарсанг мэдэхгүй байна. Намайг очиход сууж байсан, би очоод тойрч яваад нэг нэг алгадаад тэр залуу дээр очоод чи босооч гээд татахад босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 324 дугаартай: “....Д.Нийн биед зүүн шилбэ, тахилзуур ясанд хугарал, доод уруулд язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Д.Нийн биед учирсан зүүн шилбэ, тахилзуур ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, уруулын язралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 58 тал/,

              Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Шүүх эмнэлгийн практикаас үзэхэд Д.Нийн биед үссэн зүүн шилбэ, тахилзуур ясанд хугарал бүхий гэмтэл нь ихэвчлэн хөлөөр хавирах, цохих,  хөл рүү дэвсэх зэрэг үйлчлэлээр үүсгэгэдсэн байдаг. Мотоциклийг дайрах үед үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 тал/,

              Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 224 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч шинжээч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Нийн мэдүүлэг, гэрч Д.*********, М.*********, О.*********, М.*********, Д.*********, Б.*********, Т.*********, П.********* нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 324 дугаартай дүгнэлт, шинжээч М.Батмөнхийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Нтэй үл ялиг зүйлээр шалтаглан түүний бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ, тахилзуур ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдсон,  шүүгдэгч Б.А гэм буруугийн талаар маргахгүй байна.

              Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Д.Нийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, зүүн шилбэ, тахилзуур ясанд хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт; доод уруулд ялзралт бүхий  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байгаа бөгөөд нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Агийн цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Агийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Нтэй үл ялиг зүйлээр шалтаглан түүний бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь зүүн шилбэ, тахилзуур ясанд хугарал, доод уруулд язралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой болон бусад  гарсан зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Н нь 4.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хохирогч Д.Нийн эм, эмчилгээтэй холбоотой зардлаас баримтаар ирүүлсэн 899.308 төгрөгийн нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангасан /4.000, 22.700, 15.250, 15.750, 54.000, 208.361, 33.047, 11.500, 380.000, 95.000/ нийт 839.608 төгрөгийг шүүгдэгч Б.Агаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Нийн Тунамал эмийн сангийн 31.700 төгрөгийн НӨАТ-ын баримт, Нэхий трейд ХХК-ийн 3.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Хөвсгөл аймгийн Бат-Онош лабораторийн 25.000 төгрөгийн баримт /ковид/ нийт 59.700 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өөр зориулалтаар зарцуулагдсан байх тул 59.700 төгрөгийг зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч  Д.Нийн эмчилгээтэй холбоотой баримтгүй зардал 600.692 төгрөг, асарч сувилуулсан хөлс 1.000.000, ажилгүй байсан хугацаанд олох байсан хөлс 1.500.000 төгрөг, бусад зардал 500.000 төгрөг зэрэг нэхэмжлэл нь нотлох баримтгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд хохирогч  Д.Н нь 3.600.694 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч З.Бат-Амгалан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдэх  2 жил 8 сар 10 хоногийн хорих ял дээр  3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгээд биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирол хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ буюу 1 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэж шийдвэрлүүлэх шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож тус тус шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн 89-91, 106 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэл эдэлж байсан, ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 13-14 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан Б.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь 162 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Агийн  цагдан хоригдсон 162 хоног хорих ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Г овогт Бийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Аг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохыг мэдэгдсүгэй.

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарласугай.

              7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг ялтан Б.Ад тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Агийн  цагдан хоригдсон 162 хоногийг хорих ялд нь оруулан тооцсугай.

              9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Агаас 839.608 /найман зуун гучин есөн мянга зургаан зуун найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59.700 /тавин ес мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Н нь 3.600.694 /гурван сая зургаан зуун мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийн эм, эмчилгээтэй холбоотой гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              10. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь 162 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              11. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН