Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

 

 

 

 

 

 

 

   2022        11            11                                      2022/ШЦТ/***

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Хохирогч Б.Ж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эгийн Цид холбогдох эрүүгийн 2238000470607 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Эгийн Ц, 2001 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, Хөвсгөл юнител ХХК-нд гэрээт борлуулагч ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 09-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЮ01291221 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” супермаркетын дэлгүүр дотор байх хяналтын өрөөнөөс 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд бэлэн мөнгө, нэгж хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, Эрүүгийн 2238000470607 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Ц нь 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” супермаркетын дэлгүүрээс хохирогч Б.Жийн эд зүйл болон мөнгийг нууцаар, хууль бусаар авч, 3.000.000  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Цийн өгсөн: “...Би Сайн супермаркетад 2021 оны 9 дүгээр сараас 12 сар хүртэл ажиллахдаа хулгай хийсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жийн өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ажиллаж эхэлснээс хойш 9 сард түүнийг ажилд авсан. Ажиллаж байх хугацаандаа сайн ажиллаж байсан. Би нярав болгоно гэж бодож байсан. Би бараагаа цуглуулаад иртэл манай кассчин кармаанаас нь 2.500 хоёр боодолтой нэгж уналаа гэж хэлсэн. Тэгээд би анхандаа нэгж авсан юм байна гэж бодсон. Тэгээд цааш камераа үзтэл мөнгө авсан байсан. Би ажил ихтэй байдаг учир хохирлоо төлүүлээд энэ хэргийг хаалгамаар байна. Би шүүх шинжилгээний 1.600.000 төгрөгийг төлөхгүй. Сүүлд 300.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Уг мөнгөө төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Жийн өгсөн: “...Манай байгууллагад Ц гэх охин энэ оны 09 дүгээр сараас хойш дэлгүүрийн заалны өрөгч худалдагчаар орж одоог болтол ажиллаж байгаа. Би өөрийн дэлгүүрийнхээ санхүүгийнхээ асуудлыг хариуцан явуулдаг юм. Манай байгууллага жижиглэн бараа зардаг учраас задгай мөнгө хэрэгтэй болдог учраас би мөнгөн дэвсгэртүүдийг задгай мөнгөн дэвсгэрт болгож дэлгүүрийнхээ хяналтын өрөөнд байрлуулдаг байсан. Тэгтэл манай дэлгүүрийн худалдагч Ц миний бутархай мөнгө болгосон мөнгөн дэвсгэртүүдээс хулгайлж авдаг байсан нь өнөөдөр мэдэгдсэн учраас би цагдаагийн байгууллагад гомдол гарсан. Ц мөн өөрөө мөнгө авдаг байснаа хүлээн зөвшөөрсөн учраас би цагдаад хэлсэн юм... Би 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд 5.000.000 /таван сая/ төгрөгийг 10 төгрөг, 20 төгрөг, 50 төгрөг, 100 төгрөг, 500 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэртүүд болгож аваад хяналтын өрөөндөө хадгалж задгай мөнгө хэрэгтэй болсон худалдагчид өгдөг байсан юм. Би худалдагч нартаа өдөр болгон задгай мөнгө өгдөггүй, хааяа л өгдөг байсан... Ц надад хэлэхдээ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг авсан гэж хэлсэн. Одоо миний хайрцагтай мөнгөнөөс 350.000 орчим төгрөг үлдсэн байсан. Тэдгээр нь дандаа 10, 20, 50, 100 гэх мэт дэвсгэртүүд л үлдсэн байсан. Мөн 5 ширхэг боодол 500 дэвсгэрт л үлдсэн байсан...Ц манайхаас авсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөө орифлеймын хүнд өртэй байсан. Тэр өрөө дарсан гэж ярьсан. Мөн гар утас худалдаж авсан гэж ярьж байсан...Манай байгууллагын хяналтын өрөөн дотор бараа хадгалах зориулалттай жижиг өрөө байдаг. Тэр өрөөн дотроо би мөнгөө уутанд хийж хадгалдаг байсан. Тэрнээс л Ц авдаг байсан юм байна... Ц манай байгууллагад ажиллахдаа хоёр өдөр ажлаад, хоёр өдөр амардаг байсан. Өдөрт 9-22 цаг хүртэл ажлын 10 цаг ажлаад нэг сарын 600.000 / зургаан зуун мянга/ төгрөг авдаг байсан... Ц манайхаас хулгайлж авсан мөнгөө манай хашаан дотор байх 00 дотор нуудаг байсан юм байна лээ. Би өнөөдөр тухайн мөнгөө нуудаг байсан 00 дотроос нь нуусан мөнгийг гаргуулж бичлэг хийж авсан байгаа. Би тухайн бичлэгээ нотлох баримт болгож өгнө. Би хохирлоо барагдуулах юм бол энэ эмэгтэйд гомдол санал байхгүй...Ц 2021 оны 9 дүгээр сараас хойш 12 сарын 28-ны өдөр хүртэл 60 гаруй өдөр ажилласан байсан. Би өмнө мэдүүлэгтээ дутуу орхисон байсан зүйл нь тухайн хяналтын өрөөнд задгай мөнгөнөөс гадна бүхэл мөнгө, юнител, мобиком, скайтел компани картын нэгжнүүд байдаг байсан. Тэгтэл Ц нь бүхэл мөнгө, утасны нэгжнүүд авдаг байсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байсан тул би манай дэлгүүрт зөвхөн 4.650.000 төгрөгийн хохирол учраагүй юм байна. Энэ Ц гэх охин дэлгүүрт ажиллах өдөр болгондоо хяналтын өрөөнөөс мөнгө нэгжнүүд авдаг байсан байна гэж үзэж байна. Манай дэлгүүрийн хяналтын камер 37 хоног бичлэгээ хадгалах боломжтой камер байдаг юм. Тэгтэл хамгийн сүүлд хадгалагдаж үлдсэн нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн бичлэгээр эхэлж байсан. Тэгээд би тэр цаг хугацаанаас хойш хяналтын камераа шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 22 минутад Ц нь хяналтын өрөөнд орж задгай мөнгө, бүхэл мөнгө, утасны нэгжүүдээс аваад гарч байгаа дүрс хадгалагдсан байсан. Ц тухайн хяналтын өрөө рүү орох болгондоо мөнгө авдаг байсан нь камерт бичигдсэн байсан... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3 удаа, энэ өдөр Ц хулгай хийж байгаа нь баригдаж мэдэгдсэн өдөр. Энэ өдөр Ц 150.000 төгрөг, 10.000 төгрөгийн Мобикомын нэгж авсан байсан. Ингээд энэ хүн манай дэлгүүрийн хяналтын өрөөнөөс ажиллах өдрөө мөнгө, нэгж авдаг байсан байна. Гэхдээ энэ нь зөвхөн хяналтын камерт бичигдсэнээс хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр. Тэгтэл 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнөх өдрүүдийн бичлэг хадгалагдаагүй үлдсэн. Тэдгээр өдрүүд ч гэсэн энэ охин манай дэлгүүрийн хяналтын өрөөнөөс мөнгө хулгайлдаг байсан гэж би үзэж байна. Тиймээс манай дэлгүүрт мөнгө, нэгж нийлсэн 28.000.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ Ц гэх охин манай дэлгүүрт 60 гаран өдөр ажилласан байдаг. Ажиллах болгондоо 500.000 орчим төгрөг авдаг байсан гэхээр 28.000.0000 сая төгрөг болж байгаа юм. Энэ хохиролд мөнгө, нэгж оролцоод бүгд 28.000.000 төгрөг гэж үзэж байна... Манай дэлгүүрийн хяналтын өрөөний шүүгээний дотор бүхэл мөнгөнүүд байдаг байсан. Тэдгээр мөнгөнүүд өдөр болгон нэмэгдэж, сэлэгдэжөөрчлөгддөг байсан.Учир нь эхнэр бид хоёр тухайн өдрийн дэлгүүрийн орлогоо АТМ ашиглан дансандаа хийгээд үлдэгдэл 1.000.000-2.000.000 сая орчим төгрөгийн бэлнээр нь хяналтын өрөөний шүүгээнд хийдэг байсан. Заримдаа өдрийн орлогоо дансандаа хийж чадалгүй тэр чигт нь хяналтын өрөөний шүүгээнд хийж орхидог байсан... Тухайн өрөө рүү байгууллагын ажилчид өдрийн цайгаа уухдаа бүгдээрээ ордог. Эхнэр бид хоёр байнга байж байдаг.Бид хоёрыг байгаа үед л ажилчид өрөө рүү ордог байсан. Харин Ц эхнэр бид хоёрыг байхгүй үед ордог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 43-44 тал/,

Гэрч Б.Эгийн өгсөн: “...Тэгээд манай 2021 оны 09 дүгээр сард Ц гэх эмэгтэйд ажилд авсан. Тэгтэл 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ц нь манай дэлгүүр дотор байдаг хяналтын өрөөнөөс мөнгө, утасны нэгж хулгайлдаг байсан нь камерын бичлэгээр тогтоогдож. Манай нөхөр цагдаад гомдол гаргасан. Тэгээд нөхөр бид хоёр сүүлийн нэг сарын камерын бичлэгүүдээ нэг бүрчлэн шалгаж үзэхэд Ц нь өдөр бүр хяналтын өрөө рүү орж мөнгө авдаг байсан. Тэгээд бид хоёр бичлэгүүдээ дискэнд хуулж мөрдөгчид өгсөн... Тухайн хяналтын өрөө байнга цоожтой байдаггүй. Нөхөр бид хоёр өдөр дэлгүүрийн зааланд байгаа тохиолдолд тухайн өрөө байнга  онгорхой байдаг. Харин нөхөр бид хоёр дэлгүүрээс гарах үедээ өрөөг цоожилж түлхүүрийг кассан дээр суудаг Ут үлдээдэг У манай нөхрийн төрсөн дүү нь байгаа юм. Тийм учраас л бид хоёр итгэж үлдээдэг байсан. Тэгтэл Ц хяналтын өрөөг цоожтой байхад нь түлхүүрээр онгойлгож орж байгаа бичлэг байсан. Тэгээд өрөөн дотор өрөөд дотор талаасаа түгжиж байгаад мөнгө авч байгаа бичлэг байсан... Нөхөр бид хоёр цагдаад эхний удаа мэдүүлэг өгөхдөө 5.000.000 төгрөг гэж мэдүүлсэн. Тэр үед бид хоёр зөвхөн бутархай мөнгөн дэвсгэрт авдаг байсан гэж л бодсон. Тэгээд нөхөр бид хоёр 30 өдрийн бичдлэгийг дахин нягталж шүүж үзэхэд Ц нь өдөр 4-5 удаа хяналтын өрөө рүү орж мөнгө авдаг байсан учраас дахин мэдүүлэг өгч нийт учирсан хохирлоо тооцох үзээд 28.000.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

Гэрч Б.Угийн өгсөн: “...Би өөрөө Сайн супер маркетад худалдагч хийдэг байсан. Мөн Ц бид хоёр хамт ээлжэнд гардаг байсан...Би энэ талаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн. Тэр өдөр Ц мөнгө хулгайлж байсан нь камерын бичлэгээр тогтоогдоод цагдаад мэдэгдсэн гэж дэлгүүрийн эзэн Ж дэлгүүрийн ажилчдад хэлсэн. Тэрнээс өмнө бол би мэддэггүй байсан... Дэлгүүрийн хяналтын өрөөнд дэлгүүрийн ажилчид хоол цайгаа уудаг байсан. Дэлгүүрийн хяналтын өрөө рүү ажилчид цай уух гэж л ордог. Ц надтай хамт гарч байхдаа дэлгүүрийн хяналтын өрөө рүү ойролцоо ажилладаг байсан. Сүүлийн үед дандаа л хяналтын өрөөний ойролцоо ажиллах болсон. Уг нь дэлгүүрийн хяналтын өрөө том учраас өрөөний ойролцоо биш өөр газарт ажиллаж болох л байсан... Дэлгүүрийн ажилчид хяналтын өрөөнд мөнгө байгааг мэддэггүй байсан. Хяналтын өрөөнд дэлгүүрийн эзэд л ордог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

Гэрч Д.Эгийн өгсөн: “...Надад Сайн дэлгүүрийн эзэн гэх хүмүүс надад ярихдаа "танай охин манай дэлгүүр ажиллаж байхдаа мөнгө хулгайлсан, одоо цагдаагийн газарт шалгагдаж байгаа” гэж хэлсэн...Ц өвөө, эмээ хоёртойгоо өссөн. Одоо өвөө, эмээтэйгээ байдаг хүүхэд юм... Ц гэр орондоо мөнгө авч ирдэггүй байсан. Хэрвээ тийм их мөнгө авсан юм бол мэдэгдэх л байх. Надад лав мөнгөтэй байгаа нь мэдэгддэггүй байсан...Манай охин 2019 онд Гурван-Эрдэнэ сургуулийн төгсөөд одоог болтол настай эмээ, өвөө хоёроо асардаг хүүхэд юм. Ц байхгүй бол өвөө эмээ хоёрыг нь асарч халамжлах хүн байхгүй. Миний охин ааш зангийн хувьд хэвийн бусадтай эелдэг сайхан зантай харьцдаг, ажилсаг хөдөлмөрч хүүхэд байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

Гэрч З.Бы өгсөн: “...Хүү Ж, түүний эхнэр Э хоёр надад хэлсэн. Мөн гар утсан дээр хийсэн бичлэг үзүүлсэн. Тэр бичлэг тэр эмэгтэй дэлгүүрийн хашаан дотор байх 00 шалан доороос мөнгө гаргаж ирж байгаа бичлэг байсан...Ж надад ярихдаа хэдэн төгрөг алдагдсан гэдгийг хэлээгүй. Тэр үед тооцоо хийгээгүй, мөнгө төгрөгөө нарийн шалгаагүй байсан...Би мэдэхгүй байна. Манай хүү өөрөө байгаа байх. Би болон манай эхнэр бид хоёр дэлгүүрийн үйл ажиллагаанд оролцдоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

Гэрч Д.Уийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би дэлгүүртээ ажиллаж байтал өглөө 11 цагийн үед манай дэлгүүрт ажилдаг Ц хяналтын өрөөнд орж гараад байсан. Тэгсэн Цийн өмдний халааснаас нь боодолтой утасны нэгж унахыг би хараад, энэ хаанаас авсан юм бэ гэж асуухад өөр дэлгүүрээс авсан гэж хэлсэн... Тэгж хэлэхдээ Ц сандарч тэвдээд байхаар нь би сэжиг төрөөд дэлгүүрийн удирдлагууд болох Ж, Э нарт хэлсэн. Мөн тэр Ц гэх эмэгтэй хяналтын өрөөнөөс гарахгүй байхаар нь би чи гар гэж хэлээд хяналтын өрөөг түгжээд түлхүүрийг нь өөртөө авсан. Би их ачаалал ихтэй ажилладаг тул хяналтын өрөө рүү хэн орж гарч байгааг хянаж чаддаггүй байсан. Сүүлд хяналтын камер шүүхэд Ц надаас өрөөний түлхүүр хулгайлж аваад өрөө рүү орж нэгж болон бэлэн мөнгө авч байгаа нь бичигдсэн байсан. Ц дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа байнга 00 руу ордог байсан. Одоо бодоход 00 руу орж авсан мөнгөө нуудаг байсан юм байна лээ... Бид нар өдрийн орлого болох 5.000.000-7.000.000 төгрөгийг Ж, Э нарт тушааж өгдөг. Ж, Э нар бид нарын тушаасан мөнгийн шууд дансандаа хийлгүй бэлнээр хяналтын өрөөндөө хадгалж байгаад бөөгнүүлж байгаад нэг удаа дансандаа хийдэг байсан. Одоо ч мөн адил яг энэ үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн тухайн хяналтын өрөөнд задгай мөнгө 10.000.000 төгрөг байж байдаг байсан. Энэ мөнгөн дээр өдрийн орлого болох 5.000.000-7.000.000 төгрөг өдөр болгон нэмэгдэнэ гэж бодохоор өдөр дунджаар 20.000.000 орчим төгрөг тэр өрөөнд байж байдаг байсан. Мөн хяналтын өрөөнд картны нэгжүүд байдаг байсан. Ц тэр нэгжнээс их авдаг байсан юм шиг байна. 2021 оны 10 болон 11 дүгээр сард картны нэгжүүд байхгүй болсон байсан. Миний бодлоор 10 болон 11 дүгээр сард утасны нэгжнүүдийг Ц аваад үрэгдүүлж дуусгасан байх. Мөн Ц 2-3 өдөр ажилчихаал 2-3 хоног чөлөө зөвшөөрөл авахгүй гэнэт алга яваад өгдөг байсан. Мөн Ц байнга хүлхэгэр том цамц өмсдөг байсан.Би бодохдоо тэр цамцандаа мөнгөө хийж гараад 00 орж нуугаад орой ажил тарахаар 00 дотроос нуусан мөнгөө авдаг байсан байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

Бизкон аудит ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/01 дугаартай: “...нийт хохирлын хэмжээ 24.710.419 төгрөг байна...” гэх тайлан /хх-ийн 74-83 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаартай: “...Бизкон аудит” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирал Ч.Мөнхбаярын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 37 дугаартай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь харилцагч байгууллагуудын бэлэн мөнгөний орлогын баримт, бараа материалын баримтуудыг үндэслэж хийсэн нь үндэслэлгүй байна...Шинжилгээнд “Сайн” супермаркетийн кассын тайлан, бэлэн мөнгөний тооллого /өдөр бүрийн/, Бараа материалын тайлан, Бараа материалын тооллогын бүртгэл зэрэг санхүүгийн баримтууд ирээгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн анхан шатны баримтууд нь “Сайн” супермаркетын бараа худалдаж авсанг дэмжих баримуудыг ирүүлсэн байна. Тус супермаркетын анхан шатны баримтууд болох бараа худалдаж авсан орлогын баримт, худалдаж авсан барааны төлбөрийг барагдуулсан кассын зарлагын баримтууд, мөнгөн кассын тайлан, Бэлэн мөнгөний тооллогын баримтууд байхгүй тул дутагдлыг тогтоох боломжгүй байна...Ирүүлсэн баримтын хүрээнд “Сайн” супермаркетын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 92-94 тал/,

Шүүгдэгч Э.Цийн яллагдагчаар өгсөн: “....Би энэ 09 дүгээр сараас эхлэн Мөрөн сумын 14 дүгээр багт байдаг Сайн супермаркетад худалдагчаар ажилд орсон. Тэгээд тухайн дэлгүүрт би худалдагч, бараа өргөгч гэх мэт дэлгүүрийн эздүүдийн хий гэсэн болгоныг л хийдэг байсан. Би энэ жил орифлеймийн бараа зардаг байж байгаад шаталтанд ороол орифлеймийн ажилтан Отгонтуяа гэх эмэгтэйд 1.000.000 төгрөгийн өртэй болсон. Тэгээд дэлгүүрийн хяналтын өрөөн дотор байдаг бараа хадгалдаг жижиг өрөөн дотор байх тортой мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг авчихсан юм. Тухайн уутан дотор 10, 20, 50, 100, 500, 1000 төгрөгийн боодолтой дэвсгэртүүд байдаг байсан юм. Би тэрнээс зөвхөн 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүдээс л авдаг байсан. Тэгтэл манай дэлгүүрийн эзэд намайг бүх мөнгийг авсан гээд дайраад гүтгээд байгаа юм...Би ажиллаж байгаа өдөр болгон л тухайн жижиг өрөөнөөс мөнгө авдаг байсан. Нэг удаа орохдоо нэг боодлыг авдаг байсан. Тухайн уутан дотор байх мөнгөнүүд бүгд боодолтой байдаг байсан. Би 500 төгрөгийн дэвсгэртээс 1 боодлоос авлаа гэж бодоход 50.000 төгрөг, 1.000 төгрөгийн дэвсгэртээс 1 боодлоос авлаа гэж бодоход 100.000 төгрөг авдаг гэсэн үг юм. Би өөрөө авсан мөнгөө сайн санаж байгаа. Тиймээс 1.500.000 төгрөгийг авсан гэдгээ тодорхой санаж байна. Гэтэл намайг дэлгүүрийн эздүүд бүх мөнгийг авсан гээд байгаа юм...Би хяналтын өрөөний жижиг өрөө рүү ороод нэг боодол мөнгө аваад тэрийгээ халаасандаа хийж өрөөнөөс гараад дэлгүүрийн хашаан дотор байх 00 банзан доогуур нь хийж орхиод орой ажлаасаа тарахдаа 00 нуусан мөнгөө аваад гэртээ хариад тэр мөнгөө хурааж байгаад 1.000.000 төгрөгийн өрөө дарсан юм. Үлдэгдэл 500.000 төгрөгийг хэрэглээндээ үрээд дууссан... Би 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сайн супер маркет хүнс, барааны дэлгүүрт худалдагчаар орсон...Би 2021 оны 10 дугаар сарын эхээр мэдээд тэрнээс хойш хяналтын өрөөн дотор байх мөнгө болон нэгжүүдээс авдаг болсон.Би утасны нэгжийг хоёр удаа авсан. Би 10.000 нэгжээс 2 удаа авч өөрийн утсандаа хийж байсан. Би 10 сарын эхэнд хяналтын өрөөнд мэдсэнээсээ хойш л авсан.Би хоёр өдөр ажиллаад хоёр өдөр амардаг байсан. Тэгэхдээ сүүлийн өдрөө буюу хоёр дахь гаралтандаа л мөнгө авдаг байсан. Би яг хэдэн удаа авснаа мэдэхгүй байна. Би нийтдээ 3.000.000 /гурван сая/ төгрөг авсан. Би тэрнээс илүү мөнгө бол аваагүй... Би мэднэ. Хяналтын өрөөн дотор байх шүүгээн дотор байдаг бүхэл мөнгөнөөс би авч байсан. Би бүхэл, задгай нийлээд 3.000.000 төгрөг л авсан... Би 3.000.000 төгрөгөөс гадна, мөн хохирогчийн нэхэмжилсэн баримтаар тогтоогдсон мөнгийг төлнө...Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болон явдлыг үнэн зөвөөр тодорхой ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 46-47, 55, 69, 118 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авах тухай санал /хх-ийн 9 тал/,

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 10 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11 тал/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Эд зүйл /СД/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Ц нь 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн” супермаркетын дэлгүүрээс хохирогч Б.Жийн эд зүйл болон мөнгийг нууцаар, хууль бусаар авч, 3.000.000  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Э.Цийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Э.Цийн үйлдэл идэвхтэй, хохирогч нарын эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Цийг  бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жөд 3.000.000  төгрөгийн хохирол учирчээ.

Шүүгдэгч Э.Ц нь хохирогч Б.Жөд хохирол 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Жийн “3.000.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг болон Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогч Б.Ж нь Бизкон аудит ХХК-ийн шинжээчийн үнэлгээний хөлс 300.000 төгрөгийн талаарх зарлагын баримтыг гаргаж, нэхэмжилж байх тул шүүгдэгч Э.Цаас Бизкон аудит ХХК-ийн шинжээчийн үнэлгээний хөлс 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жөд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Ц нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Цийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Э.Цийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна гэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг “...Шүүгдэгч Э.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах саналтай байна” гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 121-125 талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Ц нь ам бүл 4, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 09-06 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Э.Цид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, “..оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх..” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ц нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Эгийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Эгийн Цид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил сар 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Цийг  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Цид  хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Цаас 300.000 /гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жөд олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН