| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/02430/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б-ын нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: Д.М-д холбогдох,
/ /
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 118.580.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Бнь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д.М хүсэлтийн дагуу 77.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Мөн өдрөө Д.М өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, .... давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2202025495 дугаартай 128.76 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, барьцааны гэрээ гэрээ байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуудах байсан боловч зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй, элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн байна. Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан хэдий ч Д.М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгож, хүлэээсээр ирсэн бөгөөд утсаар болон мессежээр зээлээ төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч сүүлийн үед утсаа ч авахгүй, төлбөрөө төлөхөөс зайлсхийж зээлдүүлэгчийг хохироосоор байх тул шүүхэд хандаж байгаа болно. Иймээс үндсэн зээл 77.000.000 төгрөг, зээлийн гэрээний хүү 3.080.000 төгрөг, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасанчлан 2018 оны 07 сарын 24-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 35.420.000 төгрөг, нийт 118.580.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Б-ын нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 118.580.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Д.М, Л.Бнарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Л.Бнь 77.000.000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Д.М-д зээлдүүлэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч Л.Б нь 77.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч Д.М шилжүүлсэн, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөөгүй болох нь зээлийн гэрээний ард бичигдсэн “...М би Б-аас 77.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа” гэсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогджээ.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Мзээлд 77.000.000 төгрөг, нэг сарын зээлийн хүүд 3.080.000 төгрөг, (2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс Л.Б-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны 8 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 80.080.000 төгрөгийн 0.5 хувиар) алданги тооцож 3.203.200 төгрөг, нийт 83.283.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх (алданги 35.296.800 төгрөг)-ийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.
2. Д.М, Л.Бнарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч Д.Мнь уг зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, .... оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л.Батбаатарт барьцаалж, хуульд заасан шаардлага хангаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иймд хариуцагч Д.М нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйлээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.
Шүүхээс хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тэрээр нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Мөн нэхэмжлэгч тал нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алдангийн үнийн дүнг нэмэгдүүлсэн”-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагчид гардуулах шаардлагагүй гэж үзэв. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдөөгүй, алдангийн дүн нэмэгдсэн болно.
Хариуцагч талд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцах талаар мөн шүүх хуралдааны товыг түүний шүүхэд сүүлд мэдүүлсэн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 84-93 тоот хаягаар баталгаат шуудан хүргүүлсэн, түүний шүүхэд мэдүүлсэн утасны дугаарлуу залгасан боловч холбогдох боломжгүй байсан тул хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэн, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Мзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 83.283.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35.296.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Мнь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Д.М өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, ... үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 643.950 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 106.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 574.366 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД