Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2021/0068/З |
Дугаар | 128/ШШ2021/0646 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2021/0646
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: М.М Хариуцагч: ХУДЗД Нэхэмжлэлийн шаардлага: Хан - Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ***дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04 -ний өдрийн 128 *** дугаар " Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай " захирамжид " ... 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар албан бичиг , 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаар албан бичиг , 2019 оны 08 дугаар сарын 22 - ны өдрийн *** дүгээр захирамж гарсныг хэзээ мэдсэн, гардаж авсан талаар нэхэмжлэлдээ тодорхой тайлбарлаж , одоо яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаа тайлбарлах, " ...Нийслэлийн Засаг дарга болон Хан - Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан хүсэлт, өргөдлүүдийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлэх ... " гэжээ. Хан - Уул дүүргийн Засаг даргын 2012 оны *** дугаар захирамжаар иргэн М.М-д Улаанбаатар хот, Хан - Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 3200 м.кв хэмжээ бүхий амны орон сууцны зориулалттай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Миний бие М.М нь тус газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар иргэн М.Мтэй харилцан тохиролцож 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Газар эзэмших гэрээ байгуулан, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу албан татвар , хураамжийг бүрэн төлж , холбогдох баримт бичгийг хавсарган эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллагад гаргасан юм. Энэхүү хүсэлтийн дагуу Нийслэлийн Хан - Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24 - ний өдрийн А/24 дүгээр " Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай " захирамж гарч , тус захирамжаар 2012 оны А/222 дугаар захирамжийн М.М-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн байдаг. Улмаар тус А/24 дүгээр шийдвэрийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 02 - ны өдрийн *** дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр М.М надад Хан - Уул дүүргийн 8-р хороонд байрлах , нэгж талбарын *** дугаар бүхий 3198.0 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон ба миний бие 2019 оны 03 дугаар сарын 25 -ны өдрийн 01122-2019/00225 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг газар эзэмшүүлэгчтэй байгуулсан. Өөрөөр хэлбэл , миний бие дээрх газрын газар эзэмших эрхийг Хууль ёсны дагуу өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан болно. Гэтэл, Хан - Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар " Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Хан - Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамж болон надад олгосон *** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг мэдэгдэж, үүний дараа Хан Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ***дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ***дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захирамжийг гаргасан. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны ***дүгээр захирамжаар надад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ үндэслэлээ ... газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2012 оны А/222 дугаар захирамжаар иргэн М.М-д шилжүүлж шийдвэрлэсэн байх ба уг газраа дахин шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрын байршлыг өөрчилсөн байх тул ... " гэж тодорхойлсон байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-т Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулна" , хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг тус тус заасан байна. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 - д "хууль ёсны итгэлийг хамгаалах " зарчмыг Захиргааны үйл ажиллагаанд баримтална гэж заасан. Дээрх хуулийн заалтуудаас харахад, газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад, мөн газрыг надад эзэмшүүлж шийдвэрлэхдээ тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж дүгнэсний үндсэн дээр Хан -Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24 -ний өдрийн А /24 дүгээр захирамж гарсан байхад гэнэт 2019 оны ***дүгээр захирамжаар газрын эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчинтэй гэж үзэж төрөөс иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, иргэн нь тухайн газрыг эзэмшигч гэсэн итгэлийг авч газрын төлбөрөө төлж, газраа эзэмшиж, ашиглаж байхад хэсэг хугацааны дараа гэнэт төрийн зүгээс эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй байсан байна гэж дүгнэж хүчингүй болгож байгаа нь Захиргааны үйл ажиллагаанд баримтлах хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд илт харшлах юм. Дээр дурдсан 2019 оны 08 дугаар сарын 05 -ны өдрийн *** дугаар албан бичиг, 2019 оны 08 дугаар сарын 27 -ны өдрийн ***дугаар албан бичиг болон 2019 оны 08 дугаар сарын 22 -ны өдрийн *** дүгээр захирамжийг оршин суугаа хаягт илгээж байсан ба албан бичиг болон захирамжийг намайг эзгүй байх үед тус шуудангаар дамжуулан миний буюу надаас өөр этгээдэд / хадам ээжид / гардуулж өгч , гарын үсэг зуруулж байсан. Өөрөөр хэлбэл , албан бичиг болон захирамжийг надад бус өөр этгээдэд гардуулж өгч байсан. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар " Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ... Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 5 давхрын 509 тоотод 09:00 цагт ирж тайлбараа өгөх боломжтой" гэсэн байдаг ч энэхүү *** дугаар албан бичгийг М.М миний оршин суугаа хаягт 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10:10 минутад шуудангаар хүлээлгэн өгснөөр сонсох ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 , 26 дугаар зүйл , 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж, иргэн миний тайлбар , саналаа өгөх боломжийг хязгаарласан болно. Улмаар миний бие Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 05 -ны өдрийн *** дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай " албан бичгийг ямар учиртай болохыг тодруулахаар 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж, 8 - р хорооны газар зохион байгуулагч Э*******тай уулзахад албан бичгээр хандаж хариу авах боломжтой гэсэн учраас тус өдрөө өөрийн гараар Хан - Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан ба энэхүү хүсэлтэд ямар нэгэн хариу өгөх байх гэж найдаж хүлээж байсан боловч ямар ч хариу өгөөгүй юм. Ингээд Хан-Уул дүүргийн Засан дарга, Хан - Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа биечлэн очиж уулзахад тодорхой хариу огт өгөлгүй хүлээлгэсээр хугацаа алдуулсан. Үүгээр зогсохгүй элдэв хараалын үгээр доромжилж хөөж гаргаж байсан удаатай билээ. Иймд, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ***дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ад хандахад Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ***дугаар албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Yүний дараа 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд энэхүү асуудлаар дахин хүсэлт гаргасан боловч болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 11 -ний өдрийн ***дүгээр албан бичгээр миний гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүл гэсэн хариуг тус тус өгсөн болно. Иймээс, миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 11 - ний өдрийн ***дүгээр хариу албан бичгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22 - ны өдрийн *** дүгээр Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус дүүргийн Засаг даргын 2012 оны А/222 дугаар захирамжаар иргэн М.М 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг чиглэлийн авто замын урд, амины орон сууцны зориулалтаар 3200 м.кв газрын эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Иргэн М.М Газрын албаны холбогдох албан тушаалтнууд дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжаар нэхэмжлэгч М.М шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчлөн шилжүүлсэн байсан. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасан. Хариуцагчийн зүгээс дээрх асуудлыг нягтлан шалгаж дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ***дүгээр захирамжаар М.М газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, захирамжийн 3 дугаар заалтаар иргэн М.М-д амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газрын байршлыг судалж танилцуулахыг дүүргийн Газар , зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай ***захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 - д заасны дагуу захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан хууль ёсны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Нэхэмжлэгч М.М нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ***дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/222 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Төв аймаг явдаг замын урд байрлах, 3200 м.кв газрыг Ц.Э*******аас М.Мд эрх шилжүүлэн, амины орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/24 дүгээр захирамжийн хавсралтын 47 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах, *** нэгж талбарын дугаар бүхий, 3200 м.кв газрыг М.Мөөс М.М-д эрх шилжүүлэн, амины орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай ***дүгээр захирамжаар ...Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг чиглэлийн авто замын урд талд амины орон сууцны зориулалттай 3200 м2 газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын А/222 дугаар захирамжаар иргэн М.М-д шилжүүлж шийдвэрлэсэн байх ба уг газраа дахин шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн байх тул гэсэн үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дүгээр захирамжийн М.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн хавсралтын 47-д *** гэсэн газрын нэгж талбарын дугаарыг заасан байх бөгөөд уг захирамж, *** нэгж талбарын дугаартай кадастрын зураг, *** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд М.М-д газар эзэмшүүлэхдээ газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлсэн болох нь тодорхой нотлогдож байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ. гэж заасан байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 21.5.3-д ... дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах., 38 дугаар зүйлийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:, 38 дугаар зүйлийн 38.4-д Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. ... гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд газар эзэмшүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргах нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал ба Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээхээр байна. Уг эрх хэмжээнийхээ хүрээнд дүүргийн Засаг дарга нь М.Мөөс М.Мд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг хянаж үзээд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг гаргаж, М.М-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах, *** нэгж талбарын дугаартай, 3200 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/24 дүгээр захирамжаар зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлсэн, уг захирамжийн нэр буюу тэргүү нь Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай гэсэн нэртэй гарсан, үүнээс үзэхэд зөвхөн эрх шилжүүлэх ёстой байтал газрын байршлыг өөрчилсөн нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангах буюу захиргааны актын нэр, тэргүүг хэрхэн бичих, захиргааны актыг боловсруулах, хянах, гаргасан захиргааны актынхаа үр дагаврыг хариуцах нь дүүргийн Засаг даргын үүрэг тул үүний улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй. Мөн Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн газар зохион байгуулагч О.Г-ийн хөтөлсөн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн протоколоос үзэхэд ... Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 33 км хурдны авто замын нөлөөлөлд өртсөн М.М-ийн нийт эзэмшиж буй 3200 м.кв газраас нөлөөлөлд өртсөн 3200 м.кв газрыг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэхээр шийдвэрлэв гэсэн байна. Дээрх протоколоос үзэхэд, Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлын чиглэлийн 33 км хурдны авто замтай М.М-ийн газар давхацсаны улмаас М.Мийн газрын байршлыг шилжүүлэх асуудал хэлэлцэгдсэн, улмаар энэ нөхцөл байдлаас шалтгаалан М.М-д газар эзэмшүүлэхдээ газрын байршлыг өөрчилсөн гэж үзэхээр байна. Иймд Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлын чиглэлийн 33 км хурдны авто замтай М.М-ийн газар давхацсаны улмаас газрын байршлыг өөрчлөх асуудал яригдсан, дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжид нэгж талбарын *** дугаарыг буюу газрын байршлыг өөрчлөгдсөн болохыг тодорхой заасан, захиргааны актын нэр, тэргүүг хэрхэн бичих, захиргааны актыг боловсруулах, хянах, гаргасан захиргааны актынхаа үр дагаврыг хариуцах нь дүүргийн Засаг даргын үүрэг тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай ***дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ***дүгээр захирамжид ... уг газраа дахин шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн байх тул гэсэн үндэслэлийг заасан ба газрын байршлыг өөрчилж эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Засаг дарга бөгөөд Засаг дарга уг эрхийнхээ хүрээнд газрын нэгж талбарыг буюу байршлыг өөрчилж 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг гаргасан атлаа эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн гэсэн үндэслэлийг дээрх ***дүгээр захирамжид заасан нь ойлгомжгүй төдийгүй, үндэслэлгүй байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Улаанбаатар хотын банкны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Татварын албаны ****тоот тодорхойлолт зэрэг баримтуудаас үзэхэд М.М нь маргаан бүхий газрыг эзэмшсэнтэй холбоотойгоор тодорхой зардал гаргасан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад.... газар эрх шилжүүлэх шийдвэр гаргахдаа тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж дүгнэсний үндсэн дээр 2019 оны 01 дүгээр сарын 24 -ний өдрийн А/24 дүгээр захирамжийг гаргасан байх тул М.М Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл ... бий болсон... иргэн нь тухайн газрыг эзэмшигч гэсэн итгэлийг авч газрын төлбөрөө төлж, газраа эзэмшиж, ашиглаж байхад хэсэг хугацааны дараа гэнэт төрийн зүгээс эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй байсан байна гэж дүгнэж хүчингүй болгож байгаа нь Захиргааны үйл ажиллагаанд баримтлах хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд илт харшлах юм... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах. гэж заасан ба газар эзэмшүүлэх шийдвэр гаргах нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал, гаргасан захиргааны актынхаа үр дагаврыг хариуцах нь Засаг даргын үүрэг, маргаан бүхий газрыг эзэмшсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тодорхой зардал гаргасан талаар дээр тайлбарласан тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчид тус газрыг эзэмшүүлснээр зэргэлдээх газруудын орц, гарцыг хаасан, маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар тул уг газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх ёстой, дүүргийн Засаг даргын эрх хэмжээ биш гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дүгээр захирамжид эдгээр үндэслэлүүдийг заагаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай ***дүгээр захирамжийг хүчингүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
|