Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 110/2024/0042/З |
Дугаар | 221/МА2024/0652 |
Огноо | 2024-10-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2024/0652
Х.А, С.С, М.С нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч: Х.А, С.С, М.С
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: С.С, М.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 110/2024/0042/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.А, С.С, М.С нараас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн Х.А, М.С, С.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой юм.
Х.А, М.С, С.С бид нар 2015 оноос эхлэн Тирлик захын урд талд байрлалтай нийтийн эдэлбэр газарт хөлсийг нь төлж түрээсээр худалдаа наймаа эрхэлж байсан ба одоогоор 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайн үед талийгаач н.Д нь миний хувийн эзэмшлийн газарт гэрээ байгуул гэхээр бид гэрээ байгуулж түрээсний үнийг төлж үйл ажиллагаа явуулсан юм. М.С бид 6 жилийн хугацаанд 7 сая төгрөг, М.Айгүл 7 сая төгрөг, С.С 28 сая төгрөг тус тус төлж байсан ба нийт 42 сая төгрөг төлсөн юм.
Т.Д эзэмшлийн газраас 300 м.кв газрыг хассан юм. 2020 онд тус газраас зогсоол гаргана гэсэн аймгаас шийдвэр гаргасан ба тус газраас Музей хүртэл худалдаа явуулж байгаа хүмүүсийн путик байсан одоо ч гэсэн байгаа юм. 15-20 метрийн зайтай газарт зогсоол тавихгүй гэдэг шийдвэр гарч 4 хүн үлдсэн байсан билээ. 2020, 2021 оны бидний үйл ажиллагаа явуулж байсан нийтийн эзэмшлийн эдэлбэр газрын татварыг Д.Б өөрөө ирж авч байсан юм. Бид нарын худалдаа наймаа эрхэлж байгаа газар Д.Б-ийн эзэмшлийн газарт огт хамааралгүй газар байгаа юм. Д.Б нь миний барьсан барилгад саад учруулж байна гээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд биднийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан юм. Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа юм.
Шүүхийн шийдвэр гарсны дараа аймгийн Засаг дарга А.К нь Т захын урд талын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй дур мэдэн газар ашигласан иргэд С.С, Х.А М.С нарын объектыг албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй гэж 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А/435 тоот дугаартай захирамж гаргасан байв.
Бид уг Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч байгаа учир захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Х.А, М.С, С.С бидний захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг захиргааны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Нэхэмжлэгч Х.А, С.С, М.С нараас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бид 2015 оноос эхлэн “Т” захын урд талд байрлалтай нийтийн эдэлбэр газарт хөлсийг нь төлж түрээсээр худалдаа наймаа эрхэлж байсан ба одоогоор 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн үед талийгаач Т.Д нь миний хувийн эзэмшлийн газарт гэрээ байгуул гэхээр бид гэрээ байгуулж түрээсний үнийг төлж үйл ажиллагаа явуулсан, дээрх хугацаанд М.С 7 000 000 төгрөг, М.А 7 000 000 төгрөг, С.С 28 000 000 төгрөг, нийт 42 сая төгрөг төлсөн...” гэж тайлбарлан маргажээ.
2. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар “Өлгий сумын 11 дүгээр багт орших 1-24 айлын орон сууцны ашиглалтын хугацаа нь дуусч дахин төлөвлөлтөөр бүтээн байгуулалтын ажил хийгдсэн тул орчны газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн газар ашигласан иргэдийн гаражууд болон “Т” захын урд талын нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй дур мэдэн газар ашигласан иргэд С.С, Х.А, М.С нарын объектыг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр” шийдвэрлэсэн байна.
3. Хэдийгээр нэхэмжлэгч нараас Т.Д, түүний хүү Д.Б нарт газрын түрээс төлж объект байршуулж олон жил үйл ажиллагаа явуулсан гэх боловч нэхэмжлэгч нарын объект байрлаж байсан маргаан бүхий газар нь нэхэмжлэгч нараас түрээсийн төлбөр авдаг Т.Д болон түүний хүү Д.Б нарын хэн алиных нь эзэмших, ашиглах зөвшөөрөл бүхий газар биш буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаартай захирамж гарснаас хойш нийтийн эзэмшлийн газар болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд газар эзэмшиж, ашиглах эрхгүй этгээдүүдэд ийнхүү газрын түрээсийн төлбөр төлдөг байсан нь нэхэмжлэгч Х.А, С.С, М.С нарыг газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг аливаа байдлаар үүсгэхгүй юм.
4. Өөрөө хэлбэл, анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр иргэнтэй байгуулсан гэх гэрээний дагуу үнэ төлбөртэйгээр замын зурвас газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж ирснийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмшсэн гэж үзэхгүй...” талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж, 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.1-д “сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус хуульчилсан байна.
6. Нэгэнт нэхэмжлэгч нар газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй буюу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар аливаа шийдвэр гараагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй, дур мэдэн газар ашигласан иргэдийн объектыг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН