Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Д.Буянтогтох /и/ нарын бүрэлдэхүүнтэй  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба

иргэдийн төлөөлөгч А.Эрдэнэцогт    

шүүгдэгч, хохирогч Н.Болорын өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч, хохирогч Э.Болд-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баяр

шүүгдэгч Н.Болор, Э.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямсүрэнгийн Болор, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Эрдэнэдалайгийн Болд-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201619000596 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт  

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Н.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн ялыг бүгдийг багтааж, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Болорт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямсүрэнгийн Болор, /РД:НЕ86061371/

 

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Э.Болд-Эрдэнэд эдлэх 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их Монгол овогт Эрдэнэдалайгийн Болд-Эрдэнэ, /РД:НЕ80010378/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Болд-Эрдэнэ нь Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух Нямсүрэнгийн гэрт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Н.Болорыг мотоциклийн эд анги хулгайллаа гэх хувийн шалтгаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Болор нь Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух өөрийн аав Нямсүрэнгийн хашаанд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Э.Болд-Эрдэнэтэй маргалдаж, түүнд зодуулсан уурандаа хутга барьж гарч ирээд Э.Болд-Эрдэний цээжний зүүн хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч, хохирогч Н.Болор шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн хувьд мэдүүлэг өгье. Тухайн хэрэг гардаг өдөр би аавдаа хувин өгчихөөд адуугаа услаад гэр рүүгээ явж байтал нэг хүн намайг дуудахаар нь эргээд хартал Э.Болд-Эрдэнэ, Баатар нар байхаар нь уулзчихаад гэртээ очоод байж байтал араас Э.Болд-Эрдэнэ ирээд намайг мотоциклийн банк, карбиратор хэлэлгүй авчихлаа гэж хэлэхээр нь уурлаж, муудалцаад Э.Болд-Эрдэнэ намайг отвёркаар хатгасан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Э.Болд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн хувьд мэдүүлэг өгье. Би Н.Болороос яагаад мотоциклийн банк, карбиратор авсан талаар асуухад Н.Болор над дээр ирээд намайг барьж авахаар нь өөдөөс нь барилцаад байж байтал Баасанжав, Энхбаяр нар нь гэрт орж ирээд салгаад намайг гэрээс авч гарсан. Би гэрээс нь гараад мотоцикль руу алхаж байгаад эргээд хартал Н.Болор хутгалчихсан. Гэмтлийн улмаас 398.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Би хохирол төлбөрөө барагдуулж авсан. Миний хувьд Н.Болорт гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3, 14-16/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 902 тоот дүгнэлтэнд: Н.Болор нь хэрэг үйлдэх үедээ F07.8 тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэгтэй байсан байна. Н.Болор нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байсан байна. Н.Болор нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай. Н.Болор нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 461 тоот дүгнэлт: Э.Болд-Эрдэний биед цээжний зүүн талд, суганы урд шугамаар 5, 6 дугаар хавирганы түвшинд шарх, цээжний хөндийд хий, шингэн хурсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 468 дугаартай дүгнэлт: Н.Болорын биед зүүн гар, баруун гар, шилэн хүзүүнд сорвижиж эдгэрсэн шархтай. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

            Гэрч Н.Баасанжав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би гадаа усанд ороод байж байгаад алчуур авахаар байшинд ороход Н.Болор, Э.Болд-Эрдэнэ нар хэрэлдээд зогсож байсан. Би Э.Болд-Эрдэнэ ахыг боль гэж хэлээд гарахад Э.Болд-Эрдэнэ гартаа отвёрка бариад зогсож байсан. Би гэрээс гараад усанд ороод байж байтал байшин дотор Э.Болд-Эрдэнэ, Н.Болор нар зодолдоод байх шиг байсан. Ах, эгч нар Э.Болд-Эрдэнийг салгаж байсан. Тэгтэл Н.Болор цонхоор гарч ирээд Э.Болд-Эрдэнэ ахыг хутгалчихсан. Н.Болор, Э.Болд-Эрдэнэ ахыг мөнгө өгөхгүй байна гээд миний утсаар байнга Э.Болд-Эрдэнэ ахтай ярьдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/

 

            Гэрч А.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хадам аав Нямсүрэнгийн хашаанд Төв аймгийн Жаргалант сум руу тариа, ногоо хураалтын ажил хийхээр явах гээд эхнэр Болортуяа, эхнэрийн дүү Баасанжав, Түмэн-Өзий бид нар хашаан дотор харин Н.Болор байшинд байсан. Би гадаа толгойгоо угааж байхад гаднаас Э.Болд-Эрдэнэ, Отгонбаатар нар мотоцикльтой ирсэн. Э.Болд-Эрдэнэ байшинд ороод Н.Болортой муудалцаад байхаар нь би байшинд орж Э.Болд-Эрдэнэ ахыг аваад гарсан. Тэгтэл Н.Болор ална гээд бархираад байхаар нь би байшингийн хаалгыг гаднаас дараад зогсож байтал Н.Болор гэнэт байшингийн цонхоор гараад байшингийн урд талд байсан Болд-Эрдэнийн зүүн хавирганд хутгалчихсан. Тэгтэл Э.Болд-Эрдэнэ хутгалуулсан газраа гараараа дарж сууснаа босоод газарт байсан хувинг авч шидээд дахиад зодолдох гээд байхаар нь би салгаад Баасанжав ахын машинд Түмэн-Өлзийтэй хамт өргөж суулгаад сумын эмнэлэг руу явуулсан.../хх-ийн 107-108 дугаар хуудас/

 

            Гэрч Н.Болортуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би нөхрийн хамт Төв аймгийн Жаргалант сум руу ногоо хураалтын ажилд явах гээд аавын хашаанд ирээд байж байтал Э.Болд-Эрдэнэ, Отгонбаатар нар хашаанд орж ирээд байшин руу Э.Болд-Эрдэнэ орсон. Удалгүй, Э.Болд-Эрдэнэ, Н.Болор нар муудалцаж, Н.Болор “та нар яагаад дарамтлаад байгаа юм бэ” гэхэд Э.Болд-Эрдэнэ “би чамайг насаар чинь дарамтлана” гээд чанга дуугараад зодолдсон. Би байшингийн таамбар ороод харахад Н.Болор доор нь орчихсон, Э.Болд-Эрдэнэ дээр нь гарчихсан Э.Болд-Эрдэнэ баруун гартаа хутга барьчихсан далайж байсан. Тэгэхээр нь би та нар салгаарай Э.Болд-Эрдэнэ гартаа хутгатай байна, хүн аллаа шүү дээ, хүн амины хэрэг гарлаа гээд орилсон. Тэгтэл манай нөхөр Энхбаяр, Түмэн-Өлзийгийн хамт байшинд орж Н.Болор, Э.Болд-Эрдэнэ нарыг салгасан. Би уурандаа Э.Болд-Эрдэнэтэй хамт ирсэн Отгонбаатарт уурлахад надад ямар хамаатай юм бэ гээд явчихсан. Би хүүхдээ хүмүүсийн зодооноос айчихна гээд цаашаа яваад зогсож байтал гэнэт Э.Болд-Эрдэнийг хутгалчихлаа гэж хэлэхээр нь очоод хартал Э.Болд-Эрдэнэ цээжнийхээ зүүн талд дараад зогсож байсан. Манай нөхөр Энхбаяр, Түмэн-Өлзий нар Э.Болд-Эрдэнийг Баасанжавын машинд суулгаад явуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Баатармөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг гэртээ байж байхад Очирбат гэрт орж ирээд Н.Болорын мотоцикьлоос карбиратор тайлж авах гэсэн юм, 10-ын түлхүүрээс өгөөч гэхээр нь би өгөөд явуулсан. Тэгээд

Удалгүй карбиратораа тайлаад авчихлаа гээд түлхүүр оруулж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 115 дугаар хуудас/

 

            Гэрч И.Очирбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын эхээр наамдын өмнө сумын төвд байх хашаанаас Н.Болор мотоцикьлийн банк, карбиратор аваад явсан байсан. Би гэрт нь очоод карбиратораа авъя гэх хэлэхэд би аваагүй юу яриад байгаа юм бэ гэхээр нь чамайг аваад явж байхыг хүн харсан байна гэтэл гадаа байгаа гэхээр нь би өөрөө мотоцикьлоос нь тайлаад авсан. Мотоциклийн банкны крантаа авмаар байна гэхэд хөдөө өөр мотоцикльд хийчихсэн ирэхээр нь өгнө гэж хэлсэн. Би Н.Болд-Эрдэнэ ахаас та Н.Болорт мотициклийн банк ав гэж хэлсэн юм уу гэж асуухад үгүй гэж хэлж байсан. Н.Болор өөрөө хэлэхдээ Э.Болд-Эрдэнэ ав гэсэн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 106 дугаар хуудас/

 

            Шинжээч Э.Дэлгэрхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие шүүх эмнэлэгийн акт 461 тоот дүгнэлтийг гаргахдаа эмнэлэгийн өвчний түүхийг үзэж судлан, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дүгээр заалтыг баримтлан гаргасан бөгөөд уг заалтанд цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх байсан. Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна. Э.Болд-Эрдэний биед учирсан гэмтлийн шинэ хуучин болон, үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Болд-Эрдэнэ нь Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух, Нямсүрэнгийн гэрт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Н.Болорыг мотоциклийн эд анги хулгайллаа гэх хувийн шалтгаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Болор нь Төв аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт оршин суух өөрийн аав Нямсүрэнгийн хашаанд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Э.Болд-Эрдэнэтэй маргалдаж, түүнд зодуулсан уурандаа Э.Болд-Эрдэний цээжний зүүн хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл,

гэрч Н.Болортуяагийн.... би хүүхдээ хүмүүсийн зодооноос айчихна гээд цаашаа яваад зогсож байтал гэнэт Э.Болд-Эрдэнийг хутгалчихлаа гэж хэлэхээр нь очоод хартал Э.Болд-Эрдэнэ цээжнийхээ зүүн талд дараад зогсож байсан. Манай нөхөр Энхбаяр, Түмэн-Өлзий нар Э.Болд-Эрдэнийг Баасанжавын машинд суулгаад явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

гэрч А.Энхбаярын.... Н.Болор гэнэт байшингийн цонхоор гараад байшингийн урд талд байсан Болд-Эрдэнийн зүүн хавирганд хутгалчихсан. Тэгтэл Э.Болд-Эрдэнэ хутгалуулсан газраа гараараа дарж сууснаа босоод газарт байсан хувинг авч шидээд дахиад зодолдох гээд байхаар нь би салгаад Баасанжав ахын машинд Түмэн-Өлзийтэй хамт өргөж суулгаад сумын эмнэлэг руу явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

гэрч Н.Баасанжавын.... би гэрээс гараад усанд ороод байж байтал байшин дотор Э.Болд-Эрдэнэ, Н.Болор нар зодолдоод байх шиг байсан. Гэрээс ах, эгч нар Э.Болд-Эрдэнийг салгаж байсан. Тэгтэл Н.Болор цонхоор гарч ирээд Э.Болд-Эрдэнэ ахыг хутгалчихсан. Н.Болор, Э.Болд-Эрдэнэ ахыг мөнгө өгөхгүй байна гээд миний утсаар байнга Э.Болд-Эрдэнэ ахтай ярьдаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 92/,

шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 31-33/, шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 461 тоот дүгнэлт /хх-ийн 35-36/, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 468 тоот дүгнэлт /хх-ийн 39-40/,

шинжээч Э.Дэлгэрхүүгийн.... Миний бие шүүх эмнэлэгийн акт 461 тоот дүгнэлтийг гаргахдаа эмнэлэгийн өвчний түүхийг үзэж судлан, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан дүгнэлт гаргасан. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дүгээр заалтыг баримтлан гаргасан бөгөөд уг заалтанд цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх байсан гэх мэдүүлэг /хх-ийн 93/,

гэрч И.Очирбатын....би Н.Болорын гэрт нь очоод карбиратораа авъя гэх хэлэхэд би аваагүй юу яриад байгаа юм бэ гэхээр нь чамайг аваад явж байхыг хүн харсан байна гэтэл гадаа байгаа гэхээр нь би өөрөө мотоцикьлоос нь тайлаад авсан. Мотоциклийн банкны крантаа авмаар байна гэхэд хөдөө өөр мотоцикльд хийчихсэн ирэхээр нь өгнө гэж хэлсэн. Би Н.Болд-Эрдэнэ ахаас та Н.Болорт мотициклийн банк ав гэж хэлсэн юм уу гэж асуухад үгүй гэж хэлж байсан. Н.Болор өөрөө хэлэхдээ Э.Болд-Эрдэнэ ав гэсэн гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 106/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, шүүгдэгч Э.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Э.Болд-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Болор нь шүүгдэгч Э.Болд-Эрдэнэтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Н.Болор нь шүүгдэгч Э.Болд-Эрдэнэтэй эвлэрч байх тул Э.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Н.Болорын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж заасныг журамлан шүүгдэгч Н.Болор нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч Э.Болд-Эрдэнэд учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байдал, хохирогчийн гомдол санал гаргаагүй байдал, шүүгдэгч Н.Болорын эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан Н.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Болор нь 13 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Э.Болд-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

 1. Боржигон овогт Нямсүрэнгийн Болорыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Их Монгол овогт Эрдэнэдалайгийн Болд-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Болд-Эрдэнэд холбогдох 201619000596 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Болорыг 3 жил, 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Болорт оногдуулсан 3 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Болорын урьдчилан цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оролцуулан тооцож, Н.Болорыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Э.Болд-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Энэ хэрэгт Э.Болд-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Н.Болор, Э.Болд-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Болорт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг болон Э.Болд-Эрдэнэд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  авсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА 

 

                                  ШҮҮГЧИД                                   Ж.МӨНХТУЯА

 

                                                                                      Д.БУЯНТОГТОХ