| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 183/2018/02915/И |
| Дугаар | 02630 |
| Огноо | 2018-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 02630
| 2018 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/02630 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг Б /РД:/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг Б /РД:/ холбогдох,
7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б миний бие танил Д.Мөнх-Оргилоор дамжуулан Ч.Бтай танилцсан ба түүнээс 2015 оны 06 дугаар сард 15 000 000 төгрөгөөр EF450 мотортой Husgvarna брендийн мотоциклийг авахаар тохиролцон урьдчилгаа 8 000 000 төгрөгийг төлж худалдан авсан юм. Үлдэгдэл 7 000 000 төгрөгийг удаахгүй өгөхөөр тохиролцсон боловч миний мөнгөний боломж болохгүй үлдэгдэл мөнгийг төлж чадахгүйд хүрсэн тул мотоциклийг унаж хэрэглээгүй шинээр нь байлгаж байгаад сар орчим болсны дараа мотоциклийг буцааж, урьдчилгаанд өгсөн 8 000 000 төгрөгөө буцааж авъя гэхэд Ч.Б зөвшөөрч мотоциклоо авсан ба миний мөнгийг буцаан төлж өгөхөөр болсон. Би Ч.Бг мөнгийг минь өгчих байх гэж өнөөдрийг хүртэл харсан. Энэ хугацаанд тэр Д.Мөнх-Оргил надаас мотоцикл худалдаж аваад 8 000 000 төгрөгийг өгөх өглөгтэй байгаа түүнээс авч өгнө, Д.Мөнх-Оргилд тэр мөнгийг чамд өгөөрэй гээд хэлчихсэн гэсэн ба Д.Мөнх-Оргил болохоор би чамаас мотоцикл худалдаж аваагүй, би чамд мөнгө төлөх учиргүй, чи авах ёстой хүнээсээ мөнгөө ав гээд өгөөгүй. Мөн Ч.Б нь Хаски моторс ХХК-ийн нэр дээр байгаа Husgvarna брендийн FC350 маркийн мотоциклыг чиний эзэмшилд шилжүүллээ гэсэн боловч мотоциклыг өгөөгүй намайг хуурсан. Би түүнээс мөнгөө удаа дараа нэхсээр байсан ба 2017 оны хавар Ч.Б надад 1 000 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш мөнгийг минь ер өгөхгүй байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ч.Бтай уулзан мөнгөө нэхэхэд Д.Мөнх-Оргил төлж өгнө, чамтай хийх наймаа дууссан гээд миний мөнгийг төлж өгөхгүй, би Ч.Бд мотоциклыг нь буцааж өгснийг Ч.Б надад 8 000 000 төгрөг өгөхийг Д.Мөнх-Оргил сайн мэдэж байгаа. Би Ч.Бгаас урьдчилгаанд өгсөн 8 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг авсан тул одоо 7 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б нь Д.Мөнх-Оргилоор дамжуулж надтай танилцсан ба 2015 онд Husqvarna брендийн FE450 мотортой мотоциклыг 15 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Тэрээр 8 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн боловч үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул мотоциклыг буцаан авсан. Энэ үед Д.Мөнх-Оргил мөн надаас Husqvarna брендийн FС350 мотортой мотоциклыг 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон ба 7 000 000 төгрөгт Yamaha мотоцикл өгч, үлдсэн мөнгөн дүн болох 8 000 000 төгрөгийг бэлэн төлөхөөр тохирсон. Гэтэл Д.Мөнх-Оргил нь энэ мөнгөн дүнг төлөхгүй удсаар ирсэн ба асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцахад Д.Мөнх-Оргил нь өөрийн найз болох Г.Бөд надад төлөх ёстой өрийг төлөөд асуудлыг шийднэ гэж тохирсон. Ийнхүү Г.Б болон Д.Мөнх-Оргил нар нь мотоцикл тус тусдаа авахаар тохирсон боловч төлбөрийн асуудал үүсгэсээр ирсэн ба өрийг харилцан найзуудын хооронд төлж барагдуулна гэж надад хэлсэн тул Г.Б нь яагаад нэхэмжлэл гаргах болсныг ойлгохгүй байна. Г.Б надтай уулзаж тайлбар бичүүлж авсан. Би үүнийг Д.Мөнх-Оргилоос мөнгө авахын тулд надтай хамтран ажиллаж байна гэж ойлгож байсан боловч уг тайлбарыг үндэслээд надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Мөнх-Оргилоос мөнгөө авч чадахгүй байсан учраас надад холбогдуулан надтай гэрээ хийсэн гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд Г.Бийн тухайд шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн Ч.Бгийн гаргасан тайлбараар түүнд төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Уг тайлбарт хариуцагч Ч.Б төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 27-ны өдөр хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлд дурдснаар 2018 оны 6 дугаар сард гэрээ хийгдсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь Ч.Бд холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 7 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Бийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн заасныг баримтлан хариуцагч Б /РД:00000000/-аас 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б /РД:/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас 126 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА