Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/350

 

            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дгийн Бод холбогдох эрүүгийн 2238000000566 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Туяа” багийн нутагт дэвсгэрт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Б.Оийг сураар биеийг нь ороолгож, модоор толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархинд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000566 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Туяа” багийн нутагт дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Б.Оийг “өглөө эрт боссонгүй” гэх шалтгаанаар сураар биеийг ороолгож, ташуураар толгой хэсэгт, гараараа толгой хэсэгт нь тус тус цохиж, эрүүл мэндэд нь “тархинд доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Оийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 06 цаг 30 минутын үед сэрээд босох гээд өндийж байтал аав Б шууд ирээд бугуйлын сураар миний биеийн энд тэндгүй ороолгож байхад ээж аавыг надаас салгасан. Би тэгэхэд хувцас өмсөөгүй нүцгэн байсан. Аав миний нүцгэн бие дээр ташуураар ороолгосон. Тэгээд босоод хувцас өмсөөд гэрээс гарах гэж байхад “чи ээжийнхээ талынхантай нийлээд хүн шоронд өгөх сайхан байна уу” гэхээр нь би аавд хэзээ шоронд өгсөн юм бэ гэхэд аав “чи их олон юм хуцдаг болжээ” гээд ахиад л тэр сураар миний биеийн хаа сайгүй ороолгоод зодож байхад гадаа сааль хийж байсан манай эгч Ц орж ирээд аавыг надаас холдуулсан. Тэгээд гэрээс намайг гарах гэж байхад аав над руу том мод шидэх гэж байхад нь ээж булааж аваад орон доогуур хийсэн. Тэр мод нь нэлээн зузаан блокон мод байсан. Тэгээд би гадаа гараад байшингийн гадаа сууж байтал аав явлаа гэж морио унаж ирээд хатуу гөрсөн, том сураар миний толгой, нүүр рүү хэд хэдэн удаа цохиод байхаар нь би зугтаагаад гэртээ ортол аав мориноосоо буугаад миний араас орж ирэхээр нь би зөрөөд гарсан. Тэгтэл аав ээжийг халуун саванд цай юүлж байхад нь халуун савтай цайг нь өшиглөж асгасан. Тэгэхэд ээж хүүхэд түллээ шүү дээ, дээрээс нь бие өвдөөд хэцүү байна гэхэд аав ээжид чи тэгээд үхээч, пизда, гичий минь, чи тэр овоохойгоо аваад эндээс зайлаарай, энэ байшинг чинь шатаана гээд ээж рүү чанга чанга орилж хашхираад байсан. Аав гэр орноо шатаана, та нарыг ална гэж дарамталдаг. Тэгээд аав байшингийн урд байсан мотоциклио хажуу тийш нь унагааж бензинийг нь асгаад яг асаагуур дарах гэж байхад нь ээж болиулаад харин манай дүү мотоциклийг нь байшингийн ард аваачиж нуусан. Тэгээд аав ойр хавийн хүмүүс рүү орилж хашхирч байснаа гэрийн араар нуусан байсан мотоцикль дээр ахиж очоод шатаах гэж байхад нь Ц эгч болиулсан. Намайг байшингийн хажууд сууж байхад аав ирээд чамайг алчихсан байхад ямар гарзтай юм бэ гээд миний чихэндээ зүүсэн байсан цагирган ээмэг рүү хуруугаа хийж татаж байснаа уйлаад, гэнэт инээж байснаа чи насан туршдаа надад гомдож яваарай, харин ч чамайг алах байсан юм, энэ пизданууд чинь алуулахгүй юм байна л даа гэж хэлээд гараа атгаж байгаад миний толгойн орой хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд аав бас л 2 цаг орчим тэр хавиар агсарч орилоод л байсан. Тэр үед Ц эгч нууцаар эгч рүү мессеж бичсэн юм билээ. Тэрний дагуу доод айлаас хүн иртэл аав шууд морио унаад явчихсан. Тэгээд тэр өдөр ээж маань намайг Мөрөнд авчирч ээжийн төрсөн эгч Нынд авчирч үлдээгээд өөрөө буцаад явсан. ...Намайг жаахан байхад 4 жилийн өмнө байх аав ээжийг аймаар зодоод гаран дээр нь гишгээд үснээс нь зулгаагаад шилбүүрээр зодоод байхаар нь би айсан ч гэсэн очиж салгахад аав намайг үстээд алгадаж байсан. Тэр шөнө нь ээж, манай хоёр дүү бид нар ааваас зугтааж айлын хоосон хаваржаанд гадаа хоноод өглөө нь гэртээ харьж байсан. Тэрнээс бусдаар ч гэсэн аав намайг цохиж зоддог л байсан. Одоо заримыг нь санахгүй байна. Манай аав, ээжийг бол намайг ухаан орсон цагаас л зоддог, ээж маань уул хад руу орж нуугдаад, аав араас нь морьтой хөөдөг, би дүү нартайгаа бас уул хадаар ааваас нуугдаж л байсан. Ер нь аав, ээжийг маш их, хэрцгий зоддог. Аав ээжийг зодохдоо нүүр орчмын ил газарт нь зодохгүй, толгойн үстэй хэсэг, элэг рүү болон биеийн далд хэсгүүд рүү нь зодож байгаа харагддаг. Нэг удаа аав байшингийн дээд талын хөндлөн модноос гараараа зүүгдэж байгаад хоёр хөлөөрөө ээжийн элэг рүү жийж унагаахад ээж нэг хэсэг ухаан алдаад сэрж байсан. Бас хэд хэдэн удаа аав ээж рүү хутга, сүх шидэж байсан. Аав биендээ хутга авч унтдаг, өдрийн цагаар нь гутлын түрийндээ, эсвэл гартаа хутга бариад сууж байдаг. Аав архи уух болгондоо ээжид унтаж байхад чинь 3 хүүхэдтэй чинь шатаана шүү гэж орилж, ээжийн хувцаснуудыг шатааж, байшингаа шатаах гээд байшин руу бензин хүртэл цацаж байсан. Нэг удаа зууханд ил галтай байхад аав дүүрэн түлээ чихээд ээжийг хөөж гаргаад та нарыг дэлбэлээд ална гээд зуух руу савтай газ хийхэд нь би газыг булааж аваад болиулж байсан. Аав ер нь байнга л унтаж байхад чинь шатааж ална шүү гэж ээж болон дүү бид нарыг заналхийлдэг. Ээж маань шөнө айгаад унтаж ч чаддаггүй, нүд нь хавдаж, бүлцийгээд босож ирдэг байсан. Аав ер нь ээжийг шөнө унтуулахгүй муухай орилж хашхираад л элдвээр хэлээд л байж байдаг. Шөнө 5 цагт сэрэхэд хүртэл аав хэрүүлээ хийсэн чигтээ л орилоод байж байдаг. Ээж маань аавд байнга үстүүлсээр байгаад ээжийн үснүүд нь унаад одоо атгахан үстэй...Тэр өдөр аав, ээжийг зодох гээд дайраад байхад нь Ц эгч хамгаалаад зодуулаагүй...Ямар ч шалтгаангүй намайг зодсон. Өмнө нь ч гэсэн ингэж зоддог байсан...Би гэртээ төрсөн аав Б, төрсөн ээж *****, төрсөн дүү ***** /13 нас, эр/, ***** /6 нас, эм/ нарын хамт амьдардаг. Би 7 дугаар ангиасаа Дархан-Уул аймагт ээжийн төрсөн эгч *****ынд байж, тэнд суралцаж байгаа бөгөөд сурагчийн амралтаараа гэртээ ирдэг. Гэхдээ би ааваас айгаад гэртээ харих дургүй байдаг. Одоо би ээжийн төрсөн эгчийнд байгаа...Тухайн үйл явдлын дараа буюу 08 дугаар сарын 22-нд намайг нагац эгч Б.Т нь эмнэлгээр дагуулж явж эмчид үзүүлсэн. КТГ зураг авахуулсан. Бас нэг толгойн эм ууж байсан. Эгчид тархины КТГ, болон нурууны зурагнууд байгаа. Өөр баримт бол байхгүй...Одоо миний толгой л өвдөж байна... Аав их жүжигчин, хүмүүсийн хажууд хүний сайн хань, сайн аав шиг аашилдаг ч яг үнэндээ бид нарыг зодож, тарчлааж кайп авдаг байх гэж би боддог. Миний зүгээс гомдолтой байна. Ээжийн эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. Өмнө нь миний ээжийг 2022 оны 01 дүгээр сарын дундуур зодоод хүнд гэмтээж байсан. Тэгээд тухайн үедээ цагдаад мэдэгдээд хэрэг үүсээд шүүхээр тэнсэн авж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Б.Тын өгсөн: “...2022 оын 08 дүгээр сарын 13-ны өглөөний 10 цаг 30 минут болж байхад намайг Улаан***** хотод байхад миний төрсөн дүү Б.Ц нь над руу цагдаа дуудаад өгөөч Б агсан тавиад охин Оийг зодоод болохоо байлаа гэсэн мессеж ирсэн. Ийм мессеж ирэхээр нь Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын 7038102 тоот дугаар луу залгаад Бүрэнтогтох сумын цагдаагийн дугаарыг нь аваад дуудлага өгөх гэтэл нь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би эргээд Цтай холбогдоод юу болж байна гэж асуухад нүүр ам руу нь ташуураар цохиод нүүр амыг нь авах юмгүй болгосон. Тэгээд ээж нь төв аваад явсан гэж хэлж байсан. Энэ үйл явдлыг мэдээд би 08 дугаар сарын 22-нд Хөвсгөл аймагт ирээд Оийг дагуулаад эмнэлэг цагдаагаар явж байна. Оийн ээж ***** нь бие муутай болохоор Оийг дагуулж эмнэлгээр яваагүй юм байна лээ...Би танина. Манай хүргэн байгаа юм. Миний төрсөн дүү *****тэй 2007 онд нэг бүл болж байсан. Хамт амьдраад 15-16 жил болж байна. Хамт амьдарч байх хугацаанд маш олон удаа архи ууж эхнэр хүүхдээ зодсон гэж сонсогдож байсан. Тэр болгон бид нар гэр бүлийн асуудал гээд ордоггүй байсан. Эхнэрээ бол их яргалж зоддог хүн байгаа юм... Маш их архи уудаг хүн байгаа юм. Манай дүүтэй суух үедээ л архи уудаг байсан. Эрүүл өдөр нь маш цөөхөн. Бид нарыг харахаараа ах, эгч гээд явж байдаг. Харин байхгүй үед эхнэр хүүхдийнхээ биед халдаж байдаг юм байна лээ. Эхнэрийнхээ утсыг аваад шөнө зодож яргалдаг гэсэн...Өмнө нь энэ хоёр зөндөө л хэлж байсан. Тухайн үед нь шууд цагдаад уг нь мэдэгдэж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал,

Гэрч Б.*****ийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчим манай нөхөр Б нэлээн согтуу 0.5 литрийн 1 шил архи өвөртөлчихсөн орж ирсэн. Тэгээд тэрийгээ шөнөжин ууж *****ын охин чамаас өшөөгөө авна, чи яасан их шоронд өгдөг юм бэ, чаддаг юм бол одоо өгчих гэж орилж хашгираад шөнө огт унтаагүй. Тухайн үедээ охин О, бид хоёрт гар хүрээгүй. Өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед Б охиноо Оээ босооч гэхэд хүүхэд нойроо харамлаад босохгүй байсан чинь Б сураар Оийн толгой тархи, бүх биеийг нь ташуураар ороолгосон. Ойролцоогоор толгой тархи руу 3-4 удаа ороолгосон. Тэгээд хөнжлийг нь сөхөж байгаад бие хэсэг рүү нь 5-6 удаа ороолгосон байх. Ингэхээр нь би Быг арай гэж салгаж аваад гартал Б мотоциклио шатаах гээд хажуу тийш нь унагааж байгаад бензинийг нь гаргаж байгаад асаагуур асаах гэж байхад нь би болиулсан. Тэгээд охин маань хувцсаа өмсөөд гэрээс гарах гэж байхад Б ахиж ташуураар охиноо ташуурдаж, чамайг алчихсан байхад яадаг юм бэ гээд дайраад байсан. Тэр үед гадаа үнээ сааж байсан дүү Ц маань орж ирж Быг Оээс салгасан. Тэгээд Б гэрт байсан дүнзний тайранхай буюу сандал болгож суудаг модыг аваад О рүү шидэх гэж байхад нь би тэр модыг нь булааж авсан. Тэгээд Б гэрээс гарч мориндоо мордоод өмнөхөөсөө урт том ташуураар Оийн толгой тархи руу хэд хэдэн удаа ороолгосон. Би өөрөө бие муутай хүн юм. Тухайн үедээ бие өвдөөд уначих гээд байсан ч арай гэж Быг охиноосоо холдуултал Б ахиад л нөгөө мотоциклио шатаах гэж бөөн юм болж сүүлд нь морио унаад явсан. Тэр хооронд нь би охиноо аваад Мөрөнд эгчийндээ авчирч орхичхоод буцаад гэртээ ирэхэд Б гэртээ ирээгүй байсан .. Яг тухайн үед бол миний биед халдаагүй. Тэгэхдээ намайг Б гичий, янхан, *****ын хүүхдүүд та нар намайг яаж ч чадахгүй, би яаж ийж байгаад гараад ирдэг л байхгүй юу, энэ байшингаас зайл, энэ байшин чинь минийх гэж гэрээс минь хөөж, чи үхээд өгөөч гэж орилж хашхирч байсан...Б намайг олон удаа зодож цохиж байсан. Бүгдийг нь яривал мөд дуусахгүй юм болох байх. Бод байнга зодуулсны улмаас одоо миний бие элэгний хатууралтай болж байнгын эмчийн хяналтад байдаг болсон. Мөн толгойдоо цус хуралттай, хөл, гар гээд өвдөхгүй юм байхгүй. Одоо би эм тарианы хүчинд л амьд явж байна. Байнгын энэ дарамтаас болж амиа хорлох бодол үе үе төрж байсан ч 3 хүүхдээ бодоод тэсээд л амьдарч байна...Б бид хоёр 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Б суусан цагаас л байнга намайг дарамталдаг, бас архи их уудаг байсан. Тэгээд би байнгын энэ дарамтаас болж салахын тулд шүүхэд нэхэмжлэх өгч 2022 оны 04 дүгээр сард шүүх хурал нь болж гэрлэлт цуцлагдаж, хүүхдүүд маань надтай үлдсэн. Гэсэн ч Б гэрээс явахгүй, байнга дарамталдаг хэвээрээ л байна...Өглөө эрт Б нь Оийг бос гээд 2 удаа дуудахад нь сэрэхгүй байхаар нь тэгээд зодох болсон...Энэ хүнд л зохих арга хэмжээг нь авахуулмаар байна. Би тайван сайхан амьдарч үзэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Гэрч Б.Цийн өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөөний 06 цаг 30 минутын үед үхэр саачхаад гэрт ортол Б ах төрсөн хүүхэд болох Оийг толгой руу морины ташуураар хэд хэдэн удаа ороолгоод байж байхаар нь би тэр ташуурыг нь булааж авсан. Тэгээд би Оийг гэрээс авч гарсан. Гэрээс гарсны дараа би үхрийн хашаа руу явж үхрээ бэлчээрт нь гаргасан. Харин О нь байшингийнхаа хажууд нь сууж байсан. Ингээд байж байтал Б ах гэрээс гарч ирээд морин дээрээ суучхаад өмнөх ташуураас нэлээн том ташуураар Оийн толгой руу нь нэлээн олон удаа цохиод авахаар нь би гүйгээд очтол Б ах надад ойртвол ална шүү, холдохгүй бол бүгдийг чинь алчихна шүү гээд орилоод байсан. Тэгээд би арай гэж Оийг гэр лүү нь дагуулж оруулахад Б ах гэрийн үүдэнд ***** эгчийг намайг та нар шоронд хатааж санаа чинь амарч байна уу, би шүүх цагдааг чинь атгадаг юм шүү гээд орилоод дайраад байсан. Тэр хооронд нь би эгч Т руу “Б агсан тавиад Оийг зодоод байна. одоо яах вэ, цагдаа дуудаж өгөөч” гэж мессеж бичсэн. Тэгээд байж байтал Б ах өөрийнхөө мотоциклийг унагаагаад асаагуур бариад шатаах гээд 2-3 удаа оролдоход нь ***** эгч бид хоёр арай гэж болиулсан. Ингэж байсаар байгаад өдрийн 12-13 цагийн үед Д.Б нь морио унаад яваад өгсөн... Б ах нэлээн согтуу байсан. Б ах урд өдөр нь архи ууж яваад орой нь 22 цагийн үед нэлээн согтуу ирээд байж байтал 23 цагийн үед Б ах дээр найз нь гэж нэг эрэгтэй хүн ирээд тэр хоёр архи ууцгаасан. Тэгээд тэр хүнийг явсны дараа Б ах хутга бариад эгч чинь намайг яв гээд байна би үхнэ гээд хутгаа цээж рүүгээ тулгаад бариад байсан. Б ах шөнөжингөө орилж хашхирч агсам тавиад унтаагүй байж байгаад л өглөө нь шууд Оийг зодсон... О, ***** эгч, Оийн дүү *****, бас манай хоёр охин байсан... Би Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд 2 сарын өмнө эгчийндээ ирж ***** эгчийг асарч, мал болон ахуйн ажилд нь тусалж байгаа юм. Намайг байх хугацаанд бол Б ах Оийг цохиж зодоогүй. Би хол байдаг болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай: “Б.Оийн биед тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Б.Оийн биед учирсан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 25 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт Б.Оийн гаргасан өргөдөл /хх-ийн 11 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Бын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Прокурорын тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...Би Бүрэнтогтох сумын Туяа 5 дугаар багт байх гэртээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 6 цаг өнгөрч байхад охин Од хандаж “тугалаа эвэлгэж өг” гэхэд буруу хараад орон дээрээ хэвтээд байхаар нь захнаас сураа аваад бөгсөн бие рүү нь 2 удаа ороолгосон. Тэгээд би гараад явчихсан. Би морио аваад иртэл О гэрийн ажлаа хийхгүй, байшингийн хажууд утсаа бариад сууж байхаар нь “чи тугалаа эвэлгэлдээ” гэхэд “танд ямар хамаатай юм” гэхээр нь эмээл дээр байсан сурыг аваад дал нурууны завсар руу нь 3 удаа ороолгочихсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм байдал гаргахгүй, охиноосоо би уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Г Б.Оийн мэдүүлэг, гэрч Б.Т, Б.*****, Б.Ц нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 458 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт Б.Оийн гаргасан өргөдөл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Б нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Туяа” багийн нутагт дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Б.Оийг “өглөө эрт боссонгүй” гэх шалтгаанаар сураар биеийг ороолгож, ташуураар толгой хэсэгт, гараараа толгой хэсэгт нь тус тус цохиж, эрүүл мэндэд нь “тархинд доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Оийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор насанд хүрээгүй хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Д.Бын үйлдэл идэвхтэй, насанд хүрээгүй хохирогч Б.Оийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох охин Б.Оийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Бын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Т нар нь шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нэмж эдлүүлэх саналтай байна...” гэв.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авагдсан. Түүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 05 сар 16 хоног тус газрын хяналтад байсан. 7 сар 14 хоногийн үлдэгдэлтэй байсан. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял 7 сар 14  хоног дээр 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг нэмж нэгтгэж хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Д.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 32, 34-37 талд авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Б нь ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв. 

Шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон хоногийн 9 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /9*8=72/ эдлэх ялаас 72 цагийг хасч тооцож нийт эдлэх  ялыг 328  цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтаар шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар  хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 328 /гурван зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 328 /гурван зуун хорин найм/  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтыг хүчингүй болгож энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч  Д.Бод 7 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг  эдэлж дууссан үеэс тоолохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн Быг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаар “шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч нийт эдлэх ялыг 328 /гурван зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 328 /гурван зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 328 /гурван зуун хорин найм/ хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Д.Бод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолохыг мэдэгдсүгэй.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан 328 /гурван зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

10. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь 9 /ес/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН