| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 101/2018/03721/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: А ХХК-д холбогдох,
/ /
Гуравдагч этгээд: Э.Ө ,
/ /
Гуравдагч этгээд: Б.Б
/ /
Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хашаа, байшингийн гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, нарийн бичгийн дарга нар Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эгчийн хамт хувиараа гутал хийж, амь амьдралаа залгуулдаг байсан. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд өөрийн эхнэр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг өмч болох хашаа байшинг “Хас банк“-д 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, үйл ажиллагаа явуулж байсан. Миний төрсөн эгч Б.Б нь тоног төхөөрөмж авч, үйл ажиллагаагаа өргөжүүлье гэсэн санал гаргаж, “Хас банк“-ны үлдэгдэл зээлийг чөлөөлүүлж, “А” ХХК-иас зээл авахаар боллоо гээд нэг өдөр зээл батлагдсан гээд надаар А” ХХК-д очуулж гарын үсэг зуруулсан. Мөн хүү Ц.И-ний өмнөөс эцэг нь юм чинь зурчих гээд гарын үсэг зуруулсан. Тэр үед хүү маань 10 настай байсан. Мөн хүүг маань төлөөлүүлж Э.Ө-гөөр гарын үсэг зуруулсан. Банкнаас мөнгийг Э.Ө, эгч Б.Б нар бэлэн тоолж аваад зээл чөлөөлөгчид 8.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг Э.Ө аваад явсан ба би нэг ч төгрөг аваагүй. А” ХХК зээлийг би төлж байгаа. Мөн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 40.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 6.400.000 төгрөгийг тушаасан мөнгөнүүд зээлийн төлөлтөөс хасагдаагүй байна. Миний бие эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг ба тухайн үед ар гэрээ тэжээж, амьдрал ахуйгаа залгуулахын тул банкнаас зээл авахын эрхэнд эхнэр, 3 хүүхдээ хашаа байшингийн гэрчилгээнээс нэрийг хасуулсан. Ариг банкны хууль бус гэрээнээс болж өөрөө авч хэрэглээгүй байж банкны зээл, хүүгийн өрөнд орж хохирсоор ирлээ. Хуульд бага насны хүүхдийн өмнөөс төрсөн ээж нь гарын үсэг зурж иргэний эрх зүйн харилцаанд орох ёстой юм байна. Мөн хүү Ц.И-ийг төлөөлж Э.Өгээр гарын үсэг зуруулсан ч хууль зөрчжээ. Хууль дүрэм мэдэхгүйг далимдуулан хүү Ц.Иий өмнөөс хүчээр гарын үсэг зуруулсан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул “А” ХХК байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2105005375 тоот зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, улмаар Ариг банкны хууль бус эзэмшлээс хашаа байшингийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.Ц, Э.Ө нар “А” ХХК 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12.500.000 төгрөгийн зээлийг 1 жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор иргэн Б.Ц, Ц.И нарын өмчлөлийн ******* Сэлбийн гудамж,******* тоот хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууц, өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар энэ барьцааны гэрээ нь хуулиар зөвшөөрөгдсөн, хуульд заасан гэрээ хэлцэл юм. Энэхүү хэлцэлд насанд хүрээгүй хүн оролцож байгаа үед түүний эцэг эх гарын үсэг зурах ёстой, барьцааны гэрээнд Ц.Иий эцэг Б.Ц төлөөлж гарын үсэг зурсан. Зээл төлөх тал дээр зээлийн дансны хуулга, харилцах дансны хуулгууд хавтаст хэрэгт байгаа. Нэхэмжлэгч Б.Ц зээлийг төлж байсан нь уг баримтаас харагддаг. Энэ нь зээл авсан гэдэг ухамсар, үйл явдлыг нотолж байна. Хавтаст хэрэгт А” ХХК зүгээс нэхэмжлэгчтэй уулзаж байсан баримт байгаа. Зээлийн гэрээтэй холбоотой асуудал Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Цийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хашаа, байшингийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А” ХХК болон Э.Ө, Б.Ц, Ц.И нар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2105005375 дугаар “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А” ХХК нь 12.500.000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгч Э.Ө, хамтран зээлдэгч Б.Ц, Ц.И нарт зээлдүүлэхээр тохиролцжээ.
Мөн А” ХХК болон Э.Ө, Б.Ц, Ц.И нар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2105005375 дугаар “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагч Э.Ө, Б.Ц, Ц.И нар Б.Ц, Ц.И нарын өмчлөлийн *******,*******,******* тоотод байшилтай, хувийн сууцны зориулалттай 63 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Б.Ц, Ц.И нарын өмчлөлийн *******,*******,******* тоотод байшилтай, *******нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг барьцаалагч А” ХХК-д барьцаалахаар тохиролцжээ.
Зохигчид дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээнүүдийг нотариатчаар гэрчлүүлсэн, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар маргаагүй болно.
Мөн уг гэрээг байгуулах үед гэрээний нэг тал болох хамтран зээлдэгч, барьцаалуулагч Ц.И нь 11 настай байсан болох нь талуудын тайлбар, Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ” гэж заасны дагуу Ц.И-ий эцэг Б.Ц нь гэрээнд “...барьцаалуулагчийг төлөөлж Ц.Иий эцэг Б.Ц” гэж гарын үсэг зурсныг Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 21 дүгээр зүйлд 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн байх бөгөөд нотариатчийн гэрчилсэн үйлдэл нь хуулийн хүчин төгөлдөр байна.
Иймд “*******” ХХК болон Э.Ө, Б.Ц, Ц.И нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2105005375 дугаар “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн, талууд хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч тал “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлийн дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг буцаан шаардах эрхгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр Б.Цийн нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2105005375 дугаар “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, хашаа, байшингийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан Б.Цийн нэхэмжлэлтэй, А” ХХК-д холбогдох, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2105005375 дугаар “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, хашаа, байшингийн гэрчилгээг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 140.750 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД